Ц.ХАС
Монгол Улсын төрийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова гэдэг хүн хэдийгээр Зөвлөлт холбоот улсын иргэн байсан хэдий ч Монголын хүүхэд залуучуудын төлөө чин сэтгэл гарган зүтгэж байсан тухай Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч байгуулагдсан ойн өдрөөр дурсахгүй байхын аргагүй.
Түүний санаачилгаар байгуулсан “Хүүхдийн төлөө фонд” бол Ази тивдээ Хүүхэд багачуудын сайн сайхны төлөө байгуулагдсан байгууллага байлаа.
1972 оны дөрөвдүгээр сарын 16-нд хаврын субботникийн хүрээнд УБТЗ-ын хамт олны коммунист субботникоор өөрсдийн хуримтлуулсан орлогоороо төмөр замын “Рашаант” өртөөнд хүүхдийн цэцэрлэгийн барилга барьсан байна. Барилгын ажлыг төмөр замчид болон УБДС-ийн оюутны гавшгай отряд сайн дурын хүчээр барьж намар нь ашиглалтад оруулжээ.
Үүнээс үүдэж Анастасия Ивановна Филатова энэ ондоо “Бүхнийг хүүхдийн төлөө” уриа дэвшүүлэн төрийн тэргүүн Ю.Цэдэнбалаас эхлээд, эгэл жирийн үйлдвэрийн ажилтан хүртэлх бүхий л хүний нэг өдрийн цалинг хуримтлуулан “Хүүхдийн төлөө фонд” санаачлан байгуулжээ. МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс энэхүү санаачилгыг дэмжин гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд МХЗЭ-ийн Төв Хороо, Ардын боловсролын яам, Эрүүлийг хамгаалах яам хамтран 18 аймаг болон хотуудад салбартай Хүүхдийн төлөө фондыг удирдах Төв комиссыг 1973 онд байгуулж, даргаар нь А.И.Цэдэнбал-Филатоваг томилсон байдаг.
Улмаар энэ сангийн хөрөнгөөр 1972-1984 онд 12 жилийн хугацаанд Монгол Улсын 18 аймаг, Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт хотуудад сургууль, ясли цэцэрлэг, соёл боловсрол, эрүүл мэндийн цогцолбор, театр урлагийн байгууллагууд олноор барьж ашиглалтад оруулсан байна.
Энд 18 аймаг, хотод 25,50, 75,90,120 ортой хүүхдийн цэцэрлэг, яслийн 63 нэгдсэн барилга, Яармагт 120 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлэг, 1978 онд нэг ээлжиндээ б00 хүүхэд хүлээн авах олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан, хүүхдийн номын сан, хүүхдийн кино театр, хүүхдийн шинэ ордон, Хандгайтад өнчин хүүхдийн зуслан, хүүхдийн соёл амралтын парк зэрэг олон сайхан обьект байгуулжээ.
1974 онд өнчин хүүхдийн цэцэрлэгийг шууд харьяалалдаа авч,1976 онд дотуур байрыг нь үлгэр жишээ тохижуулж, багш нарыг нь Москва хотын өнчин хүүхдийн сургуульд туршлага судлуулахаар явуулсан байна.
1974 оны арваннэгдүгээр сард ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневыг манай эх оронд айлчлахад А.И.Цэдэнбал-Филатова “Та Монголын залуучуудад жинхэнэ бэлэг үлдээгээч” гэж байгаад Гэрлэх ёслолын ордон, Залуу техникчдийн ордныг бэлэг болгон авч бариулж байжээ.
Энэ сайхан барилгуудыг бариулах, тоноглож тохижуулах, засал чимэглэлийг хийх ажлыг Анастасия Ивановна байнга анхаарч жинхэнэ үндэсний агуулгатай, орчин үеийн шийдэлтэйгээр бариулж тоноглуулсан гэдэг.
Тэргүүн хатагтай өөрөө урлагийн нарийн мэдрэмжтэй сонгодог урлаг сонирхдог байсан нь Монгол Улсын сонгодог урлаг дэлхийн түвшинд хүрч, дэлхийн тайзан дээр нэрээ дурсуулах болоход ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Чухам түүний санаачилга, дэмжлэгээр Монголын дуурийн нэртэй дуучид Зөвлөлт холбоот улс, Болгар зэрэг сонгодог урлаг өндөр хөгжсөн улс орнуудад суралцаж, мэргэжил дээшлүүлсэн нь хожмоо Монголын сонгодог урлагийг дэлхий түвшинд хүргэж байсан юм.
Хатагтай Анастасия Филатова нэгэн ярилцлагадаа “Сонгодог урлагийн Театрыхан бидэнтэй их ойр байсандаа” гээд балетмейстер н.Жамьяндагва шинээр бүтээх гэж байгаа балетаа Хүүхдийн төлөө фондын албан өрөөнд бүүр бүжиглэж үзүүлж байлаа шүү дээ” гэж дурссан байдаг.
Түүнийг концерт бүрийн сонгодог дуурийн дуугаар эхлүүлдэг, концертыг нь барууны сонгодог хэлбэрээр найруулахыг шаарддаг, үндэсний, ардын урлагийг хойш нь тавьсан, бүхнийг өөрийн дураар зохион байгуулдаг гэж шүүмжилдэг байсан ч Монголын Дуурийн театрын хэдэн дуучин дэлхийн Монголын нүүрийг тахалдаг болоход үлэмж хувь нэмэр оруулсан гэж үздэг юм билээ.
Дэлхийн сонгодог урлагаас суралцан, сурталчлан дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 1976 онд БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Өсвөр үе, хүүхэд залуучуудын хүмүүжлийн материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 1978 онд Төрийн шагнал тус тус олгосон байдаг.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН