МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч А.Дугармаа хуульч өмгөөлөгч Х.Баасанжаргал нар ярилцсаныг хүргэж байна. Иргэний эрх зүйн хорооны ээлжит подкаст “Гэр бүлийн эрх зүйн зарим асуудлууд” сэдвээр өрнөсөн юм.
-Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын тухай өнөөдөр ярилцана. Яагаад энэ хууль гарах болов?
-Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн мэдүүлээд,УИХ-ын хоёр байнгын хороогоор хэлэлцээд байна. Энэ хуулийг шинэчлэн найруулах болсон үндсэн шалтгаан, өмнө мөрдөгдөж байсан хуулийн зорилго чиглэл биелсэн үү гэдэг асуудлаар хариулъя. 1991 онд бид шинэ Үндсэн хуулиа баталсан. 1997 оныг хүртэл шинэ Үндсэн хуульд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийг шинэчилж мөрдүүлсэн. 1998 оны нэгдүгээр сард УИХ Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр баталж, Үндсэн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн 50 гаруй хууль батлагдсан. Энд 1999 оны Гэр бүлийн тухай хууль багтсан. Мэдээж нийгэм эдийн засаг бүхэлдээ өөрчлөгдсөн, нийгмийн анхан шатны нэгж болсон гэр бүлийн асуудлыг шинэ хэм хэмжээгээр зохицуулах шаардлага бий болсон учраас энэ хууль батлагдсан.
1999 онд Гэр бүлийн хууль батлагдахад нийгэм, эдийн засаг, хүн амын хөгжлийн асуудал төвөгтэй он жилүүд байв. Энгийн жишээ татахад хүнд нөхцөлд байдаг, хараа хяналтгүй, тэнүүчилж амьдардаг хүүхдүүд маш их болсон байлаа. Траншей, вагонд ч хүүхдүүд байж байдаг. Энэ асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулсан. 1973 оны Гэр бүлийн тухай хуульд байгаагүй онцлог шинэлэг зохицуулалтууд хуульд орж ирсэн. Нийгмийн харилцаанд байгаа болохгүй бүтэхгүй асуудлыг Гэр бүлийн эрх зүйгээр харьяалуулан зохицуулна гээд 1999 оны Гэр бүлийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн зорилт гэрлэх нөхцөл журам, гэрлэлтийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой харилцаа, хүүхэд үрчлэхтэй холбоотой асуудлыг зохицуулна, тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг шийднэ. Мөн түүнчлэн гэр бүлийн гишүүд, гэрлэгсэдийн эд хөрөнгийн, эд хөрөнгийн бус амины эрхтэй холбоотой харилцааг зохицуулна. Түүнчлэн асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаа, хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээний үндсэн дээр хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхтэй холбоотой нийгмийн харилцааг энэ хуулиар зохицуулсан юм. 1973, 1999 оны хуулийг харахаар зарчмын 23 төрлийн өөрчлөлт орсон гэж үздэг.
Яг үүнтэй адилаар Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн үзэл баримтлалын хүрээнд авч үзвэл үндсэн долоон асуудалд анхаарлаа хандуулж, шинэчлэл хийе гэдэг үзэл баримтлал гарсан байдаг. Нэгдүгээрт гэр бүлийг төрөөс дэмжихтэй холбоотой эрх зүйн үндсийг тодорхой болгох тухай байна. Хоёрдугаарт, гэр бүлийн эрх зүйн бие даасан институтийн асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд Үндсэн хууль түүнд нийцүүлэн яаж авч үзэх вэ. Жишээлбэл үзэл баримтлалд юу гэж дурдсан гэхээр гэрлэлт сайн дурын харилцаанд үндэслэнэ. Ямар нэгэн зуучлалын үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр ашиг олох зорилгоор гэрлэлтийн харилцаанд зуучлалыг хэрэглэхгүй гэсэн зүйл орж ирэх жишээтэй.
Гуравдугаарт, гэр бүл дэх хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд эцэг эхийн үүргийг нэмэгдүүлье. Үр хүүхдээ сайн өсгөж, хүмүүжүүлж байгаа эх эцгийг урамшуулъя. Харин хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцдог тогтолцоог боловсронгуй болгоё. Мөн түүнчлэн хүүхэд гэр бүлд тодорхой үүрэг хүлээнэ.Хөдөлмөрийн дадал зуршлыг яаж олгох юм. Энэ асуудалд анхаарал хандуулсан хуулийн төслийн үзэл баримтлал гарсан.
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн асуудлыг төрөөс зохицуулах, ийм хүүхдийн эрх ашгийг хамгаалах гол аргыг Асралт гэр бүл хэмээн тодорхойлсон.
Хүүхэд үрчлэхтэй холбоотой харилцааг боловсронгуй болгохоор тусгасан. Хуулийн үзэл баримтлалын үндэслэлд язгуур эрх ашгийн хүрээнд л хүүхдийг үрчлэх асуудлыг шийдэхэд энэ хуулийн зохицуулалт орших юм. Үрчлэлтийн нөхцөл, хүүхэд үрчлэх журам, үрчлэлтийн харилцаа дуусгавар болох, үрчлэлт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих гэсэн асуудлын хүрээнд шинэчлэл явагдах ёстой гэж тодорхойлсон.
Дараагийнх нь гадаадын иргэн, харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааны асуудлыг өмнө зохицуулж байснаас өөрөөр бие даасан бүлгээр нарийвчлан зохицуулж байгаа.
Мөн иргэдэд гэр бүлийн боловсрол олгоход анхаарсан.
Хууль тогтоомжийн хуульд зааснаар өмнөх хуулийг 50 хувиар өөрчилсөн тохиолдолд шинэчилсэн найруулга гэж үздэг.
-Шинэчилсэн найруулгад дээр дурдсан долоон асуудлаа цогцоор нь авч үзэж чадав уу. Ялангуяа гэр бүлийн хөгжлийг дэмжих төрийн бодлого гээд нэлээд том тогтолцооны асуудлыг хуулинд оруулж ирсэн байна л даа?
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгдүгээр зүйлийг сайн ойлгох зайлшгүй шаардлагатай. “Төрөөс гэр бүлийн хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож” гэсэн байгаа. Гэр бүлийн гишүүдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хамгаалалтын чиг үүрэгтэй бүх харилцааг энэ хуулиар зохицуулна шүү гэж. Гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Хуулийн зорилтыг нэрлэж байгаагийн шалтгаан бол төрөөс гэр бүлийн хөгжлийг дэмжих гэдэг нь эрх зүйгээр зохицуулагдах харилцаа мөн үү гэдгийг харах учиртай гэж судлаачийн хувьд үзэж байна. Дэмжих, хөгжүүлэхтэй холбоотой асуудал бол төрийн бодлого хөтөлбөр, төрөөс хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарч ирж байдаг. Дэмжихтэй холбоотой харилцаа гэхээр юуг хамааруулж ойлгох вэ. Тодорхойлоход бас төвөгтэй. Төрөөс гэр бүлийг дэмжихтэй холбоотой харилцаагаа зөв тодорхойлох ёстой. Хөгжүүлэх дэмжих гэхээр тунхгийн шинж чанартай харилцааг тодорхойлсон байна гэж үзэж байна. Дэмжих харилцаагаа тогтоосноор эрх ашгийг нь хамгаалахтай холбоотой асуудлыг шийднэ. Энэ бол бие даасан институт болж гарч ирж байгаа юм. Өмнөх хуультай харьцуулахад уг шинэчилсэн найруулгад хоёр бүлэг шинээр нэмэгдэж орж ирсэн. Нэгдүгээрт, дэмжихтэй холбоотой байгууллагын асуудал. Хоёрдугаарт, гадаадын иргэний гэр бүлийн эрх зүйн харилцааны асуудал.
Дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоо нь Гэр бүлийн эрх зүйгээр зохицуулах асуудал мөн үү гэвэл учир дутагдалтай. Дараагийн шүүмжлэлтэй хандах асуудал нь Асралт гэр бүлийн асуудал энэ хуулиар зохицуулагдах эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах эсэх нь тодорхойгүй явж байгаад хойно асралт гэр бүл гэсэн нэр томьёо гарч ирж байна. Ийм байдлаар хуулийн зорилтыг авч үзэхэд хуулийн төсөл үзэл баримтлалын хүрээнд шинэчлэгдвэл зохих асуудлуудаа бүрэн дүүрэн тодорхойлж чадсан уу гэвэл учир дутагдалтай, боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна.
-Тантай санал нэг байна. Дараагийн асуулт хэрэв гэр бүлийн гишүүд гэрлэлт цуцлах шаардлага гаргаагүй тохиолдолд хүүхдийг асрах тэжээн тэтгэх харилцааг шүүхээр шийдэж болж байна уу?
-Гэр бүлийн тухай одоогийн хуулийн зарчим Монгол Улсын нэгдэж орсон хэд хэдэн конвенцууд байдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенц, Сайн дураар гэрлэх, гэрлэх насны доод хязгаар тогтоох, гэрлэлт бүртгэлтэй байх зарчим байна. Энэ хүрээнд гэр бүлд хүүхдийн дээд эрх ашиг хамгаалагдсан байна гэдэг асуудал хөндөгдөнө. Дээд гэдгийг тодорхойлдог шалгуурууд бий. Гэрлэлт сайн дурын байх ёстой. Гэрлэлтийн харилцаанд эрх тэгш оролцоно гэж бас том зарчим байдаг. Эцэг эхийн хүүхдийн өмнө хүлээх үүргийг эдгээр зарчим тодорхойлж байдаг. Чөлөөтэйгээр тэгш эрхтэйгээр гэр бүл болохоор бүртгүүлсэн л бол гэр бүлийн нийгэмд хүлээж байдаг үүргийг биелүүлэх шаардлагатай. Хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй. Гэрлэлт цуцлуулаагүй атлаа гэрлэлтийн явцад хүүхдээ тэжээн тэтгэхээс татгалздаг, наад захын хоол тэжээлээр хангахаас татгалздаг мөн түүнчлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа, хөдөлмөр эрхлэх боломжгүй, гурав хүртэлх насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхнэр нөхрөө хүүхэдтэй нь хаяад тэжээн тэтгэхээс татгалзаад, явчихдаг. Гэрлэлт цуцлуулаагүй тохиолдолд хүүхдийн эрх ашгийг хамгаалаад, тэжээн тэтгүүлэхээр шаардах, эмэгтэйн эрх ашгийг хамгаалаад, тусдаа амьдарч, тэжээн тэтгэхгүй байгаа нөхрөөс нь тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй. Энэ бол зохицуулагдсан.
-Манай зарим шүүх шууд тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргахаар гэр бүлийн харилцааг дуусгавар болгоогүй гээд татгалзаад байгаа хэд хэдэн тохиолдол бий?
-Энд бас гарц бий. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 135-р зүйлд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоодог. Тэнд тэжээн тэтгүүлэх тухай заасан. Тэр битгий хэл тэтгэлгийн хэмжээг өөрчлөхтэй холбоотой асуудлыг онцгой ажиллагааны журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12-р зүйлд зааснаар хүсэлтээр үүсдэг хэрэг хянан шийдвэрлэхэд хамаарна. Маргаантай бол 134-р зүйлээ үндэслээд, нэхэмжлэлээр шийддэг хэрэгт шилжүүлж шийдэх боломжтой. Тэнд заавал гэрлэлт цуцлуулахыг шаардах үр дагавар байхгүй л гэж үзэж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд энэ нээлттэй асуудал.
-Гэр бүлийн тухай хуульд баялгийн асуудал бий. Гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс гадна гэр бүлийн баялаг гэсэн асуудал гараад байна. Ямар тохиолдолд эд хөрөнгө гэж үзээд, ямар тохиолдолд баялаг гэж үзээд байгаа юм бэ?
-1999 оны Гэр бүлийн тухай хуулиар аваад үзвэл гэр бүлийн эд хөрөнгөтэй байх, хоёуланд нь хамаатай, тэднээс төрсөн хүүхдүүдэд хамаатай, түүнчлэн төрөл садангийн хүмүүст хамааралтай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх, дундын эд хөрөнгөтэй байх, өөрт ногдох хэсгээ захиран зарцуулах эрхтэй байна гээд Гэр бүлийн тухай хуулийн 10-р зүйлд заасан. Шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд бол 20-р зүйл гэрлэгчдийн эрх үүрэг, хариуцлагатай холбоотой асуудлыг авч үзэж байгаа. Энд дараах эрхийг эдэлнэ гээд гэр бүл хуваарьт хөрөнгөтэй байж болно гэсэн.
Хуваарьт хөрөнгөтэй байна гэдэг маань гэрлэгч тус бүрт хамааралтай тус бүрдээ өөрийнхөө үзэмжээр захиран зарцуулах эрхтэй байдаг хөрөнгийн хувьд ярьж байгаа юм. Дараа нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших ашиглах захиран зарцуулах эрхийг гэрлэгчид нөгөө талынхаа зөвшөөрснөөр хэрэгжүүлдэг. Тэгвэл хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дангаараа захиран зарцуулж болох уу гэдэг асуудал маргаан үүсгэнэ. Дараа нь гэр бүлд бий болсон баялгийг тэгш хүртэх гэж заасан. Иргэний хуулийн зохицуулалтын хүрээнд эдийн баялаг гэсэн нэр томьёо гарч ирдэг. Эдийн баялаг бол хөрөнгө, хөрөнгө дотроо хөдлөх үл хөдлөх хөрөнгө байна. Хуваарьт хөрөнгийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудал түүнээс гэр бүлд бий болсон баялаг гэж юуг ойлгож байгаа юм бэ гэдэг асуудлыг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Яг ийм байна гэж хэлэх боломж одоогоор алга.
Яриаг тэмдэглэсэн Б.Эгшиглэн