/Хөндөх сэдэв: Ядуурал/
Сонгуулийн салхи намын тугийг намируулан байгаа энэ өдрүүдэд “Ардчилал таймс” сонин ядуурлын тухай онцлон “Хөндөх сэдэв”-ээр сурвалжлан хүргэж байна. Дөрөв дэх цувралыг хүргэхээс өмнө Төрийнхөө халамжаас гээгдсэн ч түүртэхгүй амьдрах гэж хичээж байгаа гэр бүлүүдийн бодит амьдрал, нийгэмд нүүрлээд буй ядуурлын дүр зураг, түүнд харъяа яам, тамгын газар хэрхэн анхаарч буйг хүргэсэн. Эмзэгхэн амьдарч байгаа бүсгүйн талаар яамны мэргэжилтэн сонсоод биднээс холбоо барих хаягийг тодруулж, анхаарлаас гадуур ийн үлдэх боломжгүй хэмээн ажлаа залруулж, түүнд зохих үйлчилгээ хүргэхээр болсон. Тэгвэл энэ удаа ядуурал яагаад буурахгүй, нэмэгдсээр байгаа, гажуудал хаанаа буйг хайхаар зорилоо. Дээр хэлсэнчлэн хийсэн ажилтай байх гэж, сайныгаа харуулах гэж хичээх төрийн албан хаагчдын дундуур зүсэн ажиллах амаргүй байлаа. Арьсаа хамгаалж, бодит дүр зургаас илүүтэй, бичиг цаасаар дарах санаатай тэднээс илүү засаг захиргааны хамгийн бага нэгж хороонд, иргэдтэй хамгийн ойр ажилладаг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг зорин очиж уулзсан юм.
Өндөр уул даван гэр өөдөө нэг километрээс илүү зайд алхан хүрдэг амьдрал метрополитан хэмээгдэх Улаанбаатар хотод бий. Хотынхоо төвд гурван тэрбумаар усан оргилуурт цэцэрлэг хийх боломжтой хөрөнгөтэй “айл” хэрнээ хотын захад нь цэцэрлэггүй хороо, сургуулиас завсардсан хүүхдүүд, гэр оронгүй ундуй сундуй айлууд байсаар байгаа нь бодит төрх.
Д.Энхтүвшин: Ядуурлыг бууруулна гэдэг ч бодит ажил хийгддэггүй
Хотын зүүн захын гэр хорооллоос төв рүү орохын тулд бөглөрөл дунд автобусанд нэг цагаас илүү уухичуулна гэдэг даанч гаслантай. Энэ замыг туулж Баянзүрх дүүргийн 23-р хороог зорилоо. Улиастайн гэр хороололд усны тэрэг чирэн уул өөд мацах хүү, бяцхан саравчны хажуугийн хогийн саванд овоорсон архины шил энэ хавийн түгээмэл төрхийг илэрхийлнэ. Тус хорооны дарга Д.Энхтүвшин биднийг очиход тохижилтын ажил хийж байгаа багийнхантай хамт явж байлаа. Хэсгийн ахлагч нар ч ойр явав. Тэднээс ядуурлын тухай асуух нь бараг л илүүц мэт боловч хорооны Засаг даргатай хүүрнэсэн богино ярилцлагыг хүргэе.
-Танай хорооны иргэдийн хэдэн хувь нь ядууралд өртсөн бэ?
-Баянзүрх дүүргийн 28 хорооныхоо дундаас амьдралын түвшин доогуур айл олонтойд манайх орно. 30 орчим хувь нь орлого багатай. Урьд нь “Цэргийн хотхон” байсан газар учраас тэтгэвэрт гараад эндээ суурьшсан айл олон бий. Мөн хөдөө орон нутгаас малаа бараад, амжиргаагүй болоод ирсэн айл ч нэлээд их. Дээр нь дахин төлөвлөлтөд газраа өгчихөөд манай энд нүүж ирээд суурьшчихсан бүртгэлгүй иргэд бас бий. Зөвшөөрөлгүй газарт буусан эдгээр айлыг нэгтвэл яалт ч үгүй муу үзүүлэлттэй.
Одоогийн байдлаар хорио цээрийн дэглэмээс шалтгаалсан ажилгүйдэл эрс нэмэгдсэн. Хүмүүсийн амжиргаа нэлээн доогуур орчихлоо. Хүн ам нэмэгдэхийн хэрээр амжиргаагаа дээшлүүлж байгаа нэг нь байхад эргээд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд нэмэгдэхээр бас л буцаад доошилж байна.
-Ядуурал ажилгүйдэл зоосны хоёр тал шиг хамт яригддаг. Тэгэхээр нэгэнтээ иргэдээ ажилгүй, орлогогүй байгааг мэдсэн та бүхэн юу хийж, хэрхэн үүний эсрэг арга хэмжээ авдаг вэ?
-Ажилгүй иргэдээ бүртгэж, ажилд зуучилж, мэдээллээр хангахыг хичээдэг. Гэтэл бодит байдал дээр ирсэн зарын дагуу иргэнээ явуулахад голдог, насыг нь ялгаварладаг. Нөгөөтэйгүүр ажлын байрны гадуурхалт гэх юм уу даа. Ингээд эргээд л нөгөө хүн ажилгүй хэвээрээ үлддэг. Өвчнөөс шалтгаалаад орлого нь буурч ажилчдаа цомхтгосон байгууллагууд олон байна. Бас хувиараа хөдөлмөр эрхэлж, оёдол хийж, ойр зуур наймаа хийдэг хүмүүс бүгд орлогогүй боллоо. Бодитоор ядуурал нүүрлээд байна. Бид ч боломжоороо дэмжиж ажиллаж байгаа. Харъяалалтай харъяалалгүй хамаагүй амжиргааны баталгаажих түвшинээс доогуурх орлоготой өрхөд хүнсний талон олгодог. Мөн төрийн бус байгууллага, тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүстэй хэцүү байгаа айлуудаа холбож өгдөг.
-Тэгвэл яг одоо нөхцөл байдал дээр Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Яг одоогийн байдлаар арга хэмжээ авч тусламж дэмжлэг үзүүлсэн юм алга.
-Тэгвэл таны мэдэж буйгаар өнөө орой хоолгүй хонож мэдэх хэдэн айл танай хороонд бий вэ?
-30 орчим айл лав ийм байдалтай нүүр тулсан байгаа. Би дээр хэлсэн. Аль болох ажилтай болгож, орлогожуулж, энэ байдлаас нь гаргахыг зорьж байгаа ч ажил олгогчийн хүсэлтэд нийцдэггүй. Тэгэхээр эргээд л ядууралтай хэвээр л байдаг.
“Хүүхдүүд минь
өлсч байх вий”
Ядуурал хаана эцэслэх вэ гэвэл ажилтай орлоготой болсон үед гэж хэн ч хариулдаг. Иргэд ядуу амьдрахыг хүсдэг үү эсвэл орлоготой болохыг хүсдэг үү гэвэл хоёр дахийг түвэггүй сонгоно. Энд тэгээд юу болохгүй байна вэ гэвэл мэдээж тогтолцооны гажуудал, ажлын байрны ялгаварлал, бодлогогүйн балгийг л ярих байх. БЗД-ийн 202-р цэцэрлэгийн эрхлэгчтэй ярилцаж байхдаа каринтинтай холбоотой бас нэгэн зовнилыг нь хуваалцсан юм. Хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар хүмүүжүүлэхийн давуу талыг онцолсон түүний яриа энэ цэцэрлэгт явдаг хүүхдүүдийн 60 орчим хувь нь цэцэрлэгтээ ирж байж л гэдэс цатгалан байдаг гэх гашуун үнэнээр үргэлжилсэн. Сонсоход эмзэглэм ч бодит үнэн. Боловсрол ч эзэмшинэ, гэдсээ ч цатгана гэж талаас илүү нь цэцэрлэгт ирдэг бол одоо тэд яаж байгаа бол?
Хотын захын гэр хорооллын цэцэрлэг, сургуульд байдаг түгээмэл дүр төрх. Тэнд амттаны тансаглалаас илүүтэй амьд явах эрх, хэрэгцээний тухай яригддаг. Магадгүй та багширсан хотын нүргээнээс гараад хоёр уул даваад захын гэр хорооллуудын дундуур хамгийн муу гэртэй айлын гадаа очиж байж л үүнийг ойлгох байх.
Тодорхойлолтод тэнцэхгүй амьдрал
Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурь эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно. Дэлхийн банк нь туйлын ядуурлыг өдөрт нэг ам.доллароос доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр ам.доллароос доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог. Ам.долларын ханшийг хүний тоонд үржүүлээд, сарын хэрэгцээг нь хүүхдийн мөнгөтэй харьцуулчихаж чадах учраас мэргэн уншигч танд энэ үнэлэмжийг хийх эрхийг үлдээе.
Хууль үйлчилдэггүй, авилга хээл хахууль бугшсан, газрын баялаг ихтэй ч түүнээсээ болж зүдэрч яваа монголын төрх ядуурлын талаар гаргасан бүх тодорхойлолтод тэнцэнэ. Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр, тусламж дэмжлэг ирсээр байгаа ч дээрдсэн зүйлгүй хүн амынхаа талыг ядуурлын ангал руу түлхчихээд сууж байна.
Ам ажлын зөрүү
Хавтгайрсан халамжтай санал нийлдэггүй ч хоногийн хоолоо ч дийлэхгүй байгаа айлуудад гарцаагүй тусламж хэрэгтэй болжээ. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан тусламж түгээх гэсэн хүн бүр зохион байгуулалтад ороход бэрхшээлтэй байгаа төрийн байгууллагууд үүнийг хийж чадна. Зээлээ царцааж чадаагүй ч Ерөнхий сайдынхаа сүржин мэдэгдлийг аль эрт сонсчихсон, гар дээрээ барьж хүртээгүй ч хорио цээрийн үеийн тусламжийг ирнэ гэж итгэсэн иргэд гар дамжуулан арав, таван мянган төгрөг зээлж, дэлгүүрийн худалдагчийн татгалзсан хариу, гэртээ хүлээн бүлтгэнэх үрсийнхээ дунд бүдчин явна.
Ядуу хүн амын ихэнх нь буюу 378.2 мянган хүн Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ядуу хүн амын тоогоороо удаалж буй Өвөрхангай аймгаас бараг 10 дахин их гэсэн тооцоог Дэлхийн банк 2018 онд хийсэн. Өвчин тахлын нөлөө энэ тоог 23 хувиар нэмсэн гэж тооцвол бидний тал нь ядуу амьдарч байгаа. Гэвч энэ зүгээр л эхлэл. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хорио цээрийн дэглэм, ажилгүйдлийн түвшин нэмэгдэхийн хэрээр ядуусын тоо олширно. Тансаглалдаа ташуурсан та бүхний иргэд талхандаа мөнгөө хүргэж ядан амьдарч байна, сэмрэх сэтгэл, эмтрэх зүрх байвал анхааралдаа авч, ажлаа хийнэ үү эрхэм мяндагтангууд аа.
ӨМНӨХ ЦУВРАЛ СУРВАЛЖЛАГЫГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ.
ЦУВРАЛ №1: http://atime.mn/view/article/?page=show&id=4032
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН