Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Америкийн Baby Boomer үеийнхний үзэл бодол, хандлага Монголын социализмын үеийнхнээс огт өөр байдаг

Судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA болон Санхүүгийн зах зээлийн холбоо хамтран Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа хийжээ. Уг судалгаагаар Монгол Улсын үеийн ангиллыг тодорхойлж, үе хоорондын ялгааг нийгмийг үнэлж буй байдал, итгэл үнэмшил, улс төрийн үзэл баримтлал, ёс суртахууны баримжаа болон хэрэглээний ялгааг харуулсан үр дүнг багтаасан байна. Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Хэнтий, Өвөрхангай аймгийн 1218 иргэнийг судалгаанд хамруулжээ.

Яагаад үеийг “онилох” болов?

 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд нийгмийн үе, үе хоорондын ялгаа нь зөвхөн нийгмийн салбарын бус бүх шинжлэх ухаанд хамаарахуйц өргөн цар хүрээг хамарсан судлагдахуун болсон.
Анх 1928 онд Германы социологич Карл Маннхейм “Үеүдийн асуудал” хэмээх өгүүллэг бичиж байжээ. 1952 онд тус өгүүллэгийг англи хэл рүү орчуулсан байна. Үеүд болон үе хоорондын ялгааг судалсан ихэнх судалгааны ажлууд Карл Маннхеймийн томьёоллыг ашигладаг. Тэрээр “Түүх болон нийгмийн ямар нэгэн үйл явдлуудыг хамтдаа туулсан тодорхой насны хүмүүсээр нийгмийн үе үүсдэг” гэж үздэг. АНУ-ын “Үеийн кинетик”-ийн төв эцэг, эхийн хандлага, техник технологийн дэвшил, эдийн засгийн хөгжил зэрэг нийгэмд тохиолдсон томоохон үйл явдлуудыг ашиглан дараах нийгмийн таван үеийг тодорхойлсон. Үүнд: 1.Traditionalists (1945 оноос өмнө); 2. Baby Boomers (1946- 1964 оны хооронд); 3. Generation X (1965- 1976 оны хооронд); 4. Millennials, Gen Y (1977- 1995 оны хооронд); 5. Gen Z, iGen, Centennials (1996 оноос хойш) гэж ангилдаг.
Орчин үеийн психологийн ухаанд хүний зан авир(behavior) нь орчноосоо хамааран төлөвшдөг болохыг маш олон туршилтаар нотлон үзүүлээд байна.(N.Sachser, S.Kaiser, M.Hennessy, 2013) Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засаг, технологийн дэвшлийн ижил орчинд төрж өссөн хүмүүс нийтлэг зан авиртай болон төлөвшдөг гэсэн үг. Жишээлбэл, Америкийн Baby Boomers үеийнхэн нь нийгэм эдийн засгийн хөгжил, итгэл үнэмшил, соёлын өвөрмөц үед төрж өссөн учраас арай хожуу үеийнхэн болох Generation Y үеийнхэнтэй харьцуулахад илүү консерватив үзэлтэй байдаг. Америкийн нийгэм эдийн засгийн онцлог, мөчлөгөөс хамааруулан тодорхойлсон Baby Boomers, Generation X, Millennials зэрэг нийгмийн үеүдийг Монгол Улсын хувьд хамааралтай мэтээр төсөөлөн ашиглаж буй нь учир дутагдалтай, өрөөсгөл юм. АНУ, Монгол нийгэм эдийн засаг, соёлын хувьд тэс өөр динамик, үе шатуудыг туулан хөгжиж байгааг санах хэрэгтэй гэж судлаачид онцолжээ. Судлаачид нь Ө.Ганзориг, Б.Лхагважаргал, Ж.Эрдэнэбилэг, З.Гэрэлтуяа нар юм.
Тус судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын нийгмийн үеийг дараах байдлаар ангилжээ.
Үүнд:
- Социалист үеийнхэн (1964 оныг хүртэл)
- Завсрын үеийнхэн (1965-1982 оны хооронд)
- Шилжилтийн үеийнхэн (1983-1994 оны хооронд)
- Шинэ үеийнхэн (1995 оноос хойш)


1. СОЦИАЛИСТ ҮЕИЙНХЭН
(1964 ОНЫГ ХҮРТЭЛ)

Социалист үеийнхэнд 1964 оноос өмнө төрсөн 56-аас дээш насныхан (2020 оны байдлаар) багтана. Социалист үеийнхэн бол хуучинсаг үзэлтэй, капиталист-ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч үзэл бодлын хувьд хэвшмэл социалист хэв маягтай. Зан чанарын хувьд шударга ёсны мэдрэмж өндөртэй. Төр, нам, институцэд итгэх итгэл өндөртэй. Улс орны ирээдүй сайн сайхан болно гэсэн итгэлтэй.

2. ЗАВСРЫН ҮЕИЙНХЭН
(1965-1982 ОНЫ ХООРОНД)

Завсрын үеийнхэнд 1965-1982 онд төрсөн 38-55 насныхан багтана. Завсрын үеийнхэнд социалист үеийнхэн маш хүчтэй нөлөөлөл үзүүлсэн учраас үзэл бодлын хувьд либерал чиг баримжаа сул. Гэвч капитализмын үр шимийг хамгийн ихээр хүртэж яваа, хэрэглээ өндөртэй үе юм. Энэ үеийнхэнд глобал үзэл бодлууд хараахан төлөвшиж амжаагүй.

3. ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙНХЭН
(1983-1994 ОНЫ ХООРОНД)

Шилжилтийн үеийнхэнд 1983-1994 онд төрсөн 26-37 насныхан багтана. Шилжилтийн үеийнхэн социалист ба завсрын үеийнхэнтэй харьцуулахад шинэ үеийнхэнтэй илүү төстэй бөгөөд нэг бүлэгт хамаарах боломжтой. Үзэл бодлын хувьд ардчилсан, капиталист чиг баримжаа илүү хүчтэй суусан. Шинэ үеийг бодвол илүү прагматик, ирээдүйд итгэх итгэл нь илүү хүчтэй. Шилжилтийн үеийнхний дийлэнх нь шинэ үетэй адилаар интернэт, сошиал медиа орчноос мэдээллээ авч байна. Энэ үеийнхэн бусад үетэй харьцуулахад илүү оппортунист хандлагатай байна.

4. ШИНЭ ҮЕИЙНХЭН
(1995 ОНООС ХОЙШ)

 Шинэ үеийнхэн 1995 оноос хойш төрсөн буюу 25-аас доош насныхан юм. Шинэ үеийнхэн бол хувь хүний эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, либерал үзэлтэй, төр болон намд итгэдэггүй, институцэд биш өөртөө илүү итгэдэг, бусад үеүдтэй харьцуулахад хамгийн их дижитал, сошиал хэрэглээтэй байна. Тэд бусад үеүдтэй харьцуулахад үзэл бодлын хувьд илүү баруунжиж, глобалчлагдсан байна.
Өнөөдөр Монголын бизнесийн байгууллагууд барууны Baby Boomer, X, Y, Z үеийг шууд хуулбарлан авч, ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, биднээс огт өөр замаар явж ирсэн улсын иргэдэд хамаарах үеийг ашиглаж байна гэсэн үг хэмээн судлаачид дүгнэж байна. Жишээ нь: Америк улсын Baby Boomer үеийнхний үзэл бодол, хандлага социалист нийгмийн үетэй ямар ч холбоо хамааралгүй гэжээ.
АНУ болон монголчуудын глобал асуудалд хандах хандлагын ялгаатай байдлыг ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрч буй эсэх дээр авч үзжээ. Уг асуултын хүрээнд АНУ-ын Pew Research Center-ийн 2019 онд хийгдсэн судалгааны мэдээллийн санг “Монголын нийгмийн үеийг тодорхойлох” судалгааны дата мэдээлэлтэй харьцуулсан гэнэ.
Америкчуудын хувьд ижил хүйстний гэрлэлтийг дунджаар 61 хувь хүлээн зөвшөөрч байгаа бол монголчуудын хувьд дунджаар 22.5 хувь хүлээн зөвшөөрсөн байна. Глобалчлалын асуудал болох ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх байдал монголчуудын хувьд америкчуудынхаас эрс ялгаатай байна. Эндээс америкчуудын тодорхойлж гаргасан Baby boomer, X,Y, Z үеүдийн нэршлийг Монголд ашиглах нь зохимжгүй гэж судлаачид дүгнэжээ.
МОНГОЛЫН НИЙГМИЙН ҮЕИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА-ны зарим онцлох дүнгээс танилцуулж байна.

1990 оноос хойш ёс суртахуун, шударга ёс сайжирсан уу?

 Монгол Улсад 1990 оноос хойш ёс суртахуун, шударга ёсыг социалист болон завсрын үеийнхэн дунджаар 60.2 хувь муудсан гэж хариулсан нь анхаарал татаж байна. Үүнд 1990 онд ардчилал, чөлөөт зах зээлд өндөр хүлээлттэй орсон боловч, нийгмийн баялгийн хуваарилалт шударга бусаар явагдсан, авлига, албан тушаалын хэрэг газар авсан, төрийн албан тушаал, тендер, газрын наймаа, уул уурхайн бизнес нь танил тал, садан төрөл, намын холбоосоор явдаг болсон зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн байх боломжтой.
Харин Шинэ үеийнхэн буюу 1995-аас хойш төрөгсөдийн 43.4 хувь нь ёс суртахуун, шударга ёс сайжирч байгаа гэж үнэлсэн байна лээ.

1990 оноос хойш эдийн засаг болон ард иргэдийн амьжиргаа сайжирсан уу?

Монгол Улсад 1990 оноос эдийн засаг болон ард иргэдийн амьжиргааг социалист, завсрын үеийнхэн муудсан гэж хариулсан нь нийгмийн шилжилт хөдөлгөөнөөс үүссэн эмх замбараагүй байдал нь тэдний амьдралд сөрөг байдлаар нөлөөлсөнтэй холбоотой байж болно. 1990 оноос хойш бодитоор хүмүүсийн хэрэглээ өсч, нэг хүнд ногдох машины тоо, дэлгүүрүүдийн барааны төрөл, чанар олширсон боловч эдгээр үеийн хүмүүс худалдан авах чадвар муудсаар ирсэн, инфляц өндөр, төгрөгийн ханш тогтмол сулардаг, шударга бус баялгийн хуваарилалт явагдсаар байгаа зэргийг харгалзан ийм хариулт өгсөн болов уу.
1964 хүртэл оныхон буюу социализмын үеийнхэн 37.5 хувь нь сайжирсан гэсэн бол Шилжилтийн үеийнхэн буюу 1983-1994 оны хооронд төрсөн хүмүүсийн 66.4 хувь нь сайжирсан гэж хариулжээ.

Танай байгууллага таны ажлыг шударгаар үнэлдэг гэдэгтэй санал нийлж байна уу?

Тухайн байгууллага ажлыг нь шударгаар үнэлдэг гэдэгтэй социалист, завсрын үеийнхэн санал нийлж байгаа нь үзэл суртлын нөлөө буюу аливаа дүрэм журмыг эсэргүүцдэггүй, нийтийн эрх ашгийг дээдэлдэг зан чанартай холбоотой. Мөн Социалист нийгмийн үед тухайн хүний хөдөлмөрийг шударга бус үнэлэх явдал гардаггүй (эсвэл тийм төсөөлөл байхгүй) байсан учраас энэхүү үзэл бодол нь ардчилсан нийгэмд уламжлагдан орж ирсэн байж болно. Харин шилжилтийн, шинэ үеийнхэн дунджаар 38,2 хувь зарим тохиолдолд санал нийлнэ гэж үзсэн нь эрх чөлөөт, дүрэм журмыг эсэргүүцдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг зан чанартай холбоотой хэмээн судлаачид дүгнэж байна.


Монгол Улс 2050 онд дэлхийн өндөр хөгжилтэй орон болж, монголчууд сайхан амьдарна гэдэгтэй санал нийлж байна уу?

Монгол Улс 2050 онд дэлхийн өндөр хөгжилтэй орон болж, монголчууд сайхан амьдарна гэдэгт социалист, завсрын үеийнхэн дунджаар 55,8 хувь итгэлтэй байгаа нь нөгөө хоёр үетэй харьцуулахад ялгаатай байна. Энэ нь шинэ ба шилжилтийн үеийнхэн төр ба институтэд итгэх итгэл султай, өөртөө илүү найддаг, харин социалист ба завсрын үеийнхний төрд итгэх итгэл өндөр байгаагаар тайлбарлагдаж байна хэмээжээ. Шинэ үеийнхний 39.0 хувь нь дээр асуулттай санал нийлжээ.

Судалгааны бусад үр дүнг цухас дурдахад:
судалгаанд оролцогчдын 64 хувь нь улс төрийн нам, эвслийн алийг нь ч дэмждэггүй гэжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 41 хувь нь ямар нэгэн байдлаар шашны зан үйл хийж, шашны байгууллагаар үйлчлүүлдэг байна. Интернэт хэрэглээ үеэс хамааран ялгаатай байна. Социалист үеийнхний 10 хүн тутмын гурав нь, завсрын үеийнхний зургаа нь, шилжилтийн болон шинэ үеийнхний ес нь интернэтийг тогтмол ашиглаж байна.
Цээжлэлт дээр суурилсан боловсролын систем үеэ өнгөрөөж байгаа нь төгсөгчид ажлын байран дээр гараад гологдох, цалин хөлс бага байх зэрэг нөхцөл байдлаар харагддаг. Иймд боловсролын системд нийгмийн бүх үеийнхэн муу  дүн тавьжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com