Засгийн заль
Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар Засгийн газар шийдвэрлэв. Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100.000 төгрөгөөр тооцож, нийт 5000 тн ноолуур худалдан авахаар төлөвлөж ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж, 3600 тн ноолуур худалдан авч, 6400 тн -ыг гадны худалдан авагчдад борлуулах боломжтой болно гэж мөрөөдөв. Гэвч засгийн энэ мөрөөдөл нь үйлдвэр эрхлэгч нарт сонин биш байв. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртчихөөд байхад нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах сансрын үнэ гаргаж ирдэг солиотой хүмүүсийг зөвхөн Монголд л харж болохоор байна.
Үйлдвэрлэгч нарыг дэмжихээсээ тулган шаардсан энэхүү төлөвлөгөө нэг л явцгүй болонгуут малчдын саналыг худалдаж авах аргыг зохиов. Үүнийг сийрүүлбэл Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 29-ний хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, А.Сүхбат, Л.Энх-Амгалан нараас тогтоолын төсөлд 3 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Энэ нь заалтад Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай хэмээн лүндэн буулгав.
Үүний Нэгдүгээрт, ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах
Хоёрдугаарт, ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг тэглэх асуудлыг шийдвэрлэх
Гуравдугаарт, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох
Дөрөвдүгээрт, ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах хэмээн тусгажээ.
Мөн ноолуурын экспортын талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, “Тогтоолд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон. Засгийн газраас гаргасан 101 тоот тогтоолын жишгээр Монголд жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг.
Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуур авалтыг хийж эхэлсэн. Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, ноолуур худалдан авах ажиллагаа явагдаж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл үүссэн учир Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон.
Иймд УИХ-ын тогтоолд дээрх зохицуулалтуудыг оруулсан. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байна. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ. Яам холбогдох журмаа боловсруулж, зохион байгуулалтаа хийнэ” гэлээ.
Хамгийн олон хүүхэдтэй айл ядуу, олон ямаатай малчин хамгийн
баян нь
Ийнхүү малчин ард чадвал кг ноолуураа 100 мянган төгрөгөөр борлуулаад дээрээс нь кг тутамдаа засгаас 20 мянган төгрөг нэмж авах нь ээ. 2019 оны мал тооллогын нэгдсэн дүнгээр манай улс 29 253.4 тоо толгой ямаа тоолуулжээ. Манай улсын малчин өрх 169.7 мянга, малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй мал бүхий өрх 59.2 мянга байгаа аж. Засгийн газрын шийдвэрээр бол 200 тэрбум төгрөгийг малчдад өгөх нь. Харин статистикийн мэдээгээр тооцож үзэхэд малчдад 260 тэрбум орчим төгрөгийг зориулах нь. Энэ нь хүүхдийн есөн сарын мөнгөтэй тэнцэнэ.
Монголын нэг өрх дунджаар дөрвөн хүүхэдтэй байдаг. Дунджаар шүү. 200 тэрбум төгрөгийг 12 сарын туршид зарцуулдаг байх нь.
2018 оны жилийн эцсийн дүнгээр манай улс 0-16 насны 1,080,831 хүүхэдтэй байж. Товчилбол манай улс 30 сая шахуу ямаатай, сая нэг зуун мянган хүүхэдтэй. Малын өсөлтийг төрлөөр авч үзвэл ямаа 7.8 хувиар, хонь 5.6 хувиар өсчээ. Засгийн газрын энэ шийдвэрээс болоод ямаа цаашид өснө. Харин 20 мянгаар нэг хүүхдийг бүтэн сарын турш тэжээж дийлэхгүй дээрээс нь хамгийн олон хүүхэдтэй айлууд хамгийн ядуу байдаг учраас хүүхэд нэг их өсөхгүй.
Тэгэхээр эндээс ямаанд мөнгө өгч малчдыг хахуульдаж сонгуулийн санал авах цаашид ямаагаа өсгөж бэлчээрээ талхлах бодлого гэхээс өөр үг алга. Тэртэй тэргүй хэдхэн жилийн өмнөөс ямааны ноолуурт урамшуулал олгож эхэлснээс хойш малчид ямаагаа өсгөж эхэлсэн. Тиймээс малчдын суурьт хамгийн олон тоо толгойг ямаа эзэлдэг. Ямаатай малчин орлоготой. Хамгийн олон ямаатай малчин хамгийн баян.
Монгол Улсын хүүхэд ямаа хоёрын тоо толгойг судалж байхдаа хүнээ малаасаа дор үздэг засаг төрийн ажлыг амархан харчхаж болно. Учир нь 2019 онд малаа тоолоод тоо толгой бүрээр нь тоолоод гаргасан хэрнээ жил дундаа орж байхад өмнөх оны жилийн эцсийн хүний тоо гараагүй байх аж. Монгол хүн ангор үүлдрийн ямаанаас ямар ч үнэ цэнгүй хүүхдүүд хөөрхий.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН