Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ажил хайгчдын зовлонгоор хөлжигч буюу хөдөлмөрийн биржүүдийн аархал /ЦУВРАЛ №2/

ХӨНДӨХ СЭДЭВ: АЖИЛГҮЙДЭЛ

“Ардчилал таймс” сонин энэ долоо хоногт ажилгүйдэл сэдвийг онцлон хөндөж, таван цуврал сурвалжлага, нийтлэл бэлтгэж буй. Өчигдөр буюу даваа дугаарт нийтэлсэн “Ажил горьдон очиход “Эргээд ярина” гээд буцаах л хэцүү” сурвалжилгаараа дөчин настай, дөрвөн хүүхдийн ээж Б.Ариунааг нийтлэлийн баатраараа сонгож хамтдаа ажлын эрэлд гарсан ч бүтэлгүйтсэн.
Бүтэлгүйтэх бүтэлгүйтэхдээ халаасан дахь хамгийн сүүлчийн мөнгөө шавхан байж энэ өдөр ажилд орох эцсийн найдлага тээн зарын дагуу очоод мөнгө нэхдэг хөдөлмөрийн биржийн хүйтэн төрхтэй тулсан. Багахан гуниг тээсэн ч ирэх долоо хоногоос эгч нь ажилд орчихно гэсэн түүний гэгээхэн хариултыг өдөөж “Тийм ээ эгч ээ. Удахгүй ажилтай орлоготой болно” хэмээн гэрийн зүг нь үдэж өгчихөөд өнөөх хөдөлмөрийн биржийнхээ хаалгыг дахин татав.

“Ажилд авна” гэсэн зараар очоод “ажилд зуучлуулаад” буцах мөч

“Би бас ажилд орохоор шийдлээ. Оффис менежерийн ажил сонирхож байгаа юм л даа” хэмээн ажил хайгчийн дүрд хувирав. “Өмнө нь ажиллаж байсан туршлага байгаа юу. Та манайд анкет үүсгэн 10 мянган төгрөгөөр бүртгүүлснээр нэг сарын хугацаанд бид танд тохирох ажлын байрыг санал болгоно” хэмээн уриалгахан хэлэх бүсгүйн яриа чихэнд чимэгтэй сонстоно. Ингээд ажил хайгч иргэний анкет бөглөхөөр болов. Өгсөн анкет нь нэг л хуудас бөгөөд энэ анкетанд ямар ч стандарт байхгүйг дурьдах нь зүй. Тухайлбал, ам бүлийнхээ тоог л гэхэд гурван нүдэнд тохируулан бичих зай талбай байх бөгөөд над шиг тавуулаа хүн бол нөхрөө нэг хүүхдийн хамт бичих бололцоотой байх юм. Цаашлаад төгссөн сургууль, ажлын туршлагаа ч мөн дээр дурьдсан зай талбайд тохируулан бичих аж. Үнэндээ бишгүй олон газар ажил хайгчийн анкет бөглөж явсан хүний хувьд тус хөдөлмөрийн биржээс өгч байгаа анкетыг бөглөхөд намайг цаашид энэ ганцхан хуудас цаасан дээрх мэдээлэл төлөөлж ажил олгогчдод таниулна гэхэд итгэл үл төрнө. Ажил хайгч иргэний анкет гэдэг бол тухайн хүнийг хэн бэ, ямар ур чадвартай, ямар ажлын туршлагатай вэ гэдгийг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц албан бичиг байдаг боловч энэ байгууллагын хувьд худлаа үнэн анкет бөглүүлж бүртгэл үүсгэх нэр зүүж арван мянган төгрөг салгах арга хэрэгсэл нь бололтой. Бөглөсөн анкетыг минь унших зуураа анкетанд байгаагүй асуулт болох англи хэлний мэдлэгийг минь өөдөөс мишээх бүсгүй сонирхов. Үнэндээ дэлхий даяар глобалчлагдаж байгаа өнөө үед гадаад хэлний мэдлэгийн түвшин гэдэг асуулгын хэсэг ямар ч албан байгууллагын анкетанд зүй ёсоор багтдаг асуумжийн нэг. Гэтэл гэнэт санасан хүн шиг англи хэлний мэдлэгийг минь сонирхох өнөөх бүсгүйд “Дунд түвшний мэдлэгтэй дээ” хэмээн хариулах мөчид утсаараа ямар нэгэн компани руу залгав. “Сайн байна уу. Танайх хүнээ авсан уу. Англи хэлний түвшин нь ямар байх ёстой билээ” хэмээн итгэл дүүрэн асууна. “Аан. Шууд орчуулга хийх юм уу. Тэгвэл дунд түвшний англи хэлний мэдлэгтэй хүн арай болохгүй юм байна” хэмээн яриагаа дуусгаад над руу хандан “Манай байгууллагатай хамтарч ажилладаг компани оффис менежер авна гэж байсан юм. Даанч шууд орчуулга хийх хүн хэрэгтэй гэнэ. Тэгэхээр танд арай тохирохгүй юм байна” хэмээн яг одоо намайг ажилд оруулчихна уу гэмээр сэтгэгдэл төрүүлж амжив. Тус хөдөлмөрийн биржид 5-6 ажилтан байх бөгөөд “Та манай байгууллага дээр ирээд уулзаарай. Хүнээ аваагүй байгаа” эсвэл “ Та манайд 10 мянган төгрөгөөр бүртгүүлээд ..... гэх яриа хаа сайгүй өрнөнө. Над шиг 10 мянган төгрөгөө тушаагаад гарах ажил хайгч иргэдийн цуваа үл тасарна. Бидний ярианд хажуугийн ширээнд суух залуу гэнэт оролцож “Ажлын туршлагатай юм чинь операторын ажил түр хийх юм уу. НОТС гээд гуррвалжингийн гүүрний тэнд байрлах компанид сарын 700 мянган төгрөгийн цалинтай ажил байна. Чи сонирхож байвал тийшээ очиж уулзах уу. Өнөөдөр ажлын сүүлийн өдөр. Ажлын цаг ч дуусч байна. Даваа гарагийн өглөө очоод уулзаарай” гэв. Манай байгууллагаас зуучлах хуудас бичээд өгнө хэмээн итгэлтэйхэн хэлэв. Би ч санал болгосон компанийн дугаарыг нь аваад, зуучлалын хуудас гэх жижигхэн тасархай цаас цүнхлээд гарч одов.
Энэ цаг мөчөөс хөдөлмөрийн биржүүдийн талаар эрэн сурвалжлах ажил эхлэв. Өнөөх зуучлалын хуудас дээрх 80149034 хэмээх утасны дугаарыг Google-ийн хайлт хэсэгт бичиж үзвэл “20-40 насны 24/48 цагаар ажиллах хамгаалагч ажилд авна. Нэг гарааны 45900+хоол+унаа+хувцас. Тулаа хийж болно”, 24/48-аар ажиллах 21-40 хүртэлх насны хамгаалагч ажилд авна. Нэг гарааны 50к” гэх мэт олон төрлийн ажлын зарыг “Ажлын зар, Цагийн ажил, сошиал суваг” гэсэн facebook хаягт оруулсан байна. Эдгээр заруудын дор ажил хайгч иргэд ажилд орох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Түүний тавьсан энэхүү хуурамч ажлын зараар хичнээн иргэд очиж цаг заваараа хохирохоос гадна, 10 мянган төгрөгөөрөө давхар хохирдгийг төсөөлөхөд ч бэрх юм. Энэ бол ажил хайгч иргэдийн зовлонгоор хөлжиж байгаа хөдөлмөрийн биржүүдийн ганцхан жишээ. Энэ мэтчилэн жишээнүүдийг ар араас нь өч төчнөөнөөр нь бичиж болохоор байна. Учир нь хөдөлмөрийн биржүүд хэмээн хайлт хийхэд “Манай байгууллагаар үйлчлүүлсэн иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ гэсэн зарууд олон байх боловч Жич: бүртгэлийн хураамж авна гэсэн толгой эргүүлэм заруудын тоо алдагдлаа. Угтаа бол таныг ажилд үнэгүй зуучилна гэх чихэр шиг үгээр иргэдийн толгойг утасны цаанаас угаагаад яваад очихоор нь бүртгэлийн хураамж 10 мянган төгрөгийг нэг л удаа авна гэх хөдөлмөрийн биржүүдийн увайгүй арга нь улам нарийссаны бодит жишээ энэ. Тус хөдөлмөрийн биржид мөнгөө өгч бүртгүүлээд ямар ч төрлийн ажилд зуучлуулаагүй талаараа иргэд цахим орчинд бичээд зогсохгүй захирал эмэгтэйн зургийг тавьж “энэхүү луйварчингаас мөнгөө эргүүлж олж авцгаая” хэмээн зовлон нэгт нөхдөө уриалсан байх юм. Гэтэл тус постны дор хөврөх сэтгэгдлүүд дотор “Мөнгөө авахаар очиж үзсэн. Хэл амаар доромжлоод таньдаг цагдаагаа дуудчихдаг юм билээ”гэсэн сэтгэгдэл яах аргагүй нүдэнд тусав. Сүүлдээ бүр ядарсан ардын хүүхдүүдийг танил цагдаагаараа айлгасан байж ч болзошгүй болоод явчихав.Ажилгүй, орлогогүй иргэнд үнэндээ 10 мянган төгрөг асар их үнэ цэнтэй. Магадгүй өнөө маргаашгүй ажилд орчих юм шиг санаад ээж, аав, ах дүү, найз нөхдөөсөө ч зээлээд авсан байж болох. “Ажилд ороод, цалингаа авахаараа эргүүлээд өгнө өө” хэмээн хэн нэгэнд итгэл төрүүлээд зээлсэн мөнгөө соёлтой дээрмчдийн гарт өгчихснөө тэд даанч мэдэхгүй. Аав, ээж нь ажилтай болчихвол хүүхдүүддээ амттай юм авч өгнө өө хэмээн итгэл дүүрэн гарахдаа хүүхдүүдийнхээ хоёр хоногийн хоолны мөнгийг нь хөдөлмөрийн биржүүдэд өгчихөөд ажил ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон, хохирсон иргэд хэд байгаа бол доо.

10 мянган төгрөгөөр автомашинтай болно гэдэг зүүдэнд ч оромгүй явдал

Асуудал улам бүр хүндэрсээр... Баримтууд улам бүр ноцтой болсоор л. Сүүлийн үед олны танил дуучид, жүжигчид, бараа үйлчилгээний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд азын сугалаа гээч луйвар явуулж 200 хүнийг 10 мянган төгрөгөөр сугалаанд оролцуулаад сугалаа сугалуулж аз од нь гийсэн гурван хүн манай бүтээгдхүүний азтан болно гэж “хошгируулж” байгаад өөрөө бүтээгдэхүүнээ үнээр нь зараад үлдсэн 197 хүнийг хохирогч болгох үзэгдэл газар аваад удсан. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн арилжаа наймаа нь луйврын арга гэдгийг иргэдэд анхааруулж, ийм төрлийн сугалаанд оролцохгүй байхыг сануулсаар байгаа ч тусыг эс олсон. Өнөөдөр нэг л азтай байх юм шиг санагдаад байна хэмээн муйхарласан нэгний бодол өнөөдөр бараагаа зарж л байвал хэн нь аваад хэд нь алдах нь миний хэрэг биш хэмээн ичгүүр сонжуургүй нэгний халаасыг дүүргэхээс хэтрэхгүй. Сүүлдээ энэ арилжаандаа донтож эд хогшлоо зарж үрээд сугалаанд оролцох иргэдийн тоо ч өссөөр байгааг холбогдох байгууллагаас анхааруулсаар байгаа юм. Гэтэл нэг ёсондоо мөрийтэй тоглоомын хар сүүдэрт дарагдсанаа тэд даанч ухаарагүй байгаа нь харамсалтай. Тэгвэл ийм жишиг хөдөлмөрийн биржүүдэд хүртэл бий болсон хачирхалтай хийгээд харамсалтай баримт байна. Хөдөлмөр зуучийн үйлчилгээ үзүүлдэг “Хутагт Мөрөн” компани нь ажилд орохоор бүртгүүлсэн иргэдээсээ 10 мянган төгрөгийн хураамж аваад зогсохгүй эдгээр иргэдийн дундаас супер азтан тодруулж TOYOTA PRIUS-20 маркийн авто машин бэлэглэнэ хэмээн амлаад байгаа аж. Ийнхүү бүртгүүлсэн иргэддээ “Цагийн ажилтны үнэмлэх” гэсэн толгойтой цаасан дээр овог нэрийг нь бичиж, доод хэсэгт нь сугалааны номер олгосон байх бөгөөд үүнийгээ албан байгууллагынхаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан байх юм. Энэ хорвоо дээр 10 мянган төгрөгөөр ажил хайж бүртгүүлсэнийхээ төлөө автомашинтай болно гэдэг ёстой л зүүдэнд ч оромгүй явдал гэлтэй. Энэ талаар тус байгууллагаас тодруулахад одоогоор манайх бүртгэлээ түр хаагаад байна. Удахгүй нээх байх. Тэгэхээр нь ирж оролцоорой хэмээн уриалгахан хоолойтой бүсгүй утасны цаанаас мэдээлэв. Яг хэдэн хүн оролцоод ямар учир шалтгааны улмаас түр зогссон нь бүрхэг хэвээр үлдлээ.

Хөдөлмөр зуучлалын үйчилгээг үнэгүй үзүүлнэ

Ингээд эцэст нь “Үнэгүй хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлнэ 89004822 гэсэн зарын дагуу холбогдоод ямар ч үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг эсэхийг нь тодруултал үнэн л гэж байна. Хаяг нь 10-р хорооллын МТ шатахуун түгээх станцын ард байрладаг гэв. Хаягийн дагуу яваад очиход наад талын өрөөнд хоёр цаад талын өрөөнд хоёр эмэгтэй сууна. Та ямар ажил хайж байна. Өмнө нь ямар ажил хийж байсан бэ гээд л хувь хүн талаас маань шалгааж тодруулж байна. Танд ямар ур чадварууд байна, ямар шалтгаанаар ажлаасаа халагдсан бэ ...гээд л сүүлдээ бүр ажилд орохын тулд анкетаа хэрхэн зөв бөглөх, ажлын ярилцлагандаа хэрхэн бэлдэх талаар минь хүртэл зөвлөв. Танд тохирох ажлын байрыг санал болгож байгаа газартай бид холбогдож өгье. Та хэдийгээр бүх шалгуурт нь тэнцэхгүй байгаа ч танд давуу тал байна гэж ирээд л жинхэнэ мэргэжлийн үйлчилгээг үзүүлэв. Ёстой балмагдсандаа айх, гайхах зэрэгцэв. Баахан зөвлөгөө өгч байгаад мөнгө нэхээд суучихдаг юм болов уу ч гэж хардав. Тус төвийн үүдээр нэг ч төгрөг өгөлгүй гарахдаа л тэдний үйлчилгээнд итгэсэн юм. Ажил хайж ирсэн олон иргэнд энэ мэтчилэн сэтгэл зүрхнээсээ зөвлөгөө өгч байсан юм. Зарим газрууд бүртгэлийн хураамж авсан шүү дээ гэхэд “Иргэд мэдээлэлгүйгээсээ болоод хөдөлмөрийн биржүүдэд мөнгө өгөөд байгаа юм. Манайх ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй хөдөлмөрийн бирж байгаа юм. Тус газар бүртгэлтэй хөдөлмөрийн биржүүд нь иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг хэмээн учирлав. Өнгөрсөн долоо хоногт тус төвөөр үйлчлүүлсэн иргэдээс 5-6 хүн найдвартай тогтмол ажлын байраар хангагдсан гэдгийг хэлж байна. Саяхныг хүртэл энэ салбарын доголдол доройтлыг тартагтаа тулчихжээ хэмээн дүгнэж байсан ч хонгилын үзүүрт гэрэл харагдах шиг л болсон юм.

Эзэнгүй төрийн эмгэнэл....

Гэхдээ үнэхээр л ажил хийж амьдралаа залгуулахыг хүссэн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх хөдөлмөр зуучлалын байгууллагууд байдаг юм бол яагаад иргэдийн халаасыг хоосолж, өөрийнхөө халаасыг дүүргэж байгаа хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд оршин тогтносоор байна вэ. Хаана, ямар хуулийн цоорхой, бодлогын алдаа гарсан болоод энэ байгууллагууд хараа хяналтгүй дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх боломжтой болчихов гэсэн асуулт ундарсан юм. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас холбогдох шаардлага стандартуудыг нь хангасан хөдөлмөр зуучлалын байгууллагад бүртгэлийн гэрчилгээ олгодог. Ийнхүү бүтгэлийн гэрчилгээгээ авсан байгууллагууд холбогдох дүрэм журмын дагуу ажил хайгч иргэнээс ямар ч төлбөр мөнгө авахгүй байх заалттай. Тус газраас бүртгэлийн гэрчилгээ авсан байгууллага улсын хэмжээнд 60 орчим байгаа аж. Харин дээр дурьдсан иргэдээс төлбөр авч үйлчилгээ үзүүлж байгаа хөдөлмөр зуучлалын газрууд тус газарт ямар ч бүртгэлгүй гэдгийг хэлсэн юм. Эдгээр байгууллагууд улсын бүртгэлийн газраас гэрчилгээ авахдаа үйл ажиллагааныхаа чиглэлд дотоод хөдөлмөр зуучлал гэсэн бичиг бичүүлчихээд байгааг учирлаж байна. Тус газарт хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа хариуцсан ганцхан мэргэжилтэн байдаг учраас бүртгэлтэй хөдөлмөрийн биржүүдийн үйл ажиллагаандаа хяналт тавихаас гадна гадуур байгаа бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа хөдөлмөрийн биржүүдэд хяналт тавих боломжгүй гэдгийг хэлж байна. Мөн хөдөлмөрийн биржүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт тавих эрх нь улсын байцаагчийн эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтанд байдаг гэнэ. Тиймээс манайд албан ёсоор бүртгэлгүй үйл ажиллагаа явуулсан хөдөлмөрийн биржүүдээр үйлчлүүлээд хохирсон иргэд байвал тухайн дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байгууллагад хандах эрх нь иргэнд байгаа гэв. Одоогийн байдлаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар бүртгэлгүй хөдөлмөрийн бирж иргэдээс мөнгө авч үйлчилгээ үзүүлсэн гэсэн гомдол хараахан ирээгүй байна гэв. Харин энэ талаар тодруулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зөвшөөрөл авсан хөдөлмөрийн биржүүүдэд хяналт шалгалт хийх эрх нь тус байгууллагад байдаг боловч дээр дурьдсан байгууллагаас зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байгаа хөдөлмөрийн биржүүдэд хяналт тавих боломжгүй гэдгийг хэлсэн юм. Харин үнэхээр хохирсон иргэд байвал дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж шалгуулах боломжтой гэсэн хариулт өгсөн юм.
Үнэндээ эзэнгүй төрийн эмгэнэл гэдэг үг өөрийн эрхгүй толгойд орж ирсэн юм. Төрт улсынхаа ядарсан иргэдийг зоосны нүхээр харж албан ёсны бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа хөдөлмөрийн биржүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллага энэ улсад алга. Харин худлаа үнэн ч гэсэн албан ёсоор бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хөдөлмөрийн биржүүдийг шалгадаг хянадаг эрх мэдэлтэн албан тушаалтнууд шил шилээ дараад зогсох. Харин төрийн байгууллагуудын бодлогын алдаа, хамтын ажиллагааны уялдаа холбоогүй байдал, хуулийн цоорхойг сурамгай ашигладаг сүйхээтэй нэг нь хөлжсөөр, ард түмнийг мөлжсөөр л байна. Тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг нь үнэн л юм бол хөдөлмөрийн биржийн завхралыг цэгцлэх цаг нэгэнт иржээ.

ӨМНӨХ ЦУВРАЛ СУРВАЛЖЛАГЫГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ.

ЦУВРАЛ №1http://atime.mn/view/article/?page=show&id=4283&fbclid=IwAR34likVStmv7nbqmkEAVVqL-_C-16suUfIn_XVh0EUCzM-46LIwPujsUno

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com