Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
О.Амартүвшин: Манай эдийн засаг Ерөнхий сайдын мэдэгдлийн пянг даахгүй

 Коронавирусийн хоригийн улмаас бизнес, ЖДҮ эрхлэгчид, хувийн хэвшил, ААН-үүд ажлын байраа цомхотгож, иргэдийн орлого хумигдаж хүндхэн байдалд ороод байна. Гэвч УИХ, Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй байгаа юм. Үүгээр ч зогсохгүй Монгол Улс “хар жагсаалт”-д багтсаныг өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байна. Энэ тухай МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй цөөн хором ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд нийгмийн халамжуудыг нэмэх шийдвэрээ танилцууллаа. Үүнийгээ эдийн засгийг дэмжих бодлого гэж нэрлээд байна. Ерөнхий сайдын мэдэгдэл эдийн засагт дэмжлэг мөн үү?
-Монгол Улсын Засгийн газар эхлээд “Эдийн засгийг эрчимжүүлэх нэгдүгээр багц” гэж долоон асуудал ярьсан. Мөн саяхан эдийн засгийг дэмжих багцын тухай дахиад ярилаа. Эрх баригчид эхлээд ярьж байгаа асуудлаа эхлээд ойлгочихмоор байгаа юм. Уг нь эдийн засгийг дэмжинэ гэдэг бол ажлын байраа хэрхэн хадгалах вэ, экспортоо яаж нэмэгдүүлэх юм, хувийн хэвшил, ААН-үүдээ хэрхэн дэмжих юм, мөнгөний бодлогоо банк санхүүгийн системтэй хэрхэн уях зэрэг илүү өргөн хүрээний асуудал яригдах учиртай.

Халамжийг, эдийн засгийг дэмжих бодлого гэж нэрлэхгүй л дээ. Засгийн газар “Эдийн засгийг дэмжих багц” гэдгээ “Сонгуульд чиглэсэн халамжийн бодлого” гээд нэрлэчихсэн бол шулуухан байлаа. Эдийн засаг хүндэрч байна гэх нэрийн дор эрх баригчид хулгай хийхээ больчих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах шийдвэр гаргахын төлөө ажилладаг юм уу. Сонгуулийн саналыг улсын мөнгөөр худалдаж авахыг санаархаж байгаа юм байна. Пянг нь манай улсын эдийн засаг даахгүй шүү дээ. Экспорт эхний дөрвөн сарын байдлаар 40 хувиар уначхаад байна. Энэ үзүүлэлт цаашид ч хадгалагдах биз. Тэгэхээр валютын нөөц хомстоно. Одоо байгаа хуримтлалынхаа гуравны нэгийг нэмээд зараад дуусгах байх. Хөл хорио дахиад хоёр сар үргэлжлэх юм бол ААН, хувийн хэвшлүүдийн боломж бололцоо бүрэн дүүрэн шавхагдана. Энэ бүх буруу бодлого, хөл хорионы дараа 260 гаруй мянган ажилтан, 1.5 сая иргэн ядуучуудын эгнээнд шилжинэ. Энэ бол бодит үнэн. Ийм л дүр зураг яг одоо ажиглагдаж байна. 2009 оны хямралаар ажилгүйдэл 11.2 хувь руу орж байсан. Гуравдугаар сарын 31-ний байдлаар 50 орчим мянган иргэн ажилгүй болсон байна. АНУ-д гэхэд л ажилгүйдэл 20 хувь руу орсон. Тэгэхээр манай улсад нөхцөл байдал үүнээс хүнд байх нь ойлгомжтой. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 90 хувь нь орлого нь буурч, тэг зогсолт руу орсон. Аялал жуулчлал, нийтийн үйлчилгээ, боловсролын салбар гээд салбар бүрээр нь хөөвөл үүнээс ч том тоо гарна. Энэ сарын дундаас нийгэмд бодит хүндрэл мэдэгдэнэ. Гол хүндрэл энэ оны долоо, наймдугаар сард болно.
-Засгийн газар болоод УИХ бизнес эрхлэгчид, ААН-үүдийг дэмжсэн хэд, хэдэн шийдвэрийг гаргасан. Хэр бодит үр дүнтэй шийдвэр гэж харж байна вэ?
-Эрх баригчид 2019 онд 2.1 их наядын алдагдалтай төсөв баталсан. 2020 онд төсвийн орлого бүх талаараа тасарна. Тэгэхээр энэ жилийн төсвийн алдагдал хамгийн багадаа тав буюу түүнээс их байна. Ойролцоогоор долоо орчим их наядаар төсвийн орлого тасарна. Тэгэхээр үүнийг хэнээс, хаанаас зээлэх юм, бидэнд өнөөдөр зээлэх, дэмжих улс орон олдох уу гээд олон асуудал бий. Ийм үед Ерөнхий сайд нь гарч ирээд халамжийн бодлого хэрэгжүүлнэ гээд мэдэгдэл хийж байгаа нь энэ улс орон санхүүгийн удирдлагагүй болсны тод жишээ. Мэдээж нийгмийн зорилтот бүлэг, эмзэг давхарга руу төрийн бодлого чиглэх ёстой, анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг зөвхөн нийгмийн халамж руу урсгах, баруун, солгойгүй мөнгө цацахаас өөр гаргалгаа Засгийн газарт байсан. Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд зохицуулалт хийж болох маш олон зүйл байсан боловч алийг нь ч хэрэгжүүлсэнгүй. Мэдээж зээлийн хүүг бууруулах, төлөх нөхцөлийг уян хатан болгох, арилжааны болон хэрэглээний зээлийн төлөлтийг хойшлуулсан зэрэг бол хувийн хэвшил, ААН-үүдэд үзүүлж буй дэмжлэг мөн. Гэвч төсвийн хувьд ямар ч эрүүл бодлого хэрэгжсэнгүй. НДШ-ийн тухайд бол үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл хэвийн явж байгаа ААН-үүдэд тодорхой дэмжлэг болсон. Мөн УИХ-ын даргын хэлэлцүүлж, батлуулсан 10 багц асуудал дээр бизнес эрхлэгчид өндөр хүлээлттэй байна. Гол нь дагалдах журмуудаа хурдан батлах хэрэгтэй байгаа.
-Хөл хориог цааш ямар хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа вэ. Дийлэнх ААН-үүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа юм билээ?
-Аливаа зүйлийн үр дагавар, нөхцөл байдлыг зөв тооцоолох боломжтой. Агуулгын ач холбогдолгүй зүйл дээр нэгийг нь хаагаад, нөгөөг нь ажиллуулаад байгаад л иргэд, ААН-үүд бухимдаж байгаа шүү дээ. Өвчлөлийн тархалтыг дотооддоо алдахгүй байх тал дээр анхаарч ажиллах нь зүйн хэрэг. Бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангаж, тодорхой хэмжээнд дэмжихэд юу нь болохгүй байгаа юм. Ард түмнийг айлгаж, коммунист арга барилын удирдлага цаашид урт хугацаанд оршин тогтнох боломжгүй. Бусад улс, орнуудыг хар л даа. COVID 19 вирустээ анхаарахын зэрэгцээ улс орныхоо эдийн засгийг анхаарч байна. Оновчтой, зөв шийдлүүдийг хэрэгжүүлж байна шүү дээ. Яг үнэндээ COVID 19 вирусээс илүүтэй ядуурал чинь энэ улс орныг элгээр нь хэвтүүлэх эрсдэл ойрхон байна. Бизнес эрхлэгчид, иргэд Засгийн газраас тодорхой, зөв шийдвэрийг л Засгийн газраас хүлээж байна. Гэтэл баахан халамж амлачхаж болохгүй л дээ. Улс, үндэстний сүйрлийн үндэс нь хавтгайрсан халамжийн бодлого.
-Бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид, МҮХАҮТ-ын зүгээс ч Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Та бүхний саналыг шийдвэртээ тусгасан уу?
-Уг нь бид маш тодорхой саналуудыг хүргүүлсэн. Тооцоо, судалгаатай ч байсан. Гэвч хэрэгжих дээрээ тулахаар бүх зүйл эсрэг, тэсрэг болчхоод байна шүү дээ. Одоогоор нийт зургаа орчим их наяд төгрөгийг халамж нэрийн дор ард түмэнд тараах гэж байна. Энэ мөнгөөр зөв менежмент хийсэн бол Монголын эдийн засгийг шалд нь унагачихгүйгээр аваад гарчих боломж байлаа. Гэвч одоо зарласан хоёр хөтөлбөрийн хүрээнд ийм боломж огт харагдахгүй байна. Засгийн газрын шийдвэр туйлын харалган байлаа. Эрх баригчид өнөөдрийн энэ байгаа байдлаа хүч, чадал гэж харж байгаа бол үнэхээр харамсалтай байна. Энэ нийгэмд чинь ядаж тоо хаашаа хөдөлж байгааг харж, ажиглаад, ойлгож, анализ хийдэг хүн олон бий. Тоо ойлгохгүйгээр, бярдаж асуудлыг шийдвэл хол явахгүй. Дэлхий дахинд тархсан цар тахлын үед төр илүү ухаалаг ажиллах ёстой байв. Сонгуульд нүд нь сохорчихсон Засгийн газарт улс орны хувь заяа, ард түмний амь, амьдрал хамаагүй болчихлоо л доо. Явах хүнээр ачаа бүү татуул гэгчээр бушуу сонгууль нь болж дуусаасай. Шинээр бүрэлдэх Засгийн газар, УИХ-д нь арай ухаалаг, арай бодит шийдэл гаргадаг, тоо, эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс түлхүү ажиллаасай л гэж бизнес эрхлэгчид, ААН-үүд, иргэд хүсч байгаа. Нэгэнт үйл ажиллагаа нь доголдчихсон компаниуд үүд хаалгаа барихаас өөр арга алга. Бид төрдөө итгэж байсан. Харамсалтай нь төр 100 гаруй мянган ААН, түүнд ажиллаж байгаа сая гаруй иргэний аж амьдрал, хувь заяаг үнэхээр бодсонгүй. Анхнаасаа хөл хорионы 100 хоног гэдэг бол маш урт хугацаа байсан шүү дээ. Энэ бол ААН, бизнес эрхлэгчдийн хувьд маш урт хугацаа. Өр зээл, үйл ажиллагааны хүндрэлээс компаниуд өндийх боломжгүй болчихлоо. Өнөөдрийн энэ Засгийн газар угаасаа юу ч хийхгүй гэдгийг бүгд ойлгосон байх. Тэгэхээр цаашид ажлын байраа цомхотгохоос өөр сонголт үлдсэнгүй.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com