Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Жадамбаа: Би мөрөөдөгч биш бүтээгч байхыг эрмэлздэг

Ярилцсан З.Боргилмаа

 Улаанбаатар хотод үүрээ засч, улс төрд бууриа олсон, амжилттай яваа залуусын нэг нь Ц.Жадамбаа. Уг нь тэрбээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул хүүхэд. Дэлгэрэхийн талд дэрвэж өссөн хүү өнөөдөр дэлхийн хэмжээний бодлого ярих хүртлээ төлөвшжээ. Энэ нутгаас төрөн гарсан төрийн зүтгэлтнүүдийн залгамжийг тээж яваа түүнтэй ярилцлаа.

-Надад төлөвлөж байгаа зүйлс их байна. Улсынхаа хөгжилд өөрөөс хамаарах бүхий л зүйлээ зориулна

гэж боддог. Би мөрөөдөгч биш учраас нэг бүтээгч, оролцогч нь байх болно- 

-Та 2012-2016 оны Засгийн газарт Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын даргаар ажиллаж байсан. Төрийн болон улс төрийн ажлын туршлагатай залуу боловсон хүчнүүдийн нэг. Ер нь Ардчилсан намд залуу үеийнхээ төлөөлөл болж, харьцангуй өндөр алба хашсан цөөхөн залуусын нэг. Агентлагийн дарга байхдаа өөрийгөө хэр ажилласан гэж дүгнэх вэ?
-Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 онд байгуулагдахад МТШХХГ-ын даргаар томилогдож байлаа. Сонгуулийн бүрэн эрхийн хугацааг дуустал агентлагийн даргаар ажиллана гэдэг нэг талдаа үнэлэмж болох байх. Нарийн харвал хоёр Засгийн газрын үед, сонгуулиар ялсан нам Засгийн газраа байгуулсны дараа ажлаа өгсөн гэхээр үндсэндээ гурван Засгийн газарт агентлагийн даргаар ажилласан байна. Миний хариуцаж байсан агентлаг бодлогын газар байсан. Мэдээллийн технологи, шуудан харилцааны газар тухайн салбарынхаа бүхий л бодлогын асуудлыг төлөвлөх, Засгийн газарт хууль санаачлах эрхтэй агентлаг байсан. Эрх хэмжээний хувьд өндөр байсан гэсэн үг. Бодит байдал дээр харилцаа холбооны бүхий л асуудлыг хамарч байгаа учраас өдөр тутмынх нь үйл ажиллагаа яг яамны хэмжээнд явдаг байлаа. Энэ үед “Цахим Монгол” хөтөлбөр, “Цахим засаг” хөтөлбөр гээд хэрэгжүүлж байсныг одоо ч хүмүүс санацгааж байгаа байх. Энэ бүхэн зөвхөн намайг дарга байх үед хэрэгжсэн зүйл биш. Маш олон жил судалгаа, бодлогын баримт бичгийг нь боловсруулж ирсний үндсэн дээр хэрэгжсэн хөтөлбөрүүд юм. Мэдээлэл технологийн салбар том айл. Энэ салбарт ажиллаж байгаа хүн болгон л үүнийг тэргүүлэх салбар гэж харж, зорьж ирсэн. Гэвч үүнийгээ зөвшөөрүүлэхэд бид хүчээ нэгтгээд цөмрөлт, тэсрэлт хийж чадаагүй. Урсгалаар явсан гэх зэрэг жижиг сажиг алдаа байсан ч хийсэн ажлууд чамлахаар биш.
-Та агентлагийн даргын ажлаа өгмөгцөө шууд л гадаад руу сурахаар явсан. Ер нь ажлаа тайлагнаагүй. Тэр үед хэлж үлдээхийг хүсч байсан үг бий юү?
-Агентлагт ажиллаж байхад надад ойлгогдож байсан зүйл гэвэл мэдээлэл, харилцаа холбооны газар биш яам байх ёстой. Дэлхийн ирээдүй 100 хувь мэдээллийн технологи дээр суурилж байгаа тохиолдолд энэ салбарын бодлогыг хариуцсан агентлаг биш бодлогын яам ажиллах ёстой. Яам бүрдэхийн тулд хуулийн хүрээнд хэрхэх ёстой вэ гэхээр юуны өмнө үндсэн дэд бүтцүүдтэй, салбаруудтай байх ёстой гээд ангилагддаг юм байна.

Тэгвэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэдгээр шаардлагууд бүтэн бүрдсэн байна. Тэгэхээр одоо статусаа бүрэн өөрчилж, эрх зүйн хувьд яамны хэмжээнд очиж байж аж үйлдвэрийн IV хувьсгалд Монгол Улс тоглогч болох бодлогоо өнөөдрийнхөөсөө илүү хүчтэй гаргана. Одоо Монгол Улсын эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуй гээд гарын таван хуруунд багтах хэдхэн салбараас хамааралтай хөгжиж байна шүү дээ. Үүн дээр бид мэдээллийн технологийн салбарыг оюунаараа ашиглаж явъя л гэж байгаа бол яам болгохоос өөр сонголт байхгүй. Жишээ нь мөнхийн хөрш Хятад бие даасан мэдээлэл, технологийн яамтай, Солонгос ч адилхан. Өмнөх Засгийн газрууд болон үе үеийн мэдээлэл технологийн газрын дарга нар яам болох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Тус салбар хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой гэж ярьж, түүний төлөө зорьж ирсэн.
-Тэгвэл одоо энэ салбарыг бодлогын болон хөгжлийн тэргүүлэх салбар шүү гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхэд юу хэрэгтэй вэ?
-Бид дэлхий нийтийг бараг л байгалийн хууль шиг захирч эхэлсэн мэдээллийн технологийн эрин үе рүү хөл тавьчхаад байгаа ч бодлогоо тодорхойлж амжаагүй байна. Үүнийг зөвшөөрөхийн тулд ямар нэг үндэслэл, баталгаа нотолгоо шаардах нь утга муутай хэрэг болно. Энэ аж үйлдвэрийн IV хувьсгал өөрөө дэлхийг өөрчилж байна. Бүгдээрээ нэг гэртэй болж байна. Арван жил уулзаагүй найзаа хайж олж чааталсаар байгаад нүүр тулаад уулзсан чинь өчигдөр л уулзсан юм шиг хандаж байна. Шууд л “За юу байна” гээд уулзаж байх жишээний. Уг нь тэврэлдээд уйлалдах байх гэтэл үгүй. Нэг нэгнийхээ талаар бүгдийг нь мэдэж байгаа учраас тийм гайхах, сэтгэл хөдөлгөх зүйл байгаагүй гэсэн үг. Яагаад гэвэл бид нэг цаг хугацаанд, нэг орон зайд амьдарч байгаа хэрэг. Бие биенийхээ баяр бахдалыг, аз жаргалыг, болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг хуваалцаж чадаж байна. Дэлхий нэг гэр бүл болж байна. Иймэрхүү зүйлс өрнөж байна. Энэ болгон дээр дахиад л оновчтой бодлого үгүйлэгдэж байна. Одоо бидэнд хэрэглээний тухай асуудал гарч ирж байна. Иргэдээ дураар нь хаясан аж. Дараагийн асуудал сошиал орчин болон технологийн соёл, хэрэглээ, мэдлэгийн асуудал өөрөө хар хайрцагны бодлого болох ёстой. Үндэсний аюулгүй байдлын асуудал. Ээж, аав нар хүүхэддээ фэйсбүүк нээж өгч болох эсэх тухай асуудал. Хэдэн насанд нь болох юм бэ? Энэ тал дээр хэн ч бидэнд зөвлөгөө өгөөгүй. Яагаад гэвэл бид бодлогоо тодорхойлж амжилгүй аль хэдийн далайд гарчихсан. Тэгэхээр одоо хүссэн ч, эс хүссэн ч бодлогын яамтай болох гарцаагүй шаардлага үүсчихсэн байна. Үүнд Ц.Жадамбаагийн баталгаа, нотолгоо шаардлагагүй шүү дээ.


-Төрийн бодлогыг тодорхойлох хэмжээний эрх мэдэлтнүүд, улстөрчид баталгаа, нотолгоо шаардахгүйгээр үүнийг хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт Та итгэлтэй байна уу?
-Улс төрийн түвшинд бол өөртөө нааж пиар хийх зорилгоор хүлээн зөвшөөрч байна. Маш “технологижсон” харагдах нь шинэ цагийн улстөрчдийн имиж болоод байна. Доторх гэдэс, ходоодыг нь ойлгохгүй ч ойлгож байгаа дүр эсгэж байна гэсэн үг. Хоёр дахь хэсэг нь яах аргагүй хэрэгтэй юм аа гэж хүлээн зөвшөөрч байна. Энэ хэсэг нь олонх боловч чадамж нь дутагдаж байна. Эрхзүйн орчноос эхлээд бэрхшээл байна. Хэсэг ингэж явж байгаад удахгүй ойлгоно, дараа нь алхам хийнэ. Тодорхой хугацааны дараа хэрэгтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Эхнээсээ хүлээн зөвшөөрч эхэлсэн байна.
-Мэдээллийн технологийн салбарт бидэнд дэлхийд өрсөлдөх чадвар, боломж бий гэж ярьдагтай санал нийлэх үү. Үүнийг хөгжүүлэх нь өөрөө бас нэг баялгийн уурхай болох биш үү?
-Хүмүүс үүнийг гоё чимэг байдлаар ярьсаар байгаад энгийн ойлголт аваад байна. Би сууриар нь тайлбарлахыг хичээе. Яагаад үүнд өрсөлдөх боломжтой гэж яриад байдаг вэ гэхээр программ гэдэг зүйл дэлхий дээр нэг хэлээр бичигддэг учраас өрсөлдөөний нэг зарчим үйлчилдэг. Нэг үгээр бол Монголын код, Японы код, Америкийн код гэж байдаггүй, нэг л кодтой. Чи англи хэл мэдэхгүй байж болно. Япон хэл мэдэхгүй байж болно. Францаар ярихгүй байж болно. Гэхдээ чи кодын хэлтэй бол нэг хэлээр ойлголцож болно. Дэлхий дээр нүүрс яагаад хэрэгтэй байна гэхээр дулаан гаргадаг, цахилгаан гаргадаг. Чи даарч л байвал нүүрс хэрэглэнэ гэдэг шиг өрсөлдөөн гарч байгаа. За ингээд боломж байгаа юм байж. Үүнд яагаад монголчууд өрсөлдөж чадахгүй байгаа юм бэ гэхээр энэ салбар хөгжих эсэх нь нэг л зүйл дээр тогтдог. Тэр нь хууль, эрх зүйн орчин. Эрх зүйн орчныг нь эцэс хүртэл төгс хийж өгч байж хөгждөг салбар.Түүнээс биш монголчууд код бичиж чадахгүйдээ биш. Залуус код ойлгохгүйдээ биш. Сэтгэлгээ нь дутаад байгаадаа биш. Олон улсад гарах тэр эрх зүйн орчныг л бүрдүүлж өгөх ёстой.
-Тэгвэл эрх зүйн орчин нь төгс биш учраас бид өрсөлдөх боломжоо алдаж байна гэсэн үг үү?
-Одоо бол харилцаа холбооны тухай хуулиар л зохицуулагдаж байна шүү дээ. Мөн Оюуны өмчийн тухай хууль байгаа байх. Эдгээрээс гадна цаашид маш олон хууль гарах ёстой. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл хамгаалах тухай хууль гэх мэт. Жишээ нь, Өгөгдөл хамгаалах тухай хууль л гэхэд өгөгдөл ашиглагчдыг өгөгдлөөс хамгаалах ойлголт. Дараа нь Инновацын тухай хууль. Энэ хуулиар гэхэд шинээр гарч ирж байгаа бүтээгдэхүүнийг дэмжсэн, олон улсын зах зээлд гаргахтай холбоотой зохицуулалтаас эхлээд олон зүйл үгүйлэгдэж байгаа. Энэ бүхнийг хийсний дараа юу болно гээч? Тухайн хүний хийсэн аппликейшн дэлхийн зах зээлд гарахад боломж нь дотоодынхоо эрх зүйн орчноос эхлээд зөв хангагдчихна. Эрх зүй гэдэг чинь нэг ёсондоо тоглоомын дүрэм. Дотооддоо болон гадаадад тоглох тоглоомын дүрмийг нь зохиогоод өгчихсөн байхад хөрөнгө оруулагч нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг инновац нэмэгдэнэ гэсэн үг. Инновац нэмэгдэнэ гэдэг шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Амьдралд хэрэглээ болсон шинэ бүтээгдэхүүнийг л инновац гэж хэлээд байгаа юм. Бусад нь бол санаа. Харин санааг бүтээгдэхүүн болгоод аваад ирэх үйл явц бол инноваци юм. Хэдэн зуун санаанаас нэг нь л бүтээгдэхүүн болно. Тэр хүртэл хөрөнгө оруулагч тэсэх хэрэгтэй. Гэхдээ тэр нь тогтвортой байхын тулд хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Маш энгийнээр ийм.


-Хөрөнгө оруулагч гэхээр бид уул уурхайн хөрөнгө оруулагчдыг л мэдэх юм даа...
-Хөрөнгө оруулалт маш олон төрөлд салж байна. Ер нь бодитойгоор бол уул уурхайд хөрөнгө оруулагчид байна. Яг мэдээлэл, технологийн салбарт сүүлд маш олон хөрөнгө оруулалтууд гаднаас хийгдэж байгаа. Түүний нэг тод жишээ бол CallPro компани. Японы хөрөнгө оруулагчид орж ирсэн санагдаж байна. Энэ мэтчилэн мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бүс нутгийн хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд улам л өсөн нэмэгдсээр байгаа. Гагцхүү түүнийг орж ирэх боломж хийгээд хөрөнгө оруулалтын баталгааг бүрдүүлсэн эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ харин байна.
-Сонгуульд өрсөлдөж буй намууд уул уурхайн хөрөнгө оруулалт, хөгжилд тулгуурласан концепци ярих нь жишиг болоод байгаа. Оюу толгой шиг олон уурхайтай болчихвол улс хөгжинө гэдэг үзэл санаанд иргэд ч дассан. Тэгвэл мэдээллийн технологийн салбар бол олон уурхайтай тэнцэхүйц үнэ цэнтэй салбар юм аа” гэдгийг яаж хялбараар ойлгуулж болох вэ?
-Төмрийн хүдрийг тэр чигээр нь гаргавал хүдэр. Төмрийг нь ялгаад гаргавал баяжмал. Түүнийг нь эндээ хайлуулаад төмөр болгоод гаргах юм бол бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүнийг нь машин болгох юм бол энэ бол бүтээл. Дотроо ангилагдаж байна. Энэ бүрт нэмүү өртөг нэмэгдэнэ. Хүдэр 10 доллар, баяжмал 100 доллар, машин болбол 1000 доллар.
Мэдээллийн технологи уул уурхайд салбарт нэвтэрсэн хэрэглээгээрээ Австрали толгой цохидог. Уул уурхайд технологи хөгжүүлж байгаа улс орнуудын хэрэглээг харахад бүтэн автоматжисан буюу хүний хүчин зүйл багатай технологийг сонгож байна. Хуучнаар эксковатороор ухаад жолоодлого дээр нь инженерүүд суудаг байсан бол одоо IT-гийнхэн сууж байна. Мэдээллийн технологи энэ салбарт хүчтэйгээр ороод ирж байна. Эрчим хүчний салбар гэхэд бүх салбарт мэдээллийн технологи. Төмөр замд гэрлэн дохиоллын асуудал гэхэд улаан ногоон гэрлээр хөдөлгөөн зохицуулдаг байсан бол одоо программаар шийдэж байна. Бид энэ чиглэлд ажиллаж байгаа ч илүү бүтээл гаргах хэмжээнд ажиллах ёстой.
-Нөгөө талдаа технологи хөг­жих хэрээр хүмүүсээс ажлын бай­рыг нь “булааж” байгаа нь алсдаа асуудал дагуулах болов уу?
-Мэдээллийн технологийн хөгжилд эрсдэлтэй тал бий ч энэ нь сорилт юм. Анх 2013 онд ТҮЦ машиныг Баянхошуунд нээж байсан. Тэр үед иргэний бүртгэл дээр төрөл бүрийн тодорхойлолтыг гаргаж өгдөг хүний ажлын байр асуудалтай болсон. Тэгвэл тухайн хүнийг өөр ажилд шилжүүлэхэд дахиад менежмент хийх хэрэгтэй. Мэргэжил дээр дагаад өөрчлөлт хэрэг болж байгаа гэж үүнийг хэлж байгаа юм. Жишээ нь, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ресепшин гэдэг орон тоог байхгүй болгож байна. Том оффис дээр очоод дэлгэц кноп дараад л асуух зүйлээ асуучихна. Хэрэгтэй үйлчилгээгээ авчихна. Тэгэхээр ажлын байр хаашаа чиглэх вэ? Энэ ажлын байр байхгүй болчихонгуут дараагийн ажлын байран дээр өрсөлдөөн бий болно. Тэр өрсөлдөөний төлөө залуус сурах, бэлтгэх хэрэгтэй болно. Яг одоо шахагдаж байгаа ажлын байрны тухайд бол эрсдэл. Энэ нь дэлхийн улс орнуудад шинээр тулгамдаж байгаа том асуудал. Давуу тал нь юу байх вэ, эрсдэл нь юу байх вэ. Эрсдэлийг яаж шийдэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бүхэнд бодлого хэрэгтэй. Ажлын байрны асуудал тийм ч хүнд зүйл биш. Хамгийн гол асуудал бол аюулгүй байдал юм.
-Улс орны аюулгүй байдалд эрсдэл үүснэ гэсэн үг үү?
-Аюулгүй байдал номер нэг. Дахиад юу харагдаж байна гэхээр эрсдэл. Тэгэхээр мэдээллийн технологийн хөгжлийг улс бодож хийх хэрэгтэй. Хамаагүй шоудаж болохгүй сэдэв гэсэн үг. Бид өөрсдөө бэлтгэлтэй байх ёстой.
Хамгийн энгийн жишээ хэлье. Фэйсбүүк бол Монголын биш Америкийн аппликейшн. Бид тэдэнтэй сая томоохон наймаа хийчихлээ. Сонгуулийн үеэр иймэрхүү төрлийн аккаунт хаах эрхийг өгөөч ээ гэж. Технологийн хэрэглээг дагаад биднээс үл хамаарсан нийгмийн харилцаа үүсч байна. Энэ харилцааг зохицуулахын тулд өөр улсаас тусламж хүсч байна. Тэгэхээр энэ салбар луу нэвтэрч орно гэдэг өөрөө том асуудал. Жишээ нь олон улсын цахилгаан холбооны байгууллага дээр манай улс шиг цөөн хүн амтай улс оронд хүндрэлтэй нэг асуудал байдаг. Сошиал орчин дахь англи хэлний асуудлыг яах вэ? Ipone утсанд монгол хэл суулгах саналыг анх Монголын Засгийн газарт гаргаж, хүсэлт тавьж байлаа. Яагаад гэвэл хүмүүс “сайн байна уу” гэж бичихээ больчихсон. Бүгд hi гэж бичдэг болсон. Сүүлдээ хоёр үсэгтэй энэ үг монгол хүний өдөр тутмын хэрэглээ болж эхэлсэн. Энэ бүхэн явсаар байгаад тодорхой хугацааны дараа гуравдугаар үедээ ороход “сайн байна уу” гэдэг үг байхгүй болно. Үг хэлнээс арчигддаг юм байна л даа. “Сайн байна уу” гэдэгт 11 үсэг, hi гэхэд ердөө хоёр үсэг. Агуулгаар нь ойлгочихдог. Энэ чинь хэл устах асар том эрсдэл. Үүний шийдлийг дахиад технологи руу аваачъя. Хүндрэл. Яаж шийддэг вэ гэхээр гол гол үйлдвэрлэгчидтэй тохирдог. Манай улсад ийм ийм асуудал байгаа шүү гэж ойлгуулах. Одоо Ipone албан ёсоор монгол хэлтэй гарч байгаа. Энэ бол бодлого. Тэгэхээр технологи нэвтрэх нь зөв боловч бид өөрсдөө сууриа шат дараатайгаар сайн бэлтгэх хэрэгтэй. Үүнд иргэдээ бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь, Сингапур смарт улс болохын тулд юуны өмнө иргэдээ бэлтгэж сургасан. Олон хөтөлбөрийг үүний тулд хэрэгжүүлсэн боловч нас тогтсон, өөрийгөө олчихсон бидэн шиг хижээл хүмүүс юм ойлгохгүй байжээ. Арга ядаад дунд сургуулийн хүүхдүүдэд наймдугаар ангиас нь хичээл заасан байна. Гэтэл гайхалтай үр дүн гарсан нь гэр бүлийн залуу гишүүн технологи сураад ирэхээр аав, ээж нь дагаад тийшээ ордог илэрхий болсон.
-Таны зорьж яваа энэ өөрчлөлтийг улс төрийн аль нэг намынхан мөрийн хөтөлбөртөө багтаагаад хэрэгжүүлээд яваасай гэж хүсч байна уу, эсвэл өөрөө улс төрд оролцох замаар хийж хэрэгжүүлэх сэн гэж бодож байна уу?
-Би өөрөө зөв гэж бодсон, харсан зүйлээ өөрөө хийх дуртай. Надад боломж олдохгүй байж магадгүй. Тэгэхдээ би дэмжихэд дуртай. Зөв зүйлийг хэн байхаас нь үл хамааран “гоё байна” гэж хэлж чаддаг. Өөрийнхөө хэмжээнд топ сургуульд суралцахдаа би нэг зүйлийг ойлгосон. Дэлхийн мэдлэгийн том ай саваас би захлаад л гарч байгаа гэдгээ. Мөн долоон тэрбум хүний нэг эс гэдгээ. Гэхдээ би энэ салбарыг ойлгосон, дурласан. Сайн яваасай гэх үүднээс дуугарсаар байна. Боломж олдвол хэрэгжүүлэхийн төлөө явна. Би яриад л байх дуртай хүн биш. Харин хийх дуртай. Амьдралд гал шиг ассан энэ хэсэгхэн хугацаанд зөв юм хийчхээд явна гэдэг гоё. Энэ бол бүтнэ. Үүнд гар бие оролцоно гэж бодож байна.
-Улс төрд тууштай явах амбицтай залуус АНУ руу Харвард явдаг. Харин та яагаад Солонгост сурахыг сонгосон юм бол?
-Би 2004 онд Их засаг сургуулийг төгсөөд мөн сургуульдаа 2006 онд магистр хамгаалсан. Дараа нь шууд АН-ын нарийн бичгийн дарга боллоо. Улс төрийн бодлогын хэлтсийн дарга. Өөрийгөө том болчихсон гэж бодож байсан тэр үед нэг улстөрч “Их засаг төгссөн нэг муу боловсролгүй залууг намд том албан тушаалд авчихсан” гэж миний нүүрэн дээр хэлсэн. Тэгэхэд би нэг зүйл бодсон. Миний лаг гэж бодсон зүйл зарим хүнд худлаа санагддаг юм байна гэж. Дараа нь сонгуульд Ардчилсан нам ялж 2012 онд Харилцаа холбооны зохицуулах газарт даргаар очиход 29 настай байлаа. Дахиад маш том зүйлийг ухаарсан. Би хэл уснаас эхлээд болоогүй байна даа гэж. Тэгээд л шууд гадагшаа сургуульд явах ёстой гэж шийдсэн. Мэдээллийн технологиос өмнө өөрийгөө таньсан. Тэгээд суралцаж эхэлсэн. Эцэст нь ажлаа өгснийхөө дараа долоо хоноод л сургуульдаа явсан. Тухайн үед хүмүүс сонгуульд нэр дэвшээч гээд хөөргөөд л... Би юм мэдэхгүй гэдгээ мэдсэн учраас эргэлзэлгүй сургуульд явсан. Миний хувьд судалгаа хийх суурьтай сургуульд явъя гэж бодсон. Хоёрдугаарт, Солонгост сурах нь амьдралд ойр байсан. Эхнэр жирэмсэн үлдсэнийг хэлэх үү... Би сурах хугацаандаа Монголд нэг, хоёр удаа л гарцаагүй шаардлагаар ирээд буцсан.
-Монголдоо эргээд ирэхэд өөрчлөгдсөн зүйлс юу байв?
-Юу ч байгаагүй.
-Монголд бизнес эрхлэхэд ямар байна даа?
-Тогтвортой ажлын байр бий болгох, татвар төлөх гэдэг ямар чухал бөгөөд хэцүү болохыг биеэрээ л мэдэрч байна даа. Миний таньж мэдэхгүй ямар олон мундаг баялаг бүтээгчид байдаг юм бэ гэдгийг энэ салбараас мэдэж байгаад туйлын их баяртай байгаа. Бизнес миний эцсийн зорилго биш. Надад төлөвлөж байгаа зүйлс их байна. Улсынхаа хөгжилд өөрөөс хамаарах бүхий л зүйлээ зориулна гэж хичээж байна. Би мөрөөдөгч биш учраас нэг бүтээгч, оролцогч нь байх болно. 

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com