Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, Гэр бүлийн тухай хуульд орох шаардлагатай байгаа өөрчлөлтийн талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.
-Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах эрхзүйн орчин хангалттай бүрдсэн үү. Өөрчилж, засч сайжруулах, нэмэлтээр оруулах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?
- Хүүхдийн эрх хамгааллын 30 гаруй хууль тогтоомж, дүрэм зааврууд бий. Хууль эрхзүйн орчны зохицуулалт хангалттай сайн байна гэдэгтэй ихэнх хүмүүс санал нэг байдаг. Гэхдээ бас учир дутагдалтай, цаашид анхаарал хандуулах хэд хэдэн эрхзүйн баримт бичиг үгүйлэгдэж байна.
Тухайлбал, гэр бүл цуцлахтай холбоотой харилцаан дээр хүүхдийн дундын өмчлөл, тэтгэмжийн асуудал, үрчлэл, хүүхдийн асрамжийн асуудлыг яаж шийдэх вэ. Хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд гэр бүлийн гишүүдийн хамтын хариуцлагыг яаж тодорхойлох, ээж аав нь хоёулаа шоронд орох үед хүүхэд төрийн хараа хяналтад үлддэг болох зохицуулалтыг яаж бий болгох вэ гэх мэт зайлшгүй анхаарлаа хандуулах шаардлагатай асуудлууд байгаа юм.
-Хоёулаа асуудал нэг бүр дээр төвлөрөөд гарц, шийдлийн талаар ярилцаад явъя. Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд болж үлддэг. Бас хүүхдийн тэтгэмжийн асуудалтай эцэг эхчүүд олон байдаг. Тэгэхээр энэ асуудлыг хуулийн дагуу яаж шийдвэрлэх вэ?
-Гэрлэлт цуцалдаг ажиллагаа бол хүүхэд байхдаа айл гэр болж, чулуугаар тоглодог үзэгдэлтэй адил энгийн хялбар үйл ажиллагаа болж дуусч байна. Сүүлийн таван жилд 20 гаруй мянган гэр бүл салсан бөгөөд түүний цаана 36 мянган хүүхэд өнчирч үлджээ гэдэг статистик тоо мэдээг хуулийн байгууллагаас гаргасан. Мөн өнгөрөгч оны нэгдсэн дүнгээр харахад 72 мянган эмэгтэй, 19500 эрэгтэй өрөөсгөл гэр бүл болж, өрх толгойлж амьдарч байна. Хүүхдийн тэтгэмжийн асуудлыг өнөөдөр үйлчилж байгаа Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан. Үүнд, тэтгэмжийг мөнгөн хэлбэрээр, эд хөрөнгөөр ямар ч хэлбэрээр өгч болно. Хугацааны хувьд сараар, улирлаар, жилээр гээд тохиролцоод өгөх боломжтой. Үүнээс гадна гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг удирдлага болгоод 0-11 насны хүүхдэд амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 насны хүүхдэд 100 хувь байлгахаар хуульд зохицуулсан. Гэтэл хуулийн дагуу энэ асуудал шийдэгдээд явдаггүй тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл, томчууд гэр бүл цуцлахдаа хүүхдийн өмнөөс, хүүхдийн эрхийг зөрчиж шийдвэр гаргадаг. “Би гурван хүүхэдтэй. Тэтгэмж авахгүй. Чамтай чамгүй хүүхдээ аваад явчихна” гээд аав, ээж нь хэлдэг. Гэтэл тэр тэтгэмж бол хүүхдийн амьжиргаанд зориулагдсан мөнгө. Сурч боловсрох, илүү чанартай хоол хүнс хэрэглэхэд нэмэр болох ёстой. Бас, тэтгэмжээ өгөхдөө салаад явсан аавд нь, ээжид нь өгөх гэж байгаа юм шиг байдлаар “Чамд өгөхгүй” гэх хандлага гаргадаг. Үүний цаана хүүхдийн эрх зөрчигддөг. Тэр мөнгө тухайн хүүхдийн хуваарьт дансанд ороод хуримтлагдаж байх ёстой. Хүүхэд байхдаа хэрэглэхгүй бол, 18 нас хүрээд захиран зарцуулах эрх нь нээгдэх боломжтой шүү дээ.
-Тэтгэмжээ цаг тухайд нь өгөөгүй эцэг эхэд хариуцлага тооцох эрхзүйн ямар зохицуулалт байдаг вэ?
- Тэтгэмжээ тогтсон хугацаанд өгдөггүйгээс болоод тэтгэмжийн араас нэхэл дагал болсон үйл явдал үргэлжилдэг. Хүүхдийн эрх зөрчигдвөл яах вэ гэдэг асуудал Зөрчлийн хуулиар их хязгаарлагдмал түвшинд, миний хувьд хангалтгүй түвшинд зохицуулагдсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 6.21-т байгаа сар бүр төлөх ёстой хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна гэж заасан байгаа. Гэтэл амьдрал дээр хоёр, гурван жил тэтгэмжээ өгөөгүй хүнээс 100 мянган төгрөг авахын төлөө араас нь явах уу. Тэр шийдвэрийг гаргуулах гэж ямар их хүчин чармайлт, цаг хугацаа зарцуулагдах билээ. Ийм л амьдралд нийцээгүй хуулийн зохицуулалт байна.
Уг нь энэ асуудлыг хуучин хэрэгжиж байсан эрүүгийн хуулийн 120.1-д тодорхой заасан байсан. Тодруулбал, “Эцэг эх байх эрхээсээ зайлсхийх, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульд байсан. Энэ зохицуулалт 2015 оны долдугаар сарын нэгнээр байхгүй болсон.
-Тэгэхээр энэ асуудлыг гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэрхэн яаж тусгаж өгөхөөр ярьж байгаа вэ?
-Гэр бүл салах процесст хохирогч нь ерөөсөө хүүхэд болдог. Тэр олон мянган өрх толгойлсон ээж аавуудын ард өсч байгаа үр хүүхдэд төр ямар анхаарал хандуулах юм бэ. Энгийн зүйлээр шийдэх боломжтой асуудал ч тэдэнд тулгарч байдаг. Жишээлбэл, дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон аав, ээжийн хүүхдүүдийг тойргийнхоо сургууль цэцэрлэгт сугалаагүйгээр ордог боломжийг олгоё. Яагаад болохгүй гэж. Ингэж амьдралын наад захын ачаа дарамтаас чөлөөлж өгмөөр байна. Хүүхдийн тэтгэмжийн асуудал дээр салсан эцэг эх нь тэтгэмжээ өгч байгаагаа л гавьяа байгуулсан мэт ойлгодог асуудлыг халах ёстой. Салсан ч гэсэн тухайн эцэг, эхэд хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, боловсролтой, сайн иргэн болох үүрэг хариуцлага хэвээрээ байдаг. Уг нь, тэр хүүхдийг төлбөртэй сургуульд сургах, олон улсын тэмцээн уралдаанд явах, хөгжихөд шаардлагатай зардлыг эцэг, эхээс нь нэхэмжлэх эрх хуулиар нээлттэй бий. Жишээ нь, “хүүхдээ Москва руу Хөгжим бүжгийн сургуульд сургах гэж байна. Төлбөрийн тал хувийг чи гаргаач” гэж хүсэлт тавих боломжтой гэсэн үг. Үүнийг манайхан мэддэггүй юм билээ. Энэ мэтээр гэр бүлийн гишүүдийн хамтын хариуцлагаа ухамсарладаггүй байдлыг гэр бүлийн тухай хуульд тодорхой тусгаж өгөхөөр ярьж байгаа. Нөгөөтэйгүүр гэр бүл цуцлахад хүүхдийн дундын өмчлөлийн асуудал орхигддог. Хүүхдэдээ өмч хуваарилах асуудлыг шийддэггүй. Чи байраа ав, би машинаа авлаа, хүүхдийн тэтгэмжийн асуудлыг ингэж шийдлээ шүү гээд л дуусдаг. Тэгэхээр гэр бүлийг дэмжих төрийн бодлого ямар байх юм бэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй байна.
-Гадны улс орнуудад гэр бүлийг дэмждэг, жишээ авахуйц ямар ямар хуулийн зохицуулалт байдаг юм бол?
-Хүүхэд хайраар, сэтгэлээр, санхүүгээр дутах ёсгүй. Бид хүүхдийн язгуур эрх ашигт хүндэтгэлтэй хандах ёстой. Өнөөдөр манай нийгэмд эцэг эхчүүд ажил амьдралдаа түүртээд хүүхдээ хайхрахгүйгээс хүүхдээ орхидог байдал газар аваад байна. Хүүхэд хамгааллын уг үндэс нь гэр бүл байдаг. Гэр бүлийг түвшин байдлаар хамгаалах талаар гадаадын улсаас суралцаж, жишиг болгомоор зүйлс олон бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрөгч онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гурваас дээш хүүхэдтэй айлд 450 мянгаас дээш рублийн буцалтгүй тусламж үзүүллээ. Тэр мөнгөөр тухайн гэр бүлийг хөдөө очоод байшин барьж болно. Эсвэл хот суурин газарт ипотекийн зээлд хамрагдаарай гээд суурь хөрөнгийг нь өгөх жишээний. Харин манай улсад гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон ээжид улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тэтгэмж олгож байгаа. Гэтэл өрх толгойлсон ээж, аав үүнд хамрагдахгүй байгаа юм. Тэгэхээр төр засаг энэ мэт жижиг дуслуулсан халамжийн бодлогоос салах хэрэгтэй.
-Гэр бүл салсны улмаас хүүхэд аавын эсвэл ээжийн хайраар дутаж өсдөг. Гэтэл ээж аав нь үүнийг тоодоггүй, хар амиа бодоод явдаг жишээ олон бий?
-Гэр бүл салахад хүүхдийг ээж, аавтайгаа уулзах боломжийг шүүхийн шийдвэрээр зааж өгөх хэрэгтэй байна. Салсан л бол гэм буруугийн туйл нь үр хүүхэд нь юм шиг "Эцэгтэй чинь уулзуулахгүй, эхтэй чинь уулзуулахгүй" гэж хүүхдийн бяцхан зүрхийг хатангиршуулдаг байдлыг болих хэрэгтэй байна.
-Тэгвэл, таны харж буйгаар хүүхэд үрчлэлийн тал дээр манайд ямар асуудал байна вэ?
-Хүүхэд үрчлэхтэй холбоотой нэг сөрөг үзэгдэл өнөөгийн нийгэмд газар аваад байна. Тодруулбал, дөрвөн хүүхэдтэй болж тэтгэвэрт гарах хүсэлтэй эмэгтэйчүүд хүүхэд үрчилж аваад тэтгэвэрт гарсныхаа дараа үрчлэлийн асуудлаа цуцлуулахаар шүүхэд ханддаг. Энэ бол маш сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Хүүхдийг эд бараа шиг үзэж, хандаж байгаа явдал юм. Хүүхдийг үрчилж авахдаа ялгаварлан гадуурхдаг, сонгодог.
Ер нь хүүхэд үрчлэлийн асуудлыг манай улс өөр түвшинд аваачих хэрэгтэй байна. Энэ асуудлыг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр шийдэж байгаа нь учир дутагдалтай юм. Бүхэл бүтэн хүний хувь тавилан шийдэгдэж байгаа учраас шүүхээр орж шийддэг болох ёстой гэж харж байна. Улмаар хүүхэд үрчилж байгаа хүмүүс аль хөөрхнийг авна гэж шилж сонгохоос илүүтэй тухайн хүүхдийн хөгжил, тэмүүллийн төлөө анхаарал хандуулдаг байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үрчилж аваад төлөвшсөн иргэн болгож буй хүнийг, албан байгууллагын итгэл, сэтгэл зүтгэлийг төр засаг үнэлдэг болох хэрэгтэй. Ийм систем бидэнд үгүйлэгдэж байна.
-Манай улсад сүүлийн жилүүдэд хэчнээн хүүхэд, хаашаа, яаж үрчлэгдсэн талаар та бүхэнд тодорхой тоо мэдээлэл байна уу?
-Байхгүй. Энэ бол яалт ч үгүй анхаарал хандуулах ёстой асуудал. Төр үрчлүүлж явуулсан хүүхдийнхээ араас анхаарал тавих, хяналт тавих механизм байхгүй байна.Сүүлийн жилүүдэд хэдэн хүүхэд, хэнд яаж, хэрхэн үрчлэгдсэн, тэдгээр хүүхдүүдийн эрхзүйн байдал дээрдээд байгаа юм уу, дордоод байгаа юм уу гэдгийг анхаарч, судлах хэрэгтэй. Ийм зүйл байхгүйгээс болоод хүүхэд эзэнгүйдэж, хараа хяналтаас ангид гарах нөхцөлийг төр өөрөө бүрдүүлж өгөөд байгаа юм.
Үүнээс гадна, эцэг эх хоёр нь шүүхийн шийдвэрээр хорих ял авах шийдвэр гарахад хүүхдийн асрамжийн асуудлыг Засаг дарга шийднэ гээд хуулинд заасан. Засаг дарга тухайн хүүхдийг ямар хүүхэд хамгааллын байранд байлгах юм, хоол хүнс, хувцас хунартай холбоотой харилцааг яаж зохицуулах юм гэдэг нь тодорхойгүй. Чиглүүлээд орхичихсон, хоорондоо уялдаа холбоогүй хуулийн зохицуулалтууд бас байна.
-"Хүүхдийг хүчирхийлж буй гэмт хэргийн 87 хувийг насанд хүрэгчид, ойр тойрны хүмүүс нь үйлдэж байна" гэсэн харамсалтай тоог цагдаагийн байгууллагаас хэлдэг. Хүчирхийлэгч нарт хариуцлага тооцох, ахиж үйлдэхгүй байх сэдэл төрүүлэхүйц чанга хуулийн тогтолцоо манайд үгүйлэгдэж байх шиг харагддаг?
-Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн тоог үзэхэд, сүүлийн гурван жилд 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирогч болсон байна. Зөвхөн зам тээврийн осолд гэхэд мянга гаруй хүүхэд гэмтэж бэртэж, 50-55 хүүхэд нас барж байгаа гэсэн. Энэ гэмт хэргийг хэн үйлдээд байгаа юм. Ер шахам хувийг нь томчууд, насанд хүрэгчид үйлдэж байна. Бид үүнд анхаарал хандуулахгүй, хариуцлагын асуудлыг ярихгүй байж болохгүй ээ. Мөн эдгээр гэмт хэрэгт өртөж байгаа хүүхдүүдийн 70 гаруй хувь нь гэр бүл салсан, эцэг эх нь орхиж явсан эсвэл эцэг эх нь гадаадад олон жилээр ажиллаж хөдөлмөрлөдөг, ард нь анхаарах хүн байдаггүй эмээ өвөө дээрээ өсч байгаа ихэнхдээ хайраар дутсан хүүхдүүд байдаг. Тийм учраас үр хүүхдэд анхаарал хандуулах ёстой гэр бүлийн гишүүдийн хамтын хариуцлагаас эхлэх ёстой юм.
-Хүчирхийлэгч нарт хариуцлага тооцож, ахин үйлдэхгүй байх сэдлийг хууль эрхзүйн орчин бүрдүүлж чадаж байна уу?
-Эрүүгийн хууль хүчирхийлэгч нарт айж эмээх сэдлийг огтхон ч төрүүлэхгүй байна. Бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн 40 хувь нь ураг төрлийн шинжтэй байгаа. Өөрийнхөө төрсөн, гарсан, цусан төрлийн хүүхдээ миний үр хүүхэд, үндэс мөчир гэж харж чадахгүй байгаа хүн бол хүний хүүхдийг хайрлахгүй. Тийм оюун санааны хоосролд орсон гэмт хэрэгтнүүдтэй ажиллах төрийн бодлого, эрхзүйн тогтолцоо үгүйлэгдэж байна. Наанадаж, хохирол, нөхөн төлбөрийг тогтоож, ийм нөхцөл байдалд хүргэсэн хүнээр гаргуулдаг тогтолцоог зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт өртөгсдийн 98 хувь нь охид. Хоёр хувь нь хөвгүүд. Тэгэхээр, ялангуяа өсвөр насны буюу бага насны охидын онгон хальсыг нөхөх эмчилгээг төрөөс хийдэг байх ёстой. Эрүүл мэнд, нийгмийн даатгалаас тодорхой хэмжээг нь зохицуулаад үлдсэнийг нь гэм буруутай этгээдээр гаргуулдаг болмоор байна.
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд амиа хорлох үзэгдэл илт нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр хүүхдээ ийм байдалд хүргэсэн анхаарал, халамж тавиагүй эцэг эхчүүдтэй ажиллах шаардлага ургаж байх шиг?
-Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх сургалт судалгааны төв амиа хорлох гэмт хэргийг судалж үзэхэд өсвөр насны хүүхдүүд амиа хорлож байгаагийн тодорхой хувь нь сэтгэл гутралтай холбоотой гэж гарсан байна лээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдийн таагүй уур амьсгал, салалтаас болж хүүхдийн сэтгэл маш их гэмтэж, хохирогч болдог. Гэтэл манайд хүүхдийн сэтгэлийн гэмтлийг эмчилдэг, анагаадаг, тогтоодог, шинжилдэг байгууллага байна уу гэвэл учир дутагдалтай. Үүнд, төр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ялангуяа гэмт хэргийн хохирогч болж байгаа хүүхдүүд маш их шоконд ордог. Үе тэнгийнхнээсээ ичдэг, эргэн тойрныхноос айдаг, хуулийн байгууллагын ажилтнуудад үнэн бодит мэдээлэл өгөхөөсөө эмээдэг, мөнхийн айдас хүйдэстэй болно. Бүр цаашилбал амьдралд итгэх итгэлээ ч алддаг. Хамгийн сүүлд, Сонгинохайрхан дүүрэгт өсвөр насны хүүхэд амиа хорлосон жишээ байна. Тэр хүүхэд “Ааваа та миний ээжийг арван жилийн ангийн хүүхдүүдийнх нь уулзалтад явуулаарай, заавал” гэсэн зурвас үлдээсэн байгаа юм. Томчуудын хэрүүл маргааны үр дүнд тэр хүүхэд өөрийгөө буруутгаж, өөрийгөө золиослож байна. Үүнд хэн буруутай вэ. Тэр эцэг эх буруутай. Амиа хорлоход хүргэсэн эцэг эхэд өнөөдөр хуульзүйн хариуцлага зайлшгүй яригдах ёстой.
- Эцэг эх байх эрхийг нь хасдаг хууль эрхзүйн орчин бүрдсэн юм билээ. Энэ зохицуулалт асуудлыг шийдвэрлэх гарц болж чадах уу?
-Сүүлийн дөрвөн жилд 110 хүний эцэг байх, эх байх эрхийг шүүхээр орж хассан гэж байгаа. Гэхдээ энэ бол асуудлыг шийдэж байгаа хэлбэр биш. Үүнээс уян хатан бодлого хэрэгтэй байна. Үндсэн хуулийн 16.1-д "Эх нялхас, гэр бүл төрийн хамгаалалтад байна" гэж заасан байгаа. Тэгэхээр хохироод үлдэж байгаа хүүхдүүдийг Төр анхааралдаа авч, хамгаалдаг болмоор байна.
-Хаалганы цаана үйлдэж буй хүчирхийллийн золиос болсон хүүхдийг хамгаалах, мэдээлэх үүрэгтэй төрийн албан хаагчид гэж бий. Тэд хүчирхийлэлд өртөгсдийн хэчнээн хувийг олж илрүүлж, урьдчилан сэргийлсэн байдаг юм бол?
-Монгол Улс гурван сая хүн амтай. Түүний 1.3 сая нь хүүхэд эзэлдэг. Энэ хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал томчууд биднээс хамааралтай гэдэг нь ойлгомжтой. Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн зохицуулалт хангалттай байгаа ч гүйцэтгэх түвшинд хүүхдийн төлөө ажиллаж байгаа алба хаагчдын хүрэлцээ хангамж дээр хэлэх ёстой зүйл бий. Тухайлбал, Монгол Улсад хүүхдийн эрхийн байцаагч арав гаруйхан байна. Энэ бол чамлахаар үзүүлэлт. 21 аймаг, сум дүүрэгт хүүхдийн эрх зөрчигдсөн ийм харилцаануудад ажиллах, анхаарах цагдаагийн байгууллагын алба хаагчдын тоо, бие бүрэлдэхүүнийг нэмэх зайлшгүй шаардлагатай байна.
-Нийгмийг цочроосон ямар нэг аюултай хэрэг гарсны дараа хүүхэд хамгааллын асуудлыг эрчимтэй ярьж байгаад мартчихдаг. Үүнээс болж ахиад хэдэн арван хүүхэд хохирсоор байгаа нь харамсалтай юм?
-Яг таны хэлдэг шиг цахим орчинд нэг хэсэг шуугиад монголчууд асуудлыг мартдаг. Дараагийн сенсаациар амьсгалж явна шүү дээ. Тухайн үед, "Хүүхэд хамгааллын эрхзүйн асуудлыг чангатгая, хүчиндэх гэмт хэргийн хуульзүйн санкцыг тодорхой болгоё" гээд ярьж байсан хүмүүс тэгсхийгээд алга болчихдог. Судалгаа хийгээд орхидог. Түүний мөрөөр тодорхой үр дүнд хүртэл ажилладаггүй. Зүгээр нэг улс төрийн сэдэв болгоод өнгөрдөг нь даанч харамсалтай. Дахин хэлэхэд, өнөөдөр манайд хүүхдийн эрхийн тухай хуулийн ерөнхий зохицуулалт байгаа боловч хүүхэд хамгаалалтай холбоотой хүүхдийн эрх зөрчигдвөл ямар хуульзүйн хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй эцэг, эхэд үүнээс үүдсэн үр дагавартай холбоотой ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг мөн хуульд учир дутагдалтай байгаа учраас гэр бүлийн хуульд зайлшгүй тусгаж өгөх шаардлагатай байгаа юм.