Сар бүрийн эхний өдрийг ахмадууд тэтгэврийн хэдэн төгрөг орсон баярт мэдээтэй зэрэгцэн хөнгөлттэй эмийн санхүүжилт дуусахаас өмнө даралтынхаа эмийг авчих юм сан гэх хүсэл тэмүүлэлтэйгээр эхлүүлдэг болоод байна. Тавдугаар сарын нэгэн буюу өнгөрөгч баасан гаргийн өглөө ажилдаа яарах мөчид эмийн сангуудын гадаа дугаарлан зогссон ахмадуудын төрх сэтгэл эмзэглүүлэв. Өглөөний 08.00 цагийн үед гэхэд СУИС-ийн хажуугийн Монос эмийн сангийн салбарын үүдэнд 5-6 метр орчим дараалал үүссэн харагдав. Түүнээс чигээрээ доош уруудахад мөн л зам дагуу хэд хэдэн эмийн сангийн үүдэнд ийм төрх ажиглагдсан юм. Энэ үеэр хоёр метрийн зай барих, хоёроос дээш хүн нэг дор цугларахгүй байх гэх мэт ЭМЯ-наас иргэдийг коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд өгдөг зөвлөгөө мартагдсан дууль болчихсон байв. Үдийн 11.00 цагийн үед энэ талаар сурвалжлахаар Улаанбаатар шилэн банкны хажуугийн эмийн сангийн үүдэнд дугаарлан зогсоо иргэдтэй уулзлаа. Эмийн сангийн харуул гадаа дугаарлах иргэдийг дарааллын дагуу оруулж байна. Үүдэнд нь 50 орчим иргэд байна. Үнэндээ энэ хүн арай залуухан юм уу гээд хэлчих хүн олдсонгүй. Дээрээс төөнөх наранд цохиулж дарааллаа хүлээх ахмадууд суух ч газар үгүй тул байшин налан зогсоно. 75-80 орчим насных болов уу гэмээр эмэгтэй арга ядахдаа газар суусан харагдана. Эмийн сан руу орох дараалал нь ойртсон 60 орчим насны эр хэлэхдээ “Өглөөний 08.00 цагийн үед ирсэн боловч түүнийг ирэхэд хэдийнэ 30 орчим хүн өмнө нь дугаарлаж байсан гэнэ. Эмийн сан 09.00 цагт хаалгаа нээж дарааллын дагуу иргэдэд үйлчилж байна. Одоо харин нохойн дуу ч ойртлоо шүү гэх түүний тэсгэл алдсан яриа. Гартаа жижигхэн хэмжээний уутанд эмчийн жор, үзлэгийн дэвтрээ хийчихсэн их л нандигнаж харагдана. Учир нь энэ бичгээ хаа нэгтээ гээчихвэл түүний гурван цаг орчим халуунд манартлаа зогссоны хэрэг үл гарах. Тэрээр хөгшнийхөө болон өөрийнхөө сарын хэрэглээний эмийг хөнгөлттэй үнээр авахаар ийнхүү зогсоо аж. Сард 80 орчим мянган төгрөгийн эм авч уудаг. Хөнгөлттэй жороор авахаар 20-30 мянган төгрөг хөнгөлөгдөөд 50 орчим мянган төгрөг болдог аж. Өөрөөр хэлбэл сарынхаа эмийн хэрэглээнд зориулдаг мөнгөнөөсөө 30 мянган төгрөг хэмнэхийн тулд гурван цаг гаруй хөлөө чилтэл, даралтаа ихэстэл өглөөний мандах нараас урьтаж дугаарлан зогсоо нь энэ аж. Тэрээр өмнө нь хэд хэдэн удаа хөнгөлттэй эм авахаар өдөржин дугаарлаад үдийн хэрд санхүүжилт дууссан гэх хариулт сонсон буцсан учраас өнөөдөр ийнхүү эртлэн гарчээ. Аз болоход ямар ч байсан эмээ авчих юм шиг байна. Санхүүжилт нь дуусах болоогүй гэнэ хэмээн хэлэхэд хажуунаас хөгшчүүл овоо л доо хэмээн баярлан дуугарцгаав. Тэд дэгтэй хийгээд журамтай, хүлээцтэй хандаж байна. Адилхан нас нь өндөр болсон ч “Үүнийг маань түр дотор оруулаад суулгачих боломж алга уу хэмээн арга ядан цементэн дээр хөлөө жийн суугаа эмээгийн талаар хамгаалагч залууд хэл дуулгана. “За удахгүй дотор оруулаад суулгачихъя” хэмээн боломж бололцоогоороо тэдэнд анхаарч ажиллахыг хичээж харагдана. Шийдсэн хүн гэдэг шиг л хөлөө жийн нарны малгайгаа дух руугаа тавьчхаад дарааллаа хүлээх зуураа ойр хавийн хөгшчүүлтэйгээ буу халан суугаа тэрээр Сүхбаатар дүүргийн иргэн Л.Бадамжав юм. Түүний охин нь саажилттай учраас сард олон төрлийн эм уудаг тул ийнхүү өөрийнхөө болон охиныхоо эмийг авахаар суугаа нь энэ аж. Эхийн хайр шиг ийм л агуу, үнэн ч хайрыг хүн төрөлхтөн энэ хорвоогоос хайгаад олохгүй биз. “Та ч лут хүн юм аа. Хүүхдүүдээ явуулахгүй яасан юм бэ. Халуунд хэцүүдлээ хэмээн түүнээс асуухад “Над шиг завтай хүн хэн байх вэ. Өнөө муу хэдэн хүүхэд чинь хоногийн хоолоо залгуулахаар ажилдаа өглөө гараад орой орж ирнэ. Бас энд дугаарлах гээд нэг өдрийн ажил алдах юм болно. Надад ямар хийх юм байх биш хүлээж байгаад авчихна” хэмээх додигор хариултаар намайг өлхөн мад тавьчхав. Түүний шинэхэн танил найзууд нь хажуунаас нь хариултыг нь “Үнэн, үнэн” хэмээн дэмжицгээв. Үхтэл үр харам гэж хэдэн буурлууд маань төрийн үйлчилгээний хүнд сурталд хөлөө жийн хүлээцтэй хандана. Замын эсрэг талд байрлах эмийн сангийн гадаа байдал харин ширүүхэн байна. “Чи хэзээ наанаа байсан юм. Адилхан настай хүн байж дарааллаараа л ор хэмээн урд хэсэгт байраа эзлэх гэж байгаа 60 орчим насны эрэгтэй рүү ард зогсох хөгшчүүл бухимдаж харагдана. “Тэдний нэг Х.Сүрэнхорлоо хэлэхдээ “Сар бүрийн эхэнд хаа газрын эмийн санд дугаарлах гэж хэцүү юм. Хөнгөлөлтийн хэдэн төгрөг нь хаа юм гээд өдөржин ингэж зогсч байна шүү дээ. Дандаа санхүүжилт дууссан гэнэ. Үнэн худал нь бүү мэд. Хэдэн муу сайн хөгшчүүлийг ингэж зовоодгоо болимоор юм. Ядаж байхад зарим нь адилхан дугаарлаж байж урдуур дайраад байх юм. Өдөржин зогсоод эмээ авч чадахгүй бол хэцүүднэ шүү дээ. Эмний үнэ өндөр гэж яана. Сүүлдээ сар уух эмээ авах уу хоолоо авах уу гэдэгтээ тулж байна хэмээн бухимдав. Арга ч үгүй биз дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд ахмадууддаа дор нь нисгэж эмийг нь хүргэж байгаа энэ цаг мөчид дарааллаа булаалдан зогсох ахмадууд манай улсаас өөр байгаа гэдэгт эргэлзэж сууна.
800 орчим нэр төрлийн эмийг зах зээлийн үнээс 20-80 хувийн
хөнгөлттэй үнээр иргэдэд олгож байна
ЭМД-аас иргэдэд үзүүлдэг хөнгөлөлтүүдийн нэг нь эмийн хөнгөлөлт. ЭМД-ын эмийн хөнгөлөлтийн жилийн төсвийг УИХ-аар батлуулдаг. Энэ жил 32 тэрбум төгрөг эмийн хөнгөлөлтөд зарцуулахаар тооцоолсон. Тэгэхээр сар бүр ЭМД сангаас 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож буй. Энэхүү хөнгөлөлтөд нийт 800 орчим нэр төрлийн эмийг зах зээлийн үнээс 20-80 хувийн хөнгөлттэй үнээр иргэдэд олгож байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга н.Баясгалан хэлж байна. Өнгөрсөн сарын эхэнд мөн л эмийн сангуудын үүдэнд урт дараалал үүссэн дүр зураг бий болсон учраас ЭМДЕГ-ын хамт олон хэлэлцээд хэд хэдэн арга хэмжээ авсан гэнэ. Тухайлбал хөнгөлттэй эмийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн гэнэ. Тиймээс заавал сарын нэгэнд эмээ авах гэж очерлоод байх шаардлагагүй гэдгийг хэлж байна. Архаг өвчтэй, уналт, таталт өгдөг хүмүүс байнга эмээ ууж байхгүй бол болохгүй. Тиймээс архаг өвчтэй хүмүүс хэрэглэдэг 41 нэр төрлийн эмийн бодисыг сарын турш таслахгүй байх үүргийг өгөөд зургаан эмийн сантай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ талаарх мэлээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлагдсан гэдгээ учирлав. Гэтэл иргэд өмнөх саруудын жишгээр санхүүжилт нь дуусч эмээ авч чадахгүй байх вий гэсэн үүднээс эмийн сангуудын үүдэнд дараалал үүсгээд байгаа аж. Статистик мэдээнээс үзэхэд нэг, хоёрдугаар сараас тодорхой төрлийн өвчлөл буурсан нь харагдаж байгаа. Гэтэл хөнгөөлттэй эмийн хэрэглээ ихээр бий болоод байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт, улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүссэнээс болж иргэд гурил, будаа, хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлсөн шиг эм нөөцлөх сонирхолтой болсон. Ингэх ямар ч шаардлагагүй. Эмийн импорт хэвийн явж байгаа. Тэр ч бүү хэл чартер нислэгийн онгоцуудаар эмийн бодисуудыг оруулж ирэх ажлыг яамнаас зохион байгуулсан. Тиймээс иргэд эмийн хомсдол үүсчих вий гэж санаа зовох зүйл байхгүй гэдгийг тэрээр хэлсэн юм. Хоёрдугаарт, Коронавирустэй холбоотойгоор иргэд түлхүү эрүүл мэнддээ анхаарах байдал ажиглагдаж байна. Тэгэхдээ эм бол онцгой бүтээгдэхүүн. Хүссэн эм болгоноо аваад байх шаардлагагүй. Сүүлийн үед эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж шаардлагагүй тохиолдолд аль болох эмийн хэрэглээнээс татгалзахыг уриалж байгаа.Гэтэл эмчийн бичсэнд жоронд дүн шилжилгээ хийхэд 12,1, 2 дугаар сартай харьцуулахад 3, 4 дүгээр сард хөнгөлттэй үнээр эмийн жор бичүүлэх нь хоёр дахин өссөн байна.
Жороор хөнгөлттэй эм олгодог 1020 эмийн сан бий. Тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл агентлагаас нөхцөл байдлын судалгаа хийж, газар дээр нь ажиллаж байгаа. Гэтэл зэргэлдээ хоёр эмийн сан байхад заавал нэгнээс нь авах гэсэн асуудал гараад байна. Аль аль нь хөнгөлттэй эмийн жороор үйлчилж байгаа. Тэгэхээр иргэдийн сонголт нөлөөлөөд байгаа нь харагдаж байна” гэв.
Хуурамчаар жор бичиж эмийн хөнгөлөлт эдлүүлсэн зөрчил хэд хэд гарсан байна
Төрийн үйлчилгээ жинхэнэ эзэддээ очиж чадаж байна уу гэдэг нь дараагийн чухал ярих сэдэв. Дайны хажуугаар дажин гэгчээр хуурамчаар жор бичиж эмийн хөнгөлөлтийг нь эдлүүлсэн зөрчил тус салбарт хэд хэд гарсан байна. Өөрөөр хэлбэл хөнгөлттэй эмийг дундаас нь хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан завшсан гэсэн үг юм. Тус хэргийн талаар ЭМДЕГ-ын хэрэглэгчтэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн н.Ганчимэг хэлэхдээ “БЗД-ийн Сувилахуй, Сонгинохайрхан дүүргийн “Ээлтэй өрх” эрүүл мэндийн төвүүдэд “Монголын эм импекс” компанийн эмийн сангуудын ажилтнуудтай хамтран коронавирусийн тархалтаас урьдчилсан сэргийлэх зорилгоор хурууны хээ уншуулахгүй өрхийн эмнэлгүүдэд цахимаар жор олгож эхэлснээс үүдэн хяналт алдагдсаныг далимдуулж эмийн санч өрхийн эмнэлгийн эмч нар хуйвалдан иргэний мэдээлэл дээр хөнгөлттэй эмийн жор бичиж иргэн өөрөө аваагүй байхад өөр хүн тэр хүний өмнөөс эмийг нь авсан байна. Тиймээс эдгээр байгууллагатай хамтран ажиллах гэрээгээ цуцалсан. Зөрчил гаргасан эмчийн жор бичих эрхийг нь хаасан. Мөн өрхийн эмнэлгийн удирдлагууд зөрчил гаргасан эмчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халах арга хэмжээ тооцсон талаараа бидэнд мэдэгдсэн” гэв.
Энэ бол эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт дутагдсаны тод жишээ, хяналтынхаа системд анхаарах ёстойг сануулсан явдал юм. Тиймээс ЭМД-ын газраас тусгай аппликэйшн гаргаж тухайн хүний даатгалаас хөнгөлөгдөж байгаа хэмжээ хувь хүн бүрт очихоор зохицуулалт хийсэн байна. Тиймээс иргэд өөрт оногдсон даатгалын санхүүжилтээс аль нэг эрүүл мэндийн байгууллага, эмийн сангаас хасалт хийсэн байх юм бол тухайн мэдээллийг ЭМДЕГ-т хүргүүлэх шаардлагатай байна. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан хэдэн хөгшчүүл халуун нар, хүйтэн цементийг үл хайрхан даралтныхаа эмэнд дугаарлаж байх хооронд нь ашиг хонжоо өвөрлөгч дарга даамлууд эмч мэргэжилтнүүд нь тэдний мөнгөнөөс хумсалж хувь заяагаар нь даажигнах нь даанч гачлантай.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН