/Хөндөх Сэдэв: Ядуурал/
Ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс ард иргэдийг хөл хорионы онцгой нөхцөлд иргэний үүргээ биелүүлж амьдрахыг шаардаж байгаа билээ. Гэвч ажилгүй, орлогогүй иргэд, хичээл сургууль нь тасалдсан хүүхдүүд тэр дундаа эмзэг бүлгийнхний амьдрал ямар байгааг манай сонин “Хөндөх сэдэв” цуврал сурвалжлагаараа хүргэж байна. Энэ долоо хоногийн хөндөх сэдэв “Ядуурал”.
Б.Маралгуа: Хүүхдүүдээ гэдэс цатгалан хонуулахын тулд хүмүүсийн
хэлээд байгаа нохойн хоолыг авч дийлэхгүй үе ч байх
Гэрийн баруун орон дээр 6-8 насны болов уу гэмээр гурван хүү гадны хүн орж ирмэгц томоотой гэгч нь сууцгаав. Харин зуухны хойно 8-9 сартай болов уу гэмээр хүүхэд тоглоомондоо сатаарна. “Амралтын өдөр болохоор хүүхдүүдийнхээ хувцсыг угаах санаатай хөглөрсөн л юм байдаг” хэмээн санаа зовсон аятай хэлээд хөлөөрөө сандал хүрэх замын хэсгийг зайчилж өшиглөчхөөд цай хийж өгөхөөр гэрийн эзэгтэй эргэв. Зүүн талын орон дээр настай эмэгтэй зүүрмэглэн байснаа сая өндийж байна. Энэ бол Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч Б.Маралгуагийнх.Тэрээр 30 настай, дөрвөн хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүд болон ээжийнхээ хамт тус хороонд айлын хашаа хөлслөн суудаг байна. Нөхөр нь бага охиноо төрөөд удаагүй, нялх биетэй байхад нь өөр хүнтэй сууна хэмээн тэднийг орхиод явсан гэх.
Юу ч гэмээр юм бэ дээ. Энэ бүсгүйн өмнөөс, өөдөөс бүртэлзэх дөрвөн үрээ, өөрт нь залуу нас хамаг бүхнээ зориулсан энэ сайхан гэргийгээ орхиод явсан арилсан дотортой тэр “Шагдар”-ыг газрын гаваас ч болов олж авчраад үүрэх ёстой, үүрэлцэх учиртай ачааг нь үүрүүлэхийг юу юунаас илүү хүсэх тийм нэг гомдол, нэхэл дүүрэн мэдрэмж төрж, цээжний угаас хатгуулахдаа нулимс болон урсчихав. Энэ айлд хүүхдийн мөнгөнөөс өөр ямар ч тогтсон орлого байхгүй гэдгийг хэлж байна. Ээж нь бие муу, хэвтэрт байснаас жингийн илүүдэлтэй болж ажил хийх ямар ч боломжгүй болсон. Уг нь энэ жил 55 нас хүрч тэтгэвэрт гарах болзол хангасан боловч ажилласан жилээс нь нэг жил дутсан гэх. Тэгээд бас болоогүй үндсэн харьяалал нь Завхан аймаг тул тийшээ очиж хөөцөлдөнө гэнэ. Үнэндээ түүний тэтгэвэрт гарах гэдэг дээс томж найзыгаа аварна гэдэг үлгэртэй л агаар нэгэн сонстож байсан юм. Ядуу хүнд ноён олон гэгчээр элдэв янзын бичиг баримт хөөцөлдөх, нааш цааш явах нүсэр ажлын ард гарч, төрийн том аппаратад хүрэхэд түүний чадал хүрдэг л байгаа даа. Тэдэнд өөрийн эзэмшлийн хашаа байхгүй учраас тус дүүрэг, хороонд харьяаллаа шилжүүлэх боломжгүй, наанадаж хүнсний талонд ч хамрагдах аргагүй гэнэ. Энэ мэтчилэн хамаарах хороо, дүүрэггүйгээсээ болоод ямар нэгэн тусламж, хөнгөлөлт, төрийн халамжийн бодлогын гадна үлддэг айл өрхүүд олон байгааг тус хэсгийн ахлагч Б.Оюунчимэг хэлж байсан юм. Б.Маралгуа ээждээ хүүхдүүдээ үлдээгээд, цайны газар бэлтгэгч, угаагч, барилгын туслах гээд хийхгүй ажил байхгүй. Харин сүүлийн 10 гаруй хоног ажил хайгаад олдохгүй байгаа талаар хэлж байна. Ямартай ч даваа гаргаас дахин зар харж үзнэ дээ хэмээн итгэл дүүрэн хэлнэ.
Түрүүнээс хойш галын ард нүд нь гүйлэгнэхээс өөр хөдөлгөөн, дуу чимээ гаргахгүй суусан хүүхдийг харах тусам сэтгэл эмтрээд болдоггүй. Ээжийнх нь хэлж байгаагаар ой гурван сартай гэх. Гэтэл хэдийнэ хоол тэжээлийн дутагдалтай, өсөлт хөгжил нь удаашралтай болсон нь илт. Миний бие хүний их эмч биш ч гэлээ гурван хүүхдийн ээж болохоор өдий насны хүүхэд хэрхэн дэгж дэрвэдгийг бас мэдэхтэйгээ л байгаа учраас тус өрхийн хүнсний нөөцийн талаар асуулаа. Б.Маралгуагийн хэлж байгаагаар хамгийн сүүлд хүүхдийн мөнгө 120 мянган төгрөгөө аваад 10 кг гурил, жаахан хүнсний юм авсан. Хажуугийн дэлгүүрээс бага сага юм зээлсээр байгаад нэлээд хэдэн төгрөгийн өр тавьчихсан. Түүнээсээ хэдэн төгрөг хасуулаад одоо ажил хайхаар гарвал автобус унаандаа хэрэглэх арав хүрэхгүй мянган төгрөгтэй үлдсэн гэв. Үнэндээ хоёр ширхэг төмс, гурван ширхэг лууван, жаахан гэдэс дотороос өөр хүнс энэ айлын хөргөгчинд алга. “Заримдаа ганц нэг хоног хоосон хонох энүүхэнд шүү дээ. Ямар сайндаа та нар өлсч сурах хэрэгтэй” гэж энэ хэддээ хэлдэг. Эрэгтэй хүүхдүүд хоолонд сайн юм болохоор “том ахаасаа манай энэ /хэмээн орон дээр сууж байсан хүүг заав/ өлсөөд байна гэсэн чинь “Эмээ биднийг өлсч сур” гэж хэлсэн шүү дээ гэж хариулж байгаа юм хэмээн түүний ээж хуучлах. Энэ хүүхдүүд өлсч сурах ямар буруутай юм бэ хэмээн өөрөөсөө асуухтай зэрэгцэн өлсөхөөс өөр сонголт байхгүй юм чинь яах ёстой юм бэ хэмээн эсрэг тэсрэг түмэн бодол эргэлдэв.
Сая хүүхдийн мөнгө 30 мянган төгрөг болсон нь жаахан ч болов дэмтэй байна. Түүнээс биш сарын 80 мянган төгрөгөөр амьдарна гэдэг чанга шүү дээ хэмээн инээмсэглэснээ “Зарим хүмүүс манай идэж байгаа гэдэс дотрыг нохойн хоол гээд авдаг юм билээ. Гэтэл хүүхдүүдээ гэдэс цатгалан хонуулахын тулд хүмүүсийн хэлээд байгаа нохойн хоолыг авч дийлэхгүй үе ч байх юм. Ямар нэгэн аргаар энэ хороондоо харьяалалтай болчихвол хүнсний талонд хамрагдмаар л байх юм” гэв. Энэ өрхөд хүүхдийн мөнгө 120 мянган төгрөгөөс өөр тогтсон орлого байхгүй гэж тооцоход 120 мянгын төгрөгөө сарын 30 хоногт хуваахад өдөрт 4000 мянган төгрөг ногдож байна. Өдөрт ногдох дөрвөн мянган төгрөгөө зургаан ам бүлдээ хуваахад нэг хүнд 666 төгрөг ногдож байх юм. Таны хувьд 600 төгрөг ямар үнэ цэнтэй вэ гэдгийг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. 30 настай залуу бүсгүйн нуруун дээр арай л ахадсан ачаа байх шиг. Хажуугийн дэлгүүрээс жаахан боорцог талх авч ороход хүүхдүүд эмээ рүүгээ гүйлдэв. Баганы өрөөлд байсан өнөөх бяцхан охин хүртэл боорцогны зүг тэмүүлэх. Үүнээс илүү юу ч хийж чадахгүйдээ өөрийгөө буруутгасан ч тэр жаахан амьтны инээсэн царайг харчихсан болохоор сэтгэл жаахан дүүрлээ.
Банштай цайны тансаглал
Үнэндээ ядуурал, ажилгүйдэлд өртсөн, нийгмийн эмзэг бүлгийнхэн гэж бидний хэлж заншсан хүмүүсийг холоос хайх хэрэг алга. Урдхан талд минь орон сууцны хороолол сүндэрлэж байхад, уулын орой дээр шил шилээ дараад бүрээс нь уранхай, өрх нь салбархай бөөрөнхий гэрт амьдрал үргэлжилж, ирээдүйн эх орны эзэд гэдэс нь хоосон ч өсч торниж байна. Будаатай цайны үнэр хамар цоргисон гэрт явж орлоо. 2-13 насны таван хүүхэд будаг нь халцарсан модон ширээ тойрч суугаад саяхан аягалсан ээжийнхээ банштай цайг оочно. Өнөөдөр тэдний баярт өдөр. Учир нь аав нь хөдөөнөөс ирсэн учраас ийнхүү банштай цайтай өдрийг угтаж байгаа гэнэ. Энэ бол О.Батхуягийнх. Дөрвөн ханатай гэртээ таван хүүхдээ тойруулаад ам бүл долуулаа амьдардаг. О.Батхуяг хувийн компанид түгээлтийн жолоочоор ажиллаж байсан ч коронавирусийн улмаас компани нь ашиггүй ажиллаж эхэлсэн тул ажлаасаа халагдсан байна. Ингээд ажилгүй хэсэг хугацаанд байж байгаад хэд хоногийн өмнөөс Төв аймаг руу ногоо тариалалтын ажилд орсон гэнэ. Өчигдөр захирлын хамт хот руу орж ирэхдээ цалингаасаа 50 мянган төгрөг гуйж авсан учраас өнөөдөр хүүхдүүд нь банштай цай ууж “тансаглаж” байгаа гэнэ. Бид яах вэ ингээд болгоод л байж байна. Цалингаа өгдөг бол нөхрөө санаа зоволтгүй ажилла гээд л сууж байна. Гэр дүүргээд ороод ирэх аав хүний нөмөр нөөлөг их хойно доо. Хамтдаа байвал болно доо, болно хэмээн итгэл дүүрэн хэлэх түүний эхнэрийг Г.Отгонбаяр гэдэг. Аз болоход тэрээр өнгөрсөн намар ....дугаар сургуульд үйлчлэгчээр ажилд орсон байна. Сард нийгмийн даатгалаа хасуулаад 300 гаруй мянган төгрөгийн цалин авдаг байна. Түүн дээрээ хүүхдийн мөнгө энэ сард 150 мянган төгрөг авсан гэнэ. Түүгээрээ хоол хүнсний зүйлээ авдаг ч амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар учирлаж байна. “25 килограмм гурил 28 мянган төгрөгөөр аваад 14 хоновол их юм. Хоёр удаа боорцог хайраад л дуусчих юм. Өсвөр насны хүүхдүүд сайн иднэ шүү дээ. Хоёр охин бол гайгүй дээ хэмээн ярихтай зэрэгцэн саяхан уусан цайндаа хөлс нь бурзайсан хүү дахин нэмүүлэхээр ээжийнхээ зүг аягаа дөхүүлэв. Шинэ хувцас хүүхдүүддээ авч өгч чадахгүй л байна. Ямар сайндаа манай хүү өнгөрсөн намар хичээлдээ явахаас дургүйлхээд болдоггүй. Учрыг нь асуутал "Манай ангийнхан намайг ноорхой хувцастай гээд шоолоод байна. Би хичээлдээ явахгүй” гээд хэсэг яваагүй. Хүүхдийн хувцас үнэтэйг яана. Ходоодыг нь хоосон хонуулчихгүй юм сан гэж бодож байхад шинэ хувцас авч дийлэхгүй л байна гэв. Тэдний хөргөгчинд ганц хоолны жижигхэн бондгор махнаас өөр зүйл байсангүй. Уг нь манайх нөөцийн мах авч иддэг. Үнэ нь арай хямд боловч яс ихтэй юм билээ. Заримдаа толгойн махан таташ, гэдэс дотор авна аа. Сүүлийн үед манай энд ирэхээ больчихсон байна лээ. Маргаашнаас Дэнжийн мянга гарч жаахан хүнс цуглуулах санаатай байна хэмээн хуучлав. Аавын эзгүйд ар дааж, дараагийн цалинтай золгох хүртэл хагас сарын хугацаанд хоногийн хоолоо залгуулах 40 мянган төгрөг энэ айлд бий. Ямартай ч элэг бүтэн амьдрал гэдэг хөргөгч нь хоосон ч сэтгэл нь дүүрэн байдаг юм байна.
Хаврын хавсарга нүүр нүдгүй балбаж, хаашаа явж байгаагаа баримжаалах сөхөө алга. Ямартай ч хэзээ хамгийн сүүлд гэрийн цагаан бүрээсээ сольсон нь бүү хэл, гэр дотор хүн амьдардаг эсэх нь ч эргэлзээтэй уулын энгэрт шуурганд цохиулан байгаа гэрийн зүг чиглэлээ. Хаалгыг нь татаж ороход сэтгэл эмтрээд явчхав. Дөрвөн хүүхэд бүлтийтлээ харна. Аав ээж нь түр гарсан хэмээн хамгийн том хүү хариулахтай зэрэгцэн урд айлын эмэгтэй ороод ирэв. Тэдний эмээ хэмээн өөрийгөө танилцуулсан юм. Энэ тэдний том хүүгийнх аж. 0-9 насны дөрвөн хүүхэдтэй гэнэ. Нөхөр нь Босса компанид борлуулагч хийдэг байсан ч коронавирусийн хямралын улмаас ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжжээ. Эхнэр нь барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй тул гадуур ажил байгаа эсэхийг сураглахаар гарсан гэнэ. Баруун талын орон дээр хамгийн бага нь унтаж байна. Том ах нь дүү нараа хардаг бололтой. Ширээн дээр сүүтэй будааны үлдэгдэлтэй тогоо харагдана. Ямартай ч сүүтэй будаагаар ч болов голоо зогоосон бололтой. Ямар азаар будаа гэх хүнсний бүтээгдэхүүн байдаг юм бол доо ч гэж бодогдох шиг. Хамгийн бага төсвөөр хамгийн олон ам бүлийг тэжээж болох хүнс будаанаас өөр байхгүй нь орсон айл бүхнээс харагдаж байна. Өнөөх хүүхдийн мөнгө энэ өрхийн гол санхүүгийн эх үүсвэр гэнэ. Амьдарч байгаа гэр нь түрээсийнх гэдгийг ээж нь хэлсэн. Өнөөдөр манай хэд энэ сүүтэй будаагаа идээд хоночихно. Одоогоор өөр хүнсний зүйл алга даа гэх арга ядсан хүний үг. Энэ айлд хадгалаад байх хүнс ч алга, хөргөгч ч алга. Хэзээ ирэх нь үл мэдэх ээж, аавыгаа хүлээх зуураа дулаан хөнжилдөө шургалах энэ бяцхан зүрхнүүд хаврын салхи өрхний оосор нижигнүүлэхтэй зэрэгцэн айж л суугаа. Үүнээс илүү аюул ч тэдэнд нүүрлэж мэдэх... Гэхдээ муу муухай бүхэн холуур байж сайн сайхан ирээдүй тэднийг хүлээж байгаад итгэн хаалгыг нь зөөлхөн хаалаа.
Эгч ээ, нохойн хоолны гоймон нэгийг авъя
Ингээд тус хорооны “Буурал хайрхан” хүнсний дэлгүүр лүү орлоо. Тус дэлгүүрийн худалдагч сүүлийн үед иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаныг хэлж байна. “Манай энэ хавийн айлуудад төрийн албанд ажилладаг хүн ховор. Бүгд л хувийн байгууллагад ажилладаг. Сүүлийн үед нэг бол ажлаасаа халагдчихлаа, эсвэл цалингаа өгөхгүй байна” гэж орж ирэх хүмүүс олон болсон. Энэ хавийнхаа айл өрхийн амьдралыг бид андахгүй ээ. Ихэнх нь халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгөөр амьдардаг айл өрхүүд байна. Үнэн учраа хэлээд хоногийн хоол зээл өгөөч гээд ороод ирэхээр яах ч аргагүй өгөөд л явуулах юм. Сүүлдээ өөрөө эргэлтийн мөнгөгүй болох дээрээ тулаад байна хэмээн өрийн дэвтэр дээрх тэмдэглэлээ үзүүлэв.
Он гарсаар нэг бүтэн дэвтэр дуусгаад дахин нэгийг эхлүүлсэн гэнэ. Зарим нь зээлээ төлөлгүй 3-4 сар болж байгаа гэдгийг ч хэлж байна. Үнэндээ мөнгө байвал өгчихдөг л дөө. Үнэхээр мөнгөгүй байгаа хүмүүсийг яалтай ч билээ. Зарим нь иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, халамжийн дэвтэр, банкны картаа барьж орж ирээд хүүхдүүддээ идэх юм авах гэсэн юм гээд л учирлах юм. Би ч зөөлөн болохоор өгөөд л явуулах юм. Надад одоогоор 30 орчим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, халамжийн дэвтэр байна. Огт барьцаагүй өгөөд байх хэцүү болохоор худлаа үнэн бичиг баримтыг нь авч үлдэх юм гэсээр гартаа багтаж ядсан бичиг баримтууд үзүүлэв. “Үнэндээ ард түмний амьдрал ингэж л доройтоод байна шүү дээ. Төрийн ордонд суудаг нөхөд захын гэр хорооллын дэлгүүрийн худалдагч биднээс ард түмний амьдрал ямар байгааг асуумаар юм. Үнэндээ тэд манай гэр хорооллоос тасарчихсан амьдралтай шүү дээ. Чи бод доо нөөцийн махыг арай боломжийн амьдралтай айлууд авч байна. Түүнээс биш ихэнх нь дотор гэдэс л авна шүү дээ. Дэнжийн мянга дээр дотор гэдэс ч олдохоо больсон. Өмнө нь 600 төгрөгөөр аваад 800 төгрөгөөр зардаг байсан жижигхэн бондгор юмнууд/ зарим нь нохойн хоол гээд авч байдаг/ өнөөдөр 1000 төгрөг болчихсон байна. Өдрөөс өдөрт юмны үнэ нэмэгдээд байна. 800 төгрөг байхад нь арай хийж авдаг хүмүүс 1200 төгрөг болохоор яах юм бүү мэд” гэв.
Үнэндээ 1200 төгрөгийн үнэтэй боож бэлдсэн гэдсийг задлаад үзвэл багахан уушги, бөөр, өөх, зүрх л байна. Нийт жин нь 500-600 грамм татах аж. Үүгээр хэдэн ам бүлийн оройн хоол хийдгийг тааж үл чадна. Энд дотор махан таташ хэмжээнээсээ хамаараад 1200-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол богийн зүрх нэг килограмм нь 7500 төгрөгийн үнэтэй байна. Нэг ширхэг зүрх жинлүүр дээр тавин тооцуулахад 1200 төгрөг болж байх. 1200 төгрөгөөр нэг ширхэг зүрх авах уу, нэг таташ авах уу, нэг бондгор дотор гэдэс авах уу гэсэн сонголтын өмнө ирэх нь тэр. Биднийг ийнхүү ярилцаж байх зуур бага насны хүүхдээ тэвэрсэн залуу бүсгүй орж ирээд нэг таташ, хоёр ширхэг төмс, нэг лууван тавиулан тооцуулахад 2000 төгрөг болов. “Эгч ээ, нохойн хоолны гоймон нэгийг авъя” гэхэд худалдагч бидний нэрлэж заншсанаар 10-ийн уутанд боосон нунтагдуу гоймонгоос авч өгөв.
Тооцоо 4000 төгрөг болоход бүсгүй 500,100,50,20-тын дэвсгэртээс бүрдсэн мөнгөө нямбайлан тоолсоор тооцоо нийлээд үлдсэн 120 төгрөгөө халаасандаа хийчхэв. Ээжийнхээ энгэрт нялхамсах жаал хүүгийн харц дэлгүүрийн лангуун дээрх амттан дээр унаад удлаа. Хүүдээ чихрийн мөнгө илүүчлэх боломжгүй байгаа энэ ээжид 120 төгрөг нь ямархан үнэ цэнтэйг тааж чадашгүй нь. Хүүдээ өгөөрэй хэмээн ганц печень, ундаа өгөхөд жаахан гайхсан харцаар харснаа, баярлалаа хэмээн гарч одов. Дэлгүүрийн худалдагч хэлэхдээ хөөрхий минь нохойн хоолны гоймон л гэнэ өөрсдөө л хоол хийж иддэг байхгүй юу. Хүн байхаар санаа зовсон бололтой. Намайг ганцаараа үед орж ирэхдээ жижиг, гоймонгоос авъя л гэдэг юм. Нохойн хоолны гоймон ч гэж дээ гоймонгийн үйлдвэрүүдээс гардаг хаягдал гоймон л доо. Хүмүүс нохойн хоолны гоймон гээд нэрлэчихсэн болохоос биш хэмээн учирлав. 2000 төгрөгийн үнэтэй тус гоймонгоор хамгийн багадаа гурван удаа хоол хийгээд идэх боломжтой гэнэ. Өнөөдөр ард түмний амьдралыг элдэв хачиргүйгээр харуулахад ийм л байна. Тэрүүхэн тэнд харагдах төрийн ордноос энд хүртэл ямархан зайтай бол. Яагаад бидний амьдрал ийм их ялгаатай юм бол хэмээн салхитай ч гэсэн уулын орой дээрээс сэтгэлээ онгойтол, төрийн түшээдийн чихэнд хүртэл хашхирмаар. Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд хүүхдүүд хамгийн ихээр хохирч, харалган төрдөө хаягдсан иргэд ажилгүйдэл, ядууралд живж байгааг дуулгамаар. Гэр хороололдоо бүслэгдсэн хэдэн навтгар байшингаа хөгжил гэж андуурсан дээдэст, гэдэс нь хоосон ч гэсэн эх орны минь ирээдүй энд бойжиж байгааг сануулмаар...Эцэст нь хоносон хоол идэхгүй хэмээн хогийн сав руугаа чулуудахдаа, хорвоод тийм амттай хоол идэж үзээгүй ч хүн олон байгааг битгий мартаарай. Үнэндээ энд төр, улс эх орон, Засгийн газрын шийдвэр, бодлого өөр юу ч билээ сүржин үгтэй, даржин шоуг чинь мэдэх сөхөө ч алга. Оройн хоолондоо юу хийж хэдэн хүүхдүүдээ гэдэс цатгалан хонуулах тухай л бодож байна.
ДАРААХ ЦУВРАЛ СУРВАЛЖЛАГЫГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ.
ЦУВРАЛ №2: http://atime.mn/view/article/?page=show&id=4056
ЦУВРАЛ №4: http://atime.mn/view/article/?page=show&id=4096
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН