Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ажилгүйчүүдийн "арми" бий болж, ажил олгогчид аргаа барж сууна /ЦУВРАЛ №3/

ХӨНДӨХ СЭДЭВ: АЖИЛГҮЙДЭЛ

 “Коронавирусийн улмаас манайх хоёр сар хаалттай байлаа. Улаанбаатар хотод таван салбартай байсан ба эдийн засгийн хүндрэлээр “Тэнгис” дэх салбараа бүрмөсөн хаахад хүрсэн. 40 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байснаас 20 хувийг нь цомхотгож, цалингийн хэмжээг нь 10 орчим хувиар бууруулахаас өөр арга байсангүй. Манай таван салбараар өмнө нь өдөрт 600-700 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо энэ тоо буураад байгаа. Хоёр сар хаалттай байснаар цэвэр алдагдал 20-25 сая төгрөгт хүрсэн. Засгийн газар татвараас чөлөөлөх хөнгөлөлт үзүүлж байгаа ч одоогоор огт хамрагдаж чадаагүй байна” хэмээн “Голден жим” фитнесийн захирал Ө.Долгормаа ярив. Энэ бол олон жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй 50 орчим ажилтантай үйлчилгээний салбарын аж ахуй нэгжид үүссэн хүндрэлийн хамгийн энгийн жишээ.

 Өнөөдөр коронавирусийн нөлөөнд өртөөгүй ААН, компани, ажлын байрны цомхотгол хийгээгүй салбар цөөн үлдсэн. Айсуй сонгуулийн чимээнд ажилгүйдэл, ядуурлын бодит дүр төрх дарагдчихаад байгаа болохоос биш үнэндээ Улаанбаатар хот даяар ажлын байрны эрэлд гарсан бүхэл бүтэн "арми" бий болчхоод байгааг өнгөрсөн даваа, мягмар гаргийн дугаартаа бид хөндөж сурвалжилсан билээ.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд нийтэлсэн МҮХАТ-ын “COVID-19 вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайлан”-д дурдсанаар аялал жуулчлал, зочид буудал, хөнгөн үйлдвэрлэл, банк санхүүгийн салбарт ажлын байрны цомхотгол хийгдэж, 6000 хүн ажилгүй болсон дүн мэдээ гарчээ. Энэ тоо цаашид 8000 хол давах хандлагатай байгааг мөн уг тайланд онцолсон байлаа.
Тэрчлэн ҮСХ-ны мэдээллээр он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар 7500 орчим хүн “Ажилгүйдлийн даатгалын сан”-гаас тэтгэмж авсан байна гэжээ. Энэ бол зөвхөн нийгмийн даатгал төлдөг иргэдийн бодит тоо бөгөөд цаана нь даатгал төлдөггүй олон мянган иргэн байгаа бөгөөд манай сонины редакцаас хөндөж буй ажилгүйчүүдийн "арми" бий боллоо гэдэг дүгнэлтийг нотолж байна.


Монгол Улсад коронавирусийн хөл хорио тогтоод хагас жил болох гэж байна. Энэ хугацаанд хүнсний зах, томоохон худалдааны төвөөс бусад бүх үзвэр, үйлчилгээ, боловсролын салбарын байгууллагууд хаалттай байсан. Үндсэндээ саяхнаас л зарим фитнес, сургалтын төвүүдийг нээж, төгсөх ангийнханд давтлага өгөх шийдвэр гарснаас өөр хөдөлгөөн хийгдээгүй байна. Тиймээс таван сар орчим хугацаанд бизнес нь зогссон салбаруудад ямар хүндрэл, бэрхшээл учирч буйг, тодруулбал, ажил олгогчдын өнөөгийн нөхцөл байдал хийгээд Засгийн газраас коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого хөрсөн дээрээ бууж байгаа эсэхийг салбар тус бүрээр нь тоймлон хүргэхийг зорилоо.

Аялал жуулчлалын салбар

 Коронавирусийн халдварын нөлөөгөөр хамгийн хүнд цохилтод ороод байгаа салбарын нэг нь аялал жуулчлал. Энэ салбар дэлхий даяар анх удаа тэг зогсолт хийгээд байна. Энэ талаар Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяраас тодруулахад “2020 онд манай улсад аялахаар төлөвлөж, захиалга өгсөн жуулчны 70 хувь нь ирэхээ больсон. Тэгэхээр энэ онд Монголд жуулчин ирэхгүй, энэ салбар ямар ч орлогогүй болж мэдэх нь. Аялал жуулчлалын компаниуд маш их хохирол амсч, хүнд байдалд орж байгаа. Манай салбар 50-60 мянга, улирлын чанартай учраас зуны саруудад шинээр 10 мянган ажлын байр бий болгодог” гэлээ.
Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 576 амралтын газар, жуулчны бааз байдгаас 151 нь нийслэл орчимд байрлалтай аж. Жуулчны баазуудын дийлэнх нь 5-10 дугаар сарын хооронд ажилладаг. Харин Улаанбаатар хот орчимд жилийн турш ажилладаг 1.064 өрөө бүхий 51 амралтын газар байгаа ба ихэнх нь амралтын өдөр зочид хүлээж авч, бусад өрдүүдэд зочингүй эсвэл хаалттай байгаа аж. Тиймээс 80 хувийн дүүргэлттэй байдаг амралтын өдрүүдээр тооцоолоод үзвэл, 2020 оны 2-4 дүгээр сард нийт 20.500 хүн хүлээж авах боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, 717.5-922.5 сая төгрөгийн алдагдал хүлээсэн дүр зураг харагдаж байгаа юм.
Нөгөөтээгүүр, аялал жуулчлалын салбарт янз бүрийн түвшний компани бий. Зарим нь олон жил ажилласан, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж ирсэн бол байгуулагдаад удаагүй, одоо л өндийж буй компаниуд ч байна. Гачууртын эцэст байрлалтай, гаднын жуулчид ихээр очдог River point lodge жуулчны бааз гэхэд захиалга өгсөн үйлчлүүлэгчийнхээ 90 хувийг буцаасан гэсэн бол байгуулагдаад удаагүй Happy camel жуулчны баазын менежер н.Өлзий үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсныг хэлсэн юм. Гэхдээ энэ салбарынханд багахан найдвар байгаа нь 7-9 дүгээр сард цөөн ч болов жуулчин ирж магадгүй гэх “горьдлого”.
Дээр дурдсанчлан үзвэрийн салбараас кино театр, дуурь, драм, филармони, хошин шог, үйлчилгээний салбараас караоке, баар, саун, үсчин гэх мэт газрууд тэг зогсолт хийгээд буй. Эндээс хамгийн их хохирол амсч буй нь үзвэр, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг кино театрууд юм. “Өргөө” кино театрын Маркетингийн албаны дарга Т.Дөлгөөнтамир “Кино контент савлагаатай учраас алдагдлыг баримжаалж хэлэх боломжгүй байна. Мэдээж хэдэн тэрбумаар яригдах нь ойлгомжтой. Үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоогоод хагас жил болчихлоо. Нэг жилийн орлогын тал хувь нь байхгүй болсон гэсэн үг шүү дээ. Манайх нийслэл, орон нутагт нийт долоон салбартай, 350 гаруй ажилтантай. Нийт ажилтнуудын 80 гаруй хувь нь цалингүй амарч байна. Нэгэнт үүссэн алдагдлыг нөхнө гэж байхгүй. Цаашид аль болох кино салбарыг авч үлдэхийн тулд ажиллана” гэв.
Эндээс дүгнэвэл, ганцхан компанийн 350 ажилтны 80 хувь буюу 280 хүн ажилгүй, орлогогүй болсон бөгөөд энэ хүмүүсийн ард 2-5 хүнтэй өрх байгаа билээ.

Зочид буудал ба нийтийн хоолны салбар

 Улаанбаатар хотод 290 зочид буудал ажиллаж байгаагаас 75 нь одны зэрэглэлтэй үйл ажиллагаа явуулдаг ажээ. Зочид буудлын нийт үйлчлүүлэгчдийнх нь 20 орчим хувь нь гадаадын жуулчин, үлдсэн нь дотоодын үйлчлүүлэгчид байдаг бол одны зэрэглэлтэй буудлуудын хувьд гаднын жуулчид 90 хувийг нь эзэлдэг юм байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд зочид буудлын үйл ажиллагааг зогсоогоогүй ч хилийн хорио цээр тогтож, иргэдийг гэртээ байхыг зөвлөсөн зэрэг нь тус салбарын үйлчилгээнд шууд нөлөөлжээ.
Тандалт судалгаагаар, хөл хорионы хугацаанд зочид буудлуудын ор дүүргэлт 1-10 хувьтай байгааг Монголын зочид буудлуудын холбооноос хэлж байна. Нийслэлийн хэмжээнд байгаа зэрэглэлтэй 215 зочид буудал нэг өдөрт 111.4-139.3 сая төгрөг, хорио цээр цуцлагдах хүртэл 7-9 тэрбум, харин одтой зочид буудлууд энэ хугацаанд өдөрт 377.4 сая, нийт 24 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарчээ.
Харин нийтийн хоолны салбарын тухайд Улаанбаатар хотод 3.482 газар үйл ажиллагаа явуулдаг 2020 онд жилийн турш 71.87 сая ам.доллар буюу 199 тэрбум төгрөгийн ашиг олох тооцоолол гаргажээ. Үүнийг сар бүр ирдэг жуулчдын ачаалалтай харьцуулахад 2-4 сард нийт 1.09 сая ам.доллар буюу гурван тэрбум төгрөгийн ашиг олох боломжоо алджээ.

Тээврийн
салбар

 Коронавирусийн нөлөөнд хамгийн их өртөж буй салбарын нэг нь агаарын болон авто тээвэр юм. УБТЗ ХНН-ийн тухайд, 2020 оны эхний гурван сард зорчигч тээврээс 1,7, ачаа тээврээс 16 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Хилээ хаасантай холбоотойгоор олон улсын зорчигч тээврийн галт тэрэг зогсолт хийгээд байгаа юм. УБТЗ нь 16000 ажилтантай нүсэр том байгууллага. Тиймээс энэ салбарын хүний нөөцийн бодлого ямар байгааг УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдоржоос тодруулахад “Санхүүгийн энэ хүнд нөхцөлд ажилчдаа цомхотгохоос илүүтэй хөдөлмөр зохион байгуулалтыг зөв шийдэж, ажлын байраа хадгалахад анхаарч байна. УБТЗ 15.900 орчим ажилтантай. Одоогоор УБТЗ-ын 1200 орчим ажилтан богиносгосон цагаар, нийт ажилтны 28 хувь нь амралтаа авсан байдалтай байна. Үйл ажиллагаа шууд зогссон нийгмийн салбарын ажилчдаа цалингийнх нь 75 хувиар цалинжуулж байгаа” гэсэн юм.
Харин агаарын тээврийн салбар дахь үндэсний компаниудын орлого энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар буурсныг гаалийн статистикаас харж болохоор байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 240 мянга орчим хүн агаарын тээврээр зорчсон нь жилийн өмнөхөөс 40.1 хувиар цөөрсөн үзүүлэлт юм. Агаарын тээврийн компаниудын нөхцөл байдлыг харвал, “Хүннү-Эйр” компанийн хуваарьт нислэг нь жилийн өмнөхөөс 70 хувиар цөөрсөн бол “Аэро Монголиа” компанийн хувьд 40-50 хувиар буурчээ.
Үндэсний агаарын гол тээвэрлэгч МИАТ ХК-иас мэдээлэл авахыг хүссэн боловч бидэнд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм. Гэхдээ тус компанийн захирал Д.Баттөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр хэвлэлд мэдээлэл өгсөн. Тэрбээр “Өнөөдрийг хүртэлх хугацаанд зургаан удаагийн тусгай нислэгээр Улаанбаатараас 1173, Монгол руу 983 иргэнийг тээвэрлэн ирээд байна. Бид тусгай үүргийн нислэгүүдийг дандаа өөрийн хөрөнгөөр хийсэн. Дэлхий даяар аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн түрүүнд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Иймд томоохон агаарын тээврийн компаниуд дампуурлаа зарлахад ойрхон байна. Энэ оны нэгдүгээр улиралд бид 90 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 40 орчим тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, 50 тэрбум төгрөгөөр орлого тасалдсан. МИАТ 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн, маш хүнд байдалд орлоо” гэжээ.

Түрээсийн
салбар

 Монгол Улсын хэмжээнд тандалтын судалгаагаар дунджаар 60 орчим мянган түрээслэгч байдаг аж. Засгийн газраас түрээсээ буулгасан албан байгууллагын татварыг 10 хувиар хөнгөлнө гэсэн тогтоол гаргасан. Гэвч хэдэн хувиар түрээсээ буулгасан хүнд энэ тогтоол хамаатай болохыг нь зааж өгөөгүй нь түрээсийн салбарт ойлгомжгүй байдал үүсгээд байгааг түрээслэгчид хэлж байна. Энэ талаар Түрээслэгчдийн холбооны Э.Халиунаас тодруулахад “Монгол Улсад 150 мянган ААН бүртгэлтэй байдгаас тогтвортой үйл ажиллагаа явуулж буй нь 70 гаруй мянга байна. Үүний 85 орчим хувь нь түрээлэгчийн журмаар үйл ажиллагаа явуулдаг. Коронавирусээс шалтгаалсан хоригууд ЖДҮ эрхлэгчдийн амьжиргааны түвшинд шууд нөлөө үзүүллээ. Засгийн газраас ихэнх ААН-үүдийг хаах шийдвэр гаргасан хэрнээ хоорондынх нь уялдаа холбоо, зохицуулалтыг хийж өгөөгүйд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Тодруулбал, түрээслэгч, түрээслүүлэгчдийн дунд ойлгомжгүй байдал үүсгэж, хохирол учруулсан. Бусад улс орнууд жижиг, дунд бизнесээ авч үлдэхийн тулд 60-70 хувийн түрээсийн хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжүүлж байхад манайх тун ойлгомжгүй тогтоол гаргасан. 1-20 хувь юм уу, эсвэл 50 хүртэл хувь түрээсээ хөнгөлсөн газарт татварын хөнгөлөлт үйлчлэх юм уу гэх мэт ойлгомжгүй асуудал байна. Энэ нь түрээслэгчийг бус түрээслүүлэгчийг дэмжсэн бодлого гэж бид үзэж байгаа. Маш олон газрууд дампуурлаа зарлаад байна. Тиймээс аль аль талынх нь эрх ашгийг хамгаалсан бодлого хэрэгжүүлмээр байна” хэмээв.
Ийнхүү 2020 оны 2-4 дүгээр сарууд буюу коронавирусийн эсрэг арга хэмжээ авч, хорио цээр тогтоосон үед стратегийн гол салбарууд бүхэлдээ зогсонги байдалд орж, олон мянган хүн ажилгүй, орлогогүй болоод байна. Монгол Улсад ажилгүйчүүдийн "арми" бий болж, ажил олгогчид аргаа барж сууна.

ӨМНӨХ БОЛОН ДАРААХ ЦУВРАЛЫГ УНШИХЫГ ХҮСВЭЛ ДАРААХ ЛИНКЭЭР ОРНО УУ.

ЦУВРАЛ №1http://atime.mn/view/article/?page=show&id=4283&fbclid=IwAR3InAC0ZILAnqVCoyo0BuibxKOpqqztaV2wfjEhV50baYUuAnAr0IHnLXk

ЦУВРАЛ №2http://atime.mn/view/article/?page=show&id=4306

ЦУВРАЛ №4: http://atime.mn/view/article/?page=show&id=4348

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com