Аливаа шинжлэх ухааны тэр дундаа эдийн засгийн шинжлэх ухааны гол шалгуур бол юмс үзэгдлийн харилцан холбоос болох бодит нөхцөл байдлыг үнэн зөв тайлбарлах явдал билээ.
Эдийн засгийн ухаан нь өөрийн судалгааны талбартаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Улстөрийн эдийн засгийн ухаан, социалист эдийн засгийн ухаан, зах зээлийн эдийн засгийн ухаан /экономикс/ үүсэн бий болсон ганцхан салбар шинжлэх ухаан юм.Эдгээр эдийн засгийн ухаанууд нь нэг ижил онолын цөм болон тогтмол суурь нөхцөл, хүрээнд эдийн засгийн өсөлт хөгжлийг хэрэглээний салбарт хангахын тулд хэрэглэж буй онол, арга зүйн аль өнцгөөс харж шийдвэрлэж тайлбарлаж байгаагаас шалтгаалан үүссэн юм.
Өнөөдөр бидний амьдарч буй капиталист нийгмийн зах зээлийн эдийн засгийн үйл ажиллагаанд зөвхөн хэрэглээний салбар дахь хувийн эрэлт, аж үйлдвэрлэлийн бүтээгдхүүний нийлүүлэлтээс гадна бодит байдалд банк санхүүгийн салбар, засгийн газар өөрийн мөнгө санхүүгийн бодлого, Төв банк бодлогын хүү, зээлийн болон санхүүжилтын бодлого үйл ажиллагаагаараа дамжуулан оролцдогийг бид бүхэн мэднэ.
Иймээс зах зээл, эдийн засаг гэдэг ойлголтыг зөвхөн хэрэглээний салбарт хамруулан бодит нөхцөл байдлыг тайлбарлана гэдэг нь ерөөсөө боломж бололцоогүй юм. Өөрөөр хэлбэл үндсэн суурь зарчим нь буруу байна гэсэн үг.
Та бүхэнд зах зээлийн эдийн засгийн ухааны онолоор тайлбарлах боломжгүй нэгэн үзэгдлийн жишээг бичиглэн тайлбарлая.Энэ бол валютын ханшийн асуудал.
АНУ-н Холбооны нөөцийн банк 2008 оны банк санхүүгийн хямралын дараагаар хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор 6,0 триллон ам. доллар хэвлэж гаргасан гэх тооцоо байдаг. Мөн 2020 оны эхний улиралд коронавирусийн халдвар болон Саудын Арабын эхлүүлсэн нефьтийн үнийн дайны нөлөөгөөр хөрөнгийн зах зээлийн уналтыг саармагжуулах зорилготойгоор 6,2 триллон ам.доллар хэвлэн нийлүүлж байна.
Энэ их хэмжээний цаасан ам.долларын нийлүүлэлт нь дэлхийн нийтийн ам.долларт итгэх итгэлийг алдруулж байна гэж хүн болгон ярьцгааж байна. Энэ итгэл алдрал гэдэг нь хангалттай хийсвэр зүйл билээ.
Ер нь бол ам.долларт итгэх итгэл гэдэг бол үнэндээ зах зээлд итгэх итгэл юм. Өнөөгийн үндсэн валют болох ам.долларыг солих гэдэг нь үнэндээ нэгэнт оршин буй өнөөгийн зах зээлийн нэгдсэн тогтолцоог хална гэсэн үг. Яагаад гэвэл шинээр гарч ирэх валютын эргэн тойрон шинэ зах зээлийн тогтолцоо байгуулах шаардлагатай болно. Үүнийг зөвхөн шинэ эдийн засгийн ухааны онол, арга зүй, загварын хүрээнд л хийх боломжтой. Энд гол нь зах зээл дэх хэрэглээний мөнгийг дүүргэх механизм бий болгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно.
Өөрөөр хэлбэл дэлхийн бараа бүтээгдхүүний үйлдвэрлэлийн гол хөдөлгүүр болсон америк иргэдийн хэрэглээг цааш нь дахиж санхүүгийн урамшуулал дэмжлэгтэйгээр явуулах боломжгүй болсон нь даяаршлын эдийн засгийн тогтолцоо либериал бодлого нуран унаж буйг бүгд ойлгож байгаа ч үүнийг сөргүүлээд гаргаад тавих нийгмийн болон эдийн засгийн ухааны өөр хувилбар байхгүй байгаа нь шинэ валют, шинэ зах зээлийн үүслийн талаархи энэ бүх өөрчлөлтүүдийг хойшлуулахад хүргэж байна.
Өнөөдөр АНУ-д хөрөнгийн зах зээлд хэдэн триллон ам.доллараар нь цутгаад байхад Монголд яагаад ам.долларын ханш өсөөд байдаг нь хачирхалтай.
Энэ нь Монгол Улсад ам. долларын эсрэг төгрөгийн ханшийн хөдөлгөөн нь шууд гаднаас тохируулж буйг л илтгэж байна.
Монгол Улсын 1990 оноос нэгдэн орсон Вашингтоны консенсусын (зөвшилцлийн) тулгалт шаардлагын нэг нь бидэнд төгрөг гадаад валютын эсрэг чөлөөтэй хөрвөж байх ёстой, Төгрөгийн ханш нь дотооддоо эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар тогтож байна. Ам.доллар олох буюу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ганц арга бол экспорт гэж сургасан. Одоо та бүхэн бодоод үзээрэй. Энэ сургаалын дагуу төгрөгийн ам.долларын эсрэг ханш тогтож байсан уу.
Өнөөдөр ам.долларын нөөц нэмэгдээд байхад төгрөгийн ханш сулраад байгааг эдийн засагчид нь ойлгохгүй Монголбанкнаас асууя гээд л сууж байна.
Ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн сулралтын талаар эдийн засагч,доктор Т.Баярхүү ОУВС тухайн орны дотоод зах зээлд ам.доллараар хөрөнгө оруулалт хийж, ам.доллараар буцаан эргэн төлөлт хийхийг шаарддаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх юм төгрөгөөр илэрхийлэгддэг. Харин зээлээ төлөх болохоор ам. долларт шилжүүлэх шаардлага гарна. Гадны банк санхүүгийн эзэд Монголбанкны тусламжтайгаар ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг тогтмол бууруулахад хувь хүн, компани байгууллага, төр засаг, улс орон нь авсан бүх зээлээ төлөхийн тулд дахин ам.долларын зээл авах нь дараа дараагийн ам.долларын зээл өр зээлээс гарахгүй хараат байдалд бүрэн шилждэг гэж тайлбарласан нь үнэний ортой.
Харин би бас нэг өөр өнцгөөс нь тайлбарлая.
Ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн сулруулах гол заль нь дэлхийн зах зээлийн зэсийн ханш-ам.доллар-төгрөг гэсэн холбоонд хийж өгсөнд оршиж байна. Дэлхийн түүхий эдийн зах зээлд зэсийг урьдчилан худалдах буюу фьючерс худалдаа нь ханшийг урьдчилан бууруулах боломжит гаргалгаа, арга зам, түүнд бэлтгэх хугацааг олгодог.
Дараагийн алхам нь зэсийн ханш өндөр байх үед ам.доллараа нөөцөл гэнэ. Энэ нь дотоодын эдийн засагт оруулахгүй гэсэн тулгалт. Мэдээж зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр буурахад гаднаас ам.доллар зээлж авч болно гэнэ.
Манай гол экспортын бүтээгдхүүн болох зэсийн баяжмал нь барилга, электроны үйлдвэрлэлийн түүхий эд тулд зэсийн үнэ үйлдвэрийн эздийн атганд л байна. Ингээд л төгрөгийн ханшийг дураараа гаднаас хөдөлгөнө.
Манайд сүүлийн таван жилээс дэлхийн зах зээлийн зэсийн үнээс хамааралгүй нүүрсний экспорт нь ам.долларын урсгалд нөлөөлөх байр суурьтай болсон бөгөөд манай нүүрсний үнэ Хятадын дотоод нүүрсний зах зээлийн эрэлтээс шалтгаалж буй нь нь либериалуудын зохицуулалтаас хамаарахгүй тул тэд Таван толгой орд газрын хувьчлал болох IPO хийх талаар Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн тогтоол гаргуулсан ч УИХ-ын сонгууль ойртсон учраас Ерөнхий сайд хувьчлалыг түр хойшлуулснаа зарласан. Зөвхөн түр хойшилсон шүү.... Хэрвээ дахин сонгогдвол энэ хувьчлалыг хийнэ гэсэн үг болж таарч байна.
Ам.долларын ханш тогтоодог аргачлалын бас саяхны нэг тод жишээ бол Саудын Араб болон ОХУ-н хоорондох нефьтийн үнийн дайн эхлэхэд ам.долларын эсрэг рублийн ханшийг ОХУ-н Эдийн засгийн яамнаас нь тус улсад гадаад валютын нөөц 550 тэрбум ам.доллар, Баялагын санд 150 тэрбум ам.доллар байна гэж зарлаад байхад Төв банктай нь нийлж байгаад огцом 20 хувь сулруулан унагаж байна. Үүнийг бүгд л гайхаад л байх юм. Үүнийг хийдэг гол заль нь нефть-ам.доллар-рубль гээд уяад өгсөнд оршиж байна. Нефьтийн үнэ 25 ам.доллар болж буурангуут л автоматаар рублийн ханшийг унагаж буй нь энэ бүхнийг гаднаас зохицуулж байгааг харж болно. Монгол Улс болон ОХУ өөрийн банк санхүү-мөнгөний тогтолцоогүй, бие даасан бодлогогүй зөвхөн ам.долларын нэгдсэн тогтолцооны хүрээний тоглоомын дүрмээр явж байгаа нь тод харагдаж байна.
Бидний санал болгож буй нийгэм, эдийн засгийн шинжлэх ухаанд Монгол Улсад ам.долларын эсрэг төгрөгийн ханш нь гадаад хөндлөнгийн оролцоотой бус дотоод зах зээлийн механизмын хүрээнд чөлөөтэй тогтоох бүтцийг байгуулах ёстой гэж үздэг.
Монгол Улсын жилийн нийт хэрэгцээ 500 сая ам.доллар, харин коронавирусийн хөл хориогоор гадаад импорт агшиж 400 сая ам.доллар болсон тухай мэдээ харсан. Энэ юуг илэрхийлж байна гэхээр тогтмол гарах ам.долларыг нөөцөлж долларын ханшийг тогтмол барих боломжтойг харуулж байна.
Бидний нэг боломжит тал нь "Оюутолгой" ХХК-н олборлосон зэсийн баяжмалын борлуулалтын орлогыг дотоодын банкаар дамжуулж хийлгэдэг болох ёстой. Энэ тоо хэмжээний талаар бид юу ч мэдэхгүй байгаа бөгөөд өдөр ирэх тусам ам.долларын эсрэг төгрөгийн ханш нь унаад байгааг хараад суух нь тэнэг хэрэг.
Монгол Улсад мөнгөний бие даасан бодлого хэрэгтэй....
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН