Эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай Монгол Улс Европын комиссын хар жагсаалтад орсноор эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар ярилцлаа.
-Монгол Улс Европын комиссын хар жагсаалтад орчихлоо. Үүнийг та эдийн засагч хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Дэлхий нийтээр мөнгө угаах явдалтай хатуу тэмцэж байна. Ингээд мөнгө угаахын эсрэг ФАТФ гэдэг байгууллагатай болсон. Мөн бүс нутгийн ийм төрлийн байгууллага ч байгаа. Тухайлбал, Европын холбоо мөнгө угаах явдалтай тэмцэх бодлого гаргасан. Ингээд Европын комисс буюу төрийн алба нь сүүлийн хоёр жилд мөнгө угаахын эсрэг идэвхтэй ажиллаж байна. Татвараас зугтсан, хар тамхи борлуулсан, авлига авсан зэрэг гэмт хэргийн улмаас олсон мөнгө хараа хяналт сул улс оронд их өсдөг. Энэ мөнгө нь Европын улс орнуудад эрсдэл дагуулна гэж үзэж байгаа юм. Европын холбооны комисс аюултай гэж үзсэн 10 орчим улсын жагсаалт гаргаад байна. Эдгээр улсууд нь бохир мөнгө маш ихтэй. Энэ мөнгө нь эдийн засагт нь хараа хяналтгүй эргэлдэж байдаг гэж үзсэн. Хүнээр яривал аюултай өвчин туссан гэж үзээд тусгаарлах боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл бохир мөнгө ихтэй улсууд Европын эдийн засаг, санхүүд эрсдэл үүсгэнэ гэж үзсэн гэсэн үг. Харамсалтай нь Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орж тусгаарлагдлаа.
-Тэгэхээр бохир мөнгө ихтэй, мөнгө угаадаг улс үзэхийн тулд тодорхой хэмжээнд судалгаа хийсэн байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Европын парламентаас хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасан бол улс төрийн шийдэлтэй гэж хэлж болно. Харин Европын комисс буюу төрийн алба нь уг шийдвэрийг гаргасан. Тэгэхээр хар жагсаалтад оруулсан шийдвэр улс төржөөгүй гэсэн үг. Бодит баримт, тоон мэдээлэлтэй учраас хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасан.
-Хар жагсаалтад оруулахад яг ямар асуудал нөлөөлсөн юм бол?
-Манай улсад ерөөсөө мөнгө угаах явдал газар авсан. Тухайлбал, ЖДҮ-чид ч мөнгө угаах хэлбэр шүү дээ. Төрөөс жилийн гурван хувийн хүүтэй зээл авчхаад банк, банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулж эргэлдүүлж ашиг олсон. Энэ бол мөнгө угаалтын нэг хэлбэр. Дипломатууд хар тамхи зөөж яваад баригдсан явдал нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлж буй бас нэг хэлбэр мөн. Энэ бүгдийг Монгол Улсад жирийн иргэн дэлгүүрт ороод талх худалдаж авч байгаатай адилтган үзээд байна шүү дээ. Ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрч байгаа нь хар жагсаалтад ороход нөлөөлсөн. Тэгэхээр тодорхой баримт судалгаан дээр тулгуурлаж Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тэгэхээр манай эдийн засагт, евро бүст ажиллаж амьдарч буй иргэдэд хүндрэлтэй асуудал үүсэх үү?
-Үүсэлгүй яах вэ. Европын холбоотой бизнес хийхэд маш хүнд болно. Ялангуяа санхүү, мөнгөн гүйлгээ хийхэд маш төвөгтэй болно гэсэн үг. Европын холбооноос манай улсад үзүүлэх зээл тусламж, санхүүжилт бүр байхгүй болж байгаа юм билээ. Еропын холбооны улсуудын иргэд, компаниуд нь мөрддөг хууль, дүрэм журамтай. Тэгэхээр хар жагсаалтад орсон улсуудын иргэд, аж ахуйн нэгжтэй маш болггомжтой харьцах, харилцаагаа таслах зэрэг зохицуулалтууд байгаа юм билээ. Урд нь манай иргэд Европын нэг банканд данс нээлгэх, эсвэл нэг компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулах, санхүүжилт хүссэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болдог байсан. Тэгвэл хар жагсаалтад орсноор дээрх асуудал хүндрэлтэй болж нарийн төвөгтэй хянуулдаг болж байгаа юм. Энгийн үгээр хэлбэл Монгол Улс дэлхийд маш аюултай гоц халдварт өвчтэй хүн гэж үзэгдэж байна гэсэн үг. Дэлхийн 150 гаруй улсаас Монгол тэргүүтэй 10 улсыг тусгаарлачихлаа. Тэгээд эдгээр улстай арилжаа наймаа хийх, санхүүгийн харилцаанд орж болохгүй, терроризмыг санхүүжүүлдэг шүү гээд зарласан гэсэн үг. Мэдээж Монгол Улсын бүх иргэн, 150 мянган аж ахуйн нэгж бүгд муу гэсэн үг биш л дээ. Гэвч улсаараа хар жагсаалтад орчхож байгаа учраас манай улсын иргэн, аж ахуйн нэгжтэй европын иргэн аж ахуйн нэгжүүдтэй харилцахад хүндрэл учирна.
-Тэгэхээр хар жагсаалтаас гарах боломж байгаа болов уу. Ямар нэг шаардлага тавих, заавал биелүүлэх гэрийн даалгавар өгөх явдал бий юү?
-Уг нь төр засаг жаахан санаачилга гаргавал хар жагсаалтаас гарах боломж бий. Монгол Улс терроризмыг санхүүжүүлсэн жишээ ховор. Хамгийн гол асуудал нь мөнгө угаах явдал. Эх үүсвэргүй бохир мөнгийг эдийн засагтаа хараа хяналтгүй эргэлдүүлж байна гэж үзсэн. Тэгэхээр үүнийгээ больчихвол Европын холбооны хар жагсаалтаас гарна. Мөн ФАТФ-ын саарал жагсаалтаас ч гарна гэсэн үг. Хамгийн гол нь бохир мөнгийг илрүүлж хараа хяналт тавьж, хариуцлага тооцохгүй байгаад учир бий.
-Үүний тулд хуулийн зохицуулалт хийж таарах байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Эрүүгийн хууль, санхүүтэй холбоотой дүрэм журмуудаа өөрчлөх ёстой. Ингээд эдийн засагт байгаа бүх мөнгө бүртгэлтэй, эх үүсвэр нь тодорхой байх учиртай юм. Жишээлбэл төрийн албан хаагчийн нэг сарын цалин нэг сая төгрөг. Гэтэл банканд олон тэрбум төгрөгийн хадгаламжтай байна шүү дээ. Ийм хадгаламжтай байж болно. Хамгийн гол нь тэр мөнгөний эх үүсвэр тодорхой байх ёстой. Ямар ажил хийж олсон мөнгө вэ гэдэг нь ил тод байхыг хэлээд байгаа юм. Тэгээд татвараа төлсөн байвал ямар ч асуудалгүй. Манай улсад өнөөдөр Монголбанкны албан хаагч, НИТХ-ын төлөөлөгчид банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байна. Тэд сард 800 мянган төгрөгийн цалинтай байж 2.5 тэрбум төгрөгийн дүрмийн сантай банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа нь хачирхалтай. Төр дор хаяж л тэднийг шалгаж мөнгөний эх үүсвэрийг нь тогтоож арга хэмжээ авах ёстой. Нөгөө талаас нь бас бодож үзэх хэрэгтэй. Банк бус санхүүгийн байгууллагад 2.5 тэрбум төгрөг эргэлдүүлж жилд 200, 300 сая төгрөг олдог хүн сарын 800 мянган төгрөгийн цалинтай төрийн алба руу хошуураад байгаа нь маш том асуудал бас асуултын тэмдэг юм. Европ эсвэл АНУ-д том ломбардны эзэн төрийн албанд орох гээд л амиа тавьж гүйгээд байдаггүй. Гэтэл уг асуудал Монголд хэвийн үзэгдэл болчхоод байна шүү дээ. Төрийн албан хаагч нь мөнгө хүүлдэг бизнес эрхэлж байгаа нь хар, саарал жагсаалтад орох гол хөшүүрэг болсон гэж хэлж болно. Мөн Монгол Улсын банк санхүүгийн систем асуудалтай байна гэдгийн илэрхийлэл. Дэлхийн улс орнуудаас манайд тавьж буй дүн юм.
-Манай улсын банк санхүүгийн систем маш боловсронгуй сайн болсон гэдэг шүү дээ?
-Жирийн иргэдэд монголын санхүүгийн систем дэлхийн жишигт хүрсэн. Хамгийн сайн санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн ойлголт өгдөг. Үүнд иргэд итгэсээр ирсэн. Гэтэл дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд манай улсын санхүүгийн системд муу дүн тавьчхаад байна шүү дээ.
-Европын холбоо манай улсыг хар жагсаалтад оруулчихлаа. Бас ФАТФ-ын саарал жагсаалтад манай улс орчихсон байгаа. Гэрийн даалгавар өгөөд биелүүлэхгүй бол хар жагсаалтад оруулна гэсэн. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх шинжтэй байна вэ?
-Хэлж мэдэхгүй. Тус байгууллага өөрийн гэсэн дүрэм журамтай. Гэтэл Монгол Улс олон улсын санхүүгийн дүрэм, журам хууль гэдгийг мэдэхгүй өдий хүрчихлээ. Дотооддоо ч мөнгө санхүүгийн бүртгэлгүй, хуулийг гажуудуулж монголчлоод байгаа юм. Үүндээ бүр дасчихсан. Монгол Улс ФАТФ гэдэг байгууллагыг олон удаа хулхидсан. Энэ байгууллага монголчуудад олон жил хууртагдсан. Тус байгууллагын саарал жагсаалтад өнөөгийн эрх баригчдын үед Монгол Улс хоёр дахь удаагаа орчхоод байна. Эхний удаа манай улс ийм тийм хууль, дүрэм журам баталсан гэж түүнийгээ үзүүлж гарсан.
Гэтэл тэр хууль, дүрэм журам нь амьдрал дээр хэрэгждэггүй. Ийм учраас хоёр дахь удаагаа саарал жагсаалтад оруулсан. Одоо ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад хууль, дүрэм батлаад итгэхгүй болсон. Бодит арга хэмжээ авсан эсэхийг харж байж шийдвэр гаргах байх. Магадгүй бүр хар жагсаалтад ч орчхож мэднэ. Манай төр засаг хууль журмаа гажуудуулаад, хариуцлагаас бултаад сурчихсан юм. Энэ сэтгэхүйгээр ажиллаад байна шүү дээ. Тэгээд эрх баригчид ганц хоёр хууль, дүрэм журам батлаад ФАТФ-ын саарал жагсаалт, Европын хар жагсаалтаас гарчихна гэж бодоод байх шиг байна. Энэ бол маш том эндүүрэл. Дэлхий нийт Монгол Улсад өнөөдөр итгэхгүй болсон. Бид хуурсаар байгаад хашраачихсан. Ийм учраас Монгол Улсаас бодит үр дүн хүлээх, нэхэх байх. Хууль журмаа өөрчилсөн, алт мөнгөний дархчуулаа Санхүүгийн зохицуулах хороонд харьяалуулсан шүү гэдгээр асуудлыг шийдэхгүй гэж харж байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН