Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ирээдүйг тамгалах ардчиллын үнэт зүйлс

 Буянт малынхаа сүү шимээр идээ цагаагаа бэлтгэн налгар тайван амьдарч байсан хөдөөгийн малчин айл нэг л өдөр бүрхээр тогоогоо сүхдүүлж хэмхчүүлсэн авгай хүүхдүүд нь уйлалдаж шуугилдсан гашуун түүх бидэнд тохиосон. Хэн нэгэн танхай эдгээд бус аймаг, сумын дарга нар нь энэ бусармаг үйлийг манлайлж гар бие оролцсон гэхэд гайхмаар. Дарга учраас, эрх мэдэлтэй болохоор бүхнийг мэдэх ёстой, бүхнийг шийдэх ёстой, жирийн иргэд тэднийг үг дуугүй дагах ёстой, үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой гэсэн үзэл хандлага нэвт шингэсэн нам засаг нь хуулиас дээгүүр даналздаг нөхцөлд ийм зүйл тохиолдох нь гайхахаар зүйл биш гэдэг нь өнөөдрийн өндөрлөгөөс харагдаж буй. Нийгэмд бугшсан эдгээр гажуудлыг засахын тулд ардчилсан хөдөлгөөн үүсэн бий болоод өрнөн хөгжөөд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг ардчиллын амин сүнс болсон засаглал дахь ард иргэдийн оролцооны зарчмыг илэрхийлсэн ардын сургаалаа дагаад 30 жил боллоо. Хуулийг дээдэлсэн нийтийн захиргаа буюу парламентын засаглал тогтсон өнөө үед малчин айлд ороод бүрхээр тогоог нь эвдэх нь битгий хэл сэтэрхий зүү сиймхий хадаг хүртэлх хувийн өмч хөрөнгө хуулиар хамгаалагдсан эрх зүйн орчинд та бид аж төрж байна.
Харин сүүлийн жилүүдэд засаг төр нь хуулийг уландаа гишгэдэг, Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг огт тоодоггүй, бүхнийг мэдэгч, бүхнийг чадагчийн дүрд тоглодог гажиг үзэгдлүүд ажиглагдаж эхэллээ. УИХ-ын нэгэн гишүүн “Ардчилсан намын үед хувийн аж ахуйн нэгжид ерөөсөө дарамт үзүүлдэггүй байсан. МАН-ай намын үед дандаа дарамт үзүүлдэг” хэмээн халаглан ярьсан нь засаглалд ард иргэд, хувийн хэвшлийн оролцоо хумигдаад зогсохгүй бүр дарамт дэглэлтийн шинжүүд бий болсныг нотлон харуулж буй. Ийм байдал цаашид даамжирвал хууль шударга ёсны зарчим алдагдаж нийтийн тооллын өмнө амьдарч байсан гүн сэтгэгч Аристотелийн хэлсэнчлэн “Хүн гээч нь өөрөө төгс шинжтэй амьтан, харин хууль, шударга ёсноос ангид бол адгийн амьтан болж хувирдаг” хэмээсэн томьёолол биеллээ олж манай нийгэм уруудан доройтох зам руугаа шуударч магад боллоо. Иймээс хүн бүр хууль, шударга ёсноос ангид байлгүй “Эд хөрөнгө, эрх мэдэлтэй нэгэн бус нутгийн жирийн иргэд засаглах үед л ардчилал илрэлээ олно” хэмээсэн ардчиллын сонгодог тодорхойлолт, дээр дурдсан хүн хийгээд нийгмийн харилцаа, хэлцлийн үндсэн ойлголтыг эдүгээ бидний үед ч угтан ирэх зуун зуун жилүүдэд ч хөтөч үзлээрээ хэвээр байлгаж түүгээр ирээдүйгээ тамгалсаар байх нь бидэнд өлзийтэй байх бус уу.
Монголчуудын үндэсний сэргэн мандалтын үзэл нь Чингис хааны үед нэгдмэл нэгэн цогц зүйл буюу сингуляр төлөвт ойртож чадсан тэрхүү агшин дахин эргэж ирэхийг зөгнөж ардчилсан хувьсгалын манлайлагч С.Зориг түүнийг нь “Монгол хүний саруул ухаан” хэмээн томьёолсон гэлтэй. Яах аргагүй ардчиллын гэгдэх жилүүд нь Чингис хааны үеэс хойш монгол хүн оюуны хүлээснээс алдуурсан он жилүүд байсан бөгөөд хүлээснээс алдуурч саруулсах тал руугаа явж буй нь нэн ойлгомжтой юм. Бага хаадын үеийн өрсөлдөөн, Манжийн дарангуйллын үеийн оюуны самуурал, коммунизмын үеийн сэтгэлгээний булингартал зэргээс ангид байж чадахуйц тийм “Монгол саруул ухаан”-ы сингуляр төлвийг бий болгох тэрхүү саруул ухааныг тойрон нэгдэн нягтрах нь ардчиллын үнэт зүйлсийн нэг яах аргагүй мөн бөлгөө.
“Монгол хүний саруул ухаан”-ы сингуляр төлөвт монголчуудын язгуурын өгөгдлүүдийн нэг болох бүтээлчээр сэтгэх чадвар багтана. ХХI зууны хөгжлийн парадигмийн үндсэн үзүүлэлтийн нэг болоод байгаа энэ чадвар Дэлхийн эдийн засгийн форумаас тунхагласан ойрын ирээдүйд тэргүүлэх 10 чадваруудын жагсаалтыг тэргүүлсэн төдийгүй 2008 онд шинэчилсэн Блүүмийн таксономийн танин мэдэхүйн зургаан түвшний оргилд нь мөн л бүтээлч сэтгэлгээ заларч байгааг анхаарахгүй байхын аргагүй. Сурагчдын сурлагын амжилтыг үнэлдэг олон улсын ПИЗА-2021 үнэлгээний нэг сорил нь бүтээлчээр сэтгэн бодох чадвар болон орж ирж байгааг дурдууштай. Ардчиллын он жилүүдэд элдэв янзын сэтгэлгээ, олон шашны урсгалууд монгол нутгаар хэсүүчлэн бэдэрч заримдаа хэтэрхий задгай эрх чөлөөтэй энэ орон зайд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа ч юм шиг санагдана. Хэдий тийм боловч энэ үзэгдэл нь бүтээлч сэтгэлгээ үржин хөгжих шимтэй хөрс гэдэг нь гарцаагүй бөгөөд түүний үр хөврөл аль хэдийнээ бүрэлдэн тогтоод сайн муу саар саруул зүйлээ ялган зааглах хэмжээнд хүрч удаж төдөлгүй сайн үр дагаварт хүрэх нөхцөл бүрдээд байгаа нь олзуурхууштай юм.
Ардчиллын ач буянаар монголчууд дэлхийн дахинаар хэрэн хэсүүчилж дэлхийн дэвжээнд суралцаж судалж олон улсын хэмжээний томоохон судалгааны лабораториуд болон технологийн компаниудад байр сууриа эзлэн эхэлж буй бөгөөд цаашид энэ байр сууриа бэхжүүлж дэлхийн бүтээлч сэтгэлгээний үйлдвэрлэлд өөрсдийн дарах жингээ нэмэгдүүлэх нь тодорхой болоод байна. Доголон Төмөр хааны ач тоочин Үлүгбэх, Каталоны тоог нээсэн эрдэмтэн Мянгат, Учир шалтгааны ухааны Алшаа лхарамба Агваандандар зэрэг дэлхийд данстай монгол сэтгэгчдийн байр суурийг залган үргэлжлүүлэх, буддийн гүн ухааны илтэд орноор дамжин далд орныг таних улмаар үлэмж далд орныг таних замаар орчин үеийн мэдлэгийн нийгэмд байр сууриа эзлэх хүн хүчний оюуны урсгалыг бий болгоход ардчиллын үнэт зүйлсийн нэг болох сэтгэлгээний чөлөөт байдал, эрдмийн ажлын эрх чөлөө юу юунаас илүү чухал билээ.
Эцэст нь зайлшгүй дурдууштай ардчиллын нэг үнэт зүйл бол мэдэх эрх юм. Хэдхэн жилийн өмнө Р.Чойномын шүлгийг унших эрхгүй, дэлхийн нөгөө хагаст юу болж буйг мэдэх эрхгүй байсан монголчууд өнөөдөр хүн амын тооноосоо илүү “facebook” хаягтай хүн бүр шахам гар утастай болж мэдлэг, мэдээллээ богино хугацаанд бусадтай хуваалцах болжээ. Шинэ төрлийн коронавирус дэлхийн улс орнуудад хэрхэн тархаж буй, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг маш хурдан авч байгаа нь бидний монголчуудын энэхүү цар тахалтай тэмцэх ажилд хэмжээлшгүй их тус нэмэр болж буйг дурдах нь зүйтэй.
Шинэ төрлийн коронавирусийн дараах дэлхий дахинд, түүний дотроос манай нийгэмд дээр дурдсан ардчиллын үнэт зүйлс тамганы дардас лугаа адил улам бүр тодорч, дан ганц даяаршилд дулдуйдах бус дангааршил, үндэсний сэргэн мандалтын үзэл санаа, “монгол хүний саруул ухаан”-аас хөгжлийн эх ундаргаа хайж олох хөгжил дэвшлийн шинэ парадигм төрөх нь ойлгомжтой болж буй. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com