Монголын бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн хэдэн мянган жилээр хэмжигдэх түүхэн хөгжлийн явцад малчид арвин их туршлага хуримтлуулсан билээ. Бэлчээрийн мал аж ахуйн хөгжил нь хоорондоо нягт шүтэлцээ бүхий малчин-мал-бэлчээр гэсэн үндсэн гурван хүчин зүйлээр тодорхойлогддог.
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол Улсын мал аж ахуйн салбарын хөгжилд эерэг, сөрөг хандлагыг нөхцөлдүүлсэн нэлээд өөрчлөлтүүд гарчээ. Тухайлбал, манай оронд 1990-ээд онд өрнөсөн Ардчилсан хувьсгалын ачаар нийт мал сүрэг хувийн өмчид шилжиж, малчид өмчийнхөө эзэн болж, мал сүргийн тоо өсч, мал аж ахуйн салбар нь улсын эдийн засгийн хөгжил болон хүн амын амьжиргаанд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Тус салбарт зах зээлийн харилцааны гол зохицуулалтууд үйлчилж байна.
Хэдийгээр мал аж ахуйн салбарт дээр дурдсан нааштай өөрчлөлтүүд гарсан ч зайлшгүй шийдэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд нэлээд байгаа нь төр засгийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татсаар байна.
Гадаадын болон манай орны олон судлаач эрдэмтэд бэлчээрийн мал аж ахуй, түүний хөгжлийн хэтийн төлвийн талаар янз бүрийн үзэл баримтлалтай байна. Ерөнхийдөө манай орны бэлчээрийн мал аж ахуйн талаарх үзэл баримтлалыг хоёр ангилалд хувааж болох юм. Үүнд:
1. Бэлчээрийн мал аж ахуйг хэт дөвийлгөн, түүний ирээдүйг өөдрөгөөр төсөөлөгчид.
2. Бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн хүрсэн түвшин, ач холбогдлыг дутуу үнэлж, хэтийн төлвийг сөргөөр төсөөлөгчид.
Эдгээр үндэслэлүүдэд тодорхой хэмжээний үнэний хувь байгаа боловч шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар тал бүрээс нь бүрэн нотлогдсон зүйл биш юм. Чухам ийм нөхцөлд шинжлэх ухаан технологи, мэдээллийн эрин үед Монголын мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх нь өнөөгийн амьдралаас урган гарсан эдийн засаг, нийгмийн шинжтэй тулгамдсан асуудал болоод байна.
Төрийн бодлого гол төлөв мал, түүний үүлдэр угсаа, эрүүл мэнд, бэлчээр, тэжээл гэх мэт материаллаг хүчин зүйлд чиглэгдэж ирсэн боловч салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүч буюу малчдад анхаарал бага хандуулж ирсэн байна.
Малчдын бизнесийн үйл ажиллагаа, хэв шинж
Онолын хувьд малчин өрхийн аж ахуй нь бизнесийн хэв шинж бүхий аж ахуй мөн үү гэдгийг судлахад үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлс болох газар, хөдөлмөр, капиталын хэмжээ, харьцаа чухал ач холбогдолтой юм.
Зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудад газар нь үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл бөгөөд хувийн өмчинд байдаг тул өмчлөгч эзэндээ орлого оруулдаг гол эх үүсвэр гэж тооцогддог. Гэвч манай орны мал аж ахуйд бэлчээр нь төрийн өмчид байдаг, тодорхой малчин өрхийн аж ахуйн хувьд бэлчээр ашиглах талаар албан ёсны хил зааг, хязгаар байхгүй, ургац, шинж чанараар ихээхэн ялгаатай байдаг тул малчин өрхийн аж ахуйн хэв шинж, хэмжээг үндэслэхэд бэлчээрийн талбайг нарийн тооцох боломжгүй юм.
Өнөөгийн нөхцөлд манай малчин өрхийн аж ахуйд капитал талаас нь авч үзвэл, гол хөрөнгө нь мал байна.
Манай оронд мал сүргийг өмчилж орлого олдог өрхүүдийг үндэсний статистик бүртгэлийн дагуу холбогдох үзүүлэлтийг хувийн малтай өрхөөр гаргадаг бөгөөд дотор нь малчин өрх ба мал бүхий өрх хэмээн ангилдаг билээ. Өнөөдөр Монгол Улсын нийт мал сүргийн 99.4 хувь нь хувийн өмчид байна. Жилийн дөрвөн улирлын турш малаа маллаж, малын ашиг шимийг нь амьжиргааныхаа үндсэн эх үүсвэр болгож амьдардаг өрхийг малчин өрх, харин малыг амьдрал, ахуйдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг мал бүхий өрх гэж тооцдог.
2014-2018 оны дунджаар хувийн малтай өрх болон малчин өрхийн тооны зөрүү 62.0 мянган өрх байгаа нь мал бүхий өрх юм. Үүнд өөрсдөө аймаг, сумын төв, томоохон хотуудад суурин газар оршин сууж, ажиллаж амьдардаг боловч хувийн малаа малчин айлд тавьж маллуулдаг тавиул малын эзэд багтдаг.
Мал тооллогын дүнгээр 2018 онд улсын хэмжээнд 230.8 мянган малтай өрх тоологдсон бөгөөд үүний 73.5 хувь буюу 169.7 мянга нь малчин өрх; 26.5 хувь буюу 61.1 мянга нь мал бүхий өрх байна. Хүснэгтээс үзэхэд, сүүлийн таван жилийн дунджаар, нийт малтай өрхийн дотор жинхэнэ малчин өрх болон мал бүхий өрхийн харьцаа нь 72.0:28.0 хувь байна. Монгол Улсын нийт мал сүргийн 90.2 хувь нь малчин өрхүүдийн, 9.8 хувь нь мал бүхий өрхүүдийн өмч юм.
Малчин өрхүүдийг эрхэлж буй салбарын хослол, онцлогоос хамааруулж дараах гурван хэв шинжид хувааж болно. Үүнд:
1. нутгийн үүлдрийн бэлчээрийн маллагаатай мал аж ахуй эрхэлдэг өрх;
2. цөөн тооны цэвэр үүлдрийн болон эрлийз мал бүхий өрхүүд;
З. газар тариалангийн үйлдвэрлэлтэй мал аж ахуйг нэмэгдэл салбар болгон хослон эрхэлдэг өрхүүд.
Харьцангуй олон малтай малчин өрх дотоод хэрэгцээгээ бүрэн хангаад зах зээлд илүү их бүтээгдэхүүн нийлүүлдэг, бусдыг ажлын байраар хангадаг (хөлсний малчин авч ажиллуулдаг), зохих хэмжээний хуримтлал үүсгэдэг нөхөн үйлдвэрлэл явуулдаг тул бизнесийн хэв шинжтэй өрх гэж үзэж болох талтай. Гэхдээ бэлчээрийн маллагаатай харьцангуй олон малтай, арилжааны хэв шинжтэй малчин өрхийн орлого, амьжиргааны түвшинг илэрхийлэх гол үзүүлэлт малын тоо боловч энэ нь амьжиргааны баталгаатай эх үүсвэр болж чадахгүй юм. Учир нь, нэг талаар, бэлчээрийн хэмжээ хязгаарлагдмал тул Монголын бүх малчин өрхийг олон малтай байлгах боломж хомс, нөгөө талаар малчин өрхийн байршлаас хамаарч хэчнээн олон малтай ч ашиг шим бага, орлогын хэмжээ нь бас ялгаатай байна. Малчин өрхүүд байршлын хувьд тархай байрладаг тул бүтээгдэхүүнээ зах зээлд үр ашигтай нийлүүлэх боломж нь ч муу байна.
Хоёр дахь хэв шинжид багтах малчин өрх гол төлөв хот орчим байршилтай, өөрийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн, бизнесийн хэв шинжтэй болж төлөвшиж чадаагүй байна. Гурав дахь хэв шинжид хамрагдах өрхүүд гол төлөв газар тариалангийн бүсэд байршилтай хязгаарлагдмал тоотой байна.
Иймд шинжлэх ухаан технологийн хөгжлийн эрин үед малчин хүн амьдрал ахуй, үйлдвэрлэл, бизнесийн шинжтэй ямар ч асуудлыг дангаараа амжилттай шийдвэрлэж чадахгүй тул бэлчээрийг зөв зохистой тогтвортой ашиглах талаар өөрсдийн байгуулсан малчдын бүлэгт; бизнесийн үйл ажиллагаагаа үр ашигтай хөтлөн явуулахын тулд хоршоонд тулгуурлах; харин эдгээр асуудлыг төрөөс эрх зүйн орчныг нь бүрдүүлж, хөрөнгө оруулалт бусад хөшүүргээр дэмжих нь хөгжлийн бодлогын гол чиглэл байх болно.
Мал аж ахуйн хөдөлмөр эрхлэлт
Хөдөө аж ахуйд 340.0 мянга орчим хүн ажиллаж байгаагийн 90 орчим хувийг малчид бүрдүүлж байгаагаас үзэхэд мал аж ахуйн салбар хөдөө орон нутгийн хүн амыг ажлын байраар хангахад чухал хувь нэмэр оруулж буйг илтгэнэ.
Манай хөдөө орон нутагт ажиллах хүчний оролцооны түвшин хотынхоос өндөр байгаа нь өрхийн аж аж ахуйд суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэгтэй холбоотой юм. Хөдөө орон нутагт ажиллагчдын хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус хөдөлмөр эрхлэлтийн харьцаа 66.0:34.0 хувь байна.
Манай орны хөдөөгийн хөдөлмөрийн нөөцийн үндсэн эх үүсвэр нь уламжлалт мал аж ахуй эрхэлж ирсэн малчин өрхүүд мөн. Монголын малчин өрхийн дундаж хэмжээ буюу нэг өрхөд ногдох ам бүлийн тоо 1990-ээд оноос өмнө том байсан бөгөөд шилжилтийн үед багасах хандлагатай болсон. Өнөөдөр мал аж ахуй эрхэлдэг нийт өрхөд 630.0-аад мянган хүн амьдарч, нэг малчин өрхийн ам бүлийн тоо дунджаар 3.9 байна.
Мал аж ахуйн ажиллах хүчний нөөц нь үндсэн буюу байнгын, улирлын, түр ажиллагсадаас бүрдэнэ. Жилийн турш мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж, малаа маллаж аж төрдөг малчид бол энэ салбарын үндсэн буюу байнгын ажиллах хүчин юм. Мал аж ахуйн ажиллах хүчний нийт нөөцөд байнгын үндсэн ажиллагчид гол ачааллыг үүрч ажилладаг.
Үүнээс гадна улирлын, түр шинжтэй ажиллах хүчний хэрэгцээ ч мал аж ахуйн салбарт шаардлагатай байдаг. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг нийт өрхийн 4.3 хувь нь улирлын ажиллагчид авч ажиллуулжээ.
Малчдын насны бүтэц, өөрчөлтийн хандлага
Манай оронд 2018 оны байдлаар 288.7 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэлд байнгын ажиллах хүчний хэлбэрээр ажиллаж байна. Сүүлийн 30-аад жилд малчдын тоо болон насны бүтцэд нэлээд өөрчлөлт гарчээ. Монгол Улсад 1990 онд 147.5 мянган малчин байсан бол мал хувьчлагдсан үеэс малчдын тоо жил дараалан өссөөр 2000 онд 421.4 мянгад хүрээд улмаар буурах хандлагатай болсон.
Малчдын насны бүтцийг аваад үзвэл, 1990 онд нийт малчны 55.7 хувь нь залуучууд (15-34 насны), 24.4 хувь нь дунд насны (35-59 насны), 17.9 хувь нь тэтгэврийн насны ахмадууд (60-аас дээш) байсан бол энэ харьцаа 2018 оны байдлаар харгалзан 33.3; 54.2; 12.5 хувь болж өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл, нийт малчдын дунд 15-34 насны залуучуудын эзлэх хувийн жин жил дараалан буурах, харин 35-аас тэтгэвэрт гарах хүртэлх насны малчид жил дараалан өсөх хандлага илт ажиглагдах боллоо.
Мал аж ахуйн салбар дахь энэхүү хандлага цаашид хэвээр үргэлжилбэл, 10-15 жилийн дараа одоогийн дунд насны малчид ахмад настны эгнээнд шилжиж, харин тэднийг залгамжлах залуу малчдын тоо ихээхэн цөөрөх төлөвтэй байгаад одооноос анхаарал хандуулахгүй бол болохгүй. Бидний зүгээс хийсэн судалгаа болон бусад судлаачдын дүгнэлтээс үзэхэд, малчдын залуу халаа ийнхүү цөөрч байгаа нь олон шалтгаантай гэж үзэж байна.
Үүнд:
-малчдын хүүхэд зургаан наснаас сургуульд орох болсон хуулийн үр дагавар;
-малчдын зүгээс эмэгтэй хүүхэддээ илүү боловсрол, мэргэжил эзэмшүүлэх гэсэн хандлага;
-хөдөө ажиллаж амьдрах орчин нөхцөл болон боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмж, чанар тааруу;
-төвлөрсөн хот суурин газар болон зах зээлд ойртох гэсэн малчдын хүсэл сонирхол;
-мал аж ахуй эрхэлж олсон орлого нь малчдын амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа явдал;
-мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх байгаль цаг уурын нөхцөлийн хүндрэл болон бэлчээрийн доройтлын нөлөө.
Малчдын орлого, амьжиргаа
Малчдын аж байдлын дүр төрх, амьжиргаа нь эрхэлж буй аж ахуйнхаа онцлогоос хамаарч хүн амын бусад бүлгийнхнээс ихээхэн ялгаатай байдаг. Тухайлбал, өрхийн нэг хүнд ногдох хэрэглээ, түүний бүтэц, бүрэлдэхүүн, хэв шинж нь хүн амын аж байдлын ерөнхий дүр төрхийг илтгэн харуулах үзүүлэлт мөн гэж үзэж болно. Хүний анхан шатны нэн тэргүүний хэрэгцээ болох хоол, хүнс, хувцас хунар, амьдран оршин суух сууц зэргээс гадна боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн үйлчилгээ авах, машин техник зэрэг удаан эдэлгээт өмч хөрөнгө худалдан авч хэрэглэх гэх мэтээр хүний хэрэгцээ хязгааргүй боловч эдгээрийг хүн амын хэсэг бүлгүүд өөрсдийн орлого, амьжиргааны хязгаарын дотор л хэрэглэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч өрх өөрийн хязгаарлагдмал төсвөөс эхлээд нэн хэрэгцээт зүйлдээ зарцуулж илүү гарсныг дараагийн шатны хэрэгцээгээ хангахад зориулдаг буюу “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” зарчмын дагуу ханддаг хэрэглээний зан төлөвтэй байдаг билээ. Энэхүү зүй тогтол бүх хэрэглэгчид, түүний дотор малчдад нэгэн адил үйлчилдэг.
Манай орны хот, хөдөөгийн хүн амын хувьд өрхийн хэрэглээний хэмжээ, бүтэц, хэв шинж нь харилцан адилгүй байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2016 болон 2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны дүнгээс үзэхэд, нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ улсын дунджаар 279.9 мянган төгрөг, үүнээс хотод 294.4 мянган төгрөг, хөдөөд 251.4 мянган төгрөг, харин сумын төвд 219.2 мянган төгрөг, хөдөөгийн малчдынх 197.3 мянган төгрөг байна.
Энэхүү хязгаарлагдмал төсөв буюу хэрэглээний зарлагыг чухам юунд зарцуулж байна вэ гэдэг асуудал нь хүн амын аж байдлын хэв шинжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Хотын өрхтэй харьцуулахад хөдөөний өрхүүд хүнс, хувцас, согтууруулах ундаа, мод, нүүрс зэрэг түлээ түлшинд мөнгөө илүү зарцуулж байхад хотын өрхүүд боловсрол, эрүүл мэнд, орон сууц, гэрэл, цахилгаан, ус, тээвэр холбоо, амралт, үзвэр, гоо сайхан зэрэг үйлчилгээ болон удаан эдэлгээт эд бараа худалдан авахад илүү анхаардаг нь дээрх хүснэгтээс харагдаж байна.
Харин сумын төвд оршин суудаг өрхтэй харьцуулахад хөдөөгийн малчин өрх төсвөө хоол хүнс, хувцас хунар, тээвэрт голлон зарцуулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон удаан эдэлгээт хөрөнгө, эд хогшил худалдан авахад бага мөнгө зарцуулж байгаа нь тэдний хэрэглээний хэв шинжийн онцлогийг харуулж буй. Энэхүү төлөв байдал нь хөдөөгийн ядуу бус болон ядуу өрхүүдийн хувьд ч ялгаагүй байна. Хөдөөгийн ядуу өрхүүдийн нийт хэрэглээнд хүнсний хэрэглээний эзлэх хувийн жин өндөр (45.9 хувь) байна.
Нөгөө талаар манай орны хүн амын, түүний дотор малчдын хэрэглээний түвшин мал аж ахуйн улирлын шинжээс хамаарч хэлбэлздэг онцлогтой. Зун, намрын улиралд сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн элбэг, үнэ нь хямдардаг тул эдгээр төрлийн хүнсний хэрэглээ нэмэгдэж, харин хаврын улиралд тарчигдуу байдаг нь үүнийг илтгэнэ.
Монголын малчин өрхийн амьжиргааны түвшинг илэрхийлэх гол үзүүлэлт бол нэг өрхөд ногдох малын тоо. Улсын дунджаар, малчин нэг өрхөд нийт мал сүргийн 41.7 хувийг ямаан сүрэг эзэлдэг. Малчдын орлого, бэлэн мөнгөний гол эх үүсвэр нь ноолуур бөгөөд түүний зах зээлийн үнэ гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалж ихээхэн хэлбэлзэлтэй, бас улс төрийн оролцоо, амлалт нь малчдад горьдлого, хүлээлт бий болгож, улмаар зах зээлийн зүй ёсны зохицуулалтад гажуудал үүсгэж байна.
2019 оны эцсээр манай орны нийт мал сүргийн тоо 71 сая толгойд хүрлээ. Нийт мал сүргийн 56.6 хувь нь 500-аас дээш тооны малтай малчин өрхүүдэд, 31.8 хувь нь 201-500 малтай малчин өрхүүдэд, харин 12-хан хувь нь 200 хүртэл малтай малчин өрхүүдэд төвлөрсөн байна.
Үүнээс үзэхэд, Монголын мал сүрэг жил ирэх тусам олон малтай цөөн тооны малчин өрхүүдэд улам бүр төвлөрөх хандлага ажиглагдах боллоо.
2018 оны байдлаар Монголын нийт 169.7 мянган малчин өрхийн 12 хувь нь 50 хүртэл малтай, 30.3 хувь нь 51-200 малтай, 34.4 хувь нь 201-500 малтай, 23.4 хувь нь 500-гаас дээш малтай байв. Дээрх үзүүлэлтээр авч үзэхэд, сүүлийн 10-аад жилд малчин өрхүүдэд ихээхэн ялгаварлал буй болж байна. 2018 оныг 2007 онтой харьцуулахад, Монголын нийт малчин өрхийн тоо 1845 өрхөөр буурсан буюу харьцангуй ойролцоо байгаа боловч нэг өрхөд ногдох малын тоон бүлгүүдээр харилцан адилгүй юм. Жишээлбэл, энэ хугацаанд 10 хүртэл малтай өрхийн тоо - 45.5 хувь, 11-30 малтай өрхийн тоо - 33 хувь, 31-50 малтай өрхийнх - 40.2 хувь, 51-100 малтай өрхийнх - 42.8 хувь, 101-200 малтай өрхийнх - 27.6 хувь тус тус буурсан байхад 201-500 хүртэл малтай өрхийн тоо +24.6 хувь, 501-1000 малтай өрхийн тоо 2.6 дахин, 1001-1500 малтай өрхийнх 3.3 дахин, 1501-2000 малтай өрхийнх 5.8 дахин, 2001-ээс дээш тооны малтай малчин өрхийн тоо дөрөв дахин нэмэгджээ. Үүнээс үзэхэд, нэг өрхөд ногдох малын тооны үзүүлэлтээр малчин өрхийн хэмжээ ерөнхийдөө томрох хандлагатай болж буйг харуулна.
Ийнхүү малчин өрхийн хэмжээ томрох нь нааштай зөв хандлага гэж үзэж болох ч асуудлын нөгөө тал нь мал сүрэг чухам хэний гарт илүү төвлөрч байгаа нь илүү чухал юм. Тэгвэл, 2007-2018 онд манай орны нийт мал сүргийн тоо 70 орчим хувиар өссөн боловч энэхүү өсөлтийн үр шимийг цөөн малтай ядуу малчин өрх бус олон малтай чинээлэг малчид хүртжээ гэж үзэж болохоор байна. Энэ нь хөдөө орон нутагт малчин өрхүүдийн малын тооноос хамаарсан орлогын буюу амьжиргааны тэгш бус байдал гүнзгийрч байгааг илтгэнэ.
Малчин өрхийн хэмжээнээс (нэг өрхөд ногдох малын тооноос) өсгөн үржүүлж буй малынх нь төрлийн бүтэц хамааралтай байна. Тухайлбал, 10 хүртэл малтай малчин өрхийн нийт малд үхэр дийлэнх хувь эзэлж байхад 500-аас дээш тооны малтай өрхийн сүрэгт хонь давамгай байр суурь эзэлж байна. Нэг малчин өрхөд ногдох малын тоо нэмэгдэхийн хэрээр хонины тоо тасралтгүй өсөх, үхрийн тоо буурах, харин ямаа болон адууны тоо өсөж эргээд буурах хандлагатай байна.
Хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ
Хотжилт, суурьшил болон хөдөө аж ахуйн бус салбарын хөгжлөөс хамаарч Монгол Улсын хөдөөгийн хүн амын тоо тогтмол буурах хандлагатай байна. 1990 онд Монгол Улсын нийт хүн амын 45.4 хувь нь хөдөөд амьдарч байсан бол өнөөдөр 30 хувь болж буурсан байна.
Ийнхүү нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь буурч байгаа нь дээр дурдсан шалтгаанаас гадна хөдөөд ажлын байр хомс, байгалийн гамшиг буюу зудны улмаас малчдын мал сүрэг ихээхэн хорогдож, ялангуяа залуучууд ажил хайж хот руу шилжих явдал нөлөөлсөн байна. Тэдэнд хотод ч ажлын байр олдох нь төвөгтэй байдаг тул тул хотын ажилгүйдлийг нэмэгдүүлэхэд нэрмээс болж байна.
“Монгол Улс: нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-д хамрагдсан өрхүүдийн 55.5 хувь нь хоол, ундаа болгохдоо хатуу түлш хэрэглэдэг ажээ. Хотын өрхүүдийн 36.6 хувь хатуу түлш хэрэглэж байхад хөдөөд хатуу түлшний хэрэглээ маш өндөр буюу 88.3 хувь байна.
Дээрх судалгаагаар, хүүхдийн эндэгдэл хөдөөд өндөр хэвээр байгаа бөгөөд нийслэлээс хөдөө рүү алслагдах тусам хүүхэд эндэх магадлал өндөр байгааг дурджээ. Хөдөөд 1000 амьд төрөлтөд ногдох нярайн эндэгдлийн түвшин 21.6 хувь, нялхсын эндэгдлийн түвшин 31.1 хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 37.5 хувьтай байгаа нь хотынхоос 2.1-2.4 дахин өндөр ажээ.
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн төрөх үед нь үзүүлж буй тусламж үйлчилгээ хотынхтой харьцуулахад төдийлөн хангалттай бус байна.
Боловсрол бол хувь хүний, түүний дотор малчдын хөгжлийн гол хүчин зүйл мөн. Хотын хүн амын боловсролын түвшин хөдөөгийнхөөс өндөр байна. Бүрэн дунд боловсролтой хүн амын эзлэх хувь хотод 62.5 хувь байхад хөдөөд 30.9 хувьтай байна. Судалгаанаас үзэхэд, 15-24 насны хотын залуучууд бараг бүгд (эрэгтэй 98.4 хувь, эмэгтэй 99.2 хувь) бичиг үсэг мэддэг бол хөдөөгийн эрэгтэйчүүдийн 88.2 хувь, эмэгтэйчүүдийн 92.9 хувь нь бичиг үсэг мэддэг байна.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийг дэмжих сургуульд элсэн суралцах бэлтгэл хангах нөхцөл ч хот, хөдөөгөөр ялгаатай байна. Тухайлбал, хотын нэгдүгээр ангид суралцаж байгаа хүүхдүүдийн 86.4 хувь нь өмнөх хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байхад уг үзүүлэлт хөдөөд 67.9 хувь байна. Мөн судалгаагаар, боловсрол эзэмшээгүй эхийн хүүхдүүдийн 61.4 хувь нь л сургуульд орохоосоо өмнө сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна.
Бага насны буюу тав хүртэлх насны хотын хүүхдүүдийн 40.2 хувь, хөдөөгийн хүүхдүүдийн 21.3 хувь гурав ба түүнээс олон хүүхдийн номтой байгаа нь хөдөөгийн хүүхдүүд ном унших, уншуулах боломж хотын хүүхдүүдийнхээс бага болохыг илэрхийлнэ.
“Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга-2018”- аас үзэхэд, нийт малчдын 4.0 хувь нь боловсролгүй, 23.9 хувь нь бага, 40.3 хувь нь суурь боловсролтой, 22,5 хувь нь дунд, 6.2 хувь нь техникийн болон тусгай дунд, 3.2 хувь нь дээд боловсролтой байна. Энэ бол зөвхөн тоон үзүүлэлт. Асуудлын гол нь малчдад эзэмшүүлж буй боловсрол нь тэдний ХХI зууны эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэхэд оршино.
Дүгнэлт
1. Малын тоо толгой өсч ирсэн ч, мал аж ахуйд чанарын өөрчлөлт гараагүй тул малчдын амьжиргаа дээшлэхгүй байна. Иймд малын тооны өсөлт бус чанарын өсөлтийг хангахад чиглэгдсэн төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлмээр байна.
2. Мал аж ахуй эрхлэх байгаль, цаг уурын нөхцөл, ялангуяа бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн сөрөг нөлөө нэмэгдэх хандлагатай болжээ. Бэлчээрийг хамгаалан сайжруулах болон мал сүргийн ашиг шим бүтээмжийг дээшлүүлэхэд шинэ технологи, инновацыг чиглүүлэх нь чухал болно.
3. Малчдын залгамж халаа яваандаа алдагдах хандлага илт ажиглагдаж байгаа тул Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг шинэчлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН