Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Эрдэнэцэцэг: Уул уурхайн хөгжлийн уршгийг хүүхэд л үүрч байна

З.ГЭРЭЛ

Монголыг тэжээдэг Өмнөговь аймагт уул уурхай, нүүрсний тээвэр дагасан хөл хөдөлгөөний сөрөг нөлөө гэр бүлд тусч байна. Тиймээс тус аймгийн удирдлага энэ оныг “Өрх гэр бүлийн хөгжил”-ийг дэмжих жил болгон, тодорхой ажлууд хийхээр төлөвлөжээ. Энэ талаар тус аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-Танай аймагт уул уурхайг дагаад өрхийн орлого нэмэгдэж, дэд бүтэц сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа ч сөрөг нөлөө нь хэрхэн илэрч байна вэ?
-Өмнөговь аймаг 70 гаруй мянган хүн амтай, 23 мянган өрхтэй. Уул уурхай түлхүү хөгжиж байгаа тул ашигт малтмалын орлогоороо санхүүждэг онцлогтой. Хэдийгээр энэ нь эерэг зүйл боловч үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхдийн хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, эцэг эхийн хариуцлагагүй байдлын улмаас хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэл, авто осолд өртөх зэргээр эцсийн эцэст хамаг хор уршгийг нь хүүхэд л үүрч байна. Манай аймаг амьгүй гэгдэх гэрэлтүүлэг, зам талбайн тохижилт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар улсдаа дээгүүрт ордог. Гэтэл аймгийн хэмжээнд жилд 300 орчим гэр бүл бүртгэгддэг ч салалт 100 бүртгэгддэг. Тиймээс бид гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр төрийн бодлого шийдвэр, хууль журмыг хэрэгжүүлдгийн хувьд энэ бүх асуудлыг судалж үзээд 2019 оны хагас жилээс хойш аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, нийгмийн бодлогын хэлтэст хандсан. Асуудлуудыг шат дараатай ярилцаж, бодлогын түвшинд авч үзэж, аймгийн ИТХ-аас 2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон хүндээ чиглэсэн, гэр бүлийн үнэ цэнийг дээдлэхэд чиглэсэн ажлууд хийгээд явж байна.
-Ямар ажлууд хийж байгаа вэ?
-Энэ хөтөлбөрийн зорилго бол гэр бүлийн бат, тогтвортой, аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Тиймээс өрхийн гишүүдийн хөгжлийг дэмжих, оролцоог сайжруулах, эрүүл зан үйл төлөвшүүлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, уг үйл ажиллагаанд төр, ТББ, хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлэхээр нийт дөрвөн зорилт, 41 заалт бүхий 950 сая төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр баталсан. Харин амьдрах орчныг сайжруулах, гэрэлтүүлэг тохижуулалт гэх мэт биет бүтээн байгуулалтад 4-5 тэрбум төгрөг зарцуулна.
Гэр бүлийн гишүүдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой арга хэмжээг зохион байгуулж 7000 гэр бүлд хүрч үйлчилнэ. Бас сум болон аймгийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг сайжруулах, зөв хооллолтын мэдлэг олгох, өндөр настай эмээгийнх нь даралт ихсэх, хүүхэд нь халуурах үед шаардлагатай арга хэмжээг авах чадвартай, нэг ёсондоо нэг нэгэндээ анхны тусламж үзүүлж чаддаг болно гэсэн үг.
Бидний олж харсан нэг зүйл бол хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд багаас нь анхаарч, үндэс суурийг зөв тавих нь чухал тул боловсролын салбартайгаа нягт уялдаж ажиллана. Боловсролын орчныг хүүхдэд ээлтэй болгоход чиглэсэн хөрөнгө оруулалт ч хийнэ.
-Судалгаагаар боловсролын орчинд хүүхдийн эрх маш их зөрчигддөг. Танай аймгийн хувьд ямар асуудал байдаг вэ?
-Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 16 сургуулийн ариун цэврийн өрөөг засч байна. Яагаад гэж гайхаж магадгүй. Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Тиймээс хүүхдүүд ус сайн уух нь эрүүл саруул өсч торниход чухал. Хүүхдүүд өдрийн идэвхтэй хугацааныхаа дийлэнхийг сургууль дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс бид сургуулийн ус уух цэгийг нэмэгдүүлсэн. Гэтэл хүүхдүүд ус нэг их уухгүй байв. Шалтгааныг судлахад сурагчдын 80 хувь нь ариун цэврийн өрөө хүрэлцээгүй, муухай үнэртэй, орчин нь бохир учраас бие засахаас төвөгшөөгөөд ус уудаггүй гэж хариулсан. Тиймээс бид энэ жил аймгийн сургуулийн ариун цэврийн өрөө, байгууламжуудыг нэг стандарттай болгосноор хүүхдүүд ус ууж, эрүүл өсөх нэг нөхцөлийг хангах юм.
Үүнээс гадна гэр бүл судлаач, доктор Х.Баавай багштай хамтран “Манай гэр бүл” ном гаргасан бөгөөд номын тусламжтай 5-10 дугаар ангийн сурагчдаар дамжуулан 8000 өрхөд хүрч ажиллана. Ном гэр бүлийн эрүүл мэнд, эдийн засаг санхүү, бахархал, амьдрах орчин гэсэн таван хэсэгтэй. Хүүхдүүд гэр бүлийнхээ байдлыг хэсэг тус бүр дээр тодорхойлж, хөтөлнө.
-Эцэг, эхчүүд хүүхдээ баг­шид даатгаад орхидог. Эцэг эх­чүүдийн оролцоог хангахад ямар шийдлээр ажиллаж байна вэ?
-Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд даатгаад орхидог биш хүмүүжилд нь анхаардаг, эцэг эхийн хуралд тогтмол очдог болгохын тулд нэг талаас багш нар эцэг, эхийн хурлаа зөв хийх хэрэгтэй. Эцэг, эхийн хурлаар төлбөр мөнгө нэхэх биш хүүхдийн хөгжил төлөвшил, насны онцлог, хүмүүжилд нь тохирсон зөвлөгөө мэдээлэл өгөхөд чиглүүлж байна. Тухайлбал, багш цүнхний зохистой жин, өдөрт хоол хүнснээс авах тэжээл, амин дэмийн зохистой хэмжээ, сурагчдынхаа сурч мэдсэн зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, сонирхолтой аргаар эцэг эхэд мэдээлдэг байх хэрэгтэй. Нөгөө талаас, эцэг эхчүүд хүүхдийнхээ хуралд заавал очдог болгохын тулд бид Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын танхимын профессор, доктор Б.Оюун-Эрдэнэ багшаас зөвлөн туслах үйлчилгээ аваад ажиллаж байна.
Бас Ерөнхий сайдын 2018 оны 03 тоот тогтоолын дагуу бүх төрлийн байгууллага, аж ахуйн нэгж, уул уурхайн компани бүр албан газартаа эцэг эхийн зөвлөлөө байгуулахыг хэлж, сануулж байгаа. Энэ зөвлөл бол байгууллагынхаа ажилтнуудын ар гэрийг судалж, гэр бүл, үр хүүхдэд нь чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Тухайлбал, шинээр гэр бүлийн хувьд гэрлэлтээ батлуулсан цагаас нь эхлээд амьдардаг орчин нөхцөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх, дагавар хүүхэдтэй эсэх, хүүхдээ өөрсдөө өсгөж байна уу гэх мэт мэдээллийг цуглуулж, гэр бүлд нь анхаарч ажиллана гэсэн үг. Мөн байгууллагын удирдлага ажилтнаа хүүхдийнхээ эцэг эхийн хуралд явах боломжийг эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан бүрдүүлэх юм.
-Саяхан ҮСХ-ноос гаргасан Жендерийн суурь судалгааны тайлангаас харахад амиа хорлолт танай аймагт улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байсан. Үүнд юу нөлөөлж байгаа вэ?
-Тийм ээ. Өмнөговь аймагт 2019 онд 39 хүн амиа хорлосон бөгөөд үүний 80 хувь нь гэр бүлийн зөрчлийн улмаас тийм үйлдэл хийсэн бөгөөд дийлэнх нь эрэгтэй хүн байсан. Уурхайд ажилладаг эцэг, эхчүүд ростерийн системээр олон хоног ажилладаг учраас бие холдвол сэтгэл холдоно гэдэг шиг хүүхдээ анхаарал, хайр халамжаар дутаах, улмаар гэр бүлийн зөрчилд маш их нөлөөлж байна.
-Ростерийн хуваарийг уур­хай­чид янз бүрийн уулзалт, чуул­ганууд дээр байнга хөнддөг. Та бүхэн уул уурхайн компаниудтай энэ талаар хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Бид уул уурхайн 36 компанид ростерийн хуваариа 14/14, 14/7 хоног гэх мэтээр богиносгох уриалга аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар гаргуулж хүргүүлсэн. Долоон компани ростерийн хуваариа долоо хоногоор богиносгосон гэсэн хариу ирүүлсэн. Үүнийг бид багагүй амжилт гэж харж байгаа. Ростерийн хуваарийн хоногийг багасгах нь салбар хариуцсан яамд, Засгийн газрын зүгээс бодлогын түвшинд хийх ажил юм билээ. Үүний тулд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас албан ёсоор яамд, Засгийн газарт тавих ёстой. Түүнээс биш ГБХЗХГ дангаараа хийж хүчрэхгүй
Мөн бид Оюу толгой, Тавантолгойн уурхай болон SGS гээд туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдад гэр бүлийн боловсрол олгохоор ярьж байна. Гэр бүлээ орхиод 28 хоног яваад ирснийхээ дараа ар гэртээ хэрхэн анхаарч, хүүхэддээ цаг заваа зориулахын ач холбогдлыг ойлгуулахгүй бол болохгүй болсон. Мөнгө олж ирсэн гээд хэд хоног унтаж, архи ууж байгаад буцдаг жишиг тогтчихоод байна. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд ажилтнууд нь гэртээ хариад ирэхэд нь ядаж хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд суусан эсэх, гэртээ хүнс худалдаж авахаар эхнэртэйгээ хэдэн удаа хамт явсан, хүүхэдтэйгээ хамт ном уншсан уу гэх мэт мэдээллийг байгууллагын удирдлага, эцэг эхийн зөвлөл мэддэг байх хэрэгтэй. Жижиг сажиг мэт боловч ийм л зүйлүүдийг хүүхэд ээж ааваасаа, эхнэр нөхөр бие биенээсээ хүсдэг. Энэ хайр, үнэ цэн байхгүй болбол яваандаа гэр бүл салалтаар төгсдөг. Тиймээс л энэ жижигхэн дотно харилцаануудыг бий болгоход анхаарсан ажлуудыг хийж байгаа.
-Аймгийн хэмжээнд лхагва гарагт согтууруулах ундаагаар үйлчилж, борлуулдаггүй юм байна. Нэлээд эртнээс ийм болсон юм байна. Үр дүн нь яаж илэрч байгаа вэ?
-Лхагва гараг бүр архи худалдаалахыг хориглосон аймгийн Засаг даргын 2012 онд гаргасан захирамж бий. Уг захирамжийг боловсруулах үед би аймгийн нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж, судалгааг нь хийж байсан. Тухайн үед баасан гарагт архины худалдан авалт их байдаг гэж ойлгож байсан ч лхагва гарагт архины худалдан авалт хамгийн их, бас эрүүлжүүлэгдэж байгаа хүн ч олон байсан. Энэ шийдвэр гэмт хэргийн гаралт буурахад их нөлөөлсөн. Энэ жил ч гэсэн аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 30 хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт 2019 оны мөн үетэй харьцуулахад буурсан. Гэтэл дэлхийн хэмжээнд, бусад улс оронд өссөн тохиолдол байгаа. Гэхдээ Улаанбаатар хотоос архи тээвэрлэж авчирч зарсан гээд сөрөг зүйл их гарсан, бид хууль бусаар борлуулж байгаа олон цэгийг илрүүлсэн.
-Сонгуулийн жил тохиож бай­на. Ирэх дөрвөн жилд шийдвэр гаргах хүмүүс гэр бүлийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна вэ?
-Өмнө дурдсан 8000 гэр бүлд хүрч ажиллах “Манай гэр бүл хөтөлбөр”-ийн нэг үр дүн бол бид 30 төрлийн судалгаатай болно гэсэн үг. Аймгийн хүүхдүүдийн шүдний өвчлөл, хадгаламжтай хүүхдийн тоо, эцэг эхчүүд хүүхдээ сонсч, цаг гаргадаг эсэх гээд хүүхдүүд хэн нь ямар төрлийн хүчирхийлэл, орчинд байгааг нь тогтоох боломжтой. Ажилчдынхаа гэр бүл, үр хүүхдэд анхаарахыг уриалсан Засаг даргын албан даалгавар байгууллага, ААН бүрт хүрсэн. Оны эцэст бид энэ бүх алдаа оноогоо дүгнэхийн зэрэгцээ Өмнөговь аймаг гэр бүлдээ ямар бодлого барьж ажиллах талаар чиглэл гарах юм. Үүнийг бид аймгийн Засаг даргын дөрвөн жил хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд оруулна. Гэхдээ бидний хийж буй тодруулбал, нийгмийн ажлыг нэг жилд тооцоход хангалтгүй, үр дүн ч гарахгүй. Тиймээс урт хугацаанд хүндээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэхэд илүү анхаарна.
-Гэр бүлийг дэмжиж байна гээд дарга нар ихэвчлэн гэр өгч байгаа л харагддаг. Энэ салбарт олон жил ажиллаж буйн хувьд таныхаар гэр бүлийг дэмжинэ гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Ажилтан гэр бүлдээ сэтгэл хангалуун байвал хөдөлмөрийн бүтээмж нь сайжирна, хүүхэд гэр бүлдээ эрүүл саруул өсөн торниж байвал эрдэм боловсролдоо шамдана гэж үзээд гэр бүлийг аливаа улс орон, нийгмийн хөгжлийн анхдагч суурь гэж тодорхойлсон байдаг. Гэтэл гэр бүлд чиглэсэн бодлогыг хэдэн айлд газар өгч, гэрэл цахилгаанд холбож, гэр өгдөг үйл ажиллагаа гэж ойлгох явдал түгээмэл. Биднийг бага байхад оройн хоолоо ширээгээ тойрч суугаад хамтдаа иддэг, өдрийн болсон явдлаа хоорондоо ярилцдаг, өглөөнийхөө цайг хамт уугаад гардаг тийм сайхан халуун дулаан уур амьсгалтай байсан. Гэтэл одоо аав нь 14, 28 хоногоор уурхайд ажиллаж, ээж нь хил гараад арилжаа наймаа хийхээр үр хүүхдээ олон өдөр хоногоор орхиод явдаг учраас гэр бүлийн тэрхүү халуун дотно харилцаа алдагдсан байна. Энэ бол манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдохуйц асуудал. Тиймээс ч ирэх дөрвөн жилд энэ эмзэг асуудлыг нарийн харж чаддаг, ялангуяа эмэгтэй гишүүд төрийн эрх барих түвшинд нэмэгдээсэй гэж боддог.
-Та гэр бүлийн тухай хуулиудын хэрэгжилтээр докторын ажил хийж байгаа гэсэн. Зарим үр дүнгээс нь хуваалцаж болох уу?
-Би багш мэргэжилтэй ч 26 жил төрийн захиргааны албанд ажиллаж байна. Энэ хугацаанд би Т.Намжил, Х.Баавгай, н.Байгалмаа гээд гэр бүлийн олон мундаг судлаач, доктортой хамтран ажилласан. Одоогоор гэр бүлийн харилцааг зохицуулсан манай улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг Өмнөговь аймгийн хэмжээнд судалгааны ажил хийж байна. Монгол Улс бол хүн амын хувьд залуу улс. Шинээр бүртгэгдэж байгаа гэр бүлийн тоо ч цөөхөн бөгөөд салалт маш өндөртэй байна. Тэр утгаараа энэ бол гэр бүлүүд хямрах, задрах үзэгдэл болж байна гэсэн үг. Тиймээс эцэг эхийн үүрэг хариуцлагыг хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас нь хуульчлах хэрэгтэй байна. Үүнээс үүдсэн эрүүл мэнд болоод нийгмийн эрсдэл, хүүхдийн аюулгүй байдал, хуримын утга учир, залуу хосын хоёр талын эцэг эх, хуримын гэрчүүдийн үүрэг хариуцлага гэх мэт маш олон зүйлийг цогцоор нь судалж байна.
Манай улсад Гэр бүлийн тухай хууль анх 1951 онд батлагдаж байсан. Гэр бүлийн товчоотой болж, 1959 оноос цагдаагийн байгууллага дээр иргэний бүртгэл, гэрлэлт хариуцдаг байсан бөгөөд 1970 он хүртэл гэр бүлийн салалтыг маш хариуцлагатайгаар хийдэг, салах гэж байгаа хүмүүст хариуцлага тооцдог, гэр бүл батлахад заавал ар гэрээс нь хүн байлцуулдаг гэх мэт олон зүйлийг судалж эхний эрдэм шинжилгээний нийтлэлээ бичсэн. Одоо хоёр дахь эрдэм шинжилгээгээ гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр хийхээр бэлтгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com