Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалантай ярилцлаа. Тэрбээр Нью Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. “Занаду арт” галерейн захирал хийж, “976” сэтгүүл гарган, зөвлөх үйлчилгээний компанийн захирлаар ажилласан туршлагатай. Сүүлийн үед түүнийг “Уухай!” подкаст хөтөлж, сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэх болсныг зарим уншигчид маань анзаарсан байх. Түүнтэй ийнхүү хөөрөлдлөө.
-Б.Жаргалан гэхээр хамгийн түрүүнд фортуна Н.Батбаяр гишүүний охин, түүний нэртэй хотхон байдаг гэж хүмүүст буух байх. Жаргалан хотхонд та одоо амьдардаг уу?
-Жаргалан хотхондоо амьдарч байгаа. Угаасаа намайг нүүж болохгүй гэсэн. (инээв) Энэ хотхоныг манай гэр бүлийн компани 2000 оны дунд үед барьсан, ийм л түүхтэй газар шүү дээ.
-Таныг Монголын анхны блогчдын нэг гэдэг. Зарим блогийг чинь уншихад сонирхолтой санагдсан. Картын бараанд оочерлож явсан гэсэн үү?
-Би наяад оны эхэн үеийн хүүхэд. Ардчилсан хувьсгал гарахад нэгдүгээр ангид орж байсан. Картын бараанд шилжихэд хоёр, гуравдугаар ангийн хүүхэд байв. Манай өвөөгийнх 120 мянгатад байлаа. Энд саяхан буулгасан дугуй дэлгүүр хавь бол манай “дош”.
Тэнд талхны оочерт зогсдог л байлаа. Энэ бол манай үеийнхний давуу тал. Хэдий бага байсан ч хоёр нийгмийн заагийг мэдэрсэн. Бид бас ардчиллаар олгосон эрх чөлөөний үр шимийг хүртэгчид. Багадаа англи хэл сурч чадсан. Америкт их сургуульд суралцах боломж нээгдсэн. 1996 онд манайх интернэттэй болсон. Өөрөө интернэтэд ороод, мэдээлэл хайж олж авах боломжтой байлаа.
-Та орос сургуульд сурч, эмээ өвөөтэйгээ Москвад амьдарч байсан гэсэн. Ингэхэд зуны амралтаараа хөдөө явж байв уу, монгол ахуйгаа хэр мэдэрч өссөн бэ?
-Монгол айл болгонд хөдөө хамаатнууд нь байдаг шүү дээ. Зуны амралтаараа хөдөө очдог. 14-15 настайдаа аавтайгаа Архангайд очоод, сумын наадам үзэж, морь дагаж байснаа мартдаггүй. Сумын наадам хамгийн ориг, жинхэнэ монгол наадам шиг санагддаг. Ер нь монгол ахуйдаа дуртай. Айраг сайн ууна.
Аавдаа туслахаар 1996 оноос хойш Архангайд очдог, ажил хэрэгч дурсамжууд бас ихтэй. Аав маань их нээлттэй, олон хүнтэй харилцдаг, малчид ч гэрт ирээд ийм тийм асуудал байна гэж ярьж хөөрдөг байлаа. Манай гэр бүлийнхэн номын мөр хөөсөн хүмүүс. Эмээ, өвөө, аав ээж хоёр маань ч хойно сургууль төгсч, дор бүрдээ эрдэм шинжилгээний ажил хийж байсан.
-Архангай гэхээр ааруул, цагаан идээтэй газар гэж л хамгийн түрүүнд санаанд буудаг. Тан шиг залуу эмэгтэй, эдийн засагч хүний нүдээр харахад хөдөөг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж хэр байна вэ?
-Саяхан найзуудтайгаа ярилцаж байхад нэг нь “Ааруул яагаад ийм үнэтэй байдаг юм бэ” гэсэн. Чи ааруулны орц, түүнийг хийхэд зарцуулж байгаа цаг хугацаа, хөдөлмөрийг бод л доо гээд тооцож үзүүлсэн. Нэг кг ааруул хийхэд дунджаар арав орчим литр сүү ордог. Нэг литр сүүг хэдээр авдаг билээ. Ямар их цаг хугацаа ордог билээ. Малчин эмэгтэйчүүд үүрээр 4-6 цагийн хооронд босч, үнээгээ саагаад, сүү саалийн ажил нь ундарсаар байгаад орой болно. Маш их нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн шүү дээ. Арван хэдэн мянган төгрөг байх нь аргагүй. Үнэтэй гэж бодохгүй ав л гэсэн. (инээв) Хотод оффиссын ажилтны цалин дунджаар 900 мянган төгрөг байгаа. Хөдөө сүү, сааль боловсруулах ажил хийж байгаа гэрийн эзэгтэй түүнээс хоёр дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Бүтээмж өндөр ч гагцхүү зах зээлийн асуудал бий. Ааруул, цагаан идээ үнэтэй гээд хөдөөний хамаатан бэлэглэхийг хүлээгээд сууж байдаг сэтгэхүй бас түгээмэл. Малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, арилжааны бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх нь учир дутагдалтай байгаа. Малчид маань маш их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа хүмүүс. Түүнийг нь эргэлтэд оруулах, брэндинг, маркетинг хөгжүүлэх нь чухал.
-Үнэхээр байгалийн гаралтай, эрүүл хүнс үйлдвэрлэж чадаж байгаагаа малчид нотолж, сурталчилж чадвал боломж их байгаа юм шиг санагддаг. Хүн төрөлхтөн байгаль руугаа эргээд тэмүүлж байна шүү дээ?
-Саяхан би сонирхолтой судалгааны ажил уншсан. Сүү цагаан идээ боловсруулахад бактерийн үүрэг их. Тараг исгэхэд хөрөнгө хэрэг болно шүү дээ. Англи, Америкийн хэсэг судлаач нар Монголд уламжлалт аргаар цагаан идээ боловсруулж байгаа орчны бактерийг судалж байна. Ингээд манай хангайн бүс Хөвсгөл, Архангайн хойд талын сумдаар бактери судлаад явж байна. Бидэнд ийм баялаг уламжлалт суурь байна. Түүнийг эргэлтэд оруулахад сурталчилгаа хэрэгтэй. Коронавирустэй холбоотойгоор давуу талууд гарч ирж болзошгүй гэж харж байгаа юм.
-Коронавирусийг олон хүн айдас хүйдэстэй хүлээж авч байгаа. Гэхдээ хямрал дундах боломжийг хайж байгаа гэхээр сонирхолтой санагдаж байна л даа?
-Монголд харьцангуй дэгдэлт бага байгаа нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Малын гаралтай түүхий эдэд агуулагдаж байгаа уургийг гадаад сурталчилгаанд ашиглах боломжтой. Махаа экспортолъё гээд сүүлийн 30 жил ярилаа шүү дээ. Махаа массын түвшинд, хямд үнэлгээтэй гаргах бус Б.Ринчен гуайн хэлдгээр "Ногоо идэх яах вэ, манай мал тэр ногоог чинь сорчлоод идчихдэг юм" гэдэг шиг Монголын бэлчээрийн малын мах бол органик, бэлчээрээс өвс, эмийн ургамал түүж иддэг гэж сурталчилж, үнэлгээг нь эрс өсгөж, үнэд хүргэж байж гаргамаар байгаа юм. Тэр чиглэлээр судалгаанууд хийгдэж байна. Цагаан идээ гэхэд л бактериас нь авхуулаад гадаадынхны анхаарал татаж эхэллээ шүү дээ. Гэх мэтчилэн гарц хайж байна. Хямралын үед дэлхий даяар аялал жуулчлалын салбар уналтад орлоо. Хоёр, гурван жилдээ уналт үргэлжилнэ гэж Олон улсын аялал жуулчлалын салбарын судалгаануудад таамаглаж байна. Монголд аялал жуулчлалын идэвхтэй бүсүүд олон. Гадаадын жуулчдаас гадна дотоодын аялагчдаа малчид руугаа хандуулах ямар боломж байгааг судалж байгаа л даа.
-Та орлогын тэгш бус байдал, баян, ядуугийн ялгаа зааг ихэсч байгаад санаа зовж байгаа гэж ярьсан байна лээ. Мэдээж та ядуу гэдэг ангилалд багтахгүй. Яагаад энэ асуудал таныг эмзэглүүлэх болов?
-Монголын нийгэм соц үеэс улбаатай харьцангуй эрх тэгш байсан. Манайх чинь хүн ам цөөтэй, нөөц баялаг ихтэй улс. Ардын хувьсгалын үед л Швейцарь лугаа хөгжье гэж ярьж байсан улсууд шүү дээ. Тийм учраас Латин, Америк, Африкийн улсуудтай адилхан тэгш бус, ялгарал ихтэй явах нь энэ нийгэмд амьдарч байгаа хүний хувьд учир дутагдалтай гэж харж байна. Энэ тэгш бус байдлыг арилгах нь манай үеийнхний даалгавар гэж үздэг. Өмнөх үеийнхэн маань өөр даалгавартай байсан. Эрх чөлөөт, ардчилсан нийгмийг бий болгохоор зүтгэж явсан. Ололт амжилтын зэрэгцээ саар нөлөө бас гарсан. Саар нөлөөг саармагжуулах, монгол бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах бол бидний даалгавар. Ямар бодлого байвал илүү эрх тэгш нийгмийг байгуулж хүн бүрт боломж бий болгож, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэн, орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч байна. Боловсролын чанар гэхэд л хотын төвийн болон захын, хөдөөгийн сургуульд ямар байна. Гараан дээрээ ялгаварлал бий болчхож байгаа биз. Ядаж төр нь гарааны тэгш нөхцөл олгоход анхаарах учиртай. Төрөөс зөвхөн боловсрол төдийгүй эрүүл мэндийн үйлчилгээгээ иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх ёстой.
-Таныг Гэнэтийн ашгийн татварын хуулийг боловсруулахад аавдаа тусалж байсан гэдэг. Одоо бол зарим хүн энэ хууль Монголд их уршиг тарьсан ч гэдэг. Таны хувьд энэ хуулийн үр нөлөөг яаж үнэлдэг вэ?
-Гэнэтийн ашгийн 68 хувийг ярихаас өмнө Оюу толгойн талаар хэдэн үг хэлмээр байна. Миний хувьд Оюу толгой төслийн үйл явцыг анхнаас нь идэвхтэй ажиглаж, судалж ирсэн. Намайг Америкт сурч байхад л Фрийдланд Оюутолгойг Америкт сурталчилж байв. 2005 онд Оюу толгойн эдийн засгийн нөлөөллийн асуудлаар дипломын ажил хийж байсан. Тухайн үед Монголын эдийн засаг маш жижигхэн, Оюу толгой гээд маш том төсөл яриад байдаг. Нэг төсөл тухайн улс орны эдийн засгийн тэн хагастай тэнцэхээр эдийн засгийн нөлөөнөөс гадна нийгэм, улс төрийн ямар нөлөөлөл байх вэ гэдэг талаас нь судалж байсан. Тэгэхэд Оюутолгойн гэрээ батлагдаагүй, Рио Тинто ч орж ирээгүй байсан. Оюутолгой эдийн засгаас гадна улс төр, нийгмийн маш том нөлөөтэй байгааг бид одоо харж байна. Үүнтэй холбоотойгоор Гэнэтийн ашгийн татвар дээр аав, бид хоёр хамт ажилласан. Тухайн үед дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ эрс өсч эхэлсэн үе байлаа. Зэсээс гэнэтийн ашгийн татвар авах боломжтой юм байна гэдэг үүднээс Гэнэтийн ашгийн татварыг зэсэнд ногдуулахаар хуулийн төсөл санаачилсан. Гэтэл УИХ-ын хэлэлцүүлгийн явцад алтнаас нэмж татвар авахаар болсон. Түүнтэй холбоотой нөлөөлөл алтны салбарт гарсан. Зэсийн салбар бол ойлгомжтой. Тухайн үед ганц Эрдэнэт л ажиллаж байсан. Гэнэтийн ашгийн татварын талаар өрөөсгөл ойлголтууд явдаг. Гэнэтийн ашгийн татвараар улсын төсөвт тухайн үед тэрбум гаруй ам.доллар хуримтлагдаж байсан. Энэ мөнгийг хүүхдийн мөнгө хэлбэрээр иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилсан. Энэ бол 2006 онд болсон үйл явдал. Сүүлд 2012 онд 1,5 тэрбумыг босгох гэж юу боллоо.
Гэнэтийн ашгийн татвартай холбоотойгоор Хүний хөгжлийн сангийн хууль бас өргөн баригдсан шүү дээ. Анхны баялгийн сан буюу цаашдаа уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг төсвийн урсгал зардалд зарцуулахгүйгээр баялгийн сан байгуулаад, иргэддээ хүртээсэн анхны оролдлого байлаа. Гэнэтийн ашгийг татварын бас нэг нөлөөлөл юу байсан гэхээр Оюу толгойн гэрээ хэлэлцээрийн үед манай халаасан дахь гол хөзрийн үүрэг гүйцэтгэсэн. Гэнэтийн ашгийн татвар бол манай талаас буулт хийж, нөгөө талаар гол зүйл заалтуудаа хүлээн зөвшөөрүүлэх хөзөр байсан. Тэр үүргээ гүйцэтгэсэн. Оюу толгойн хэлэлцээрийн дараа хүчингүй болсон хууль шүү дээ. Түүхэн үүргээ гүйцэтгэсэн хууль гэж үздэг.
-Н.Батбаяр гишүүн шинэ санаа их гаргадаг байсан. Та бас санаа оноо ихтэй явдаг уу?
-Аав бид хоёр өнгөрсөн хугацаанд баг болж ажилласан. Зан характерын хувьд ойролцоо. Бие биенээ бас их хөглөнө. Аав маань ардчиллын анхдагчдын нэг. Манайд ардчиллынхан байнга цугладаг байв. Ерээд оны эхэн үед хүмүүс нэгнийдээ цугладаг, гал тогооны ярианууд өрнөдөг байж. Ардчилал эрх чөлөө, сонгуулийн эрх гэсэн ойлголтууд миний хувьд хар багаас хоногшсон. Улс төрийн гал тогоонд бага насаа өнгөрүүлсэн юм. Жаахан байхдаа аавын найз нар манайд цуглахад тоглоом эргүүлээд гүйж явсан. Сүүлд нөгөө нөхдөд хоол хийж өгдөг боллоо. Тэгээд 18 нас хүрмэгцээ улс төрийн шийдвэрээ гаргаж, Ардчилсан намын гишүүн болсон юм. 2009 онд ҮЗХ-ны гишүүн болсон.
-Таныг улс төрд орох шийдвэрийг аав тань яаж хүлээж авсан бэ?
-Охин хүүхэд нь болохоор хамгаалах гэсэн ч юм шиг, эмээгээд ч байх шиг анзаарагддаг байсан. Сүүл рүүгээ бол санал зөрөлдөхдөө зөрөлдөөд явж л байна. Заримдаа танай үеийнхэн тэглээ ингэлээ гээд үе хоорондын асуудал ч гарна. (инээв)
-Ингэхэд ээж тань ямар хүн байдаг вэ. Нөхрийнхээ тухай бас танилцуулаач?
-Ээж маань бас ардчиллын анхдагчдын нэг гэж хэлж болно. Нийгмийн идэвхтэй хүн бий. Ээжийг маань Б.Баясгалан гэдэг. Анх баруунд мастер хийсэн монгол хүн ам зүйчдийн нэг. Олон жил багшилсан, олон улсын байгууллагад ажилласан баялаг түүхтэй хүн. Гэхдээ гэрт нэг нь л түмний нүдэн дээр явах юм байна шүү дээ. Манай нөхрийн хувьд банк санхүүгийн салбарт ажилладаг. Бид хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Анх мөнгөний бодлогын талаар санал зөрөлдөж маргаж байгаад танилцсан юм. Одоо хувийн хэвшилд ажиллаж байгаа, улс төрөөс хол хүн.
-Танай дүү Б.Хулан “Forbes Mongolia” сэтгүүлийн Монголын бизнесийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэй захирлын жагсаалтад багтаж байсан. Та бас бизнест авьяастай юу?
-Би сургууль төгсч ирснээсээ хойш, улс төр, нийгмийн ажлын хажуугаар хувийн хэвшилд ажиллаж байгаа. Ажил олгогчийн хувьд янз бүрийн салбарт санаачилга гаргаж явдаг. Гэхдээ эгч, дүү нарт ч өөр өөр авьяас хуваарилагддаг юм байна шүү дээ. Миний хувьд улс төр, нийгмийн чиглэлээр ажиллах сонирхолтой байхад дүү маань аж ахуйн ажилдаа надаас хамаагүй авьяастай.
-Та өрнийн утга зохиол түлхүү уншиж өссөн гэсэн. Гэхдээ энэ удаа таны унших дуртай монгол зохиолч хэн бэ гэдгийг асуумаар байна. Ер нь Монголын түүхийн аль хэсэгт дуртай вэ?
-Унших дуртай монгол зохиолч гэвэл С.Эрдэнэ. Монгол хэлний яруу төгсийг түүнээс мэдэрдэг. Би орос сургууль төгссөн болохоор монгол хэлээ орхигдуулахгүйг хичээж, монгол зохиолчдын бүтээлийг их уншдаг байлаа. С.Эрдэнэ гуайн ганц нэг өгүүллэгийг англи хэл рүү орчуулах гэж оролдож байсан. Орчуулга хийхэд өгүүлбэрийн бүтэц, найруулгын онцлогийг илүү мэдэрдэг.
Түүхийн хувьд Их Монгол Улс, эзэнт гүрний түүх гайхамшигтай. Бүгд л бахархдаг. Миний зүрх сэтгэлд илүү ойр байдаг түүх гэвэл манжийн дарлалаас чөлөөлөгдсөн үе. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал маш эгзэгтэй цаг үед тохиож байлаа. Зарим талаараа өнөө бидний цаг үетэй ойролцоо, түүхэн зурвас үе ч юм шиг санагддаг. Бидний гаргаж байгаа шийдвэр тэр үеийн хүмүүсийн гаргаж байсан шийдвэртэй дүйцэхүйц чухал юм шиг айдас, ачаа мэдрэгддэг.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"