Бразилийн Сан-Паулу хотноо зохиогдсон “Дэлхийн ур чадвар” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож, олон гагнуурчдыг түүчээлсэн хүн бол Л.Ганцоож. Энэ тэмцээнд 1-2 жил бэлтгэн өрсөлддөг мэргэжил нэгтнүүдтэйгээ тэр гуравхан сарын бэлтгэлтэй чансаа сорьсон. 200 гаруй орны дотроос 100-д эрэмбэлэгдэн нэрээ дуудуулаад, цаашид юуг хэрхэн анхаарахаа мэдээд ирсэн нь түүнээс хойш оролцсон гагнуурчдад тун их хэрэг болсон гэдэг.
Өнөөдөр олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр. Хүнд хортой нөхцөлд ажилладаг ч мэргэжлийн ур чадвараараа ялгарч, МИАТ ХК-д ажиллаж буй гагнуурчин Л.Ганцоожтой ярилцсанаа хүргэе.
-Энэ мэргэжлийг сонгон суралцсан түүхээс нь яриагаа эхэлье. Чамд юу нь илүү таалагдсан бэ?
-Дунд сургуульд сурдаг байхдаа ах нартайгаа барилга дээр ажилладаг байлаа. Нэг удаа дээвэр янзалж байхад ах маань гагнуур хийсэн. Оч үсрээд л үнэхээр гоё харагдсан л даа. Тэгэхээр нь ахыг гуйж нэг гагнаж үзсэн. Төмрийг залгаж оёсон нь үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж төрсөн. Ингэж л гагнууртай танилцаж, үүнээс хойш гагнуурчин болъё гэж шийдсэн. Гэхдээ сургуульд сурч байхдаа тийм ч идэвхтэй байгаагүй. Амьдрал залгаж, аав болох мэдээг хүлээн авснаар өөртөө илүү өндөр шаардлага тавьж, мөнгө олохын тулд эхлээд ажил мэргэжилдээ дурласан. Яван явсаар мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү ойлгож, бүр дуртай болсон доо.
Тухайн үед багш нар маань сургуулиа амжилттай төгсвөл ажилд авна гэж хэлэхэд нь “Сайн суръя, цалинтайгаа шууд золгоё” гэж бодсон. Ингэж төгсөх хүртлээ үнэхээр их хичээсэн. Өдөрт зургаан цаг хичээл ордог байхад би багшаас гуйж байгаад найман цаг хичээллэдэг байсан. Гагнуураар би мөнгө олно, гагнуураар гэр бүлээ тэжээнэ гэж бодсон. Гэр бүл, багш нар маань, сургуулийн удирдлага гээд олон хүн тусалсан. Тэр олон хүний хүч дэмжлэгээр дэлхийн тэмцээнд явж, сургуульдаа багшаар үлдэж байсан.
Хоёрхон ажил гүйцэтгээд л гагнуурчин боллоо гэж бодож болохгүй. Амархан сурдаг ажил биш. Гагнуурчин хүнд гарын хөдөлгөөн их чухал. Үүнийг хүмүүс гарын мэдрэмж гэж ярьдаг. Гагнуурын алхны үзүүрийг хөдөлгөх, сүүлийг нь хөдөлгөх хоёр өөр.
-Одоо МИАТ ХК-д ажиллаж байна. Ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
-Монголын иргэний агаарын тээврийн хамгийн том компанийн техникч болоод гурван жилийг үдлээ. Одоо ч суралцсаар, мэргэжлийн туршлагаа нэмэгдүүлэх гэж хичээж л явна.
-“Дэлхийн ур чадвар” тэмцээнд орсноор энэ боломж нээгдсэн үү?
-Ур чадварын тэмцээнд 2015 онд орж байлаа. Монголоос анх удаа орж байсан болохоор мэдэхгүй зүйл их. Гагнуурын төрлөөр монголчууд өрсөлдөх боломжтойгоо тэгж л олж харж байгаа юм.
Эхлээд сургууль дээрээ, дараа нь БНСУ-д хоёр ч удаа бэлтгэл хийж байсан. Солонгост очиход тоног төхөөрөмж, орчин нөхцөл, материал хангамжийг нь манайтай харьцуулахад газар, тэнгэр шиг санагдсан. Улсдаа түрүүлчихсэн, өөрийгөө сүрхий амьтан гэж бодож очиж байгаа юм. Гэтэл Солонгост очоод өөрийгөө маш их голж байсан. Монголд байхгүй аппарат дээр ажиллаж үзсэн. Солонгос оюутнууд ямар ч алдаагүй оёж байгааг хараад тэднээс суралцах зүйл их байгааг ойлгосон. Тэд дөрвөн жил бэлтгэл хийсэн хүүхдүүд шүү дээ. Тэгэхэд би 14 хоногийн бэлтгэл хийхээр очиж байгаа юм. Дараа нь Оюу толгой компани дээр бэлтгэл хийсэн. 2017 онд манай сургуулийн төгсөгч, миний ч гэсэн шавь н.Жанлав-Ойдов тусгай шагнал авсан. Би тухайн үед сургуульдаа багшилдаг байсан л даа. Намайг оролцсоноос хойш гурван үеийн гагнуурчид энэ тэмцээнд оролцчихлоо. Эхлээд сургуулиудынхаа дунд өрсөлдөөд, дараа нь “Монгол ур чадвар”-т оролцож байж гадаад руу тэмцээнд явах эрхтэй болдог.
20 настайдаа энэ тэмцээнд орсноор өөрийнхөө амьдралд олон шинэ боломж бий болсон. Тэмцээний дараа шуудхан ч ажилтай болчхоогүй л дээ. Гэхдээ мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олж харснаараа давуу талтай.
-Гагнуурчны мэргэжил ер нь их эрэлттэй байх шүү.
-Намайг сургуульд орж байхад эрэлттэй 10 мэргэжлийн есдүгээрт бичигдэж байсан. Ойрын өдрүүдэд ч гэсэн үнэхээр завгүй л явна. (Бид өнгөрсөн долоо хоногоос хойш уулзах гэж хэдэнтээ болзоод өчигдөр л ийн амжиж ярилцав. Сурв)
-Коллеж төгсөөд гагнуурчин хийх, их дээд сургууль төгсөөд албан байгууллагад ажиллах ялгаатай. Гэхдээ гагнуурчид бараг зарим дээд мэргэжилтнээс ч илүү орлоготой юу?
-Их дээд сургууль төгссөн хүн болгон мэргэжлээрээ ажиллаж чадахгүй үе ч байна. Манай найз бид хоёр энэ талаар ярилцаж л байлаа. Найз маань их сургуульд уул уурхайн цахилгааны инженерийн мэргэжлээр суралцаад төгссөн ч жил гаруй ажилгүй өөр зүйл хийж яваа.
-Хоёр төмөр нийлүүлдэг хүн болгоныг гагнуурчин гэхгүй гэж дээр хэлсэн. Тэгэхээр танай мэргэжлийн стандарт, ур чадварын хэмжүүр их нарийн уу?
-“Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцсоноор бүх төрлийн гагнуур хийж сурсан даа. Тухайн үед манайд гагнуурын стандарт тийм ч тодорхой сайн байгаагүй. Одоо эрс өөрчлөгдсөн. Гагнуурын нийгэмлэгийнхэн ч энэ тухай ярьдаг. Тэгэхээр олон улсын хэмжээнд гагнуурчдаа ур чадвараар нь өрсөлдүүлсэн нь эргээд манайд маш их өгөөжөө өгчээ.
-Хэр олон шавьтай вэ?
-Гурван анги, бас түр сургалтын төгсөгчид гээд нийлүүлбэл 200 гаруй байгаа. Гэхдээ холбоотой байдаг нь цөөн л дөө. Зарим нь мэргэжлийн юмаа асууж залгана, зөвлөлдөнө өө.
-Бид төмөр гагнадгаар нь төсөөлөөд байдаг. Гэтэл дотроо их олон төрөлтэй юм аа даа?
-Цахилгаан, аргон, хагас автомат гээд олон төрлийн гагнуур бий. Гэхдээ нэг л ижил зарчимтай. Хайлмагаа харж байгаад хоёр металийг нэг болгож байгаа. Гагнуурын хайлмагийг ус гэж төсөөлөөд үзээрэй. Урсгалыг нь ажиглаж, хэрхэн зөв, чанартай гагнах вэ гэдэг асуудал яригдана. Манай багш ч бидэнд тэгж л хэлж захидаг.
Цаашлаад гарын барил гээд нарийн яригдах зүйл ч бий. Электродоод хэдэн градусын налуутай, гараа ямар барилтай байлгах вэ. Тааз, хана, эсвэл газар гагнаж байгаа зэрэг орон зайн байрлалаас болж үүнийгээ өөрчилнө. Материалаараа бас ялгаатай. Төмөр, аргон, цахилгаан гагнуурын алийг хийж байгаагаас болж энэ бүхэн өөр өөр болдог.
-Өдийд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид ирээдүйн мэргэжлээ сонгож, аль их дээд сургуульд элсэхээ шийдэж ядан байгаа үе. Мэргэжил сонгох гэж байгаа залууст юу зөвлөх вэ?
-Өөрийнхөө сонирхлыг л дагаарай. Сонирхол байхгүй ч зүтгэл байвал аяндаа тэндээс сонирхлоо олно шүү л гэж хэлмээр байна. Би эхлээд мөнгө олъё гэж л бодож байсан бол яваандаа шинжлэх ухаан, бүр нөгөөтээгүүр урлаг ч гэж хэлж болохоор зүйлийг нь таньж мэдсэнээр мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгосон. Гагнуурын оёосны өнгө, солонгорсон дүрс, хэлбэрийг ажиглаад үзээрэй. Сонин шүү, бас. Төмөр, хөнгөн цагаан, нерж гагнаж байгаа нь физик болж байгаа. Мэргэжил бүхэн сайхан. Их л олон юмыг сурч мэдэх ёстой.
-Монголын зарим залуус мэдлэг боловсрол ур чадвараараа ялгарч амжилттай явж байна. Гэхдээ зарим нь энэ бүхнээ олж мэдэлгүй төөрч будилж байна. Алдаж, эндэж яваа залуусыг хараад юу бодогддог вэ?
-Энэ тухай нэлээн олон удаа бодож үзэж байсан. Надад ч шантрах үе байдаг. Түүнээс үүдээд дүгнэхэд миний хийж байгааг бусад хүн дэмжихгүй байх л хэцүү байдаг. Тэгэхээр магадгүй тэдний эргэн тойрноос урам зориг, дэмжлэг ирэхгүй байна уу даа.
-Танд хамгийн их урам зоригийг хэн өгдөг вэ?
-Гэр бүлийнхэн минь. Айлын зургаан хүүхдийн багаасаа хоёр дахь нь. Нэг эмэгтэй дүүтэй. Эрчүүдээсээ хамгийн бага нь.
Нэг удаа бага ах маань надад их гоё урам хайрлаж байсныг мартдаггүй. Би алхах дуртай. Сургууль гэр хоёрынхоо дунд элдвийг бодон алхах л дуртай. Хүнд их олон сэдэл санаа тэр үед төрдөг шүү дээ. Тэгсэн манай ах “Дэлхийд алдартай тэрбумтан, бизнесменүүд ч гэсэн цагтаа миний дүү шиг мөрөөдлөө тээгээд алхаж явсан байгаа. Бүү шантраарай” гэж хэлсэн. Их гоёор хэлснийг нь энд би дутуу л ярьчих шиг боллоо. Тэр үг намайг их зоригжуулсан. Өглөө 08.00 цагт хичээлтэй байлаа гэхэд 06.00 цагт гараад алхчихдаг байсан. Яармагийн гүүр даваад өглөө алхаж явах сайхан. Одоо харин бараг алхахаа больчхож.
-Чи ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?
-Өөрийн гэсэн юмтай болохыг зорьж байгаа. Гагнуурын компанитай, сургалтын төвтэй болно оо гэж төсөөлдөг. Боломж бий болохоор алхам алхмаар урагшилж л байна. Хоёр хүүхдийн аав болчихсон болохоор хариуцлагатай байх ёстой.
-Өнөөдөр олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр. Онцгой хүнд нөхцөлд ажилладаг болохоор танай мэргэжилд энэ нь их чухлаар яригддаг байх.
-Агаарын нисэхийн манлай компанид ажилладаг болохоор хөдөлмөр хамгаалал нэгдүгээрт тавигддаг. Хөдөлмөр хамгааллын талаас шаардлагатай бүхнийг гаргаж өгдөг. Манай ХАБ-ын мэргэжилтэн олон улсын мэргэжилтэн л дээ. Гагнуурын талаар туршлага багатай ч надаас бас асууж, хэлэх зүйл байвал хэлээрэй гээд саналыг хүлээн авч, бүгдийг шуурхай зохицуулдаг. Найман жил гагнуурчин хийж байгаа болохоор чаддагаа хэлж өгөөд хувцас хэрэгсэл, багаа горимын дагуу хэрэглээд аюулгүй ажиллаж байгаа.
-Бэртэж байсан уу?
-Мэдээж тийм амар хялбар энгийн ажил биш болохоор жижиг цогонд түлэгдэх төдийхнийг бол тоохгүй. Заримдаа тогонд цохиулах нь бий. Урт бээлий, хормогч, жакал гурвын дундуур жижигхэн зүү шиг оч үсрээд хааяа түлэгдэнэ.
-Завгүй ажилтай болохоор хүүхдүүддээ цаг зориулж амжиж байна уу?
-Бага даа. Амралтаа авсан хэрнээ л завгүй ажилтай л яваад байгаа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН