Ц.Хас
Дивизийн захирагч, урвагч, нударган баян, хамтралын дарга гээд олон сайхан дүрээрээ үзэгчдийн танил, орос бүсгүйчүүдийн шүтээн болж явсан Зөвлөлт Холбоот Улсын Төрийн шагналт, Холбоот Орос улсын гавьяат жүжигчин Вадим Семёнович Спиридонов энэ хорвоод ердөө 45 наслаад, амьдралаас залхаж байгаагаа байн байн ярьж хорвоогоос буцах өдрөө өөрөө товлож байсан гэдэг.
Вадим Спиридонов 1944 онд нийслэл Москвад төрсөн. Сургуульд байхаасаа уран сайхны дугуйланд явж, жүжигчин болохыг мөрөөдөж байсаар Москвагийн уран сайхны академик театрын Студи сургуульд орсон ч ердөө хагас жил л сурсан байна. Бүсгүйгээс болж зодоон хийснээр түүнийг сургуулиас хасчээ. Ингээд Маяковскийн нэрэмжит театрт тайзны ажилчин болж, чөлөө заваараа “Чайка” соёлын ордны драмын дугуйланд явж байгаад 1966 онд Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд шалгалт өгөн тэнцэж С.А.Герасимовын урланд суралцжээ
Хамгийн анх хоёрдугаар курст байхдаа 1969 онд Сергей Герасимовын “Нуурын дэргэд” кинонд туслах дүрд тоглосон байна. Дараа нь алдарт Василий Шукшин “Мухлагийн пийшин” кинондоо урьсан байна. Улмаар 1971 онд сургуулиа төгсч Кино жүжигчний театр студийн жүжигчин болжээ.
Ингээд л тэрээр олон ангит “Мөнхийн дуудлага”, “Халуун цас” “Гал зогсоо”, “Үүр цайтал амьд байх юм сан”, “Хувь тавилан”, “Эцэг хүү хоёр”, “Нэгдүгээр морин арми” зэрэг кинонд гол туслах дүр бүтээн олны танил болж орос бүсгүйчүүлийн хайрыг татаж эхэлжээ.
Тэр бас орчуулгын олон кинонд дуу оруулан барууны нэртэй жүжигчид Жерар Депардье, Ален Делон, Джек Николсон, Мишель Пикколи нарыг “оросоор яриулж” алдаршиж.
Спиридоновыг эсрэг талын дүрд тоглохдоо бүр уур хүрч үзэн ядмаар, гэсэн хэрнээ эерэг дүрд тоглохоороо үнэн сэтгэлээс хайр хүрмээр, хүндэлмээр мэргэжилдээ жинхэнэ эзэн болж, дүрдээ бүрэн хувилж чаддагаар нь найруулагчид, мэргэжил нэгт нөхөд нь биширч, хүндэлж ямагт түүнтэй зөвлөлддөг, тусламж авч ярилцдаг байсан гэж нөхөд нь дурссан байдаг.
Түүнийг маш олон кинонд, төсөлд урьдаг байсан ч Вадим ихэнх цагаа гэр бүлдээ өнгөрүүлж, хамт байхыг эрхэмлэдэг байсан гэдэг. Тэрээр идэвхтэй амрах дуртай, боломж л олдвол цэвэр агаарт гардаг байсан гэнэ. Гэргий Валентина Сергеевна Спиридонова нь ч түүнийг, ажлыг нь байнга дэмждэг жинхэнэ ар тал, түшиг тулгуур нь байжээ.
1980-аад оны дундаас В.Спиридонов кино найруулагчийн ажилд хүчээ сорьж “Мосфильм” студид Э.Я.Володарскийн зохиолоор богино хэмжээний “Хоёр хүн” гэдэг кино хийж, үүндээ урамшаад 1989 оны сүүлчээр хоёр дахь киногоо найруулахар бэлтгэж байжээ. Дөнгөж 40 гарч яваа идэр чийрэг Вадим Спиридонов эрүүл мэндийн талаар ямар ч оёг согоггүй, спортоор хичээллэж, эмчид байнга үзүүлдэг байсан гэдэг.
1980-аад оны сүүлч Зөвлөлтийн нам төрийн тэргүүн Михаил Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалт, шинэчлэл эрч хүчээ авахын зэрэгцээ нийгэмд өөр өөр үзэл бодлын эхлэл тавьж, аугаа их Зөвлөлт холбоот улс ямар замын эхэн дээр ирээд байгаа нь тодорхойгүй шахам болоод байсан үе зөвлөлтийн олон хүний үзэл бодол, амьдралд бодрол авчирч байсан.
Энэ үеэс л В.Спиридонов сэтгэлээр унаж ёстой л анир чимээгүй болж эхэлж. Дэлхий дахин 1989 оноо үдэхэд бэлтгэж байсан арванхоёрдугаар сард Вадим Спиридонов энэ амьдралаас уйдаж байгаа тухайгаа эхнэртээ хэлж байсныг түүний найз Станислав Садальский ингэж дурссан байдаг.
В.Спиридонов нэг удаа эхнэр Валентинадаа “Энэ амьдралаас ёстой залхаж байна, хурдхан ч үхсэн нь дээр. Гэхдээ өвөл үхвэл дээр байх аа. Нэгдүгээр сарын 7-нд ч юм уу” гэхэд эхнэр нь “Юу ярьж байгаа юм чи чинь. Шинэ жил болох гэж байна. Хүмүүс баярлах гэж байхад чи үхэх тухай ярьж байдаг” гэжээ.
Тэгэхэд нь Спиридонов хэсэг бодож байснаа “тэгвэл арванхоёрдугаар сарын 7 зүгээр юм байна. Чамдаа бэлэг авч өгчхөөд. (Валентинагийн төрсөн өдөр нь арванхоёрдугаар сарын 8-нд байж) гэсэн хэмээн Стаснислав дурссан байна. Ингээд 1989 оны арванхоёрдугаар сарын 7-ны орой тэр насан хутгийг олжээ.
Беларусын нийслэл Минскт В.И. Беловын романаар хийж байсан “Бүгд урагшаа” киноны гол дүрд зураг авхуулах ёстой байсан болохоор эхнэр нь сэрээх гэтэл нэг л амьсгалахгүй юм шиг санагдаад түргэн тусламж дуудахад зүрхний хурц дутагдлын улмаас нойрон дундаа хэдийнээ амьсгал хураасан байсан гэдэг.
Эхнэр Валентина Сергеевна нь ч үүнийг баталж хэвлэлд өгсөн ярилцлагадаа Спиридонод өөрийнхөө нас барах өдрийг бүр яг өдрөөр нь арванхоёрдугаар сарын 7 хэмээн товлон хэлж байсан гэж ярьсан байдаг. Бүсгүй эв эрүүл, чийрэг идэр эр яагаад ингэж нас барсан, мөнх бусыг үзүүлэх өдрөө тэр яаж ингэж урьдчилан мэдэж байсан зэргийг өнөө болтол огт ойлгохгүй байгаа гэдгээ ярьж байжээ.
Вадим Семёнович Спиридонов тэгэхэд ердөө 45 хан настай, идэр залуугаараа, уран бүтээлчийн хувьд ид хийж бүтээх насандаа байсан даа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН