Коронавирусийн нөлөөтэй холбоотойгоор сүүлийн нэг сарын дотор УИХ-д хэд хэдэн хуулийн төслийг өргөн бариад буй билээ. Гол зорилго нь цар тахлын үед эдийн засгийг хамгаалж үлдэх юм. Гэвч эрх баригчдын авах арга хэмжээ, санал болгож буй алхмууд тодорхой бөгөөд оновчтой байх тусам эцсийн зорилгодоо хүрнэ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд хийсэн УИХ-аас авч хэрэгжүүлэх 10 арга хэмжээний мэдэгдэлтэй холбоотой одоогоор нэг хуулийн төсөл, нэг УИХ-ын тогтоол байна. Уг хуулийн төслүүдийг эдийн засгийн талаас нь шинжилж, тодорхойгүй заалтуудыг гаргаж ирэхийг оролдлоо.
Төсвөө тодотгохгүй гэж гүрийсэн хэвээр
Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан хуулийн төслөөс эхэлье. Уг төслийн нэр “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай” гэж байгаа ч цаанаа олон асуудлыг хөндсөн хуулийн төсөл болсон. Мөн цар тахлын үед хорио цээрийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, цалин нь тасарсан иргэдийг дэмжих тухай заасан хэдий ч хэрэгжүүлэлт нь тодорхой бус байгаа. Энэ хуулийн төсөлд төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр, хөрөнгө болон урсгал зардлын хооронд төсвийн зохицуулалт хийхийг санал болгосон. Ингэснээр УИХ төсөв тодотгохгүй ч, Сангийн сайд төсвийн зардлын бүтцийг өөрчлөх бүрэн боломжтой болж байгаа. Харин Сангийн сайдын хувьд цар тахлын үеийн эдийн засгийн эрсдэлийг бууруулах 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрхэн бүрдэхийг нарийвчилж танилцуулалгүй явсаар буй. Үүнээс гадна нэн ядуу, орон гэргүй иргэдэд хоол унд, орон байраар хангах тусламжийг үзүүлэх тухай дурдсан. Хамгийн бага орлоготой өрхүүдийг эдийн засгийн хүнд үед дэмжих нь зөв ч ийнхүү тусламж үзүүлэхдээ намын ашиг сонирхол эсвэл сонгуулийн үйл ажиллагаа явуулах нөхцөл үүсэх вий гэх болгоомжлол өөрийн эрхгүй төрнө.
Хувийн хэвшлийнхэн
яах вэ?
Засгийн газраас аж ахуйн нэгж рүү чиглэсэн алхмуудыг санал болгохдоо ул суурьтайгаар маш тодорхой бөгөөд болгоомжтой хандах хэрэгтэй болов уу. Учир нь чөлөөт өрсөлдөөний зарчмаар явж буй зах зээлд төрөөс хэт их оролцвол бизнесүүдэд сөргөөр нөлөөлдөг талтай. Уг хуулийн төсөлд аж ахуйн нэгжийн эрх үүргийг тусгахдаа цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх хэмээн заажээ. Харин нөөц гэж юуг хэлэх вэ, мөн ямар үндэслэлийн дагуу ийм үүргийг аж ахуйн нэгж хүлээж байгаа талаар тодорхойлж бичээгүй байна. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнийг барих заалтыг ил тод, нээлттэй хэрэгжүүлж чадахгүй бол бизнесүүдийн эрх ашигт халдах эрсдэлтэй. Төр захиргаадалтын аргаар үнийг барих гэж оролдвол зах зээлийн зарчмыг доголдуулах тул бүтээгдэхүүний үнийг хязгаарлах үедээ эртнээс маш зохион байгуулалттайгаар хөдлөх шаардлагатай.
Хамгийн анхаарал татсан “зүйл”
Энэ хуулийн төсөлд нэг дор олноор буюу дөрвөөс дээш хүн цуглахыг хориглох юм байна. Гэр бүлийн таван гишүүн хоолны ширээний ард цуглаж суувал яах вэ гэдгийг бодож үзээгүй бололтой. Учир нь олон нийтийн газар гэж нарийн зааж өгөөгүй тул гэртээ олуулаа гал тогоонд хүртэл цуглаж болохгүй юм уу гэлтэй заавар байх аж. Энэхүү заалт нь батлагдвал зөвхөн сонгууль гэлтгүй, маш олон газрын үйл ажиллагааг хаана. Бас дэлгүүрт дөрвөөс дээш хүн орвол тухайн дэлгүүрийг хүртэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэх эрх зүйн үндэслэл болох нь ээ.
УИХ-ын тогтоолын төсөл
Дараагийнх нь Б.Баттөмөр тэргүүтэй гишүүдийн санаачилсан УИХ-ын тогтоолын төсөл. Анх өргөн барьсан нэр нь “Коронавируст халдвар (СО\/ID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын төсөл. Үүнд, банкнаас олгосон бүх хэрэглээний зээлийн таван хувийг төрөөс, гурван хувийг банкнаас хариуцахаар заасан аж. Зээлийн хүүг хөнгөвчлөх нь аж ахуйн нэгжээ дэмжих зөв арга боловч төрөөс хариуцах таван хувийн цаана хэр хэмжээний төсвийг төлөвлөснөөс эхлээд энэ талаар хийсэн судалгаа зайлшгүй хэрэгтэй билээ. Мөн уг төсөлд зааснаар зээлийн батлан даалтын дээд хязгаарыг нэмснээр банкуудын гаргах зээл нэмэгдэх нь эргэлзээтэй. Харин зээлийн батлан даалтын санд мөнгө нэмж олгох замаар зээлээ батлан даалгуулах аж ахуйн нэгжийн тоог ихэсгэх бүрэн боломжтой. Ингэхийн тулд дахиад л төсөвт хэрхэн суулгах вэ, хаанаас энэ мөнгөний эх үүсвэрийг гаргаж ирэх вэ гэдэг асуултууд хөвөрнө.
Иргэд ипотекийн зээл авах боломж нэмэгдэх үү?
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулахад хэдэн төгрөгийн санхүүжилт шаардагдах талаар тоо баримт одоо болтол тодорхойгүй хэвээр байна. Үнэндээ, үүнийг тооцохын тулд хэчнээн хүн зээлээ хойшлуулахыг сонгох вэ гэдгийг мэдэж байж хийнэ. Улмаар цаашид гурван сараар сунгахад хэр хэмжээний зардал бий болох, үүнийг төсөвт суулгасан эсэх зэрэг олон тодорхойгүй асуултууд ар араасаа гарч ирж байгаа юм. Үүнээс гадна, 2020 онд хэдэн өрхөд найман хувийн зээл өгөх талаар нэг ч тоо алга. Үүнийг тодруулж, иргэд олон нийтэд мэдээлэх нь иргэдийг ч тэр, төрийг ч тэр илүү хариуцлагажуулна гэж бодож байна.
Хэрэв эдийн засаг нэг унавал, унасан эдийн засаг эргэн сэргэхдээ удаан байдаг тул та бидний амьдрал аж ахуйд ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ. 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд Улсын Онцгой Комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Ийнхүү цар тахал гарахаас сэргийлж авч буй алхам эдийн засгийг цаашид улам л хүндрүүлэх нь тодорхой боллоо. Уг нь ингэж сунгах шаардлага дотооддоо үүсээгүй, харин ч эсрэгээрээ эдийн засгаа тэтгэхийн тулд шат шатаар нээж, харин гадаад руу эсвэл гадаадаас ирэх хөл хорио хэвээр үлдээж болох байлаа. Даанч...
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН"