Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Зөв бичих дүрэм зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийг торгох хуультай ч хэрэгжилт 0 хувьтай байна

 Саяхан, цахим орчинд “Эцэг эхэд нь “сармис” гэж заагаад үр хүүхдэд нь “саримс” гэж зааж эцэг эх, үр хүүхдийн дунд яс хаяж байна” гэх сэтгэгдэл маш их хандалт авсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлөөс 2018 онд хэвлэн гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д дээрх үгийг “саримс” гэж бичнэ хэмээжээ. Гэвч энэхүү дүрмийг эх хэл хэрэглэгчид одоохондоо хүлээн авч чадахгүй байгаа билээ. Үүгээр зогсохгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч зарим үгсийг өөр өөрөөр бичсээр байгаа нь олон нийтийг төөрөгдөлд оруулсаар байгаа юм. Тиймээс бид монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийн хэрэгжилт, түүнд тавих хяналтын талаар албаны эх сурвалжуудтай холбогдож, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Н.Нарангэрэл: Алдаа гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагуудад

хяналт тавьж, нэрийг нь ШӨХТГ рүү явуулсан

 Юуны түрүүнд бид хэлний бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэлтэй уулзсан. Тэрбээр, “Манай ажлын албанаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 25 мянган төрийн албан хаагчид зөв бичих дүрмийн сургалтуудыг зохион байгуулсан. Энэ жил хөдөө орон нутгийн албан хаагчид руу төвлөрч ажиллаж байна. Мөн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, сайтын нэгдсэн холбоотой хамтраад зөв бичих дүрмийн сургалт зохион байгуулдаг уламжлалтай болсон. Бидний зүгээс одоо зөв бичих дүрмийг албан ёсоор “Microsoft”, “Apple”, “Samsung” гэх мэт томоохон компаниудад санал болгож, гар утас, нөүтбүүк, хэрэглээний программд суулгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд худалдаа аж үйлдвэрийн танхимтай гэрээ хэлцэл хийж байгаа. Зөв бичих дүрэм эдгээр компаниудын гар утсанд албан ёсоор суугаад ирчих юм бол бүх хүмүүсийг бичиж байх явцад алдаа нь автоматаар засагддаг болно гэсэн үг. “Болор дуран” гэх мэт программууд зохиож болох ч өнөө цагт хэн ч мөнгөөр алдаагаа засъя гэж хичээхгүй байна. Тийм болохоор том том байгууллагуудтай харилцаад, тэдний загварт нийцүүлж, зөв бичих дүрмээ боловсронгуй болгож өгвөл facebook, twitter, instagram гэх мэт цахим орчинд алдаа мадаг гарахаа болино гэж харж байгаа” гэсэн юм.
Мөн түүнээс хэвлэл мэдээллийн байгууллагууд “сурвалжилга” гэдэг үгийг “сурвалжлага” гэж бичдэг. Энэ мэт зөрүүтэй ойлголт дээр танай байгууллагаас хяналт тавьж, хэрэгжилтэд анхаарал хандуулж байна уу гэхэд “Энэ бол ойлголтын зөрүү биш. Сурвалжилга гэдэг үг 1983 оны толь дээр ингэж бичигдэж байсан. Түүнээс энэ удаагийн толиор ийм болгож өөрчлөөгүй. Энэ удаагийн шинэ толийг 83 оны толь дээр суурилаад, нэмж баяжуулж гаргасан гэдгийг хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байна. Бид архив ухаад үзэхээр 70, 80-аад оноос эхлээд манайхан толио ашиглахгүй явсан юм билээ. Үүнээс болоод өнөөдөр эцэг эх, хүүхдүүдийн дунд зөв бичих дүрмийн маргаан үүсээд байна. Энэ нь ээж аав нарынх нь ч буруу биш. Тухайн үед сурах бичиг зохиож байсан багийнхан толь бичиг ашиглаагүйгээс болоод эцэг эхчүүд буруу бичиж, тэр нь нүдэнд нь дасал болчхоод байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд гэвэл бид телевизүүдийн доор явдаг титр, мэдээ, үгэн зард хяналт хийж алдаа гаргасан байгууллагуудын нэрийг ШӨХТГ рүү явуулж байгаа. Тэндээс хэчнээн байгууллагыг яаж торгосон талаар мэдээлэл авч болно. Мөн “Univision”, “Skymedia”-н алдааг Харилцаа холбооны зохицуулах хороо руу явуулсан” гэв.

Монгол хэлний хуулийн хэрэгжилтэд ШӨХТГ, МХЕГ, Харилцаа холбооны зохицуулах

хороо хяналт тавих үүрэгтэй

- Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйл. Монгол хэлний тухай хууль зөрчсөн тохиолдолд: “Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон зохицуулалт, эсхүл журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байна.

Төр засгаас журамласан толийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байна уу гэхэд “2015 онд Монгол хэлний тухай хууль батлагдсан. Энэ бол хамгийн том алхам болсон. Мөн Засгийн газрын 37 дугаар тогтоол байна. Саяхан бид монгол бичгийн хөтөлбөрөө батлууллаа. Энэ бүхэн төрөөс бодлогын хэмжээнд дэмжиж байгаа илэрхийлэл гэж харж байна. Үүнээс гадна манай хэлний бодлогын зөвлөлөөс “Боловсрол” суваг телевизтэй хамтраад “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийг амжилттай зохион байгуулсан. Энэ бол нийгэмд нөлөөлөл үзүүлсэн томоохон ажлуудын нэг болсон” гэлээ.
Монгол хэлний тухай хуулинд зааснаар зөв бичгийн журамласан толийн хэрэгжилтэд ШӨХТГ, МХЕГ, Харилцаа холбооны зохицуулах газар зэрэг байгууллагууд хяналт тавьж ажиллах үүрэгтэй юм байна. Энэ дагуу бид ШӨХТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдоход “Хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой хуулийн хэрэгжилтийг Харилцаа холбооны зохицуулах газраас тодруулаарай. Манай дээр хэлний бодлогын зөвлөлөөс яг ийм албан бичиг ирээгүй байна гэсэн юм. Бидний зүгээс албан байгууллагуудын хаягжилт дээр илүү анхаарал хандуулж ажилладаг. Гэхдээ яг одоо нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ талаар мэргэжлийн хяналтын газраас тодруулаарай” гэсэн юм. Ингээд Харилцаа холбооны зохицуулах хорооны олон нийттэй харилцах албаны мэргэжилтэнтэй холбогдоход асуултыг нэг л сайн ойлгож өгөхгүй, мэдэн будилсаар “Эргэж холбогдъё” гээд таг болов.
“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” атал өнөөдөр эх хэлээр зөв бичих асуудалд хяналт тавих үүрэгтэй байгууллагууд иймэрхүү хариулттай сууцгааж байна. Харин эх хэлний дархлаанд сэтгэлээ чилээж суудаг эрдэмтэн мэргэд ингэж ярив.

Ц.Өнөрбаян: Өнөөдөр бидэнд тулгамдаж буй хамгийн гол

асуудал нь эх хэлний хэрэглээ

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор, Ардын багш Ц.Өнөрбаян:
Өнөөдөр бидэнд тулгамдаж буй хамгийн гол асуудал нь эх хэлний хэрэглээ. Хэрэглээ дотроо бичгийн хэрэглээ. Түүнээс онцолбол, зөв бичих чадварын алдаа, дутагдал юм. Үнэндээ эх хэлний боловсролд бичгийн хэрэглээ хамгийн энгийн зүйл. Өөрөөр хэлбэл, зөв бичгийн дүрэм гэдэг бол улс үндэстэн, тухайн улсын иргэн эх хэлдээ хэрхэн хандаж байгааг харуулах үнэлэмж юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл хуралдаж, 2018 онд Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь гаргасан.
Гэхдээ энэ толь шинээр зохиосон зүйл биш. Тодруулбал, 1940-өөд онд зохиосон Ц.Дамдинсүрэнгийн хуучны монголчуудын бичгийн, ялангуяа халхын аман зохиол дээр тулгуурласан утга зохиолын хэлний зөв бичих дүрмийг журамласан толь. Мөн 1983 онд Ц.Дамдинсүрэн нарын зохиосон зөв бичих дүрмийн тольд тулгуурласан. Ингэхдээ зөв бичих дүрмийг өөрчлөхгүйгээр журамласан. Энэ толь гарснаас буюу 2018 оноос хойш зөв бичих дүрмийн хэрэглээ харьцангуй сайжирсан. Үүнийг сөрөг, муу талаас нь гэхээсээ илүүтэй үнэн зөвөөр харвал зөв бичих дүрэмд баримтлах журам жигдэрсэн гэж болно. Нэмж хэлэхэд, энэ толь гарснаас хойш хэлний мэргэжлийн эрдэмтэд маргалдахаа больсон. Алдаа мадаг байвал нэгнийгээ сонсч, явц дунд нь засч залруулах бүрэн боломжтой.

Э.Пүрэвжав: Эх хэлний боловсрол иргэн бүрт хамааралтай

Шинжлэх Ухааны академийн доктор Э.Пүрэвжав:
Эх хэлний боловсрол гэдэг бол аль нэг сургууль, боловсролын байгууллагын ажил биш. Монгол Улсын иргэн бүрт хамааралтай. Монгол хэлний тухай хууль 2015 онд гарсан. Тус хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны ур чадварын шалгалтад монгол хэл, бичгийн мэдлэгийн шалгуурыг тогтоосон байх” гэж оруулсан байгаа. Энэ зүйл заалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлч нөхөд маань харгалзаж үзэх ёстой. Мөн тус хуулийн 22.2.5-д “Төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулгыг боловсруулах ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг. Тэгэхээр шат шатны байгууллагын монгол хэлний хэрэглээ хуульд туссан байгаа учраас иргэн бүр ажилд орохдоо, ажил хийхдээ эх хэлний боловсролд соргог хандаж, хэм хэмжээт зүйлсийг эрхэмлэх нь зүйтэй. Мөн түүнчлэн, манай улсын хүн ам сая хүрээгүй байх үед сурах бичиг, толь бичгийг 30-40 мянган хувьд хэвлэдэг байсан. Гэтэл энэ журамласан толийг 10 мянган хувь л хэвлэсэн. Монгол хэлний зөв бичих дүрмийн толь айл бүхэнд байх хэрэгтэй. Тэгэхээр бид хэн нэгнийг буруу бичиж байна гэж хэлэхээсээ урьтаж улсын зардлаар ч юм уу, өөр ямар нэгэн байдлаар энэ толийг түгээх ёстой. Үүний дараа шаардлага тавих ёстой. Цөөн тоогоор хэвлэсэн номыг хүнээс шаардахад тэд хооронд зээлж унших уу, яах вэ гэдэг асуудал үүсдэг.

Ш.Баттөгс: Эх хэлний, бичиг үсгийн боловсролд хамгийн их

үүрэгтэй нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд

 Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ш.Баттөгс:
Бичиг, үсгийн боловсрол гэдэг дан ганц эрдэмтэд, зөвлөлийн асуудал биш.Нийт ард иргэдэд шууд хамаатай байдаг. Эх хэлний, бичиг үсгийн боловсролд хамгийн их үүрэгтэй оролцдог нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Гэтэл өөрсдөө буруу бичдэг, энэ зөв бичих дүрмийн толийг ашигладаггүй, хуучны дадал болсон буруу дүрмээр бичиж олон нийтэд хүргэж байгаа нь буруу үлгэр юм. Алдаа гаргаж буй хүмүүсийн цаана редакторладаг, хянадаг хүн байх ёстой. Тэд ажлаа хийж чадахгүй байгаа юм уу гэмээр байна. Угтаа зөв бичээд сурчихвал олон нийтийн бичиг, үсгийн боловсрол дээшлэхэд чухал үүрэгтэй. Сүүлийн үед хүмүүс “Монгол хэлний дүрэм сонин болчхож”, “Янз бүрээр бичээд байх юм” гэсэн хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, дүрэм өөрчлөгдсөн хэмээн ойлгож, ярьж байна.
Гэтэл дүрэм огт өөрчлөгдөөгүй. Харин ч эсрэгээрээ хуучин буруу бичдэг байсан үгнүүдийг зөв болгож, залруулсан. Буруу бичиж хэвшсэн дадлаасаа салж чадахгүй болохоороо дүрэм өөрчлөгдсөн хэмээн бодож, гайхах, эргэлзэхэд хүргэж байна. Үүнээс л монгол хэлний боловсрол унаад байна гэдэг ойлголт төрдөг бололтой. Үүнээс гадна монгол хэлний хууль, толь бичиг гарлаа гээд гэв гэнэтхэн бүх зүйл сайжрахгүй. Бүх хүнд хүрч, боловсроход хугацаа хэрэгтэй. Хууль гарчихлаа, эрх зүйн орчин бүрдлээ гэтэл яагаад алдаатай бичээд байна вэ гэдэг чинь өөр асуудал. Яаж хэмжээд, яаж үнэлээд муу байгаа вэ гэхээр магадгүй олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлүүдээр монгол хэлний зөв бичгийн дүрмийг алдаатай байна гэж ойлгодог байх. Тэр бол утга зохиолын хэл биш. Хоёр хүний хоорондын хувь ярианы хэл. Фэйсбүүкээс энэ мэтийг хараад “Монгол хэл баларчихжээ” гэж ярьдаг. Латин үсгээр, товчилж бичдэг болохоор түүнд хяналт байхгүй. Хянах шаардлага ч байхгүй. Өөрөөр хэлбэл, нийтийн боловсролтой огт хамаагүй асуудал. Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт би орсон. Энд тэндгүй оношлогоо гэж бичсэн байна лээ. Энэ нь “Оношилгоо гэхээр нэг л биш байдаг юм” гээд дүрмээр биш сурсан зангаараа л бичиж байгаа явдал. Үүнийг хольж, хутгаж ойлгох нь буруу.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com