Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Жамсрангийн Урангуатай түүхийн бодит үнэн, түүнийг гуйвуулснаар гарч болох хор хөнөөлийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед түүхийг илт гуйвуулсан ном, бүтээл кино их гарах болов... Та түүхч хүний хувьд юу гэж харж байна бэ?
-Ардчилал, ил тод байдал, олон ургальч үзэл нь хүмүүст үзэл бодол, итгэл үнэмшлээ чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон. Бүтээл туурвилаа хэвлүүлэх эрх бүх хүнд нээлттэй болсон. Ийм эрх чөлөөг олж авсан явдал нь нэн сайхан зүйл боловч,үүнийг даган зохисгүй хийгээд худал хуурмаг бичигдсэн зүйл их гарах болсон.Өмнөх нийгмийн тогтолцооны үед нам, төрийн бодлогын үүднээс үзэл суртлын хатуу хяналт дор ном зохиол, кино, жүжиг, шинжлэх ухаан болон урлагийн бүтээлүүд гарч байсан учир хүн болгон дураараа дургиж чадахгүй байсан. Гэтэл өнөө үед байдал огт өөр болсон нь түүхийг санаатайгаар гуйвуулсан, дутуу дулимаг судалгаан дээр үндэслэн нэг талыг баримталсан зохиол бүтээлүүд гарах болсон нь үнэн. Үүнийг би зохисгүй зүйл хэмээн үзэж, үүний эсрэг тэмцэх ёстой гэж боддог.
-Tүүх бол хэн нэг хүний..нам байгууллагын үзэл суртлын хэрэгсэл биш. Хянах нягтлах ёстой байх. Энэ талаар хэн..ямар байгууллага ажиллавал зохилтой юм бол?
-Тиймээ түүхийг өмчлөх ёсгүй, түүх бол үзэл суртлын зэвсэг биш. Гагцхүү монгол үндэсний язгуур эрх ашиг, эв нэгдэл, сэтгэлгээний ижилсэл тэргүүн зэрэгт тавигдах ёстой. Үнэн бодит түүхийг өгүүлэхийн тулд гагцхүү түүхэн анхдагч эх сурвалжуудад тулгуурлахын зэрэгцээ олон эх сурвалжийг харьцуулан нягтлан судалж хийсэн судалгааны үр дүнд бичигдсэн жинхэнэ бодит түүх байх ёстой бөгөөд түүнийг олон түмэнд таниулах ёстой. Аль нэг түүхэн үйл явдлыг өмчлөн авч, түүнийг олон талаас нь авч үзэлгүй, зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн үзэх нь шинжлэх ухаанч бус хандлага. Монгол Улсад Шинжлэх ухааны Академи өөрийгөө шинжлэх ухааны төв байгууллага гэж үздэг. Тиймээс бодлогын чанартай зүйлс тэндээс гарах ёстой гэж үздэг. Гэтэл монголчуудын түүхийг гуйвуулж буй гаднын олон байгууллага, эрдэмтэд байна. Харамсалтай нь тэдний энэ үйлдэлд Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын зүгээс няцаалт хийж, зохих зөв тайлбар хийж байгаа зүйл огт алга байна. Казахстанд монголчуудын түүхийг гуйвуулсан асар олон ажил хийгдэж байхад манайхан таг сууж байх жишээтэй байна. Дотооддоо ч мөн адил.
-Эрт үеийнх бүү хэл шинэ, шинэхэн үеийн түүхийг гуйвуулж байгаа нь кино, зохиол бүтээлүүдээс дээр ихээхэн анзаарагдаж байна. Тухайлбал, “Долоон бурхан харвадаггүй”, “Түүх мартахгүй” гэх мэт киног нэрлэж болохоор?
-Мэдээж шинжлэх ухаанд өнөөгийн түвшинд шийдээгүй, нэг мөр ойлголтод хүрч чадаагүй олон асуудал бий. Гэтэл шинжлэх ухаанчаар бус сонирхогчийн зиндааны хүн шинжлэх ухаанд нээлт хийчихлээ гээд, түүнийг нь дэмжээд дэвэргээд явдаг хүмүүс ч байна. Энэ бүхний цаана юу үйлчлээд байгааг ойлгоход бэрх боловч мэдээж ямар нэгэн эрх ашиг нуугдаж байдаг. Тэр далдын хүч түүхийг гуйвуулахад хүргэдэг байх. Та сая “Долоон бурхан харвадаггүй” гэдэг киног дурдлаа. Энэ кинонд 1920-оод оны Монголын нийгэм-улс төрийн амьдралын олон талт зүйлийг гаргаж чадаагүй. Монголынхоо тусгаар тогтнолыг эргүүлэн олж авахын төлөөх улс төрийн тэмцэлд олон хүчнүүд оролцсон. Гэтэл энэ бол өнөө л социализмын үеийн нэг намын дарангуйллын үеийн үзэл санаагаар хийсэн кино. Ганц Ардын намынхан энэ тэмцлийг хийсэн биш, үүнд Ноёдын нам, автономит засгийг сэргээхийн төлөөх язгуур хэргэмтний бүлэглэл зэрэг улс төрийн олон хүчин оролцсон. Гэтэл ганц Ардын намын үйл хэргийг бичээд байдаг нь түүхийг гуйвуулж байгаа нэг хэлбэр. Түүх мартахгүй кино мөн л нэг талыг баримталсан мэт санагдсан. Ю.Цэдэнбал болон А.Филатова хатагтайг үзэх үзэл хэдийд хэрхэн өөрчлөгдөж байсныг, тэр нь юутай холбоотойг гаргаж өгсөн бол энэ “түүхэн” гэж нэрлэсэн киноны ач холбогдол байх байсан болов уу. Зүгээр нэг уран сайхны кино байсан бол яах вэ. Харин түүхэн киноны ангилалд оруулсан учир би үүнийг хэлж байна.
-Монголын хувьсгалын анхдагчдыг үнэхээр Коминтерний зөвлөх өөрөө л бүгдийг буудчихсан юм уу. Түүхэн үнэн нь юу вэ?
-Олон улсын ажилчны хөдөлгөөний коммунист намуудыг нэгтгэсэн байгууллага болох Коминтерн 1919 оноос 1943 онд татан буугдталаа пролетарийн хувьсгалыг даян дэлхийд ялуулахын төлөө асар их зүйл (хүчирхийлэл хүртэл) хийсэн. Өөрөөр хэлбэл коммунист үзэл санаагаар хордуулахын тулд. Үүнд нь захирагдаагүй хэнийг ч өршөөхгүй байсан нь нэгэнт тодорхой түүх. Гаднын хүчний явууллага дор амиа алдсан олон эх орончид бий. Мөн гаднынхны гар хөл болж элэг нэгтнийхээ амь насанд хүрсэн нь ч буй. Улс төрийн аллагын захиалагч, гүйцэтгэгчийг олж илрүүлэх явдал маш хэцүү байдаг. Учир нь маш нууцаар гүйцэтгэдэг учир. Гэвч хэрэг явдлын өрнөлтөөс бид гаргалгаа дүгнэлт хийдэг.
-Түүхчид үүнд ямар байр суурьтай байдаг вэ. Байр сууриа илэрхийдэг үү?
-1921 оны үндэсний хувьсгалыг ялуулахад Коминтернээр дамжуулан Зөвлөлтийн улаан армийн тусламж авсан. 1924 оноос эхлэн Коминтерн Монголын дотоод хэрэгт шууд хутгалдан оролцож, социалист хөгжлийн чиг шугамыг тулган хүлээлгэх болсон, чингэхдээ өөрийн шууд төлөөлөгчдийг илгээж, Ардын намыг “большевикжүүлэх”, улс орны удирдлагыг авах оролдлого явуулаад үүнийгээ 1928 он гэхэд гүйцэлдүүлж чадсан. Зөвлөлтийнхний хувьд Монгол орон Алс Дорнод дахь улс төр, цэрэг стратегийн эрх ашиг байсан учир тэд дээрх үйлдлүүдийг хийсэн бөгөөд үүнд нь саад болсон монголын эрх орончдын амь насанд хүрэх явдал байсныг би үгүйсгэхгүй.
-Олон нийтийн сүлжээ ч гэсэн жанжин Д.Сүхбаатарыг Оросын буриад байсан гэсэн мэдээлэл их явдаг шүү дээ?
-Худал хуурмаг зүйлд төөрөлдөхгүйн тулд уг мэдээний эх сурвалж, хэн бичсэнийг анхаарах ёстой. Тухайн зүйлийг эрдэмтэн судлаач хүн бичсэн байвал итгэл өгч болох талтай.
-Хэвлэлийн нэгдсэн редакц гэж байсан шиг түүхийн зөвлөл ч юм уу ямар нэг байгууллага байдаг уу, байж болох уу?
-Түүхэн бодит үнэнийг түүхч хүн хэр дэлгэн тавьж байгаа эсэх нь тухайн судлаачийн эх сурвалжтай ажиллах чадвар, мэргэжлийн ёс зүйн, судалгааны арга зүй эзэмшсэн байдал гээд олон зүйлээс шалтгаалдаг. Эрдэмтэн хүн зөвхөн шинжлэх ухааны үнэнийг өчих үүрэгтэй байдаг. Ийм байваас түүх гуйвагдахгүй. Шинжлэх ухааны байгууллага болон их сургуулиудад Эрдмийн зөвлөл гэж байдаг бөгөөд тэрхүү зөвлөл нь тухайн байгууллагаас гаргаж байгаа бүтээлийг хэлэлцэн хэвлүүлэх зөвшөөрөл өгдөг. Гэтэл мэргэжлийн бус, сайн дурын түүхчид мөн түүхэн сэдвээр янз бүрийн зүйл бичдэг. Тэдний бичих эрхийг хэн ч хааж чадахгүй юм даа. Тиймээс аливаа бүтээлийг бичиж буй хүн болон редактор хоёроос олон зүйл шалтгаална.
-Түүхийг ингэж ташааруулж гуйвуулахын үр дагавар нь юу бол?
-Аливаа нэгэн зорилгоор эх түүх гуйвуулах явдал маш их хор хөнөөлтэй. Үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл алдагдах, хүмүүсийн оюун санаа хордох аюултай. Тиймээс түүх гуйвуулдаг асуудлыг үндэсний хэмжээнд авч үзэх, нэгдсэн бодлого баримталж, түүнийг зөрчвөөс хатуу шийтгэдэг байх ёстой гэж боддог.
-Түүхчид ер нь шүүмж бичдэг болов уу. Та шүүмж бичдэг үү?
-Эрдэмтэд судалгааны зохиол бүтээлээрээ дамжуулан түүх гуйвуулахын эсрэг тэмцдэг. Мөн дотоодод болон гадаадад зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хуралд үгээ хэлдэг. Гэхдээ эдгээр нь зөвхөн шинжлэх ухааны салбарын хүрээнд болдог болохоор өргөн олон нийтэд очиж чадахгүй байх нь түгээмэл. Сошиалаар алдаатай бичигдсэн зүйлийн талаар санаа бодлоо илэрхийлдэг боловч, олон нийтийн зүгээс янз бүрийн эсэргүүцэлтэй тулгардаг. Асуудлын гол нь манайд мэдэмхийрэгчид, жалга довын үзэлтнүүд дэндүү олон байгаа нь харагддаг. Мөн бусдын үзэл бодол, сэтгэгдэлд хүндэтгэлтэй ханддаггүй нь ч бий.
-Энэ бүхнийг залруулах, олон нийтэд зөв ойлголт өгөхийн тулд юу хийх ёстой вэ. Түүхэн баримтуудыг дэлгэх олон нийтийн хүртээл болгох талаар юу хийдэг, юу хийж болох вэ?
-Түүхэн эх баримтуудыг үзэх боломжийг нээж өгөхийн тулд Түүхийн Архив дахь эх сурвалжуудыг цахим хэлбэрт оруулж, нийтийн хүртээл болгох. Номыг цахим хэлбэрээр Интернэтэд байршуулах. Мультимедиаг ашиглан хүүхэд залуучуудад. Албан сургалтаас гадуур олон нийтийн түүхийн боловсролд зориулсан сургалт, үйлчилгээ явуулах гээд олон зүйлийг сэдэн хийж болох юм даа.
-Манай сургуулиудад түүхийн сургалт ямар хэмжээнд байна гэж та үздэг бэ?
-Манай түүх судлал, Монголын түүх бичлэг, дунд сургуулийн түүхийн хичээлд одоогийн Монгол Улсын хил хязгаараар хэрчигдэн судалж, зааж ирсэн нь маш учир дутагдалтай. Бидний түүх бол аугаа, тиймээс нийт монгол туургатныхаа түүхийг үзэх ёстой. Боловсрол бол Монголын ирээдүйг тодорхойлох зүйл. Манай улсад нийгмийн шинжлэх ухааны хөгжил тийм ч хангалттай түвшинд биш байгаа. Тиймээс ч ардчилсан нийгмийн бүхий л үнэт зүйлс гажуудалд ороод байна. Харин төрөөс боловсруулж буй сургалтын хөтөлбөр нь төрийн нэгдмэл бодлогод нийцэн явагдах ёстой боловч манайд тийм биш байгаа. Бас нэг гажуудал дээд боловсрол болон ерөнхий боловсрол хоорондын хөтөлбөрүүдэд уялдаа холбоо байдаггүй явдал юм. Үүнийг манай БСШУЯ хийх ёстой байтал дөрвөн жилийн дотор дөрвөн сайдын нүүр үзэж байгаа газар яаж тогтвортой, уялдаа холбоотой бодлого хэрэгжүүлэх билээ дээ. Энэ бол Монголын эмгэнэл.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН