БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Коронавирусийн тархалттай холбоотой хөл хорио үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд салбарын яамнаас сурагчдад зориулсан ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээл сургуулийн үйл ажиллагаа, ялангуяа,СӨБ-ын болон ЕБС-ийн танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна. Үүнтэй холбоотойгоор БСШУСЯ-наас танхимын сургалт хичээллэх боломжгүй ч гэлээ сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна. Бид телевизийн хичээл буюу зайны сургалт руу шилжсэн. 2019-2020 оны хичээлийн жилд судлах ёстой агуулгыг зайнаас телевизийн агуулга болгож хүүхдүүддээ хүргэж буй. Энэ утгаараа 2020-2021 оны хичээлийн жилд анги дэвшинэ. Есдүгээр ангид улаан шугам татахгүйгээр хүүхдүүд өөрийн хүсэлтээр 10 дугаар ангид элсэн орно. Жилийн эцсийн дүнг нэг, хоёрдугаар улирлын дүн буюу танхимын сургалтын дүн дээр зайны сургалтад хэр идэвхтэй хамрагдсан байдлаар харгалзаж гаргана.
Ингэхдээ хүүхдүүдийн ялгаатай орчин, хичээл сургалтын үйл ажиллагааг харгалзан үзэж дүн бууруулахгүй байх, үнэлгээг хүүхдэд цаашид суралцах урам дэм болгох чиглэлээр гаргах зохицуулалт хийж байна.
-Цахим хичээлийн агуулга бүх хүүхдэд тэгш хүрч чадаж байна уу. Зарим хүүхдийн хувьд цахимаар хичээллэх боломжгүй байгаа шүү дээ?
-Багш нарт боломжит нөхцөлөөр хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой ажиллахыг зөвлөж байгаа. Энэ утгаараа зайнаас ажиллаж байгаа ч холбогдох цалин урамшууллаа авч байгаа. Харин ч бүр танхимын сургалтаас илүү их ачаалал багш нар үүрч байна. Танхимын сургалтаар өөд өөдөөсөө харж суугаад 30 хүүхдэд нэг удаагийн байдлаар хичээлийн агуулгыг хүргэдэг байсан бол одоо зайнаас 30 хүүхэдтэйгээ нэг бүрчлэн холбогдож, хяналт тавин ажиллаж байгаа болохоор тэдэнд илүү их ачаалалтай байгааг судалгаагаар баталсан. Бид өнгөрсөн гуравдугаар сард судалгаа явуулахад цахим хичээлийн үзэлт хөдөө орон нутагт 82-86 хувь, Улаанбаатар хотод 90-ээс дээш хувьтай байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Харин дөрөвдүгээр сарын эхэнд цахим хичээлийн үзэлт буурсан. Энэ нь гуравдугаар улирлын амралт болон мал төллөлттэй холбоотой. Одоо эргээд цахим хичээлийн үзэлт сайжирч байна.
-2020-2021 оны хичээлийн жилд багш болон сурагчид бүгд ачаалал авах нь тодорхой байна. Энэ тал дээр хэрхэн зохицуулалт хийх вэ. Шууд анги дэвшсэн агуулгаа үзээд явахад хүндрэл үүсэх үү?
-Мэдээж коронавирусийн тархалттай холбоотойгоор үүссэн нөхцөл байдал манай улс төдийгүй дэлхийн улс орнуудад шинэ туршлага болж байна. Бид энэ зайны сургалтад бэлэн байсан уу гэдгээсээ эхлээд бүх зүйлд мониторинг хийж байгаа. Сургалтуудаа эргэн харж байна. Анх удаагаа хийж байгаа учраас шүүмжлэлтэй зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бид бүхэн аль болох чанартай сургалт зохион байгууллахыг хичээн ажиллаж байна. 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сар цаашлаад эхний улиралд 2019-2020 оны буюу энэ хичээлийн жилийн агуулгыг давтсан, бататгасан, сэргээн санасан ийм тохиргоотой аргазүйгээр сургалтууд явна. Энэ тохиргоог мэргэжлийн байгууллага буюу Боловсролын хүрээлэн дээр хийж байна. Тус байгууллагаас долдугаар сарын 15 гэхэд ямар тулгуур агуулагыг голчлон явах, аль хөтөлбөрөө голчлох вэ гэдэг тохиргоогоо гаргаад ирэхээр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс багш нарын арга зүйг хөгжүүлэх ажлыг ирэх наймдугаар сард хийнэ. Тиймээс ирэх хичээлийн жилийн эхний сар, эхний улирал ийм технологи, арга зүйгээр явна гэж ойлгож болно.
-Энэ жил нэгдүгээр ангид элсэн орсон болон төгсөх ангийн хүүхдүүдийн хувьд бусад ангийн сурагчдаас түлхүү саад бэрхшээл байгаа болов уу?
-Мэдээж үсгээ дөнгөж нүдлээд, үеэр холбож уншиж байсан нэгдүгээр ангийн сурагчид болон дараагийн шатны боловсролын байгууллага дээд шатны боловсролын байгууллагад шилжин суралцах сурагчдад хүнд цохилт болсон. Гэхдээ байж болох бүхий л арга хэлбэрийг хэрэглэж байна. Ялангуяа, төгсөх ангийн хүүхдүүдэд сургалтаа хүргэхийн тулд олон хэлбэрээр зохион байгуулж байна. 10-12 дугаар ангийн агуулга телевизийн хичээл, ЭЕШ-д бэлдэхэд нь зориулсан телевизийн хичээл, ЭЕШ-д тулгуурласан даалгаварт нь зориулсан лайв хичээл, бүх телевизийн хичээлийн холбогдох заавар, зөвлөгөөг хуулсан DVD ном, гарын авлага, сонин, цахим платформ гэх мэт байж болох бүхий л боломжоор хангахыг хичээж байна. Цахим платформд хандах хандалтыг нь үнэгүй болгосон. Үнэхээр хүүхдүүд өөрсдөө бие даан хичээгээд суралцаж чадах юм бол бүх боломж нь байгаа. Дараагийн хичээлийн жил нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн эцэг эх болон энэ жил нэгдүгээр ангид элссэн хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөмж хүргүүлэн ажилласан.
-Сургалтын төвийн үйл ажиллагаанд хамрагдах цаашлаад Монголынхоо их дээд сургуульд төдийгүй гадаадын их дээд сургуульд элсэхээр зорьж байгаа хүүхдүүд олон байна?
-Энэ асуудалд бид маш болгоомжтой хандаж байна. Дөрөвдүгээр сард эцэг эхчүүд болон төгсөх ангийн сурагчдаас судалгаа авсан. 10 мянга гаруй сурагчаас судалгаа авахад бид онцгой дэглэмийн үед байж болох дэгийг баримтлаад танхимаар сургалт авахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Мөн эцэг эхчүүдийн 79 хувь нь хэрэв танхимын сургалтын үйл ажиллагаа явуулбал хүүхдээ явуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ цаг мөчид нэг дор коронавирусийн 13 тохиолдол бүртгэгдэж энэ асуудлаа УОК-оор хэлэлцүүлж чадаагүй. Сая БСШУС-ын сайдаас Шадар сайдад тусгай дэглэм бариад хүүхдүүдээ танхимаар давтлага, сургалтад хамруулах хүсэлтээ хүргүүлсэн. Сургалтын төвүүд төлбөртэй үйл ажиллагаа явуулах учраас төлбөрийн чадвартай болон чадваргүйн тухай асуудал яригдана. 12 дугаар ангийн хичээлийг танхимаар хичээллэхийг зөвшөөрөх юм бол нэг ангид хичээллэх хүүхэд хоорондын зай хоёр метр байгаад, нэг ангид 10-15 хүүхэд хичээллэх, орох гарах урсгалыг ямар байх талаар хүртэл бүхий л нөхцөл байдлыг тооцоолсон зураглал боловсруулчихсан байгаа. Тиймээс одоо сайдын хүсэлтэд Шадар сайд албан ёсоор хариу өгөх юм бол дараагийн алхмаа хийнэ.
- Зарим улс орнуудын хувьд сурагчийн үдийн хоолонд төсөвлөсөн мөнгийг тэдэнд зарцуулах ёстой хэмээн хүнсийг нь гэрт нь хүргэж эхлээд байна. Манайх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Бид эдгээр асуудалтай холбоотойгоор БСШУСЯ-наас манлайлаад хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтраад “Би хариуцлгатай аав, ээж” аяныг өрнүүллээ. Тус аяны хүрээнд хүүхэд ахуйн осолд өртөх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн сэргийлж, энэ талаар хэрхэн мэдээлэх вэ гэдэгт анхаарлаа. Гуравдугаар сарын 15-нд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аян зохиож хүүхэд ахуйн осолд өртөөд, шим тэжээлийн дутагдалд орж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран тодорхой үр дүнгээ өгсөн ажлууд зохион байгуулсны хүрээнд үр дүн гарч байна. Цаашид ийм онцгой нөхцөл байдалд хүүхэд хамгааллын мэргэжлийн байгууллагууд манлайлан оролцож хоол хүнс, шим тэжээлийн дутагдалтай байгаа нийгмийн анхаарал халамж хэрэгтэй бүлэг болох баталгаажих түвшнээс доогуур айл өрх болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй эрсдэлтэй бүлэгт амьдарч байгаа хүүхэд багачуудад анхаарч ажиллах шаардлага тулгарч байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин нэгэнт төсөвлөсөн байсан хөрөнгө санхүүгийн хувьд онцгой дэглэмийн өндөржүүлсэн бэлэн байдлын хувьд байгаа учраас ямар зардлыг юунд зарцуулах вэ гэдэг эрх мэдэл нь Сангийн яам хийгээд Засгийн газарт бий. Сангийн яам, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу аль болох сургалтын үйл ажиллагааг зайнаас ч болов тасалдуулахгүй явуулах, хүүхэд бүрийн хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн хүргэх чиглэлдээ анхаарч төсөв санхүүгээ зарцуулж ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН