Шувуунаас хүнд 20 гаруй төрлийн өвчин халддаг
Хүн амьтад зэрэгцэн оршдог энэ дэлхийд хүн нь байгаль дэлхийгээ сүйтгэх, амьтдаас нь үүссэн ямар нэгэн хөнөөл хүмүүсийг хорлох нь бишгүй. Дэлхийг айлган цочирдуулаад байгаа корона хэмээх цар тахлын вирусийг сарьсан багваахайгаас хүнд халдварласан гэж байгаа ч амьтнаас хүнд дамжин халдварлах боломжтойг эрдэмтэд нэгэнт баталсан билээ. Корона вирус нь амьтан, хүний хоорондын харилцаанаас халдахаас гадна ханиах, найтаах үед агаар дуслаар дамждаг.
Иймд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор манай оронд зусдаг нүүдлийн шувууд урь дагуулж ирэх үү, вирус тээж ирэх үү гэдэг асуулт ургаад байна. Айдас дагуулсан анхны усны шувууд ирэхэд бид хэрхэх ёстой вэ?
Шувуудаас хүн төрөлхтөнд учруулж байсан хор хөнөөлийг ч бид мартах учиргүй. 1990-ээд онуудад H5N1 томууны вирус нь шувуунаас гарсан. Тэрхүү шувууны томуу XXI зууны эхээр хүмүүсийн хамгийн гол аюулын нэг болж байв. Дэлхийн нэгдүгээр дайны сүүлчээр галзуурч байсан Испанийн гэх домогт ханиад мөн л шувууны томуу байжээ. Эдгээр вирусийн байгалийн агуулах нь усны шувууд болсон ба нугас гол тээгч нь ажээ. Энэ өвчнөөр усны бусад амьтад халдварладаг. Хүмүүст хөл хорио тогтоож дийлэх ч усны шувуудыг чадахгүй. Тиймээс энэ тухай мэдлэг мэдээлэлтэй байж урьдчилан сэргийлэхээс өөр аргагүй байна.
Манай улсын хувьд 513 зүйлийн шувуу бүртгэгддэг байна. Үүний 80 орчим хувийг нүүдлийн шувуу эзэлдэг. Монгол орныг нүүдлийн шувуудын Зүүн Ази-Австралийн, Төв Ази-Энэтхэгийн, Номхон далайн баруун эргийн, Африк-Евро Азийн дөрвөн том зам дайран өнгөрдөг болохыг судлаачид тогтоожээ. Эндээс үзвэл жил бүрийн нүүдлийн шувуудын чиглэлээр Зүүн өмнөд Ази дахь шувууны томууны голомттой ойрхон гэж үздэг нутгаас олон зүйлийн хэдэн мянган шувуу нүүдэллэж, Монгол болон Сибирт ирнэ. Нүүдлийн шувууд гуравдугаар сараас нүүдэллэж эхэлдэг бөгөөд олон улсын байгууллагуудын үзэж буйгаар Хятад улсад бүртгэгдсэн Н5N1 вирус тэжээмэл шувуудаас илэрсэн ч нүүдлийн шувуугаар дамжих магадлал өндөр гэж үзэж байгаа аж. Манай оронд жимсээр хооллодог шувууд арай хожуу, харин шавж хорхойгоор хооллодог нь арай эрт нүүдэллэн ирдэг байна. Судлаачдын хувьд сохор элээг хамгийн түрүүнд ирдэг гэж үздэг. Элээ махан идэшт төдийгүй хүнтэй ойр амьдардаг шувуу гэдгээрээ онцлог. Дийлэнх нь манай орны томоохон нуур голын сав бүхий нутагт хавар, зун, намрын улиралд ихэвчлэн суурьшина. Нүүдлийн шувууд өсч үржсэн газартаа жил бүр буцаж ирдэг. Хүн олноор суурьшдаг суурин газруудад ихэвчлэн бор шувууны багийн шувууд орж ирдэг. Мөн Сибирээс манай оронд ирж өвөлждөг шувууд ч бий. Эдгээр шувууны хот суурин газар дахь ногоон байгууламжийн модны жимс, үрээр хооллодог байна.
Шувуудаар корона дамжих магадлал бий
“Манай оронд нүүдлийн шувуудаар дамжин шувууны ханиад ирэх магадлалтай. Жишээлбэл 2009 оны хавар өвчтэй нэг, үхсэн есөн зүйлд хамрах 29, намрын улиралд таван зүйлд хамрах 12, 2010 оны хавар үхсэн гурван зүйлийн гурав, намар өвчтэй нэг шувуу илэрч байсан” хэмээн ШУА-ийн Биологийн хурээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Майнжаргал ярилаа.
Тийм учраас үхсэн шувуутай таарвал ойртож, хүрч, оролдохгүйгээр аль болох тухайн орон нутгийнхаа ариун цэврийн төв лаборатори (МАЦТЛ), Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) зэрэг харьяа мэргэжлийн болон холбогдох албан байгууллагад мэдэгдэх хэрэгтэй талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Вирус шувуунаас шувуунд халдварлаж тээвэрлэгддэг учраас гэрийн тэжээвэр шувуудын мах, өндгийг гүйцэд болгож идэхийг зөвлөдөг. Хэрэв шувууны ханиадны вирусийн халдвар даамжирвал тэжээмэл шувуудын мах болон өндөгний хэрэглээг зогсоож, бүр устгах зөвлөмжийг өгдөг гэнэ.
Хамгийн олон нүүдлийн шувууд ирдэг бүс нутаг нь Увс, Хяргас, Айраг, Үүрэг Ачит, Дөрөө зэрэг нуур болон Тэс, Завхан, Намир, Хархираа голууд гээд Увс аймгийн нутагт нийтдээ 245 зүйлийн шувууд тархан байршдаг байна. Иймээс нүүдлийн шувуудын дайрч өнгөрөх, өндөглөн зусах газарт мал бэлчээхгүй байх, хүн малын хөл хорио тогтоох хэрэгтэй байгаа аж. Мөн шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор үхсэн шувуудын мэдээллийг өөрт хамгийн ойр байх малын эмч, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, орон нутгийн удирдлага, онцгой байдлын газарт мэдэгдэхийг иргэдэд анхааруулж байна.
Хэрвээ үхсэн болон шархадсан гэх мэт сэжигтэй шувуу харсан үед шувуунд гар хүрч болохгүй ба мал болон нохойгоо холдуулах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй аж. Тэрчлэн шувууд олноор өвчилсөн, үхсэн нуур, голоос малаа услахгүй байх, шувууд нүүдэллэн ирсэн газар нутгийн голын усыг түүхийгээр хэрэглэхгүй байх, шувуу олноор үхсэн гол, нуурын усыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхгүй, мөн усанд орж болохгүй юм байна.
Тэжээвэр шувуу зэрлэг шувуутай тэжээл, ус бэлчээрээр шууд давхцаж, нүүдлийн шувуудаас тэжээвэр шувууд, мал, амьтанд, улмаар хүнд дамжин халдварлах магадпалтай гэж үздэг. 2005 онд БНХАУ-д нас барсан хүнийг нугасны мах худалдаалдаг байсан гэж мэдээлж байсан. Мөн энэ улсад арав гаруй байршил нутагт өвчний тохиолдол бүртгэгдсэн учир импортоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүндээ хяналт тавих шаардлага гарч байжээ.
ШУА-ийн Биологийн хурээлэнгийн Шувуу, шавж судлалын эрдэмтдийн судалгаанаас үзвэл 30 гаруй зүйл усны шувуу томууны вируст илүү эмзэг бөгөөд тээж ирэх магадлалтай байна. Гагцхүү өвчлөл гарсан бүс нутгаас л нүүдлийн шувууд ирэх нь эрсдэлтэй болохоос шувуу бүр тийм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь манай улсад нүүдлийн шувууд тээн ирж болзошгүй өндөр хоруу чанартай Н5N1 вирусээр үүсгэгдсэн шувууны томуугаар өвчилсөн тохиолдол 2009 онд хоёр удаа бүртгэгдэж байсан. Өмнө нь 2005, 2006 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуур, Булган аймгийн Сайхан сумын Хунт нууранд нүүдлийн буюу гангар хун, хээрийн галуу, алаг шунгаач зэрэг усны шувуу H5N1 хэвшлийн вирусээр үүсгэгддэг өндөр хоруу чанартай шувууны томуугаар өвчилсөн болохыг оношилж байсан. Мөн 2009 оны тавдугаар сард Архангай аймгийн Өгий нуур сумын Дойтын Цагаан нуур, мөн оны наймдугаар сард Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутгийн заагт оршдог Дөрөө нуурын орчимд үхсэн шувуудаас авсан дээжид шинжилгээ хийж, “А” хүрээний Н5N1 хэвшлийн вирус гэдгийг тогтоосон. Тухайн дээжийг Японы Хоккайдогийн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн Ази Номхон далайн орнуудын шувууны томуугийн лавлагааны лабораторид илгээж, Н5N1 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуу мөн болохыг баталгаажуулсан байжээ.
Манай орны баруун, төв, зүүн бүсийн томоохон нууруудад хот, аймаг, сумдын холбогдох байгууллагын хамтарсан мониторинг буюу урт хугацааны байнгын судалгааг хийж тухайн нуурын орчим хяналтын цэг байгуулан ажилладаг. Иргэн бүр тодорхой мэдлэгтэй байж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй элдэв өвчин үе, үе гарах болсон өнөө үед гол ус нууртай газруудад шувууд олноор цуглардаг газраас нүүдлийн хугацаанд гэхгүй аль болох зайлсхийх, орон нутгийн малчин айлууд нуур цөөрмийн ойр орчимд буухгүй байх, шувууд олноор үхсэн байвал үнэн зөв мэдээллийг холбогдох газруудад нэн яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Мөн шувууд олноор буух газарт малаа бэлчээхгүй байх нь зүйтэйг судлаачид сануулж байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН