/Хөндөх Сэдэв: Ядуурал/
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд, Сансарын колонкийн 805 дугаар ангиас дээшээ уул руугаа өгсөөд байх гэр хорооллын гуравхан айлын хаалгыг татахад өнөөдөр Монгол Улсын гурван сая хүн амын 19 нь, үүнээс 13 хүүхэд нь өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн байдалтай угтсаныг даваа гарагт нийтлэгдсэн “Хүүхдүүдээ гэдэс цатгалан хонуулахын тулд нохойн хоол ч авч дийлэхгүй байна” сурвалжилгаар бид хөндсөн билээ. Эндээс ядуурал өнөөдөр ямар түвшинд байна вэ, хэн ядуу гэсэн ангилалд ямар суурь шалтгаанаар орж байна вэ гэх түм буман асуулт ургаж байна. Тэгвэл Дэлхийн банк, ҮСХ-ны хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх-2018” судалгааны үр дүнд манай улсын нийт хүн амын 28.4 хувь буюу 904.9 мянган хүн ядуу амьдарч байгаа бөгөөд хамгийн анхаарал татаж буй нь эдгээр хүний тал нь 15-аас доош насны хүүхэд эзэлж байгааг харуулжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өнөөдөр 450 орчим мянган хүүхэд өлөн зэлмүүн, хоногийн хоолгүй байдалтай амьдарч байна гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн 2018 оны судалгаа гэдгийг анхаараарай. Учир нь уг судалгаагаар Монгол Улсад багахан хэмжээний эдийн засгийн шок үзүүлэхэд нийт хүн амын 15 хувь буюу ахиад 470 гаруй мянган хүн ядууралд өртөхөд ойрхон байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл, ядуурлын шугамаас арай дээгүүр амьдарч буй 470 мянган хүнд үнийн өсөлт, ажилгүйдэл, өвчин, байгалийн гамшигт нэрвэгдэх зэрэг цочрол өгөхөд л шууд ядууралд орох эмзэг байдалтай байна гэсэн үг юм.
Дэлхий дахинд тархаад буй коронавирусийн цар тахал дэлхийн эдийн засагт үлэмж хэмжээний шок үзүүлж, бүхэлдээ уналтад оруулаад буй. Тэгвэл дээр хэлсэнчлэн багахан гэж тооцоолж байсан эдийн засгийн шок өнөөдөр Монголд багаас ч илүү хувиар үзүүлж буй. Энэ судалгаан дээр өнөөдрийг үндэслэн харвал, манай нийт хүн амын 43.4 хувь буюу 1.3 сая хүн ядууралд өртсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн ядуурал хамрах хүрээний хувьд хөдөөнөөс илүү хот суурин газарт их байна. Тодруулбал, таван ядуу хүн тутмын хоёр Улаанбаатар хотод амьдарч байна. Хэрэв нэг хүнд ногдох сарын хэрэглээ 166 мянган төгрөг ба түүнээс доош байвал ядуу бүлэгт хамааруулж үздэг юм байна.
Хэн илүү ядуу амьдарч байна вэ?
Өнөөдөр нийт ядуу хүн амын 42 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд гурав ба түүнээс олон хүүхэдтэй өрхийн тал хувь нь ядуу, зүдүү амьдарч байна. Тодруулбал, тав хүртэлх насны хүүхдүүдийн 38 хувь нь ядуу байгаа нь тун өндөр үзүүлэлт юм. Нөгөөтээгүүр, ядуу зургаан хүн тутмын нэг нь сургуулийн өмнөх насны буюу тав хүртэлх насны хүүхдүүд байгаа нь туйлын сэтгэл эмзэглүүлмээр. Мөн өрхийн түвшинд олон хүүхэдтэй (0-14 нас) өрх, ялангуяа гурав, түүнээс олон хүүхэдтэй өрх хүүхэдгүй өрхтэй харьцуулахад илүү ядуу амьдарч байгааг тогтоожээ. Ингээд дүгнэхэд, залуу өрхийн тэргүүнтэй (30-39 нас), олон хүүхэдтэй өрхүүд ядууралд илүү өртөмтгий байна гэсэн юм. Тэрчлэн уг судалгааны 2018 оны дүнгээр ядуу бус нэг хүн сард дунджаар 342 мянган төгрөгийг хэрэглээндээ зарцуулдаг бол ядуу хүн 124 мянган төгрөг буюу өдөрт 4093 төгрөг зарцуулж байна гэж гарчээ. Хамгийн хачирхалтай нь, нэг хүн өдөрт 4000 төгрөг хоол хүнсэндээ зарцуулна гэдэг ядуу хүмүүсийн хувьд харин ч боломжийн амьдрал шиг сонсогдоно. Учир нь дээр дурдсан газар дээрээс нь хийсэн сурвалжилгаар бол ядуу өрхийн нэг хүнд өдөрт 600-хан төгрөгийн хоол, хүнс ногдож байсан юм. Тодруулбал, зургаан ам бүлтэй, сарын орлого нь дөрвөн хүүхдийн (сүүлд 30 мянгаар тооцоход) 120 мянган төгрөгөөр амь зууж буй өрхийн нэг хүнд өдөрт 600-хан төгрөгийн хоол хүнс ногдож байсан юм.
Ядуу хүүхэд ядуу бус хүүхдээс дөрөв дахин бага боловсрол эзэмшиж байна
Судалгаагаар ядуу хүмүүс ядуу бус хүмүүсээс хүнсэнд хоёр, эрүүл мэндэд зургаа, хувцсанд гурав, тээвэр, харилцаа холбоонд дөрөв дахин бага хэрэглээний зардал гаргадаг аж. Хамгийн чухал сектор болох боловсролын салбарт ядуу хүүхэд ядуу бус хүүхдээс дөрөв дахин бага боловсрол эзэмшиж байгаа нь тогтоогдсон байна. Амьжиргаа сайтай өрхийн хүүхдүүд бага наснаасаа суралцаж эхэлдэг бөгөөд ингэхдээ хувийн хэвшлийн сургалтын хөтөлбөр сайтай сургуульд хамрагдах хандлагатай байна. Судалгаанаас харахад, хамгийн чинээлэг гэгдэх 20 хувийн өрхийн 2-6 настай хүүхдүүдийн 70 хувь нь сургуулийн өмнөх боловсролд (СӨБ) хамрагдаж байгаа бол хамгийн ядуу 20 хувийнхны хувьд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай байна. Ихэнх хүүхдүүд төрийн өмчийн сургуульд суралцаж байгаа ч чинээлэг эцэг, эхчүүд хүүхдүүдээ хувийн сургуульд сургах болсон хандлага нь хамгийн чинээлэг 20 хувийн өрхийн таван хүүхэд тутмын нэг нь хувийн бага сургуульд суралцаж байгаагаас харагдана. Алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж хязгаарлагдмал, сургуулийн өмнөх боловсролын байгууллага тэдний амьдарч буй газраас хол зайд байгаа нь бэрхшээл болдог байна.
Хамгийн ядуу аймаг Говьсүмбэр
Эдийн засгийн сэргэлтийн үе буюу 2010-2014 онд ядуурал эрчимтэй буурч 38.8 хувиас 21.6 хувь болсон бол эдийн засгийн хямралын улмаас 2016 онд эргээд 29.6 хувь болж өссөн байна. Ядуурлын хамралтын хүрээ 2016-2018 оны хооронд 1.2 пунктээр буурч, 2018 онд 28.4 хувь болжээ. Хүн амын өсөлт өндөр байсан хэдий ч ядуу хүний тоо 2016-2018 оны хооронд 2.6 мянгаар буурсан байна. Дээрх хугацаанд ядуурлын хамралтын хүрээнд ямар нэгэн өөрчлөлт гаралгүй зөвхөн хүн ам өссөн гэж үзвэл ойролцоогоор 39 мянган хүнийг ядуурлаас гаргажээ гэж тооцож болно. Тэгвэл өнөөдөр ядуурал бүс нутгийн амьжиргааны түвшингээс хамаарч ялгаатай байна. Ядуурлын үзүүлэлтүүдийг Баруун, Хангай, Төв, Зүүн болон Улаанбаатар гэсэн таван бүс нутгаар харахад, Улаанбаатар хот, Төвийн бүсэд ядуурал хамгийн бага буюу нийт хүн амынх нь 25.9-26.1 хувь нь ядуу байна. Баруун, Хангай болон Зүүн бүсэд ядуурлын хамралтын хүрээ өндөр, нийт хүн амынх нь 30.8-37.4 хувь нь ядуу ялангуяа Зүүн бүсэд таван хүн тутмын хоёр нь ядуу амьдарч байгаа буюу үндэсний хэмжээнд ядуурлын түвшин хамгийн өндөр үзүүлэлттэй бүс болсон байна. Гэвч хүн амын бага хувь амьдардаг Зүүн бүсэд (7 хувь) нийт ядуу хүн амын 10 хүрэхгүй хувь ногдож байна. Ядуурлын хамралтын хүрээ Говьсүмбэр аймагт хамгийн өндөр (51.9 хувь) буюу хүн амын талаас илүү нь ядуу амьдарч байна. Зүүн болон баруун бүсийн аймгуудад ядуурлын хамралтын хүрээ өндөр, Улаанбаатар хот, Төв аймаг, Төвийн бүсийн зарим аймгуудад (Өмнөговь, Дундговь, Дорноговь) харьцангуй бага байна.
Уул уурхайн баялаг ихтэй Өмнөговь аймагт ядуурлын түвшин хамгийн бага буюу аймгийн хүн амын 11.8 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байна. Ядуучуудын газар зүйн байршлын тархалтыг харахад ядуу 10 хүн тутмын дөрвөөс илүү нь (378.2 мянган ядуу хүн) Улаанбаатар хотод амьдарч байна. Говьсүмбэр аймагт ядуурлын хамралтын хүрээ хамгийн өндөр байгаа ч цөөн хүн амтай аймаг учраас нийт ядуучуудын нэг хувиас бага буюу 8.2 мянган хүн л ядуу амьдарч байгаа юм.
Ядууралд хүргэж буй гол шалтгаан юу вэ?
Ядуурлын өөрчлөлтөд нөлөөлж буй орлогын талаарх бүтцийн шинжилгээ хийх нь ядуурлын бууралтад орлогын ямар эх үүсвэр нөлөөлж байгааг ойлгоход бидэнд тус болдог. 2010-2014 ба 2016-2018 он гэсэн цаг хугацаанд ядуурлын өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар бүтцийн шинжилгээ хийж харьцуулахад, 2016-2018 онд цалин хөлс, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний орлого, капитал хөрөнгийн орлого буурснаар ядуурлыг нэмэгдүүлсэн бол нийгмийн хамгааллын шилжүүлэг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын өсөлт ядуурал буурахад нөлөөлжээ. Энэ хугацаанд нийгмийн халамжийн шинэ хөтөлбөр, шинэ тэтгэмжийг нэвтрүүлж, тухайн үед хэрэгжиж байсан нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн нь ядуурал буурахад эергээр нөлөөлжээ. Нөгөө талаар цалин хөлс, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ, капитал хөрөнгөөс олох орлого саарсан байна. Капитал хөрөнгөөс олох орлого ядуу өрхийн нийт орлогод маш бага хувийг эзэлдэг боловч энэ төрлийн орлого буурсан нь ядуурал өсөхөд ихээр нөлөөлжээ. Мөн өрхийн нийт орлогын дийлэнх хувийг эзэлдэг цалин хөлсний бодит орлого (өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад -1.1 хувь) буурсан нь ядуурлыг нэмэгдүүлэх бас нэгэн хүчин зүйл болсон бөгөөд ядуурлын хамралтыг 0.5 пунктээр нэмэгдүүлжээ.
Энэ бол яахын аргагүй Монголын эмгэнэл мөнөөсөө мөн. Энэ бүхний бурууг мэдээж өөрсдийн залхуу залхаг байдлаасаа эрэлхийлэх ёстой ч гэлээ бүхэл бүтэн нийгмээрээ буюу хүн амын тал хувь нь, ялангуяа, бидний ирээдүй болсон 450 мянган хүүхэд ядуу тарчиг амьдарна гэдэг нь шууд төрийн бодлого, түүний гаргаж буй шийдвэртэй холбоотой юм. Өнөөдөр Монголын төр хүндээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, 65 суудал авч сонгогдсон МАН ЖДҮ-чин 50 гишүүн өөрсдийн биш ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бол, өнгөрсөн дөрвөн жилд ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрч, манай оронд ЖДҮ хөгжиж, түүнийг дагаад ажлын байр олноор бий болох байлаа. Үр дүнд нь 10 ч болтугай ядуу өрх өлсгөлөн, зовлонт амьдралаасаа салах байсан юм. Үнэндээ өнөөдөр баян нь хэт баян, ядуу нь хэт ядуу, нийгмийн дундаж давхаргагүй байна. Энэ бүхэн нийгмийн тэгш бус байдлыг үүсгэж байна. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ард иргэдээ ядуурлаас гаргана гэж хамгийн нэгдүгээрт амласан байдаг. Гэвч өнөөдөр монголчуудын тал шахам хувь нь гэдэс, цувдайгаар бор хоногоо болгож, хагас сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж, хүйтэн гэрт дагжин чичирч байна. Төрийн бодлого хаана явна вэ, хэзээ ард түмнийхээ төлөө ажиллах вэ, МАН-ын 65 гишүүнээс ам асууя, яагаад, ажилгүйдэл, ядуурал өдрөөс өдөрт газар авч байна вэ, У.Хүрэлсүх сайдаас асууя, та чинь хүүхдийн төлөө анхаарах ёстой хүн биш сэн бил үү?
ӨМНӨХ БОЛОН ДАРААХ ЦУВРАЛ СУРВАЛЖЛАГЫГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ.
ЦУВРАЛ №1: http://atime.mn/view/article/?page=show&id=4032
ЦУВРАЛ №4: http://atime.mn/view/article/?page=show&id=4096
эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" сонин