Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Ёндонхүү: Мөрдөн байцаах байгууллагыг нэгдсэн удирдлагатай болгоё гэсэн сэтгэл, зориг дутаад байна

Цагдаагийн хурандаа Ц.Ёндонхүүтэй ярилцлаа.

-Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдаад 70 гаруй жил өнгөрчээ. Энэ салбарт хорь гаруй жил зүтгэж, тогоонд нь буцалж явсан хүний хувьд алдаа оноог нь хэрхэн дэнсэлж суудаг вэ?
-Миний хувьд хилийн ба дотоодын цэргийн прокурорт мөрдөн эрхэлсэн орлогч прокурор, цэргийн ерөнхий прокурорт мөрдөн эрхэлсэн орлогч, Баянгол дүүргийн мөрдөн байцаах тасгийн даргын албыг тус тус хашиж байгаад 2003 онд тэтгэвэртээ суусан. Нийтдээ 20 гаруй жил мөрдөн байцаах ажлыг хийжээ. Харин өнөөдрийн тухайд,Монгол Улсын мөрдөн байцаах байгууллага хөлөө олохгүй байна гэж хэлье. Үүнд их санаа зовж явна.
-Таны бодлоор энэ салбарт ямар шинэчлэл хийх хэрэгтэй байна?
-Нэгэн үе мөрдөн байцаах албыг төр засаг дэмжиж, тусалж байсны хүчинд их бэхэжсэн. Харамсалтай нь сүүлийн үед энэ байгууллага маань байгууллага биш болчхоод байна. Мөрдөн байцаах байгууллага талын нэг тарсан. Тагнуулын газар, мөрдөн байцаах хэлтэс, авлигатай тэмцэх газар, цагдаа дотроо хар тамхитай тэмцэх газар байгуулсан ч байх шиг. Эдийн засгийн гэмт хэргийг мөрддөг хэлтсийг нь аваачаад эрүүгийн цагдаад өгчихлөө. Нийслэлийн цагдаагийн газарт мөрдөн байцаах газар гээд байгуулчхаж. Ингээд талын нэг болсон. Уг нь ийм байх ёсгүй. Ер нь аль ч улсад мөрдөн байцаах байгууллага бол төвлөрсөн, нэгдсэн байгууллага байх ёстой. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл, Үндсэн хуулийн 1.11.1-д, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гэж заасан байдаг. Үндэсний аюулгүй байдал гэдэг нь хууль зүйн талаасаа хоёр утгатай. Улс эх орны аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдал гэсэн заагтай. Тэгэхээр иргэдийн аюулгүй байдлыг хэн хангах ёстой юм бэ гэхээр цагдаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн халдашгүй эрх гэмт халдлагад өртөхөд түүнийг илрүүлэх, шалгах нь мөрдөн байцаах албаны гол үүрэг. Энэ зарчмаар Мөрдөн байцаах алба үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин өнөөдөр мөрдөн байцаах байгууллага талын нэгээр тарж бутарсан болохоор энэ үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хүч нь тарамдчихлаа. АТГ, ТЕГ, Прокурор, Шүүх, Цагдаагийн дарга нарыг томилж байгаа эрх мэдэлтнүүдийн халаасанд нэг нэгээрээ орчихсон гэсэн үг. Энэ асуудалд төр анхаарал хандуулахгүй байна. Аль ч улсад мөрдөн байцаах байгууллага Засгийн газрынхаа дэргэд, босоо, төвлөрсөн, нэгдсэн удирдлагатай байдаг. Тэгж байж хүчтэй ажиллаж чадна. Нэг л жишээ хэлэхэд, сая коронавирус халдварын үед ДЭМБ дэлхийн улс орнуудыг ерөнхийд нь удирдан чиглүүлж, нэгдсэн удирдлага гэж юу байдгийг харууллаа. Тэгэхэд манай улс мөрдөн байцаах албаа яагаад гаргуунд нь хаячхав аа, нэгтгэж чадахгүй бөөр бөөрөнд наагаад улс төржүүлээд байна вэ. Энэ талаар би арваад жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Тэр үед нийгэм хүлээж авч чадахгүй байсан. Харин өнөөдөр нийгэм үүнийг хүсч байна.
-Хуулийн засаглал ганхаж, улстөрчдийн халаасанд орсон гэдгийг өнөөдөр амтай бүхэн ярих болсон. Тэгэхээр үүнийг өөрчлөхийн тулд яах ёстой вэ?
-Өнөөдөр УИХ-ын халдашгүй бүрэн эрх гэж их ярьдаг болжээ. Энэ эрхийг ард түмэн тэдэнд олгоогүй. Үндсэн хуулинд өөрсдөө оруулсан. Уг нь УИХ-ын гишүүд хууль боловсруулж, батлуулах л үүрэгтэй. Тэдний эрхэнд өнөөдөр хэн ч халдаж чадахгүй байна. Харин хууль хэрэгжүүлэгч шүүгч, прокурор, мөрдөгч нарын бүрэн эрхэнд хэн хүссэн нь халдах боллоо. Ийм учраас тэдний халдашгүй бүрэн эрхийг хуульчилж өгөх ёстой. Шүүгч, прокурор, мөрдөгч тэгж яллалаа гэж шүүмжилдэг. Одоо байгаа парламент их чадамжгүй байна. Бараг хуульч байхгүй. Тэгсэн хэрнээ нэг болохоор шүүгч, нэг болохоор прокурор, нэг болохоор мөрдөгч болоод байна. Харин өнгөрсөн жил Улсын ерөнхий прокурор асан Л.Энх-Амгалан үүнд маш том үнэлэлт дүгнэлт өгч, УИХ-ын танхимд үг хэлсэн. Гэтэл түүнийг халсан. Тэдний халдашгүй байдлыг хуульчилж өгвөл улс төрөөс хараат бус ажиллаж чадна.
-Мөрдөн байцаах алба төвлөрч, нэгдэж чадахгүй байгаагаас болоод улс төрийн нөлөөнд орж байна гэсэн үг үү?
-Тийм. Үүнийг ганц би ч яриад, хүсээд байгаа юм биш. Мөрдөн байцаах албыг төвлөрүүлье, удирдъя гэсэн улстөрчид ч бий. Н.Алтанхуяг “Мөрдөн байцаах албаны хуулийг гаргая” гэж санаачилж байсан. Тэр талаар өнгөрсөн. Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалт буруу байна” гэж ярьж байсан. Сая хаврын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Төрийн удирдлага оновчтой төвлөрөх хэрэгтэй” гэж хэлсэн. Энэ бүх хүмүүс миний яриад байгаа зүйлийг олж харсан гэсэн үг.
-Цагдаа, шүүх, прокурорын байгууллага ийм байдалд орсныг ард түмэн Ц.Нямдорж гэдэг хүнтэй холбож ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Хэн нэг хүнээс бурууг хайхаас илүүтэй тогтолцоо, бүтэц нь буруу, Үндсэн хуулинд заасан заалтыг төр хэрэгжүүлэхгүй байна. Энэ бүхнээс илүүтэй монголын мөрдөн байцаах байгууллагыг нэгтгэж, тусад нь гаргая гэсэн сэтгэл, зориг дутаад байна. Хэн ч зориг гаргахгүй байна. Мөрдөгч, прокурорын бүрэн эрхийг хуульчлаад өгөх юм бол улстөрчид айна. Захиргааны арга хэмжээ авахад нь аваад, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нь хүлээлгээд явах ёстой. Ц.Нямдорж сайдын хувьд энэ бүхнийг өөрчлөх эрх мэдэл нь байгаа боловч сэтгэл, зориг нь дутсан.Тэр хүн энэ өөрчлөлт манай улсад зайлшгүй үгүйлэгдэж байгаа гэдгийг мэдэхээс илүү мэдэж байгаа. Гэтэл үүнийг далимдуулаад өөрөө эрх мэдэл авахын тулд хийхгүй байна.
-Эрүүгийн хуулийн хамгийн сүүлийн шинэчлэлтээр мөрдөгч нарын эрхийг хязгаарлаж буй асуудлыг тодорхой түвшинд ахиулсан гэж сонссон?
-Сая эрүүгийн хуулийн шинэчлэлд орсон өөрчлөлтөөр мөрдөгч нарын эрхийг нь хасаад үүргийг нь үлдээсэн. Тэгэхээр өнөөдөр мөрдөгч нар дээд шатны дарга, прокурор юу хий гэнэ түүнийг л хийдэг зараалын морь болжээ. Үүнийг хэд хэдэн жишээгээр тайлбарлая. Нэгд, хуулинд мөрдөн байцаах үйл ажиллагааны нууцыг задруулахгүй байх, мөрдөн байцаах ажиллагааг гагцхүү мөрдөн байцаах албаны шат шатны дарга мэдэх бөгөөд прокурор хянана гэсэн заалт бий. Гэтэл өнөөдөр энэ зарчим алдагдсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр дүүргийн нэг мөрдөн байцаагч дээрээ есөн даргатай байна. Энэ шат дамжлага дунд нууцлал алдагдах бүрэн боломжтой.
Хоёрт, үндсэн хуулинд эрхэлсэн ажил, албан тушаал ялгаварлахгүй байх гэж байгаа. Энэ заалт өнөөдөр зөрчигдөж байна. Өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч гурван сая төгрөгийн цалинтай, ахуйн хангамж өндөр, томилолт, ажиллаж байгаа орчин нөхцөл маш сайн байдаг гэж сонссон. Гэтэл, цагдаагийн мөрдөгч нар 800 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай. Томилолт бага. Өдөр шөнөгүй ажиллана. Хажуугаар нь эргүүл, жижүүрт гарна, баяр ёслолоор ажиллана. Нөхцөл нь тэнгэр газар шиг байгаа биз.
Гуравт, мөрдөн байцаах албыг тусад нь бие даалгаж чадвал үүнийг дагаад эрх зүйн шинэчлэлт хийгдэж эхэлнэ. Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөнд халдах, хорих, гадагшаа гарах, албадан ирүүлэхийг шүүх мэддэг. Гэтэл манай шүүх өнөөдөр шүүх шиг шүүх байж чадаж байна уу. АНУ-ын шүүх Ерөнхийлөгчөө дуудаж чаддаг. Манайд бол тийм биш. Шүүх тийм хэмжээнд шударга ажиллаж чадахгүй байхад бүх эрх мэдлийг өгч болохгүй. Энэ бүх эрхийг мөрдөгчид нь буцааж өгөх хэрэгтэй.
-Мөрдөгч нарын цаг зав, хөлс хүчээ зарцуулж илрүүлсэн хэрэг, нотлох баримтууд прокурорын байгууллагад очоод алга болдог, хэрэг нь хэрэгсэхгүй болдог тал ажиглагдах боллоо. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Прокурор, мөрдөгч хоёр бол алганы хоёр тал гэсэн үг. Нэг л зорилготой. Нэг нь мөрдөнө, нөгөө нь хяналтаа тавина. Тэгэхээр прокурор хэрвээ тэр мөрдөгчийн шалгасан хэргийг хууль бус ажиллагаа байна гээд хэрэгсэхгүй болговол хуучин хуулиар мөрдөн байцаагч дээд шатны прокурорт саналаа өгдөг байсан. Миний зөв, хяналтын прокурорын буруу гэдгийг хэлдэг байсан. Ингээд аль нэг шатанд зөвөөр шийдэгддэг байсан. Харин өнөөдөр мөрдөн байцаагчийн саналыг хүлээж авахаа больжээ. Шүүх бол авч ирсэн материал дээр л шийдвэр гаргадаг байгууллага. Яаж нотолж байгааг мэдэхгүй. Хэрэв шүүхийн шийдвэр буруу гарсан тохиолдолд прокурорын эсэргүүцэл гэж бичдэг байсан. Одоо бол санал гээд явдаг болсон гэсэн. Тэгэхээр өнөөдөр шүүх эрх мэдэлд хамгийн их эрх мэдэл төвлөрч байна. Гэхдээ харамсалтай нь шүүх шүүх шиг байж чадахгүй байгаад хэргийн учир байгаа юм. Өнөөдөр мөрдөгч, прокурорын эрх мэдэл ингэж хумигдчихаад байгааг мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа. Гэхдээ үүний төлөө ам нээхгүй байгаад би харамсч явдаг.
-Анзаараад байхад мөрдөгч, прокурор нар маш их айдас дунд ажил үүргээ гүйцэтгэдэг юм шиг харагддаг?
-Мөрдөгч, прокурор нар маш их айдастай байгаа нь үнэн. 1990 онд нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихэд маш олон мөрдөн байцаагч ажлаасаа гарч, ганзагын наймаанд орсон. Сэтгэлтэй хүмүүс нь үлдсэн. Яг тэр нөхцөл өнөөдөр 30 жилийн дараа тохиож байна. Мөрдөн байцаах албанд ажиллах мөрдөгч нар маш бага байна. Дүүрэг болгонд хоёроос гурван орон тоо дутуу байна. Хэн ч очиж ажиллахгүй байна. Мөрдөн байцаах алба бэхжих биш задарчхаад байна. Үүнд, улс төрийн нөлөө орж байгааг үгүйсгэхгүй. Хоёрт, ажил нь маш хүнд. Мөрдөгч гэдэг бол оюуны том дайнд явдаг хүн. Өнөөдөр нэг мөрдөгч 80-100 хэрэг шалгаж шийдвэрлэж байна. Цагдаагийн хуулинд алба бүхэн өөр өөрийн үндсэн үүргээ биелүүлэхийг зааж өгсөн. Гэтэл эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийг биелүүлэхгүй байна. Хэн дуртай нь хавтаст хэрэгтэй танилцдаг. Мөрдөн байцаах алба байгууллагын, даргын, улстөрчийн нөлөөнд ороод байна.
-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргэж байгуулъя гэдэг яриа сүүлийн үед их гарах боллоо. Энэ байгууллага хэрхэн яаж ажиллаж байсан талаар та санал бодлоо хуваалцана уу?
-Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж байсан. Энэ албыг татан буулгаад цагдаагийн мөрдөн байцаах албанд өгч, төсвийг нь АТГ-д шилжүүлсэн байдаг.Энэ бол АТГ-ын орлогч дарга байсан Б.Хурцын хийсэн ажил. Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж хуучин байсан. Үүн дээр тодорхой заасан. Тагнуулын хэлтэс төрийн эсрэг гэмт хэргийг мөрдөнө. Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шүүх, прокурор, цагдаагийн ажиллагааг шалгаж, мөрдөнө гэж заасан байдаг. Тухайн үед энэ алба 2011-2013 оны хооронд гурван жилийн хугацаанд 700 гаруй хэрэг мөрдөж байсан. Үүнийхээ 94 хувийг шийдсэн гэж байдаг юм билээ. Шүүхээр шийдүүлсэн ганц хэрэг нь цагдаагийн байгууллагын ажилтанд хамаардаг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа бол энэ албыг дахин байгуулъя гэдэг нь улстөрчдийн хийж байгаа явуулга. Харин энэ бүгдийг нэгтгээд мөрдөн байцаах албыг тусад нь гаргамаар байна. Тэгвэл өөрөөр ажиллаж эхэлнэ.
-Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулсан. Энэ бүхэн таны яриад байгаа төрийн зохицуулалт мөн үү?
-Төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Гэхдээ оновчтой биш байсан. Ерөнхийлөгч шүүгчийг томилохдоо зөвхөн хуулинд захирагдах ёстой. Гэтэл, хувийн улс төрийн сонирхол, хандлага гаргаж байгаа нь буруу. ҮАБЗ-ийн гаргасан саналаар шүүгч, прокурорыг халж, солино гэдэг бол байж болохгүй. Уг нь, ҮАБЗ гэдэг хуулиараа бол шал өөр үүрэгтэй. Тэр байгууллага улс эх орны аюулгүй байдалд гаднаас болон дотроос ямар аюул заналхийлж байна гэдгийг ярьдаг байх ёстой. Коронавирусийг ҮАБЗ ярих ёстой. Эдийн засагт гадна дотроос ямар аюул заналхийлж байна гэдгийг ярих ёстой. 800 хятадын асуудал манай улсад ямар аюул авч ирэх боломжтой байсан гэдэг дээр дүгнэлт хийж байх ёстой. Түүнээс биш, үүнийг халъя, түүнийг сольё гэдэг байгууллага биш шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com