АН-ын Санхүүгийн бодлогын зөвлөлийн дарга, санхүүч Д. Ганбаяртай ярилцлаа.
-Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээг танилцууллаа. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ. УИХ-ын тогтоолын дагуу малчин өрхүүдэд нэг кг ноолуур бүрт 20.000 төгрөг олгохоор болсон. Энэ их мөнгөний эх үүсвэр хаанаас гарч байгаа бол. Та энэ шийдвэрүүдийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Төсөв алдагдалд орж, төсөвт орж ирэх орлого нь тасалдсан. Дээр нь эрх баригчид хоёр их наяд төгрөгийн төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт хийхээр болсон. Төсвийн алдагдалтай, орлого бүрдүүлж чадахгүй байхад, төсвийн мөнгөөр бүтээн байгуулалт хийж, тендер зарлаад байгаа юм. Ямар эх үүсвэрээс санхүүжилт гаргаж байна гэхээр хоёр асуудал байгаа.
ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор таван тэрбум долларын зээл авах боломж олдсон. Түүнийхээ 1.5-ыг нь авсан байгаа. Үлдсэн 3.5-ыг нь авах боломжтой.Тэр шийдвэр нь ямар түвшинд хүрсэн нь тодорхойгүй байна.
Монголбанк мөнгө хэвлээд төсөвт зарцуулаад байгаа. Эдийн засгийн бус аргаар энэ асуудлыг шийдэж байгаа. Албан бус мэдээгээр бол долоон их наяд төгрөг хэвлэгдсэн байна гэсэн мэдээлэл байна. Энэ нь валютын ханшийг өсгөхөд нөлөөх үр дагавартай. Одоогоор коронавирусийн улмаас иргэдийн хэрэглээ нь хумигдсан тулдаа л валютын ханшаа бариад байгаа юм. Монголбанк тодорхой хэмжээгээр валютын интервенц хийгээд байна л даа. Гол асуудал нь юу гэхээр Монголбанк мөнгө хэвлээд байгаа юм.
-Бэлэн мөнгө зах зээлд оруулахаар инфляц өсөх үү?
-Хүмүүс бүгдээрээ худалдан авалт нь хумигдсан, зарцуулалт багассан болохоор зах зээл агшсан. Зах зээлийг тэлэх зорилгоор төрийн худалдан авалт , төсвийн хөрөнгө оруулалт яриад байгаа юм л даа. Гол асуудал нь төсөвт тийм их мөнгө байхгүй. Санхүүжүүлэх боломжгүй байж Монголбанк мөнгө хэвлээд гаргаад байгаа. Мөнгө хэвлээд байгаа нь валютын ханшийг өсгөчих гээд байгаа юм. Тийм учраас Алт3 хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд яваад байгаа. Валютын ханшийг өсгөхгүйн тулд Монголбанканд алт тушаалт нэмэгдэх хэрэгтэй байна шүү дээ. Тушаасан алтыг нь гадаадад борлуулж, доллар авчрах гээд байгаа юм, гол нь. Тийм учраас алтны ордтой компаниудад Монголбанканд алтаа тушаана гэсэн баталгаа гаргаж, Хөгжлийн банкнаас жилийн гурван хувийн хүүтэй бизнесийн зээл олгох гээд төсөл явж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр явж байна билээ.
-Засгийн газрын мөнгө тараах шийдлүүдийн үр дагавар нь хэзээ мэдрэгдэх вэ?
-Цаг хугацааны асуудал. Төсвийн орлого буураад байна. Нүүрс урагшаа хангалттай хэмжээгээр гарахгүй байна. Төсвийн орлого төсөөлсөн шиг өндөр байж чадахгүй. Улам их алдагдалтай гарна. Монголбанк мөнгө хэвлээд валютын ханш өсчихвөл ард иргэдийн амьжиргаа улам л муудна. Валютын ханш өсөөд байдаг. Гэтэл багш, эмч нарын цалин хэвээрээ л байгаа. Долларын ханш 2012-2020 онд 40 хувь өссөн. 2012 онд нэг ам.доллар 1380 төгрөг байсан бол 2020 онд 2750 буюу нэг дахин өссөн байна. Гэтэл 2012 онд эмч, багшийн цалин 500 мянган төгрөг байсан. Монголчуудын нийт хэрэглээний 70 хувь импортын бараа байдаг. Долларын ханш өсөхөд юмны үнэ нэг дахин өсдөг. Эмч, багш нар сая төгрөгийн цалин авч байж, 2012 оны амьжиргааны түвшинд очно. Гэтэл тэдний цалин 650 мянга. Энэ янзаар ядуурал өсөхөөр байна.
Монголын хувьд нэг номерын асуудал мэдээж, төсвийн тэлэх бодлого, бизнесийг дэмжих, худалдан авалтыг дэмжих бодлого хэрэгтэй. Гэхдээ бизнес эрхлэгчдийн хэлж байгаагаар Засгийн газрын бодлого шийдвэр байндаа тусахгүй байна. Зөв онилж чадахгүй байна. Ямааны нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал өгнө гэж байна. Хүүхэд болгонд 100 мянган төгрөг өгнө гэж байна. Миний харж байгаагаар долдугаар сараас хойш энэ бүхнийг санхүүжүүлэх хэмжээний орлого Засгийн газарт орж ирэхгүй. Тийм учраас мөнгө хэвлээд, валютын ханш өснө. Засгийн газрын худалдан авалт, төсвийн хөрөнгө оруулалт цөөхөн хэдэн компани, ажлын байрыг дэмжиж байгаа болохоос биш нийт зах зээлийг дэмжиж чадахгүй. Ядаж дотоодын бүтээгдэхүүнээ энэ боломжийг ашиглаад дэмжчихмээр байдаг. Иргэдэд бэлэн мөнгө тарааж байхаар үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах цахим мөнгө, талон гаргамаар байна шүү дээ. Тэгвэл импортын бүтээгдэхүүнийг дэмжих бус үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг болж чадна. Тэгэхгүй бол бидний гар дээрх мөнгөний талаас илүү хувь нь урд хөршөөс орж ирсэн бүтээгдэхүүнд зарцуулагдаад байна. Дотоодын бүтээгдэхүүнийг худалдан авах цоо шинэ эрэлт бий болгох хэрэгтэй. Иргэдийн орлогыг нэмэх байдлаар, ажлын байрыг хадгалах боломжийг бий болгох хэрэгтэй. Коронавирусээс сэргийлж байна гээд гэртээ зүгээр суух бус цахимаар ажиллах, хүргэлтийн үйлчилгээ, онлайн худалдааг дэмжих хэрэгтэй. Монголбанк мөнгөний бодлогын хүүг 11-9 хувь болгож бууруулсан. Гэтэл зээлийн хүүнд төдийлөн нөлөөлж чадахгүй байна. Хүн амын нэг хүрэхгүй хувь нь өндөр хадгаламжтай байна гэдэг. Засгийн газар, УИХ-аас хадгаламжийн хүүг буулгах шийдвэр гаргах ёстой. Зөвхөн Монголбанк ийм шийдвэр гаргаж чадахгүй. Банкны реформыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй байна л даа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН