Монгол Улсын гавьяат хуульч, “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабалтай Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа, Төрийн албаны тухай хуулийн талаар ярилцлаа.
-Та Үндсэн хуулийн Цэцэд олон удаа хандсан хүн. Ямар асуудлууд хөндөж тавьж байсан юм бэ?
-Би 1999 оноос хойш иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн Цэцэд найман удаа хандаж мэдээлэл бичиж хүргүүлээд хад мөргөж байгаа хүн л дээ. Өнөөдөр энэ төрийн хэрэгт хошуу дүрэхгүй бол болохгүй нь.
-Ер нь бүх гомдол мэдээлэл чинь таны саналаар шийдвэрлэгдээгүй юм байна. Яагаад хүлээж авдаггүй юм бол?
-Төр засгийн жолоо барьж буй, нам улс төрийн хүчний нөхдүүд, эрх мэдэлтнүүд учрыг нь мэдэх биз. Үнэнийг цаг хугацаа шалгаж түүх шүүх учраас би өөрийн үзэл бодлоосоо ухрахгүй. Миний хувьд төрд 40 гаруй жил “биеэ үнэлж” хүчин зүтгэж, энэ улсын хууль тогтоомжийг 50 жил гардан хэрэгжүүлсэн хүн. Үүнээс гадна “Шударга төрийн төлөө” төрийн бус байгууллага байгуулан 2007 оноос хойш иргэний нийгмийг төлөөлөн ажиллаж байна. Монгол төрийн бодлого, шийдвэр оновчтой зөв байж ард түмэнд ээл ивээлээ өгөөсэй, төрийн нэр хүнд сэвтэлгүй түмэн олныхоо итгэл хүндэтгэлийг дааж яваасай гэсэн сэтгэлээр л ингэж өөртөө лай хурааж явна даа. Нэг үгээр хэлбэл шударга бус явдлын талаар би дуугарахгүй бол тэр болгон хүмүүс дуугарахгүй юм байна шүү дээ. Өнөө үеийнхэн цагийн аяс дагаж хүчтэй талд нь зүтгэж, өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй юм шиг ойлголттой болцгоочихсон байна.
-Та Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаанд шүүмжлэлттэй ханддаг хүн. Энэ байгууллагын үйл ажиллагаа яагаад гажуудсан гэж та харж байна вэ?
-Монголын төрийг тогтвортой байлгаж төрийн эрх барих байгууллагуудын үйл ажиллагаа болон төрийн жолоо атгаж байгаа хүмүүсийг Үндсэн хуулийн хүрээнд ажиллуулах гол баталгааг хангаж байх чиг үүрэгтэй байгууллага нь Үндсэн хуулийн Цэц юм шүү дээ. Энэ байгууллага зохих байр суурин дээрээ байдаг сан бол өнөөдөр төрд ялзрал, доройтол гарахгүй байх учиртай. Харамсалтай нь Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих ажил хангалтгүй байгаа учраас манай мяндагтнууд дураараа аашилж бүр Үндсэн хууль дээрээ гишгэчхээд байна. Юмыг зөв талаас нь ойлгодог зарим хүмүүс энэ төрийн гажуудлын гол буруутнуудын тоонд Үндсэн хуулийн Цэцийг авч үзээд байгаа. Энэ бол яах аргагүй үнэн юм. Төрд ажиллаж дадлага туршлага хуримтлуулсан, төрийн хуулийг гардан хэрэгжүүлэх үйлсэд чөмгөө дундартал зүтгэсэн тэр хүмүүс өөрсдийнхөө төлөө дуугарахгүй байгааг түмэн олон харж байгаа. Тэгээд ч шударга иргэд төр лүүгээ нулимдаггүй юм. Харин төрийн хэргийг хашиж байгаа хүмүүс хариуцсан ажил албаа зөв хийхгүй ард түмнийг хохироогоод байгаа учраас дуугүй суух аргагүй дээ л тэр.
-Тэгэхээр таны хувьд төрийн гажуудлыг хэрхэн засч залруулах боломжтой гэж бодож байна вэ?
-Би өөртөө л ажил удсанаас биш гавьяа хүсээгүй. Олон түмэн нүдээ нээгээд зөв бурууг ялгах чадвартай болчихсон цагт монголчууд бидний үр хүүхдүүдэд гэрэл гэгээ нь тусна. Цаашлаад төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд шаардлага хангах чадвар, мэдлэг, сэтгэл зүрхтэй хүмүүс очдог болчихвол шударга ёс аяндаа тогтоно. Эрүүл бодолтой хүмүүс олон болох тусам бусармаг явдлаас жигшинэ. Ер нь сайн цаг ойртсон байх шүү. Эрх баригчид яаж шившгээ хутгаж байгаа нь түмний нүдэнд ил боллоо. Энэ бүхэнд нь ямар ч хариуцлага байдаггүй, хэн ч хяналт тавьдаггүй болохоор нийгмийн амьдрал бухимдлаар дүүрч буруутныг хайцгааж байгаа. Саруул ухаантай ард түмэн энэ удаагийн сонгуулиар нэг шийдвэр гаргах байлгүй гэж найдаж байна.
-УИХ-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэр өөрчлөлтөд таны яриад бас хүсэн хүлээгээд байгаа сайн цаг ирэх зохицуулалт бий юү?
-Өнөөдөр төрийн эрх барьж буй хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Сонгуулийн тухай хууль мэтэд өөрсдөөсөө өөр хүн төрийн өндөр сэнтийд залрах аргагүйгээр баталчихсан байгаа. Хэдий тийм боловч ард түмний гарт төр засгийн эрх мэдэл байж өөрсдийн оюун ухаанаар төрөө байгуулах ёстой юм байна гэдэг мэдрэмж суучихсан шүү дээ.
-Та бас төрийн албатай холбоотой асуудлаар нэлээд ярьж, бичдэг юм билээ. Ялангуяа Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг бололтой байсан?
-Энэ бол миний дуугарах ёстой сэдэв л дээ. Би Төрийн албаны зөвлөлийн тулгын чулууг өрөлцөж галыг нь асаалцсан хүн. Тэгээд энэ байгууллагын тогооноос 14 шахам жил хооллож, хөдөлмөр зүтгэлээ шингээсэн. Даруу бусаар хэлэхэд Монголын төрийн хэрэг хөтлөх мэргэжил эзэмшсэн хүн байхгүй юу (инээв). 1996 онд Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдсон Төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэлийн 01 тоот үнэмлэхийг би эзэмшдэг. Олон жилийн хөдөлмөрийг минь үнэлж гавьяат хуульч цолоор шагнуулахад ч энэ байгууллагын хамт олон дэмжсэний үр дүн гэж боддог. Нэг үгээр хэлбэл Монголын төрд, ялангуяа Төрийн албаны зөвлөлд өртэй хүн гэж бодож явдаг. Тийм учраас ачийг нь хариулах сэтгэлд хөтлөгдөж өөрийн туршлага мэдлэгээ хуваалцах зорилгоор саналаа хүргүүлж, зөвлөмж зөвлөгөө өгч байдаг.
-Та нэлээд хатуухан хэлчихдэг хүн. Тэгэхээр шүүмжлэл, сургамж, зөвлөгөөг тань төрийн албаныхан хэрхэн хүлээн авч байна даа?
-Би бусдын хийж бүтээсэн болгоныг үгүйсгэж харлуулдаггүй. Үнэхээр хуулийн дагуу, ном журмаар нь хийж буй ажлыг нь дэмжээд дэлгэрүүлэхийг чухалчилдаг. Үүнээс гадна 2019 оноос шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийг байнга сурталчилдаг. Надад өөрт хувийн ашиг сонирхол байхгүй учраас хэлж зөвлөснийг минь авах гээхийн ухаанаар ялгаж хандаарай гэж захидаг. Тийм болохоор зарим нэг санаа бодлыг минь анхаарч ажилдаа тусгасан байдаг. Гэвч бас үнэн үг хэлж шударгаар хандсанд эмзэглэж, үеэ өнгөрөөсөн энэ өвгөн ямар эрхтэй гэж манай ажилд оролцоод байгаа юм бэ гэж эмзэглэх хүмүүс ч мэр сэр бий байх. Телевизэд өгсөн ярилцлагыг цахим сүлжээнд тавьчхаар доор нь элдвийн гүтгэлгийн чанартай зүйл, сэтгэгдэл бичдэг бололтой юм билээ. Би өөрөө компьютер хэрэглэдэггүй учраас намайг хэн юу гэж хэлж байгаа бол гэж хов хөөдөггүй. Ер нь шидсэн чулуу бүрийн хойноос архирах нь миний насны хүний хийх ажил биш л дээ. Надтай хамт ажилладаг залуусын яриагаар бол тэдгээр хүмүүс хуурамч нэр хаягаар орж элдэв юм бичдэг гэсэн шүү. Түүнийг нь сонсоод “Миний бичсэн зүйлс байгаа онож зүрхэнд нь хүрч байгаа юм байна” гэсэн сэтгэгдэл төрдөг. Тэдний бичлэг, үг хэллэг болон зарим санаануудаас нь харахад Төрийн албаны зөвлөлд миний гараар хөтлөгдөж орсон залуус, намайг дагаж явж төрийн ажлын дөр суусан зарим нэгний үг болох нь мэдрэгддэг л юм. Тэд маань өнөөдөр энэ байгууллагын удирдлагын түвшинд ажиллаж байгаа нь өөрсдийнх нь хөдөлмөр зүтгэлийн үр дүн боловч өнгөрсөн үеэ үгүйсгээд байгаа нь ухаан муутайн л шинж шүү дээ
-Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, хууль эрх зүй нь оновчтой байж чадаж байна уу?
-Төрийн албаны зөвлөлийн эрх зүйн орчныг нь шинэчлээд зогсоогүй хэвийн ажиллах нөхцөлийг нь сайжруулж, бүтэц орон тоо эрх мэдлийг нь ч өргөтгөсөн. Харамсалтай нь манай нөхдүүд тавьсан зорилгын хүрээнд ажиллаж хуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байна. Ялангуяа төрд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлж төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, буруутай албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцуулж, төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах баталгааг хангаж чадахгүй байгаа юм. Мөн төрийн албаны хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөж хангалтыг зохион байгуулах чиглэлээр шаардлагын түвшинд ажиллахгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг оновчтой зохион байгуулах талаар учир дутагдалтай. Би эдгээр асуудлаар л зөвлөмж, шаардлага хүргүүлсэн.
-Таны бодлоор энэ зөрчлүүдийн шалтгаан юунд байгаа гэж?
-Олон учир шалтгаан бий. Хамгийн анхдагч шалтгаан нь удирдлагууд нь улс төрийн нөлөөлөл дор байна. Өнөөдөр төрийн бүх хариуцлагатай албан тушаалд улс төрийн шалгуураар томилдог тул ямар ч сайн хууль байсан албан тушаалтнаас доогуур үйлчилж байгаа юм. Цаашлаад Төрийн албаны тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан дүрэм журмууд нь шударга бус зөрчилтэй байна. Дээр нь Төрийн албаны зөвлөлийн ажилтнуудын чадвар, мэдлэг, туршлага дутагдаж шийдэмгий ажиллаж чадахгүй байгаад гол учир бий.
-Та Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж хатуухан ч үг хэллээ. Яагаад ингэж хандах болсон баримтаасаа дурдана уу?
-Миний амьдралын утга учир бол “Дээдэст зусаргүй, доодост баширгүй амьдрах. Туулж өнгөрүүлсэн амьдралдаа улс төрийн аливаа намд хамааралгүй өдий хүрсэнээс гадна хурал, жагсаал цуглаанаар явж хийрхэж үзээгүй хүн. Гэвч төрийн ажил алба завхралаар дүүрсэн өнөө цаг үед амаа үдүүлээд сууж чадахгүй нэгэн л дээ. Төрд насаараа зүтгэсэн хуульч хүний хувьд аливаад ул суурьтай хандахыг л хичээдэг. Тийм учраас дутагдал зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүйгээс гадна аль болохоор эхлээд өөрт нь ойлгуулахыг хичээдэг. Төрийн албаны зөвлөлийн удирдлагын бүрэлдэхүүн 2016 оноос хойш бүрэлдэн ажиллаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед л санал бодлоо гарган тавьж байна. Өмнө нь биечлэн уулзах, утсаар харилцах зэргээр санаагаа хэлж болоод байдаг байсан. Одоо утсаа ч авахаа болих тийшээгээ хандаж эхэлсэн шүү. Үүнээс үүдээд санал бодлоо олон түмэнтэй хуваалцах нь зүйтэй гэж үзсэн юм. Ер нь төрийн аль ч байгууллагын ажлыг ард иргэд үнэлж дүгнэх учраас хүмүүс Төрийн албаны зөвлөлийн ажил ямар түвшинд байгааг өөрсдөө цэгнэх байлгүй. Миний хувьд “Шударга төрийн төлөө” ТББ-аа ажиллуулахаас гадна төрийн албан хаагч болон хуульчийн сонгон шалгаруулалтад бэлтгэдэг “Мэргэн түшээ” нэртэй сургалтын төв ажиллуулдаг. 10 гаруй жил энэ төвийг ажиллуулж байгаа учраас бидний гараар бэлтгэгдэж төрийн албанд орсон олон зуун залуус бий. Тэдэнтэйгээ байнгын холбоотой учир төрийн албанд оршиж буй алдаа завхралын талаар үргэлж мэдээлэлтэй байдаг. Тиймээс элдэв хов гүтгэлэг биш тодорхой баримт нотолгоотой жишээ олныг ярьж чадна. Гэвч хүмүүсийн хооронд яс хаяж, хэн нэгнийг харлуулах нь миний зорилго биш. Жишээ болгон зүгээр л тоогоор дурдахад 2019 оны арваннэгдүгээр сард Төрийн албаны зөвлөлөөс зохион явуулсан “Төрийн албаны ерөнхий шалгалт”-тай холбоотой 53 иргэний өргөдөл, гомдол надад ирсэн. Мөн Төрийн албаны зөвлөл хохирсон төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэсэн тодорхой мэдээллүүд ч нэлээд бий. Эдгээр баримтуудыг үндэслэн “Шударга төрийн төлөө” ТББ –ын нэрээр 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүлж улмаар зөвлөлийн удирдлагуудад нь захидал бичсэн. Хариу нь хагас дутуу ирсэн боловч үр дүн өөрчлөлт нь харагдахгүй л байгаа. Ингэж арчаагүй байж таарахгүй л дээ. Өнөөдөр Монгол төрийн нэр хүнд унасан, төрийн албанд шударга ёс гажуудсан асуудлыг цэгцэлж гольдролд нь оруулах үүргийг төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл хариуцах учиртай. Ажлын арга барилдаа дүн шинжилгээ хийж, засч сайжруулахгүй бол Сонгуулийн дараа төрийн албыг ч бүр тавьж тууна даа. Энэ байгууллагад миний хамт олон, миний хамтран зүтгэгчид, элэг сэтгэл нэгтэй дүү нар маань ажилладаг учраас тэднийхээ үйл ажиллагааг дэмжин шилбүүрдэж байгаа ухаантай юм л даа. Түүнээс биш надад албан тушаал, нэр хүнд хэрэггүй. Би тэртэй тэргүй энэ төрд хангалттай ажиллаж өөрийхөө хэмжээнд өөрийгөө тодруулчихсан учир нэр төр хөөцөлдөх шаардлага байхгүй. Иймд залгамжлагч нар маань намайг зөв ойлгож амьдралын туршлага ажлын мэдлэгийг минь ашиглах, шаардлагатай тохиолдолд өөрсдийгөө хамгаалуулж, нөмөрлүүлж байх нь ач холбогдолтой л баймаар юм. Харамсалтай нь тэдэнд маань хуульдаа бус дарга дээдэстээ үйлчлэх нь унацтай байдаг бололтой.
-Монгол төрийн үйл ажиллагааг цаашид ямар байна гэж та хардаг вэ?
-Би хоёр нийгэм дамжиж амьдарч 80 насны босгонд ойртсон, амьдралыг бараг оройноос нь харах түвшинд хүрч явна. Өмнөх тогтолцооны үеийг бодвол энэ цагт үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр хангагдсан болохоор насныхаа хэмжилд хүртэл дуугаа хориулахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл би Монголын төрийг шударга байлгах зорилт тавьж ажилладаг. Төртэйгээ тэмцэлддэггүй. Аль ч ажлыг хүн л хийж бүтээдэг учраас төртэй нь бус төрийн нэрээр ард түмнээ тохуурхаад өнөөгийн бид болон хойч үеийнхний хувь заяагаар тоглох гэж байгаа хүмүүст үгээ хэлж түмнийхээ төлөө дуугарч байх болно. Монгол төр чинь 2220 гаруй жил оршин тогтнож үе үеийн шилдэг хүмүүс нь төрдөө зүтгэсэн оюун санааны цөм нь байх учиртай. Урлагийнхан тайз, дэлгэцээ нэрлэдэг шиг ариун сүм байхгүй юу. Өвөг дээдсийнхээ өртөөлөн авчирсан, төрөлх газар шороон дээрээ үе үеийн турш аз жаргалтай амьдарч хишиг буяныг хүртэх эрхтэй бидний Монголчуудыг хөтөлж жолоодох төр засаг нь энэрэл ээлтэй, зөв мэргэн бодлоготой, шударга шалгууртай болсон нөхцөлд л бид сэтгэл хангалуун амьдрах болно. Би үүний төлөө зүтгэж “Шударга төрийн төлөө” ТББ-ынхаа үйл ажиллагааг чиглүүлнэ. Улс төрийн намуудыг төрийн дор оруулж, төрд хяналт, хариуцлагын тогтолцоо бүрэн утгаараа бий болсон нөхцөлд бидний зорилт хэрэгжинэ. Тиймээс ойрын үед УИХ-аас батлах Улс төрийн намын тухай, Улсын их хурлын тухай, Засгийн газрын тухай, Ерөнхийлөгчийн тухай болон Шүүхийн тухай багц хуулиудын зохицуулалтуудыг анхааралтай харж байгаа. Шаардлага гарвал дахиад л Цэцэд хандана. Хэдийгээр төрийн эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудлыг манай Цэцийнхэн зориг гарган шийдвэрлэж чадахгүй нь илэрхий ч гэсэн бид энэ байгууллагын түүхийг хамтран бичилцэж байгаа учраас мөр нь үлдэж дараа үеийнхэндээ ухаарал нэмэх учиртай юм.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН