Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжихээр Засгийн газар чадамжгүй болно, болохгүй

“Ардчилал Таймс” сонин долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдийнхээ дуу хоолойг сонсдог “Иргэний Индэр” булан ажиллуулдаг билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн онд  баталж, энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр хуульчилсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүдээс сонгогдож давхар албан тушаалтай байж болох юм. Засгийн газрын бусад гишүүд нь гаднаас томилогдох учиртай. Иймд одоогийн У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудал маргаан дагуулаад байгаа юм. Тиймээс бид энэ удаагийн “Иргэний Индэр” буландаа дээрх асуудлыг хөндлөө. Уншигч та бүхэн 86106009 дугаарт холбогдон өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.

Ямар ч тохиолдолд Үндсэн хууль мөрдөгдөх ёстой

ХУУЛЬЧ, ДОКТОР Ч.ӨНӨРБАЯР:

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой нэлээд олон заалтууд энэ оны тавдугаар сарын 25-наас мөрдөгдөнө. Энэ өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал байгаа. Өмнө нь Засгийн газрын гишүүдийг хүн тус бүрээр нь хэлэлцэж баталдаг байсан бол тавдугаар сард мөрдөгдөх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын гишүүдээ бүрдүүлдэг, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилдог болж байгаа. Мөн Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөдөг болж байгаа. Өнөөдрийн засгийн газар 100 хувь давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж байна. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлснээр дөрвөн сайд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно. Ерөнхий сайд нь аль гишүүдээс авч үлдэх нь УИХ-д 63 суудалтай МАН-ын дотоод асуудал. Ямар ч тохиолдолд Үндсэн хууль мөрдөгдөх ёстой. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бол энэ Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болно. Нэг үгээр хэлбэл энэ Засгийн газрын шийдвэр, тогтоол Үндсэн хуулийн биш болох юм. Ийм учраас Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй. Үндсэн хууль бол Улс орны хувьд хамгийн дээд хүчин чадалтай хууль байдаг. Энэ хуулийг дагаж мөрдөх нь төр засгийн үүрэг. Үндсэн хуулийн дээгүүр давж гардаг төр засаг, том дарга байж болохгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх ёстой. Харин эрх баригчдын бэлтгэл хангагдсан уу гэдэг дээр би эргэлзэж байна. Гэтэл өнөөдөр хуулийн төслөө эрх баригчид ярихгүй байна.

Үндсэн хуульд мэдэхтүн! сахихтун!  гэж сануулсан

ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭЗЭД ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН Б.БАЯРМАА:

Үндсэн хуулиа Монголчууд бид “ард түмний өмч”, “ард түмэн төртэйгээ байгуулсан хамгийн том гэрээ”, “эцэг хууль”, бас “эх хууль” ч гэлцдэг. Үндсэн хууль бол “Ард түмэн бид ийм ийм эрхтэй”, “Төр түүнийг хангах үүрэгтэй ” гэж эрх агуулагч- иргэд ба үүрэг хүлээгч-төр хоёр харилцан тохиролцож байгуулсан “нийгмийн зөвшилцлийн дээд хүчин чадалтай гэрээ” юм. Иймээс манай улсын Үндсэн хуулийн төгсгөлд “Мэдэгтүн, Сахигтун!” гэж сануулсан байдаг. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон даяар хэлэлцүүлж, санал аваад тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөхөөр УИХ баталсан. Ийм учраас бүх сайдууд нь “давхар дээлтэй” энэ Засгийн газар эрх зүйн чадамжтай эсэх асуудал өнөөдөр яах аргагүй хөндөгдөж, маргаан мэтгэлцээн өрнүүлж байна. Нэмэлт өөрчлөлтөөр дөрвөн сайд л “давхар дээл”-тэй байж болно гэж баталсан учраас эрэмбээрээ “хамгийн дээд” хүчин чадалтай Үндсэн хуульд нийцүүлэн холбогдох ердийн хуульдаа Засгийн газар яаралтай өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулах шаардлагатай. Үүнийг хийхгүйгээр одоогийн Засгийн газар цааш ажиллах боломжгүй, эрх зүйн чадамжгүй болно. Хэрэв Үндсэн хуулийг үл ойшоож зөрчвөл “Дээр нь хөх тэнгэрээс өөр хэн ч, юу ч байх ёсгүй”, Үндсэн хуулийг сахиулагч, төрийн эрх мэдэлтнүүдээс хамгаалагч “Жинхэнэ шүдтэй арслан” гэгддэг Үндсэн хуулийн Цэцэд очихоос өөр замгүй. Үндсэн хууль угаасаа л энэ мэтчилэн эрх баригчид эрх мэдлээ хэтрүүлэхээс сэргийлэх, өөртөө илүү эрх мэдэл тогтоохыг хазаарлахын тулд л үүссэн шүү дээ.

Засгийн газар огцрох үндэслэл байхгүй

 

ХУУЛЬЧ, ДОКТОР Д.СҮНЖИД:

Монгол Улсын Үндсэн хуульд 2019.11.14-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр З9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой Ерөнхий сайд болон дөрвөөс илүүгүй сайд нь УИХ-ын гишүүн байх, бусад өөрчлөлтийг оруулсан. Энэ заалтыг баримтлан одоогийн Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдөр шууд огцрох үндэслэл болохгүй. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг УИХ-аас 2019.11.14-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй хамт хэлэлцэн баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1.1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг хэсэг нь энэ хууль мөн. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхдээ шилжих журмын тухай хуулийг баримталж, салбар хуулиар илүү нарийвчилсан зохицуулалт батлагдах хүртэл өмнө баталсан хүчин төгөлдөр хууль л үйлчилнэ гэж ойлгож байна.

Үндсэн хуулийг органик хуулиар зохицуулах боломжгүй

 

ӨМГӨӨЛЛИЙН “ОНЧ НҮҮДЭЛ” ХХН, ӨМГӨӨЛӨГЧ Ө.ЭРДЭНЭ-ОЧИР:

Одоо мөрдөх гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улсын Засгийн газар 4-оос илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнийг хавсарч болохгүй болно. Гэтэл Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт баталсан тус өдрөө “Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай” хууль баталсан. Тус хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” гэсэн заалт оруулсан. Эндээс Үндсэн хуулиар Монгол Улс 2020 оны тавдугаар сарын 25 гэхэд “Давхар дээлгүй” Засгийн газартай болно гэх атал Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Засгийн газрын тухай шинэ хууль батлагдтал “давхар дээлтэй” байж болно гээд заасан харагдаж байна. Энэ хоёр зөрүүтэй байдал маргаан үүсэх үндэслэл болоод байгаа юм. Гэтэл дээрх хоёр өөр заалт бүхий зохицуулалт агуулсан хууль зүйн бичиг баримт хууль зүйн хүчин чадалын хувьд ялгаатай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол өөрөө Үндсэн хууль, Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх тухай хууль бол органик хууль. Аливаа органик хууль Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Эрх зүйн хувьд дээд хүчин чадалтай Үндсэн хуулийн зохицуулалтыг органик хуулиар өөрчлөн тогтоох боломжгүй. Үндсэн хуулийн дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд зааснаар л тогтооно. Органик хуулиар тогтоочихвол эрх зүйн хүчин чадал нь хүрэхгүй биздээ. Гэтэл органик хуулиар Үндсэн хуулиас өөр журам тогтоочихоод байгаад асуудал байгаа юм.

ХУУЛЬЧ Ж.ЭРХЭМБААТАР:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 сарын 14-ний өдөр Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн дагаж мөрдөгдөх тус заалтын дагуу одоогийн Засгийн газар огцрох уу гэсэн асуудал үүсч байна.

            Хуульчийн зүгээс Засгийн газар 05 сарын 25-ны өдөр огцрохгүй гэж үзэж байна. Учир нь “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хууль”-ийг Улсын Их хурлаас баталсан. Тус хуулийн 1-р зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө ...” гэж заасан.

            Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль онцгой ач холбогдолтой, Үндсэн хуультай нэгэн адил хүчин чадалтай. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар холбогдох органик хуулийг шинэчлэн батлах хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан тул органик хуулийг шинэчлэн батлаагүй, нэмэлт, өөрчлөлт оруулаагүй тохиолдолд Засгийн газрыг огцруулах хууль, эрх зүйн боломжгүй.

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.БЯМБАЖАРГАЛ:

 Товчдоо бол Засгийн газар чадамжгүй болох асуудал огт үүсээгүй. Харин үүсээд буй асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх тухай л эргэлзээ үүсч буйг зарим хуульч, судлаачид хэлж байгаа. Гэхдээ бид бүхэлд нь авч үзвэл дагаж мөрдөхөд шинжих асуудал бол 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөр хоорондоо уялдаа холбоо бүхий гурван баримт бичиг буйг мартаж болохгүй юм. Энэ нь нэгд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хоёрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, мөн үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, гуравт, 2020 оны УИХ-ын 02-дугаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол гэж бас бий. Энэ тогтоолоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хууль тогтоомжийг утга агуулгад нийцүүлэх хуваарийг тогтоосон байдаг. Тэгэхээр энэ гурван баримт бичгийн уялдааг харах хэрэгтэй болно. Энэ нь 2020 оны тавдугаар  сарын 25-нд  дан ганц Засгийн газартай холбоотой асуудалд бус бусад заалтуудад ингэхдээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуульд хугацааг тусгайлан заасан Улс төрийн намыг байгуулах нэг хувь болон Дархан, Эрдэнэт зэрэг хотуудыг байгуулах харилцааг шууд уг хуульд заасан. Харин бусад хуулийн хувьд УИХ-ын тогтоосон хуваарийн дагуу шинэчлэн батлах хүртэл хуучин хуулийг дагаж мөрдөхөөр л зохицуулсан шүү дээ. Харин хуваарийг УИХ 2020 онд  нэгдүгээр сарын 02-ны  тогтоолоор баталсан. Хууль зүйн хувьд цаашид УИХ өөрийн баталсан хуваарьт багтан хууль тогтоомжийг батлахгүй бол асуудал гарна.

 ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com