Б.САНАА
Тендер гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.1-д захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ. Харин тендер шалгаруулалт гэдэг нь тус хуулийн 5.1.2-т зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг хэлдэг бол тендерт оролцогч нь мөн хуулийн 5.1.6-д захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно гэж хуульчилсан байдаг. Энгийнээр бол төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх аливаа нэг ажил, үйлчилгээг хамгийн сайн, баталгаатай үнээр захиалагчаас хараат бус этгээд хийж дуусгах ажиллагааг хэлж байгаа хэрэг.
Хуулийн зүйл заалтыг нийтлэлийн эхэнд ийнхүү ишлэх болсон нь учиртай. Монгол Улсын хувьд жил бүр энэ хуулийн дагуу хэдэн зуун саяас хэдэн зуун тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, худалдан авалт хийдэг. Тэр бүрт тендер зарладаг. Учир нь төсвийн мөнгийг чанартай, хариуцлагатай зарцуулах хамгийн гол зохицуулалт бол тендер.
Гэвч сүүлийн жилүүдэд тендер гэдэг татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй бүтээн байгуулалт, худалдан авах үйл ажиллагаанд зарцуулах үндсэн зорилгоо алдаж, танил тал найз нөхөд, дарга даамлын компаниуд тендер авдаг болоод удлаа. Булхайтай тендерийн үр дүнд төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулагдсан олон жишээг монголчууд мэднэ. Төсвийн мөнгө ёолдоггүйг далимдуулж одоо ч булхайтай тендер өрнөсөөр байна. Ялангуяа хараа хяналт бага орон нутагт.
Үүний нэг жишээ бол Дундговь аймагт зарлагдсан Наадмын талбайн бүтээн байгуулалтын 2.5 тэрбум төгрөгийн тендерийн ажил юм. Тодруулбал, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон Нутгийн өмчийн газраас 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр 2,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Наадмын талбайн дуусгал” нэртэй цахим тендерийг зарлажээ. Уг тендерт “Зуут констракшн” ХХК, “А” ХХК гэсэн хоёр компани оролцжээ. 2019 оны зургадугаар сарын 8-ны өдөр тендерийг нээж Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны гишүүд 2019.06.26 ны өдөр хуралдаж “Зуут констракшн” ХХК-ийг шалгаруулсан байдаг аж.
Гэтэл тендерт шалгарсан “Зуут констракшн” гэх компани нь тендерийн олон шаардлага хангаагүйгээр барахгүй захиалагч, гүйцэтгэгч хоёрын хооронд байгуулсан гэрээ нь холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, түүгээр зогсохгүй Дундговь аймгийн ЗДТГ-ын нэр бүхий удирдах албан тушаалтнуудтай хамаарал бүхий компани болох нь батлагджээ. Үүнийг батлах цөөн хэдэн баримтыг дурдъя.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендертэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэхийг тус хуулийн 54 дүгээр зүйлд заасан бөгөөд 54.1-д тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын тав хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана гэжээ. Тус тендерийн талаарх мэдэгдэл ялагдсан “А” компанид 2019.08.02-нд ирсэн байдаг аж. Гэтэл захиалагч, гүйцэтгэгч хоёрын хооронд байгуулсан гэрээнийн 5 дугаар зүйлд тендерийн ажлыг 2019 оны наймдугаар сарын 06 ны өдөр ажлаа эхэлнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл тендертэй холбоотой маргаан хуулийн дагуу гарах хугацааг тооцохгүйгээр шууд гэрээ байгуулах хугацааг хууль бусаар тогтоожээ.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20-р зүйлийн тендерийн баталгааны 20.2-т заасан Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны баталгаа, Засгийн газрын бондын хэлбэрээр, Гадаадын хуулийн этгээд Монгол Улсын буюу гадаадын банкны баталгаа, Монгол Улсын Засгийн газрын бонд, эсвэл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр ирүүлж болно гэжээ. Мөн урьдчилгаа төлбөрийн баталгааг ч тус хуулийн 5.1.8-д хуульчилсан байдаг.
Тендерийн Үнэлгээний хорооны гишүүд тендерийн шаардлага хангаагүй “Зуут констаркшн” ХХК-ийг 100 хувь санал нэгтэйгээр “Сайн” гэж шалгаруулсан нь анхаарал татна. Учир нь тендерийн олон шаардлагад “Зуут констракшн” ХХК нь өрсөлдөгч компаниасаа доогуур байх бөгөөд сүүлийн гурван жил бараг үйл ажиллагаа явуулаагүй нь татварын тодорхойлолтоос нь харагддаг.
Тухайлбал, Тендерт оролцогчид өгөх зөвлөмжид тусгагдсанаар техник хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмж нь зөвлөмжийн шаардлагыг хангадаггүй аж. Жишээ нь, тендерт оролцогч нь долоон машин механизмтай байна гэж шаардсан байхад “Зуут констаркшн” ХХК зөвхөн нэг машин механизмыг санал болгожээ. Гэвч санал болгосон нэг машин нь үзлэг оношилгоонд ороогүй байдаг. Нийгмийн даатгалаа тухайн компани сүүлийн нэг жил буюу 12 сар тасралтгүй төлөх ёстой байдаг бол тус компани энэ шаардлагыг биелүүлж чадаагүй байна. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь шүүх хурал дээр нэг жил гэдэг нь 11 сар байдаг гээд ичих ч үгүй ярьж зогсчээ. Мэргэжлийн инженер зургаа байх ёстойгоос хоёр л инженертэй гэх мэтчилэн зөрчилтэй зүйлс гарчээ. Түүгээр ч зогсохгүй түргэн хөрвөх чадварын тодорхойлолт нь ч хуульд нийцээгүй байна. Хадгаламж зээлийн хорооны тодорхойлолт ирүүлсэн байх жишээтэй. Ингээд дурдаад байвал ТОӨЗ-ийг хангах зүйл заалт олдохгүй юм. Гэтэл Засаг даргын байгуулсан үнэлгээний хорооны гишүүд үг дуугүй хоёр ч удаа тус аж ахуйн нэгжийг хамгийн сайн тендер ирүүлэгч хэмээн үзэж байдаг.
Зөвлөмжийн шаардлага хангаагүй тус компанийг тендерт ялуулах сонирхол ч тус тендерийн үйл явцаас харагддаг аж. Сангийн сайдын тушаалаар тендер гүйцэтгэгч нь сүүлийн гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байхыг шаарддаг. Харин “Зуут констаркшн” ХХК нь сүүлийн гурван жил зогсолт хийсэн компани сүүлийн гурван жилийн борлуулалтын орлого нь нийтдээ 164 сая төгрөг болдог бөгөөд ийм борлуулалттай ийм аж ахуйн нэгжээр 100 сая төгрөгний тендер ч авах боломжгүй, хуулиараа бол. “Зуут констракшн” ХХК-ийн удирдлагууд хангалттай их хэмжээний төлбөрийг Дундговь аймгийн удирдлагууд болон үнэлгээний хороонд төлсөн байх магадлалтай. Гэтэл Дундговь аймгийн ЗДТГ-аас байгуулсан Үнэлгээний хорооны гишүүд гурван жилийг тав болгожээ. Учир нь “Зуут констаркшн” ХХК нь сүүлийн таван жилийн дотор буюу 2015 онд ганц томоохон дүнтэй ажил гүйцэтгэсэн байдаг аж. Гэхдээ тухайн ажлынх нь гэрээ нь ч байдаггүй хүчин төгөлдөр бус ажилд тооцогддог. Тендерт ирүүлсэн гэрээг нөхөж хийсэн гэхдээ тэр гэрээний нийт дүн 860 орчим сая харин үнэлгээний хорооны гишүүдийн нүдээр 1.7 тэрбум төгрөг болж өсч харагдаад байгаа юм. Үнэлгээний хороо нь тус тендерийн материалыг эртнээс Зуут констракшн ХХК-ийн бичиг баримтанд тааруулан зарласан болоод л өнгөрөөхөөр шийдэж. Гай болж өрсөлдөгч А компани орж ирснээр хамаг төлөвлөгөө нь нурсан ажээ. Хамгийн гол нь ялагч компани нь 2015 онд жилийн эцэст тайлангаа ирүүлээгүй мөн татвар төлөөгүй юм билээ. Тендерийн материалд ирүүлсэн санхүүгийн тайлан нөхөж хийсэн аудитын тайлан татварын тодорхойлолтуудын бүх дүн нь зөрүүтэй байжээ.
Хамгийн ноцтой зөрчил бол тендерт шалгарсан компани эхний ээлжинд нийт төсвийн таван хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг гүйцэтгэлийн баталгаа болгож банканд байршуулах хуультай. Түүнийг нь үндэслэж захиалагч талынхан гэрээ байгуулдаг. Харин энэ тохиолдолд хууль зөрчиж, гүйцэтгэлийн баталгаа байршуулаагүй “Зуут констаркшн” ХХК-тай Дундговь аймгийн ЗДТГ-ынхан гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулахынхаа өмнөх өдөр нь ажлаа эхлүүлнэ гэж заасан нь маш их яарч байгаагийн илрэл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн 43-р зүйлд тодорхой заасан байдаг. Олон аж ахуйн нэгж тендерт ялчхаад хуулийн хугацаанд гүйцэтгэлийн баталгаагаа гаргаж гэрээ байгуулж чадаагүйгээс болж тендер хүчингүй болдог. Гэтэл “Зуут констракшн” ХХК-д Дундговь аймгийн удирдлагууд өртэй мэт давуу байдлыг олгож, хууль зөрчин гэрээ байгуулсан явдал юм. Хэрэв уг баталгааг хэзээ ч хамаагүй гаргадаг хуультай бол олон аж ахуйн нэгж тендерээ алдахгүй байсан.
Үүний дагуу өрсөлдөгч “А” ХХК Сангийн яаманд хуулийн хугацаанд гомдол гаргажээ. Сангийн яамны зүгээс 2019.07.19-ний өдөр Дундговь аймгийн ЗДТГТ “...Зуут констракшн компани сүүлийн гурван жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн талаар шүүхийн тодорхойлолт ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а)-д заасан шаардлагыг, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага нь ТОӨЗ 5.3 (б)-д “...2014, 2015, 2016, 2017, 2018 оны аль нэг жилд төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байна” гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу зөрчлийг арилган, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг мэдэгдье” гэжээ. Өөрөөр хэлбэл, 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэй уг бүтээн байгуулалтын ажлын тендер хууль бусаар явагдсаныг бодлогын яам ил тодоор тогтоож, хуулийн дагуу ажилла гэж сануулжээ. Гэвч Дундговь аймагт Сангийн яамны энэ шийдвэр биелэгдээгүй төдийгүй дахин “Зуут констракшн” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулан санхүүжилтийг олгож эхэлсэн аж. Төрийн яамнаас том толгойтой аймгийн удирдлагууд байгаагийн нэг тод жишээ бол энэ.
Үүнийг хуулийн байгууллагаас ч хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Прокурорын газраас Сангийн яамны мэдэгдлийг хянаж үзээд “Сангийн яамнаас гаргасан зөвлөмжид “Зуут констракшн” ХХК тендерт оролцогчид өгөх зөвлөмжийн шаардлагыг хангаагүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгох чиглэлийг өгсөн боловч аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороодын гишүүд нь дээрх шийдвэрийг хэрэгжүүлэлгүй Зуут констракшн ХХК-ийг дахин шалгаруулсан нь тогтоогдсон байна” гэжээ. Энэ бол хуулийн байгууллагын хариулт. Хуулийн байгууллага, түүнд хөндлөнгөөс хяналт тавьдаг Прокурорын байгууллага энэ тендерийн үйл ажиллагаанд булхай байгааг ил тод хэлсэн байна.
2.5 тэрбум төгрөгийн тендер гэдэг бага өртөг биш. Тэр дундаа орон нутагт бол томоохон хөрөнгө оруулалтын ажил. Дундговь аймгийн удирдлагууд нэг компанийг энэ том тендерт Сангийн яам, хуулийн байгууллагын сануулга, шийдвэрийг зөрчин зүтгүүлсээр байгаа нь учиртай. Тендерт шалгарсан Зуут констракшн ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь “Шувуутайн Хийморь” гэх компани бий. Тус компани нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэнгийн гэр бүлийн хүн н.Гантогтохынх аж. Н.Гантогтох нь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн зөвлөхийн албан тушаалтай. Ийм сүлжээ л нэг компанийг хууль зөрчин байж энэ том тендерт зүтгүүлсээр байгаагийн гол шалтгаан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендерт оролцогч захиалагчаас хараат бус байна гэх гол заалт ийнхүү зөрчигдөж байгаа юм. Өнгөрсөн жилийн намар тус тендерийн маргаан шүүх болон Авлигатай тэмцэх газарт хянагдаж эцэслэгдээгүй байхад “Зуут констракшн” ХХК-ийн удирдлага Дундговь аймгийн удирдлагууд том толгойлон ажлыг хүчээр эхлүүлсэн ажээ. Гэвч тэд үнэхээр хуулиас дээгүүр алхдагаа батлан хийгээгүй ажлын гүйцэтгэл бичээд, түүнийг нь Дундговь аймгийн удирдлагууд мэргэжилтнүүд нь баталгаажуулан Сангийн яамандаа өгч, 447 сая төгрөг завшсан байдаг. Тендер авсан “Зуут констракшн” ХХК-ийн төлөөлөгч нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүх танхимд хэнэг ч үгүй тус тендерийн санхүүжилт болох бүх мөнгийг татан авсан талаар хэлсэн ч хуулийн дагуу аваагүй нь тодорхой. 2.5 тэрбум төгрөгийг аль хэдийнэ компанийхаа дансанд шилжүүлэн авсан мэдээллийг Сангийн яамнаас эхлээд орон нутгийнхан хэлж байна. Хууль зөрчиж тендерт шалгарсан гэж хариу албан мэдэгдэл ирүүлж байсан Сангийн яам ийм том төсвийг зөрчилтэй тендерт өгсөн шалтгааныг яаманд ажилладаг хүмүүс “Дундговь аймгийн Засаг дарга өөрийн биеэр ирж хөөцөлдсөөр байгаад санхүүжилтээ авсан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Дундговийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хоёр нэг нутгийн хүмүүс гэсэн. Нэгэнт дээд дарга санхүүжилтийг хий гэж тушааж байхад бид үгүйсгэх боломжгүй” хэмээн учирлаж байна.
Эдүгээ энэ асуудал шүүх дээр үргэлжилж буй. Тендерт оролцсон “А” компани тендерийг хууль бусаар явуулсан хэмээх гомдлыг Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Шүүхээс “А” компанийн гаргасан гомдлыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн аж. Гэвч хариуцагчаар гэрээ байгуулсан, шалгаруулсан албан бланкаа ашигласан, Тендер зарласан аймгийн ЗДТГ биш Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг татах ёстой хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй нь хачирхалтай. 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг зарлахдаа ч захиалагч нь Дундговь аймгийн ЗДТГ гэсэн байхад, гэрээ байгуулахдаа захиалагч Дундговь аймгийн ЗДТГ хэмээн толгойлсон байхад шүүх дээр тэд хариуцагч биш үнэлгээний хорооны гишүүд хариуцагч болох ёстой гэж шийдсэн нь анхаарал татна. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ. Нэхэмжлэл гаргагч эдүгээ Улсын дээд шүүхэд хандаад байгаа аж.
Хууль зөрчсөн, төсвийн мөнгийг шаардлага хангаагүй, захиалагч талын хамаарал бүхий компани захиран зарцуулах эрхтэй болсныг үндэслэлтэй хэмээн Сангийн яам, прокурор, шүүхээс үзчихээд хариуцагч нь өөр субьект байх байжээ гэх өрөөсгөл шийдвэр энэ тендерийн булхайд хэр зохистой вэ. Хар үгээр хэлэхэд иргэн Дорж хууль зөрчсөн нь үнэн байна, гэхдээ хариуцлагыг Дорж биш түүний аав Дамдин үүрэх ёстой гэж байгаагаас өөрцгүй ойлгогдож байна.
Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийг булхайтай зарцуулж, ийм нэгэн тендерийн маргааныг эцэслэх цэг бол Улсын дээд шүүх. Хэдийгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдолтой байж болох ч түүнийг төрийн албан хаагчид өөгшүүлж, өөрсдөдөө ашигтайгаар захирах нь хуулийн ноцтой зөрчил. Тэр тусмаа орон нутгийг удирдаж, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангараг өргөсөн хүмүүс шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН