Б.Дамдин-Очир
Хоёр жил гаруй хугацаанд ажилласан У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том ажил нь Тавантолгойн IPO гаргах байв. Ерөөс Тавантолгойн ордын асуудал хөндөгдөхөөр цочиж сандардаг хүн олон бий. Голдуу эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд байдаг. Тиймээс Тавантолгойн ордод IPO хийе чин үнэнээсээ зүтгэдэг нь бараг үгүй байв.
Учир нь юу хэмээвээс Тавантолгойн ордыг энэ хэвээр нь байлгаж, нүүрсийг нь түүхийгээр зөөлгөөд, тэндээс “тав гурван юм” цохидог гэх албан бус мэдээлэл үүнд нөлөөтэй. Тэр ч бүү хэл, сүүлийн үед түүхий нүүрсийг нь улсын төв рүү зөөж угаагаад өндөр ашиг олдог болсон тухай ч яригдаж байсан.
Ер нь л Тавантолгойн ордод IPO хийлгүй, дэд бүтэцгүй, ингээд байж байх нь хэдхэн хүнд хэрэгтэй байсаар ирсэн. Ийм байдлаар Тавантолгойн орд нь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хорхойг гозгонуулж, хэнийг ч ямар ч шийдвэр гаргуулалгүй “авч үлдсээр” ирсэн. Харин У.Хүрэлсүхийн үед зоригтой шийдвэр гаргаж Тавантолгойн ордын IPO-г хөдөлгөсөн.
Нөгөөтээгүүр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын үед хийхээр эхлүүлсэн IPO-г урьд өмнөхүүдээс арай “эрүүл” хэмээн судлаачид, ажиглагчид хэлж байлаа. Энэ ажилд төрийн сайд, төслийн удирдагчид нь хувийн сонирхол гэдэг хуруу гараа дүрчихгүй бол түмний хүсээд байсан хувилбар яахын аргагүй мөн гэдэг.
Улсын Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гаргаж, Засгийн газар 2019 оны наадмын өмнөх өдөр мөн тогтоол гаргаж IPO хийх ажил эхэлсэн байдаг. Жил хүрээгүй ч чилийсэн есөн сарын хугацаанд уг тогтоолын дагуу байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ 80 хувьтай урагшлуулжээ.
Ажлынхаа 80 хувийг амжуулчихсан хувийн компани ямар ч саад тулгарсан У.Хүрэлсүхийн Засгийн газар шиг татгалзаж, татан буулгана гэж үгүй. Харамсалтай нь Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны даваа гарагт ээлжит бусаар хуралдаад тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь буюу “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгаж, Тавантолгойн ордод IPO хийх ажлаа нураав.
Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүх шиг үг бүрээс нь “зориг” ханхлаад байдаг Ерөнхий сайдыг ийм шийдвэр гаргана гэж олон хүн бодоогүй биз.
Тогтоолыг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны албан мэдээнд “…Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан. Гэсэн хэдий ч сүүлийн үед улс төрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул” хэмээн тайлбарлажээ. Бас энэ тогтоолыг цуцалсан нь “…Дотоодын улс төрөөс боллоо” гэсэн албан бус тайлбар гарсан.
З.Энхболдын хэлээд байсан шиг “…Тавантолгойн ордыг маш хямдаар хятадуудад тавиад туучих” гээгүй л юм бол, Тавантолгойн ордод IPO хийж гялайлгах гэж байсныг нь энэ хүн мушгин гуйвуулсан нь үнэн л бол юунд өөрийнхөө шийдвэрийг өөрөө хүчингүй болгочхов оо.
Тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны дараа “…Сонгуулийн өмнө Эрдэнэс Тавантолгой ба уурхайчдаар дамжуулж улс төр хийх гэсэн З.Энхболд тэргүүтэй улстөрчид, төлбөртэй тэмцэгчдийн төлөвлөгөөг У.Хүрэлсүх сэлэмдэж орхилоо” гэсэн PR цахим сүлжээнд хөврөв. Үгүй л дээ. У.Хүрэлсүх өөрийгөө л сэлэмдсэн.
Өөрийнхөө шийдвэрийг өөрөө цуцална гэдэг улсын лидер болохоор зорьж байгаа хүнд байж болохгүй алдаа. Хэлсэн л бол хийж, хийсэн л бол үр дүнг нь үзэх ёстой. У.Хүрэлсүх өөрөө ингэж хэлдэг. Олон удаа хэлсэн.
“…Улс төрийн зорилгоор мушгин гуйвуулаад байсан” гэж гонгинохын оронд ганц З.Энхболд, хэдэн уурхайчныг давж гарч ажиллаж, олон нийтэд зөв ойлгуулж чадахгүй хэвлэлийн алба, PR-ын багаа У.Хүрэлсүх татан буулгаад хөөж явуулах хэрэгтэй.
Ерөөс Тавантолгойн ордод IPO хийх Засгийн газрын тогтоолоо “сэлэмдсэнээр” У.Хүрэлсүх засаглаж чадаагүй гэдгээ харуулж байгаа юм. Засгийн газрын албан мэдээлэлд дурдсанчлан, бас өнгөн дээрээ харагдсанаар тогтоолыг АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд, хэдэн уурхайчин IPO-г эсэргүүцэж харагдсан. З.Энхболд бол АН, АН бол сөрөг хүчин. Сонгууль ойртсон. Тийм учраас энэ байтугай улс төрийн ийм сөрөг дайралт У.Хүрэлсүх болоод эрх баригч МАН-д ирнэ. Үүнийг У.Хүрэлсүх мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай.
Гэтэл У.Хүрэлсүх нэгэнт эцэст нь хүрч чадахааргүй ажил эхлүүлж, маргаашийн “өөх” рүү зүтгээд өнөөдрийн “уушги”-аа барлаа. Өөрөөр хэлбэл, түүний “…IPO хийнэ” гэж гүйгээд гаргасан зардал нь гол харламаар өндөр дүнд хүрчээ.
“…Улсын мөнгө уйлдаггүй” гэж үнэн үг юм. Тавантолгойн ордын IPO зогссоноор “Голомт”-ынхны барих гэж байгаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бас гацна. Энэ төмөр замыг барихаар Засгийн газраас 300 гаруй сая ам.доллар гаргачихсан. Үлдсэнийг Тавантолгойн ордын IPO дээрээс босгох байв. Дахиад нэг овоолсон шороо үлдэж, хэн нэгэн балрах магадлал өндөр болчхож байгаа юм.
Тавантолгой шиг том ордын IPO хийх ТЭЗҮ, үүнийг хийхийн тулд гадаадын зөвлөх үйлчилгээний компаниудад өгдөг маш их мөнгө, бусад бэлтгэлд ямар зардал гарсан бэ. Бас эдгээр ажлыг зохион байгуулах зорилготой “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулахад болоод тэдний үйл ажиллагаанд гарсан зардал нь хэр зэрэг вэ. Боож үхмээр тоо гарна шүү дээ.
Ядаж байхад 2020 оны сонгуулиар засгийн эрх авсан улс төрийн хүчин, тодорхой хэлбэл дараагийн Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 14 тэрбум гаруй ам.долларын гадаад өрийг төлөх ёстой. Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх Тавантолгойн ордод IPO хийж гялайлгадаггүй юм гэхэд ингэж зарлага гаргаагүй бол дээр байсан юм. Угтаа улсын мөнгийг ингэж үрэн таран хийнэ гэдэг гэмт үйлдэл мөн. Тиймээс У.Хүрэлсүхийг яаран сандран гаргасан тогтоолоо цуцлахаар том хэмжээний шатгаан цаана нь нуугдаж байна гэсэн үг.
“Зууны мэдээ” сонин өмнө нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгаж, IPO-гоо зогсоох вий гэдэг мэдээллийг хүргэж байсан. 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас “… “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргаж байж асуудлыг шийдье” гэж ярьсан байдаг.
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг шалгах ажлын хэсгээ ч байгуулалгүйгээр 2019 оны 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг шууд бүхэлд нь хүчингүй болгосон. Үүнээс болоод Тавантолгойн ордын IPO гацаж, дагаад “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК татан буугдчихаж байгаа хэрэг.Тавантолгойн ордын IPO-г гацааж, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр тун сонин “яриа хөөрөө” өрнөсөн байна.
Засгийн газрын зарим гишүүн, тухайлбал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 296 дугаар тогтоолыг барьж байгаад зарим сайдаа “нүдэж” өгчээ. “…Ийм юм болно гэж хэлээд байсан шүү дээ”, “…Хуурч тогтоол гаргасан, үр дүн нь ийм байна” гэх зэргээр Ерөнхий сайддаа, УУХҮ-ийн сайддаа хатуухан хэлсэн байна.
Эндээс их сонин зүйл бас харагдаад явчихна. Эдгээр сайд нарыг мэдэх хүмүүс нь мэднэ. Хэн бэ, “хэн”-ийг дэмждэг вэ гэдгийг мэднэ. Бас үсээ хусуулж, дараа нь чихээ хүртэл огтолно гэж айлгаад байсан уурхайчид, том тэрэгний жолооч нарын ард хэн байх вэ гэдэг бас л ойлгомжтой.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд чөлөөлөгдөж, оронд нь очсон Б.Ганхуягтай маш ойр болсон энэ компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ эсэргүүцлийн гол рольд явж байсан нь нэгийг хэлнэ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани шүү дээ. Гэхдээ охин компани нь IPO хийж, жилийн орлого нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иасаа илүү болсон. Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн ажлын үр дүн гараад ирэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, түүнийг дагасан том бүтэц шаардлагагүй болох нөхцөл үүссэн. Дашрамд хэлэхэд онцгой байдлын үед уурхай дээр нь хэдэн өдрийн турш ийм үйл явдал өрнөж байхад толгой компани тайван сууж байсан нь бас л анхаарал татмаар шүү.
Гэвч энэ бас л цаадах шалтгаан биш. Цаад шалтгаан нь Тавантолгойн өрөм гэгддэг Зүүн Цанхитай холбоотой.
Энэ нь маш том эрх ашгийг хөндсөн гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн эзэмшдэг лицензэд нь Зүүн Цанхи багтдаг. Энэ хэсэг газрыг эртнээс сонирхож ирсэн нэг газар бий. “Гурван үсэгтэй компани” гэхээр хүмүүс мэднэ. Ухаа худагаас ухдаг нүүрс нь чанараараа Зүүн Цанхийг гүйцдэггүй. Тэгэхээр Тавантолгойд асар их зардал гаргаад удаан жил оршин сууж байгаа “Гурван үсэгтэй компани”-ийн мөнхийн мөрөөдөл л Зүүн Цанхи юм.
Гэтэл У.Хүрэлсүх “өрөм”-ийг эргэлтэд оруулж IPO босгоно гэсэн нь тэдний дургүйг хүргэж таарна. Тиймээс бүх талаараа хөдлөөд үр дүнд хүрч Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайдын өөрийнх нь гараар үгүй хийлгэж чадав. Энэ ажиллагаанд идэвхийлэн оролцсон нөлөө бүхий бас нэг эрхэм бол Тавантолгойн ордтой нэг насаараа уяатай, Ерөнхий сайд асан эрхэм юм.
Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө шийдвэрийг өөрөө цуцаллаа. Дүнд нь Тавантолгойн IPO ээлжит гацаандаа орлоо.
Хэрвээ У.Хүрэлсүх Тавантолгойн ордод IPO хийж чадсан бол өөрийнх нь хүсдэгээр Төрийн ордны хананд хөргөө өлгүүлсэн төдий биш, жинхэнэ түүхэн Ерөнхий сайд болохдоо нэг том алхам дөхөх байв. Одоо бол У.Хүрэлсүх өмнөх Ерөнхий сайд нар шиг эрх ашгийн зөрчилд хэрчүүлсэн, эсвэл ашиг сонирхлоо ажил болгох гээд чадаагүй хоёрын аль нэг нь болж үлдэв.
Хамгийн гол нь Тавантолгойн ордоос ард түмэн өндөр хувьтай, улс татвартай, аж ахуйн нэгжүүд орлоготой болох байсан. Энэ тухай хэсэгтээ мөрөөдөөд ч хэрэггүй боллоо.
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН