Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЗАСГИЙН ГАЗРЫН ДУУРАЙМАЛ, ДУЛЬХАН ШИЙДВЭРҮҮД

 COVID-19 цар тахал дэгдсэнээр дэлхийн улс орнуудын эдийн засагт төсөөлж байгаагүй их хэмжээний хохирол дагуулах нь тодорхой боллоо. Улс орон бүр өөр өөрсдийн эдийн засагт тохирох төрийн зохицуулалтыг хийж байна. Манай Засгийн газар ч ялгаагүй сангийн болон мөнгөний бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ.
ДЭМБ коронавирусийн тархалт цар тахлын хэмжээнд хүрсэн гэж зарласны дараа Япон, Солонгос, Америк, Герман... зэрэг орны тэргүүнүүд эдийн засгаа хамгаалах өндөр мөнгөн дүнтэй багц арга хэмжээ авч эхэлсэн тухайгаа мэдэгдсэн. Төд удалгүй Монгол Улсын ерөнхий сайд хэвлэлийн хурал хийж, хямралын эсрэг “долоон арга хэмжээ” авахаар төлөвлөсөн бөгөөд санхүүжилтэд нь 5.1 их наяд төгрөг зарцуулна гэв. Түүний цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийг нягталж үзэхэд дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн гаргаж буй шийдвэрүүдтэй усны дусал мэт ижилхэн байна.
АНУ, Европын Холбоо зэрэг хөгжилтэй орны Төв банкууд бодлогын хүүгээ тэглэх шийдвэр гаргалаа. Монголбанк ч дутсангүй. Манай Төв банк бодлогын хүүгээ нэг хувиар буулгах шийдвэр гаргаснаа сүр дуулиантай мэдэгдэв. Бодлогын хүүгээ буулгаснаар арилжааны банкууд зээл өгөх эх үүсвэртэй болно гэж Сангийн сайд сайрхаж байна. Төв банкны үндсэн үүрэг болох зах зээл дээрх үнийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь “бодлогын хүү” юм. Бодлогын хүүг арилжааны банкууд Төв банканд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болно. Монголбанкны хувьд, энэ нь дөрвөн долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү байдаг.

 Бусдаас хуулбарласан “бодлогын хүүг бууруулах” шийдвэр нь манай улсын хувьд эсрэг үр дүн үзүүлэх нь тодорхой байна. Учир нь аж ахуй нэгжүүд хаалгаа барьж дампуурч байгаа өнөө үед шинээр зээл гаргах нь арилжааны банкуудад асар их эрсдэлтэй алхам. Өөрөөр хэлбэл, чанаргүй муу зээлийн хэмжээ нэмэгдэх аюултай. Бодлогын хүү бууруулснаар бий болох эх үүсвэрийг есөн хувийн ашигтай (бодлогын хүү) Төв банкны үнэт цаасанд (ТБҮЦ) “байршуулчих” эрсдэлгүй сонголт манай банкуудад бий. Мөнгөний статистик үзүүлэлтүүдийг харвал манай арилжааны банкууд ойролцоогоор таван их наяд төгрөгийг энэхүү үнэт цаасанд оруулчхаад жилийн 500 тэрбум төгрөгийн хүүг Монголбанкнаас хүртээд хэвтэж байна. Өөрөөр хэлбэл, хямрал эхлэхээс өмнө манай банкны салбар Төв банкны үнэт цаасыг сонгож байжээ. Бодлогын хүү ганц нэг хувиар хүү буурлаа гээд эх үүсвэрээ эрсдэлд оруулж зээл олгох банкны удирдлага одоохондоо байхгүй биз ээ. Гэтэл Америк, Европт Төв банкных нь бодлогын хүү “тэг” байгаа учраас арилжааны банкууд зээлээ гаргахаас өөр сонголт байхгүй. Тэгээд ч Засгийн газар нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байр, зах зээлээ хамгаалах зорилгоор зах зээлд гаргах хөнгөлөлттэй зээлийн эрсдэлийг бүрэн даахаа мэдэгдээд байгаа. Үүнээс харахад манай “дуураймал” шийдвэр “бай”-гаа огт оносонгүй. Ерөнхий сайдын сүр дуулиантайгаар мэдэгдсэн “долоон шийдвэр” гэгчид яг ийм дүгнэлт өгч болохоор харагдаж байна лээ.
 Монгол Улсын Засгийн газраас орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээнүүд тооцоо судалгаагүй, зорилгоосоо гажсан талаар иргэд, төрийн бус байгууллагууд хүртэл шүүмжилж байна. Ерөнхий сайдынхаа нийтэд амласныг Сангийн сайд нь үгүйсгэж, харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь тэс өөр зүйл мэдэгдэж байх жишээтэй. Ийнхүү Засгийн газрын гишүүд нь хүртэл авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ ойлгоогүй байгаа нь яаруу давчуу, түүхий шийдвэр гаргасныг нотолж байгаа хэрэг. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг сэн. Ер нь G20 орнуудын гаргаж буй шийдвэрүүдийг сохроор хуулбарлах биш харин өөрийн улсын боломж, онцлогтоо таарсан арга хэмжээ авах ёстой.
2019 оны урьдчилсан дүнгээр АНУ-ын ДНБ 21,3 их наяд ам.долларт хүрсэн бол Хятадынх 14,2 их наяд. Харин манай улсын ДНБ 15 тэрбум ам.доллар орчим эргэлдэж буй нь дээр дурдсан улсуудаас мянга дахин бага эдийн засагтайг харуулж байна. Тэдгээр улсуудын хэрэгжүүлж буй бодлого, зорилго манайхтай тэр бүр таарч тохирохгүй нь мэдээж. Үйлдвэрлэгч орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг түүхий эд экспортлогч, хэрэглэгч улс сохроор даган дуурайх аваас эдийн засгаа аврах бус харин дампууруулах өндөр магадлалтай гэдгийг Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд анхааруулмаар байна.
Нэг жишээ дурдахад, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд “100 мянган төгрөгөөр ноолуур авна” гэж зарласан. Зорилго нь малчдын аж амьдрал болон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих явдал гэж онцолж байсан. Гэтэл дэлхий даяар хямралаас үүдэлтэй тансаг хэрэглээ танагдан, үйлдвэрлэгчид зах зээлийн ханшаас өндөр үнээр түүхий эд худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах боломж нь “тэг” хувь. Өөрийн сайн дураар дампуурах сонирхолтой компани л “амиа егүүтгэх” ийм үйлдэл хийж магадгүй юм. Ийнхүү эрх баригчдын гаргаж буй шийдвэрүүд “нуухаа авах гээд, нүдээ сохлов” гэгчийн үлгэр болж байна. Авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь хоёр сарын дараа болох УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөх “нууцхан” зорилго агуулж, сонгогчдоо худалдан авахад чиглэж байгаа нь тодорхой байна. “Улс орны эдийн засаг яах нь огт хамаагүй харин сонгуульд ялах нь чухал” гэсэн мулгуу амбицтай хүмүүс л ийм шийдвэр гаргах биз.
Олон улсын Санхүүгийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүд ч эрх баригчдын нэг чихээр нь ороод нөгөөгөөр нь гараад байна уу, гэлтэй. ОУВС “хөгжиж буй орнуудын хувьд цар тахлын үүдэлтэй эдийн засгийн хямрал тун хүндээр тусна” гэж таамаглаж байгаа. Гадаад зах зээл дэх эрэлт буурсантай холбоотой, капиталын урсгал саарч, түүхий эдийн ханш буурч экспортлогч орнууд туйлын хүнд байдалд орох нь. Тиймээс хамгийн түрүүнд төсвийн зарцуулалтын бүтцээ өөрчилж, элдэв төсөлд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтээ эрэмбэлэн ялгаж, зөвхөн хямралын аюулыг гэтлэх арга хэмжээнд зориулахыг зөвлөж байна. Харин манай Засгийн газар энэхүү чухал зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй хэмээн ил тод мэдэгдэж байгаа юм. Тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотойгоор, улс орон байтугай аж ахуй нэгжүүд, тэр бүү хэл айл өрх хүртэл хэмнэлтийн горимд шилжчихээд байхад “төсвөө тодотгохгүй” хэмээн “гэдийж” байгаа цор ганц улс үлдсэн нь Монгол.
Олон улсын санхүүгийн шинжээчид болон мэргэжилтнүүд хөгжиж буй орнууд эдийн хямралд зайлшгүй өртөнө гэдгийг анхааруулаад зогсохгүй энэ нь цаашдаа дэлхийн эдийн засгийг ч аюулд түлхэн оруулна гэх дүгнэлт хийж байгаа нь чих дэлсэх боллоо. Дэлхийн ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хэмжээний бараа, үйлчилгээний худалдан авалт, хөгжиж буй орнуудад ногддог. Энэ нь "Гуравдагч ертөнц"-ийн хямрал үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засгийг хямруулах заналхийлэл бодитоор бий болсон гэдгийг батлан харуулж байгаа юм.
Швейцарийн UBS банкны шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн үйлдвэрлэлийн харилцаа тасалдаж, хөрөнгийн урсгал гадагшаа чиглэж, гадаад өрийн хэмжээ нэмэгдэж байгаа тул Аргентин, Бразил, Мексик, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Колумб зэрэг улсууд дампуурлын ирмэгт ирсэн ажээ. Хөрөнгө оруулагчид сүүлийн нэг сарын дотор эдгээр орнуудаас 70 орчим тэрбум ам.долларыг татжээ. Энэ нь Вашингтоны Олон улсын санхүүгийн институтийн (International Finance of Institute) тооцоолсноор 2008 оны санхүүгийн хямралаас хоёр дахин их хэмжээний мөнгө байгаа юм. Зөвхөн энэ оны гуравдугаар сард хөгжиж буй орнуудын зах зээлийн индекс MSCI 15 хувиас дээш унаж, хөгжиж буй 85 орны Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж хүсч байна. ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиевагийн хэлснээр энэ нь сүүлийн 75 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй ноцтой асуудал бөгөөд биелүүлэх ямар нэгэн боломж байхгүй гэсэн юм. Ийнхүү хөгжиж буй орнуудад асар эгзэгтэй нөхцөл байдал үүслээ. Бразил ДНБ нь 5.4 хувь, төсвийн алдагдал найман хувиар унах тооцоолол хийжээ. Манайд ийм тооцоо хийчих байгууллага одоохондоо алга. Тус улсын агаарын тээвэр, эрчим хүчний компаниуд, томоохон түгээлтийн сүлжээнүүд дампуурч эхэлжээ. Бразилийн Засгийн газар, томоохон банкуудаасаа дампуурч буй аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг уриалахаас өөр аргагүйд хүрч сандарч байна. Аргентин улс ОУВС-д 57 тэрбум долларын өр төлөх ёстой. Гэвч тус улсад санхүүжилтийн ийм эх үүсвэр байхгүй. Тиймээс шинжээчдийн үзэж буйгаар дефолт зарлах магадлал тун өндөр байгаа аж. Манай улсын гадаад өрийн нөхцөл байдал Аргентинаас ч дутахааргүй хүнд байгаа.
Африк тивд, хамгийн олон хүн коронавирусээр халдварласан орны тоонд Хойд Африкийн Тунис улс орж байна. Тус улсын аялал жуулчлалын салбар дахин сэргэхгүйгээр дампуурч, 400 орчим мянган хүн ажлын байраа алдлаа. Тунисийн ДНБ дөрвөн хувиас дээш хэмжээгээр унах тохиолдолд ОУВС 750 сая доллар өгөхөөр амлаад байгаа. Энэ улсад нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч байгаатай холбоотой үймээн самуун гарах магадлал тун өндөр байгаа бололтой.
Хөгжиж буй орнууд хөгжилтэй орнуудаас ганц зүйлээр ялгаатай. Энэ нь хөрөнгө мөнгөний дутагдалтай байдал. Баруун Европ, АНУ, Япон, Солонгос хэдэн их наяд ам.доллар, евро (төсвийн алдагдалтай байсан ч гэсэн) гаргах бүрэн боломжтой. Харин Африк, Ази, Латин Америк зэрэг манай зиндааны орнууд коронавирустэй тэмцэх, үндэсний эдийн засгийг дэмжихэд хуримтлуулсан хөрөнгө мөнгө бараг байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж байгаагаар, хэрэв хөгжиж буй орнуудад цар тахал дэгдвэл туйлын их аюул дагуулна. Учир нь эмнэлгийн тоо, өвчтөн хүлээн авах багтаамж бага, багаж, тоног төхөөрөмж хуучирсан, эмч эмнэлгийн ажилтнуудын тахалтай тэмцэх туршлага тааруу, хамгаалалтын наад захын хэрэгсэл хүрэлцээгүй... байгаа нь өвчний тархалтыг даван туулах чадваргүй гэсэн дүгнэлт өгч байгаа ажээ.
Хөгжиж байгаа улс орнуудад бас нэг том асуудал шинээр гарч ирсэн нь Хятадын боловсруулах үйлдвэрлэлд ашигладаг түүхий эдийн эрэлт буурч байгаа явдал юм. Bloomberg-ээс гаргадаг түүхий эдийн индекс, сүүлийн 35 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Энэ нь 2019 оноос эдийн засгийн хямрал эхэлсэн Өмнөд Африкт маш хүндээр нөлөөлөх нь. Өмнөд Африкт ажилгүйдлийн түвшин 30 хувьд хүрсэн бөгөөд Германы Коммерц банкны шинжээчдийн үзэж байгаагаар энэ дөнгөж эхлэл нь аж. Хөрөнгө оруулагчид, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас хөрөнгөө татаж эхэлснээр тус улсын зээлийн үнэлгээ огцом буурчээ. Bloomberg-ийн санхүүгийн шинжээчдийн үзэж байгаагаар шинэ төрлийн коронавирус нь Өмнөд Африкийн эдийн засгийг дахин сэргэхгүйгээр нурааж болзошгүй байгаа юм.
Нефтийн үнийн уналт нь газрын тосны экспортоос гадаад орлогын 90 хувиа бүрдүүлдэг Нигерийн эдийн засгийг сүйрүүлэх нь. Африк тивдээ хамгийн том эдийн засагтай тус улс 2020 оны төсөвтөө нэг баррель нефтийг 57 ам.доллароор төсөөлжээ. Газрын тосны үнэ огцом буурч хасах үзүүлэлттэй болсон өнөө үед Нигери улсад ямар их хямрал нүүрлэж байгааг дурдах илүүц биз. Африкийн орнууд Хятад улсад ихэд ойртон дотносч, түүхий эдийнх нь хавсарга болоод зогсохгүй, импортын бүрэн хараат болсныхоо балгийг цар тахлын энэ үед асар өндөр үнээр төлөх нь тодорхой байна. Нэмж хэлэхэд, африкийн улсууд БНХАУ-ын зээлээс маш их хамааралтай болсон байсан аж.
Өдгөө дэлхийн санхүүгийн зах зээлийн арилжаа зөвхөн ам.доллар, евро, иен, Швейцар франк зэрэг цөөн тооны валютад төвлөрч эхэллээ. Энэ нь Мексикийн песо, Киргизийн сом ... гм хөгжиж буй орнуудын валютын ханшийг сулруулж, инфляц болон зээлийн хүү нэмэгдэж, улмаар хөгжиж буй эдийн засгийг хямруулна. Үүний зэрэгцээ, хөгжиж буй орнуудын өрийн дарамт улам бүр нэмэгдэж байна. Энэ жилээс Ази, Африк, Латин Америкийн орнууд 255 тэрбум гаруй ам.долларын гадаад өр төлнө. Африкийн орнууд хамгийн том зээлдүүлэгч болох Хятад улсад өрөө төлөх ёстой.
Миний дээр дурдсан жишээ бүхэн манай эдийн засагт учирч байгаа эрсдэлүүд юм. Хөгжилтэй орнуудыг дуурайж самбаганахаас өмнө хөрсөндөө бууж, бодит эрсдэлээ тооцсон шийдвэр гаргамаар байна. Хөгжлийн түвшин ойролцоо улс оронд тулгарч буй асуудлыг судалж дүгнэлт өгөөд түүндээ таарч тохирох “түлхүүр”-ийг олж чадвал сая цар тахалтай тэмцэх бодлогын “бай”-гаа онох юм. Шуудхан хэлэхэд, удахгүй болох УИХ-ын сонгуульд улс төрийн ямар хүчин ялах нь огтхон ч сонин биш боллоо. Улсын төсвөө нэн даруй тодотгож, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ хэрэгжүүлж чадах Засгийн газар үгүйлэгдэж байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com