Хүн бүрт хоёр дахь боломж олдоод байдаггүй. Анхны оролдлого нь бүтээгүйгээс болоод хэчнээн суутан төрж амжилгүй “унтарсан” бол... Агуу Эйнштейн алдарт E=mc2 томьёоллоо нээчхээд байхдаа ч Их сургуулийн багш, тэр бүү хэл Ахлах сургуульд багшлах хүсэлтдээ татгалзсан хариу авч байв. Тэр нас бараад 66 жил өнгөрсөн ч бид түүнийг дурссаар..., бүтээл нь судлагдсаар..., улам баялаг болсоор... Улс орон бүр өөрийн Эйнштейнийг нээж олохоор чих тавина.
Ийнхүү Монголын ирээдүйг тольдон суугаа хүмүүсийг “Хүрээ” ротаричууд гэнэ. Агуу зүйлс их энгийн байдлаас бий болдгийг түүх гэрчилдэг. Бас улаан буудайн өчүүхэн үрийг арчилж тордож ургуулбал сагсайсан олон түрүүгээрээ бидэнд бэлэг барьдгийг ч мэднэ. “Хүрээ” ротари клуб яг л энэ зарчмаар ажилладаг мэт. Оюуны жижигхэн үрийг хөрсөнд суулгаж, түүнийгээ арчилж тордсоор агуу суутныг төрүүлэх нь тэдний нэг зорилго. Энэ зорилгын нэгээхэн хэсэг болох Харвардын судлаач эрдэмтэн, доктор Б.Батзаяагийн талаар энд товч өгүүлье.
УЛААН БУУДАЙН БЯЦХАН ҮР
Б.Батзаяа 2003 онд “Шинэ Монгол” ахлах сургуулиа төгсөөд Японы Чибагийн Их сургуульд Химийн инженерчлэл чиглэлээр сурч бакалаврын зэрэг хамгаалжээ. Улмаар 2013 онд Токиогийн Их сургуульд Биомедикал инжинерчлэл чиглэлээр докторын зэргээ хамгаалсан аж. Токиогийн их сургуульд докторын зэрэг хамгаална гэдэг тийм ч амар бүтчих зүйл биш. Үүгээр зогсохгүй сургуульдаа ажиллаж эхэлсэн нь түүний хувьд чамлахааргүй амжилтад тооцогдоно. Магадгүй 1.5 сая километр хавтгай дөрвөлжин газар нутагтай, ганц л мега сити хоттой, тэр хотынх нь ганцхан олон улсын нисэх буудлаас дөрөвхөн улс руу шууд нислэг үйлддэг талын Монголын жирийн л нэг айлын охин Токиогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан нь хүрч болох хамгийн өндөр цэг нь мэт санагдсан байх. Гэвч багшийнх нь хэлсэн нэг л үг түүнийг эсрэгээрээ урт удаан “аялал”-ынхаа эхэнд зогсч байгааг нь ойлгуулж өгчээ. Докторын ажлыг нь удирдсан багш нь түүнд “Би чамд эрдэм сурах үүдийг л нээж өглөө, одоо л жинхэнэ утгаараа суралцах хэрэгтэй шүү” гэж захижээ. Энэ үг түүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Ингээд докторын дараах хөтөлбөрт суралцахаар нэр хүнд бүхий сургуулиудад өргөдлөө өгчээ. Ингээд зургадугаар сард нь Харвардаас хүссэн хариугаа авч чадсан байна. Гэхдээ нэг нөхцөлтэй. АНУ-д сургууль төгсөөгүй, гаднаас ирж байгаа учраас эхний хоёр жилдээ тэтгэлэгтэй ирэхийг шаардсан байв. Нэг ёсондоо энэ ”сорилтын хугацаанд” өөрийгөө эхлээд баталж харуулаад дараа нь Харвардад жинхлэх нөхцөлтэй байв. Аливаа зүйлс бүрэлдэж бий болоход хэд хэдэн тохироо бүрдсэн байх учиртай. Энэ тохирооны нэг хэсэг нь “Хүрээ” клубийн гишүүн Ж.Галбадрах болжээ. Тэд “Шинэ Монгол” нэрийн дор хувь заяагаа холбосон багш шавь хоёр. Б.Батзаяа багштайгаа цаашдын зорилго, хувь заяаныхаа талаар зөвлөлдөж, “Хүрээ” ротари клубтэй холбогдсонооор наймдугаар сард нь багшийн туслахын ажлаа орхиж, есдүгээр сард Харвардад иржээ. Өөрөөр хэлбэл, түүнд шаардлагатай байсан хоёр жилийн тэтгэлгийг нь “Хүрээ” ротари клубээс гаргаж өгөхөөр болсон байна. Тэр цагаас хойш Б.Батзаяа өдгөө долоо дахь жилдээ Харвардад судалгааны ажил хийж байна. Харвардын сургууль өрсөлдөөн ихтэй, үр дүн гаргаж байвал дэмжигдэнэ, гарахгүй бол хасагдана, байнгын шахалттай байдаг нь нэг бодлын амар тайван суух аргагүй ч нөгөө талаас байнгын хөгжиж дэвших боломж олгодог газар. Энэ их өрсөлдөөн, зав чөлөөгүй ажлынх нь үр дүн хүн төрөлхтний түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Тэгэхээр “Хүрээ” ротаричууд Б.Батзаяагаар дамжуулан анагаахын шинжлэх ухаанд ямархан хувь нэмрээ оруулж байгааг хамтдаа сонирхоод үзье.
“ӨНЧИН ЗҮРХ”-НИЙ ЭРЭЛД
Анагаахын шинжлэх ухааны салбарт өнөөдрийн байдлаар донорын дутагдлыг шийдэх ерөнхий гурван аргачлалыг лабораторид туршиж байна. Нэгдүгээрт, “decellularized matrix grafting” буюу үхэжсэн эрхтэнг дахин үүдэл эс ашиглан лабораторид сэргээгээд буцааж хүнд шилжүүлэн суулгах. Эд эрхтний хэмжээнд яривал үхсэн “хүн”-ийг буцаагаад амь оруулах энэ арга жир хүний оюун ухаанд үл төсөөлөгдөм мэт аймшигтай, бас итгэмгүй. Одоогийн эмнэлгийн практик технологиор бол аль ч эрхтэнг идэвхтэй (амьд) байгаа дээр нь буюу донорыг нас барснаас аль болох хурдан хугацаанд (удаандаа 48-72 цагийн дотор) эрхтэнг шилжүүлэн суулгах шаардлагатай, эс бөгөөс тухайн эрхтэн ашиглагдахгуй болдог. Энэ ашиглагдахгүй болсон эрхтнийг хаялгүйгээр, дахин ашиглах санаанаас энэ аргачлал гарч ирсэн бөгөөд туршилтын хариунууд харьцангуй амжилттай хариуг үзүүлж байгаа юм байна. Орчин цагийн Франкенштейн ч гэмээр... Гэвч энэ аргачлал нь Б.Батзаяа докторын хэлж байгаагаар бол хэрэглэж болох эрхтний тоо нь нас барсан хүний тоон дээр тулгуурласан учир донорын дутагдлыг шийдэхэд бүрэн хангалттай биш юм байна. Хоёрдугаар, аргачлал бол хүний эсээр бүрдсэн эрхтэнг гахай, сармагчин зэрэг амьтны бие дотор ургуулаад түүнийгээ хүний шилжүүлэн суулгах аргачлал. Өртөг багатай, олон тоогоор үйлдвэрлэх боломжтой, лабораторийн машин дотор биш амьд амьтны бие дотор ургаж байгаа тул бүрэн цогц ажиллагаатай эрхтэн ургуулан гарах давуу талтай боловч хүнд шилжүүлэн суулгасан тохиолдолд дархлааны системийн урвал өгөх, амьтны вирус хунд шилжих зэрэг шийдэхэд төвөгтэй асуудлууд гарч ирж байгаа. Өдгөө Коронавирус дэлхийг донсолгож байгааг тооцвол энэ аргачлалаас үүдэн гарах хор уршгийг тооцоолоход одоо дэндүү эрт байна. Гэхдээ л эрдэмтэд энэ аргыг туршаад л үзэх ёстой. Гуравдугаар, аргачлал бол эд эрхтний инженерчлэл буюу эрхтэнг лаборатори дотор нэг эсээс нь ургуулан, биореактор дотор төлжсөн эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах аргачлал. Эхлээд, 3D биопринтерийг ашиглан хүний тухайн эрхтний бүх бүтцийг дуурайлгасан “Скаффолд”-ыг хэвлэж гаргаад, түүн дотроо үүдэл эс болон бусад бух хэрэгцээт эс, матрикс, өсөлтийн гормон зэргийг суулган лаборатори дотор ургуулна. Тодорхой хугацааны дараа эрхтний хэлбэрт шилжсэний дараа цусны судсыг биореактортой холбон дахин тодорхой хэмжээнд лабораторид ургуулж, эрхтнээ төлжүүлж авна. Ингэж төлжсөн эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах боломжтой болдог. Өвчтөний өөрийнх нь эсийг ашиглан ургуулах тул шилжин суулгалтын дараа ямар нэгэн дархлааны эсрэг урвал биед үзүүлэхгүй, бас өвчтний онцлогт тохируулан “Скаффолд”-ын хэмжээ хэлбэрийг бүрэн өөрчлөн хэвлэх боломжтой. Энэ арга амжилттай болсон тохиолдолд их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой тул донорын дутагдлын асуудлыг бүрэн шийдэх давуу талтай юм. Бэрхшээлтэй тал нь тухайн эрхтнийг ургуулахын тулд тухайн эрхтний бүтэц ажиллагааны талаар нэг бүрчлэн мэдэх шаардлагатай (хялгасан судасны бутэц, хэдэн эсээс бүрддэг гэх зэрэг) тул нарийн бүтэцтэй элэг, бөөр, зүрх, уушги зэрэг эрхтэнг ургуулахад биологийн бүтэц тогтолцоог бүрэн судалж ойлгох шаардлага гардаг. Арьс, улаан хоолой, өвдөг, хамар, нүдний болор бүрхүүл зэрэг харьцангуй “энгийн” бүтэцтэй биеийн хэсгийг лаборотарид ургуулан, амжилттай шилжүүлэн суулгасан технологи 10-аад жилийн өмнөөс патентжсан бөгөөд, Америк, Япон зэрэг оронд практик эмчилгээнд хэрэглээд эхэлжээ. Энэ арга нь эрх зүйн хувьд асуудалтай гэх шалтгаанаар Европын зарим орнуудад хуулиараа хүнд шилжүүлэн суулгахыг хориглосон (судалгааны зорилгоор лабораторид ургуулж болох ч эмчилгээний зорилгоор хүнд жилжүүлэн суулгах нь хориотой). Бас эдийн засгийн хувьд асар өндөр өртөгтэй гэсэн дутагдалтай талтай. Б.Батзаяа энэ аргачлалд илүү их итгэл хүлээлгэдэг бөгөөд одоогоор яс, зүрх, элэг гэсэн эрхтний төсөл дээр оролцож байгаа юм. Түүний ургуулсан зүрх одоогоор хэдэн сар л амьдрах чадвартай байгаа бөгөөд хялгасан судас зэрэг нарийн зүйлсийн учрыг олж чадвал хэдэн арван жилээр амьдрах чадвартай зүрхийг анх удаа лабораторид гаргаж авах юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн оролцоогүй, эхийн хэвлийд бүрэлдэж бий болоогүй хиймэл аргаар гаргаж авсан “Өнчин зүрх”-ийг эх барьж авахаар тэр цуцалтгүй хайж, судалсаар байна. Нэг л өдөр энэ бүх хөдөлмөрийнх нь үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Тэр цагт хэн нэгэн “Хүрээ” ротари клуб, Б.Батзаяа хоёрын талаар илүү ихийг бичих биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН