УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН 65 суудал авч, үнэмлэхүй олонх болсон билээ. Ингээд УИХ-ын даргаар М.Энхболд, Ерөнхий сайдаар УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон Ж.Эрдэнэбат томилогдсон. Харамсалтай нь, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 1.4-хөн жил “наслаад” бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Шалтгаан нь, тухайн үед ХНХ-ын сайдаар ажилласан Н.Номтойбаяр, ХЗДХ-ийн сайд асан С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат болон Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нар хуйвалдан 800 тэрбум төгрөгийн концессыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрсдийн мэдлийн компанидаа авснаас үүдэлтэй.
Тэрчлэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн нутаг дахь Тост, тосон Бумбын тусгай хамгаалалттай газрын лицензийг өөрийн хувь эзэмшдэг компанидаа авсан нь засгаа унагахад нөлөөлсөн гэдэг. Түүний энэ хууль бус лицензийн асуудал 2019 оноос хойш яригдаж байгаа бөгөөд сонгууль дөхсөн энэ өдрүүдэд мандат булаалдсан МАН-ын гишүүдийн хувьд Сэлэнгэ аймагт тойрог горилж, Ж.Эрдэнэбатыг татан унагах бэлэн өгөөш болж байгаа бололтой.
Гэхдээ нэг намын гишүүдийн хагарлаас илүүтэй Ж.Эрдэнэбат гэдэг хүн үнэхээр хууль бус үйлдэл хийсэн эсэх, Монгол Улсад хохирол үзүүлсэн эсэх, эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашигласан эсэхийг гаргаж тавих нь сонгууль дөхсөн энэ өдрүүдэд мэргэн уншигч, хэрсүү сонгогч нарт сонголтоо зөв хийхэд нь дэм болно гэдэгт итгэж байна.
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан шалтгааны тухайд...
2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд АТГ-аас сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шалгаж байгаа гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг. Шалгаж буй үндэслэл нь, Өмнөговь аймгийн нутаг дахь Тост, тосон Бумба, Сэлэнгэ аймгийн “Ноён уул”, Булган аймгийн Тэшиг сумын тусгай хамгаалалттай газар нутагт олгосон тусгай зөвшөөрөлтэй холбоотой гэж прокурор тайлбарласан юм.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа дээрх нутгуудын хилийн заагт талбай нь давхацсан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалж, улмаар эзэмшигчтэй нь хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар өөр газарт тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай Засгийн газрын 256 дугаартай “Нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол батлах тухай” тогтоолыг баталжээ.
Эндээс л бүх асуудлын эхлэл тавигдсан аж.
Засгийн газрын 256 дугаар тогтоолыг үндэслэн н.Соргогбаатар захиралтай “Элбэг орд” компанид “Улаан сайр-1”, “Улаан сайр-2” буюу нийт 8397.7 га талбайг нөхөн олговрын зориулалттаар шинээр тусгай зөвшөөрөл олгосон байна. Харин “Улаан сайр-2” талбайгаа н.Соргогбаатар захирал 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон түүний төрсөн дүү Э.Эрдэнэтөгс нарын хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанид ердөө ТАВХАН САЯ төгрөгөөр худалджээ.
Тэгвэл Ж.Эрдэнэбат гишүүний 2018 оны ХОМ-т “Хэрх илч” компанийн нэр байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Ж.Эрдэнэбат 31 хувийг, үлдсэн 69 хувийг түүний төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс эзэмшдэг нь тогтоогджээ. Хамгийн ноцтой нь дээрх ТАВХАН САЯ төгрөгөөр худалдсан 1463.82 га талбай нь Ашигт малтмал, газрын тосны газрын 7/6063 дугаартай лавлагаагаар стратегийн ач холбогдол бүхий орд газарт авагдсан талбайтай бүхэлдээ давхацсан болох нь нотлогджээ. Хачирхалтай нь, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын суудлаас огцроод дараагийн Ерөнхий сайдыг томилогдох 28 хоногийн хугацаанд буюу түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа дээрх тогтоол, шийдвэрийг яаран сандран гаргасан нь хардлага төрүүлж байгаа.
Түүнчлэн эл хэрэгт өөр нэг компанийг татан оруулсан явдал. Ж.Эрдэнэбат гишүүн дээрх тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдаж авснаас хойш таван сарын дараа “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбатын дөнгөж шинээр байгуулагдаад байсан “Бэст лэнд майнинг” компанид “Ашигт малтмал олдвол хувааж авах” нөхцөлтэйгээр НЭГХЭН САЯ төгрөгөөр худалдсан асуудал. Учир мэдэх хүмүүсийн яриагаар нэр ижил энэ хоёр эрхэм гэр бүлийн дотно найзууд гэнэ лээ.
Энэ бүх үйл явц, мэдээлэл, нотлох баримт дээр тулгуурласан прокуророос 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг АТГ-т шилжүүлжээ. Энэ дагуу өнөөдрийг хүртэл Ж.Эрдэнбатад прокурорын тогтоолыг танилцуулах гэж мөрдөгчид удаа дараа оролдсон боловч тэрбээр тогтоол шийдвэртэй танилцахгүй, зугтсаар байгаа гэнэ.
Ж.Эрдэнэбатыг гишүүнээс нь түдгэлзүүлэх үү?
Ж.Эрдэнэбатын лицензийн асуудал дэгдэх үед 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр тайлбар өгсөн байдаг. Тэрбээр “Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын нэг тогтоол гаргасан. Тэр тогтоол нь Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруу, манай Сэлэнгэ аймгийн “Ноён уул” орчмын газар, Булган аймгийн Тэшиг гэх мэт гурван сумын нутаг дэвсгэрт байгаа улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад лиценз эзэмшиж байсан компаниудын лицензийг хүчингүй болгоод энэ хүрээнд өөр компаниудад нөхөн олговор өгөх маягаар өөр газарт лиценз олгосон Засгийн газрын тогтоол байсан. Энэ тогтоолтой холбоотойгоор хамрагдсан нэг ААН-ээс өөрийн эзэмшил бүхий компани дээр лиценз шилжүүлж авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллага намайг шалгаж байгаа. Ер нь Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани тэр хавьд газар авсан юм билээ. Авсан газар дээрээ хайгуул хийж үзээд тодорхой хэмжээнд юм олоогүй. Тиймээс өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан асуудал байгаа. “Хэрх Илч” бол миний төрсөн дүүгийн компани, би тодорхой хэмжээний хувь эзэмшдэг. Тиймээс ХОМ-тээ мэдүүлсэн ийм л компани” гэж өөрийнхөө амаар дээрх бүх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн юм.
Ж.Эрдэнэбаттай холбоотой энэ хэрэг хэсэгтээ хууль, хяналтын байгууллагын шалгалтын шатанд явж байгаа гэсэн хариултаар нам гүм болсон бол саяхнаас эргээд олны анхаарлын төвд ороод буй. Гэхдээ ороод гэх үү, оруулаад гэх үү, ямартай ч сонгууль хаяанд ирсэн энэ үед улс төрийн өнгө аяс, нам доторх одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “32”-ийн албан бус бүлгийг нухчин дарах гэсэн хандлага, цаашлаад хагарлаас үүдэн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг АТГ-аас прокурорт гаргаснаа энэ өдрүүдэд мэдэгдээд байна.
Ерөнхий сайд болсны дараа орлого нь хэд дахин нэмэгдсэн бэ?
Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө жилийн орлого нь 99 сая төгрөг, гурван орон сууц, дөрвөн компаниас хувь эзэмшдэгээс нэг нь түүний 100 хувийн мэдлийнх, хадгаламж, бэлэн мөнгө нь 21.9 сая төгрөг гэж АТГ-т мэдүүлж байжээ. Тэгвэл Ерөнхий сайдын албанаас буусны дараа хөрөнгө орлого нь 169.8 сая болж өсч, хадгаламж, бэлэн мөнгө, картны үлдэгдэл нь 114.3 төгрөг болтлоо тав дахин нэмэгджээ.
Ийнхүү 100 жилийн түүхтэй ууган нам асуудал гарвал тогоон дотроо шийддэг зарчмаасаа ухарч, Ерөнхий сайд нар нь нэг нэгнээ яллаж, шоронгийн хоригдол болгож, эсвэл шоронд хийнэ гэж сүрдүүлэн, дараагийн төрийн эрхийг авах увайгүй аргаа боловсруулан хөнжил дотроо хөлөө жийлцэж сууна. Арай ч дээ.
Угтаа Монгол төрийн Ерөнхий сайд гэдэг суудлаасаа буусан ч эрхэмлэх нэр төртэй, хойч залуу үедээ үлгэр жишээч, хийсэн бүтээсэн үйл хэрэгтэй, нэр цэвэр, цус ариун үйл хэрэгтэй байх учиртай. Энэ бол нэг хүний нэр төр гэхээс илүүтэй Монгол төрийн дархлааны тухай асуудал. Наанадаж бодох нь, үе үеийн Ерөнхий сайд нь ийм, тийм авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан гээд гүүглээр хайхад гараад ирвэл гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд итгэнэ гэж үү?
Хэчнээн чигч шударга Ерөнхий сайд шинээр гарч ирлээ ч өмнөх Ерөнхий сайдуудынх нь тарьсан балаг зүгээр арчигдаад өнгөрөхгүй нь лавтай. Монголчууд бид “Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино” гэж ярьдаг. Гэвч МАН-ын үе үеийн Ерөнхий сайд нарт нэгнээ түлхэн унагаж, төрийн эрхийг ямар ч хамаагүй аргаар гартаа оруулж л байвал Монгол төрийн дархлаа, олон улс дахь нэр хүнд гэсэн ойлголт, цаашлаад эх орноо, ард түмнээ гэсэн сэтгэл юуны ч хамаагүй байдаг нь У.Хүрэлсүхийн Ж.Эрдэнэбатыг яллаж байгаа үйлдлээс тод харагдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН