Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Т.Галсан: Цөллөгт явсан, номоо шатаалгасан анхны зохиолч нь би юм даа

Монгол Улсын Ардын уран зохиолч Тангадын Галсан гуайтай хэлмэгдэж явсан нэгэн үеийнх нь түүх болох шатаалгаж хаагдаж байсан “Арвай хээр” найраглалынх нь талаар ярилцлаа.


-Энэ удаа таны алдарт “Арвай хээр” найраглалын хэлмэгдэж хэрчүүлж тас­туулж, шатаалгаж явсан түүхийн талаар ярилцъя гэж бодлоо. Та зохиолч МУГЗ Г.Жамъян гуайтай хамт оюутны дотуур бай­ранд амьдарч байхдаа бичжээ. Найраглал төрөхийн үндэс язгуур нь юу байсан юм бэ?
-Би чинь бас эрхбиш эр хүн шүү дээ. Дурлал гэдэг нь давхиад ирсэн бололтой. Тэр үед Монгол Улс ганцхан их сургуультай байлаа. Түүний анагаахын ангийн оюутан Увс нутгийн баяд охин ууж байгаа аягатай цайн дотор тормойгоод л, уншиж байгаа номын хуудсан дээр тормойгоод л, унтаад сэрэхэд зүүдэн дунд тормойгоод л байдаг болчихлоо.

Тэгэхээр зэрэг нөгөө охинд чинь тоогдохын тулд захиагаар бөмбөгдөж байгаа юм даа. Би чинь сургуульд захиа бичихийн дархан аварга байв. Долдугаар ангийн шар Арилдий “Галсаан чи надад нэг сайхан дурлалын захиа бичээд өг” гэдэг байгаа. Та өөрөө захиа бичиж чадна шүү дээ гэтэл “Үгүй ээ, дурлалын захиа бичнэ. Чи надад дурлалын захиа бичиж өгвөл би чамд хоёр өглөөнийхөө талхыг өгье” гэдэг юм байна. Түүнээс хойш хүүхдүүд их захиа бичүүлдэг болсон. Төрийн шагналын оронд талхны шагналтай байж дээ. Тэгсэн нэг өдөр нөгөө Арилдий чинь учиргүй их ууртай ирэв. “Чиний тэр захиа чинь өчнөөн охидод байна, чи яах гэж хүн залилж талх авдаг нөхөр вэ” гэх нь тэр. Ингээд энэ цагаас хойш горьдсон захиаг нэг янз, гомдсон захиаг нэг янз, гологдсоныг нэг янз бичдэг болов оо. Гэтэл нэг шөнө жижүүрийн багш намайг босгож аваад явдаг юм байна. Тэгсэн надад хоёр голио чихэр өгөөд “Чи одоо өөрийгөө хүүхэд биш том хүн гэж бод” гээд захиа бичүүллээ. Бас л хайрын захиа бичээд таван төгрөгөөр шагнууллаа. Сүүлд намайг оюутан болсон хойно тэр багш гэртээ аваачаад нөгөө захиа бичүүлсэн хүн чинь энэ байна гэж гэргийгээ заасан.


Нөгөө торомгорт маань миний захиаг Ховдын Норов гэж сайхан охин зөөдөг байлаа. Өдөрт дээд тал нь долоон захиагаар бөмбөгдөнө. Торомгор захиа аваад байдаг, тэгэхээр найдлага нахиалаад байдаг. Хэрвээ авахгүй бол би баларна шүү дээ. Тэгсэн хэрнээ надад нүүр өгсөнгүй ээ. Тэгэхээр нь би өөрөө өөрийгөө яагаад ингэв гээд хянаж эхэлж байгаа юм. Их сургуульд дээлтэй хоёрхон банди байгаагийн нэг нь би байв. Би ер нь оюутан биш нэгдлийн хоньчин шиг харагдаад байгаа юм байна гээд Жамъянтайгаа цуг явж анх удаа солонгорсон өнгөтэй гоё гонжоом авч өмслөө. Ингээд илжигний сүүл шиг эрээн зангиагаар багалзуураа баглаад толинд хартал бас овоо дориун харагдаж байна. Гэтэл дахиад тоодоггүй дээ доогтой нь аргагүй инээгээд өнгөрдөг юм байна нөгөө охин. Гэтэл халимаггүй оюутан нь ганцхан би байв. Халимаг тавихаар шийдээд өдөр болгон шүлсээ түрхэж нааш нь ч нэг, цааш нь ч нэг илсээр нэг юм ургуулав. Ингээд гонжоомтой бол гонжоомтой, халимагтай бол халимагтай залуу боллоо.


-Тэгээд тоов уу?
-Тэгсэн ч тоохгүй юм аа. Тэгэхээр гавлаа л гайгүй гэж харуулах хэрэгтэй боллоо доо. Тэр үед оюутны зургийг гадаа самбарт наагаад шалгалтынх нь дүнг онцыг улаанаар, сайныг цэнхэрээр гэх мэтээр жагсаачихдаг байлаа. Түүнээс болж оюутан мэрийдэг, ичиж гэлмэдэг бас бахархдаг байв. Одоо бол авс (АВС ) гэдэг дүн байгаа шүү дээ. Би ч тэртэй тэргүй онц сурдаг байсан. Гэхдээ ангийнхаа даргаас миний дүнг томхон бичээрэй гээд гуйчихаж байгаа юм. Торомгор тэнд зургийг нь хараад зогсч байна шүү. Тэгсэн бас байдаггүй ээ. Харин ангийнхаа нэг буржгар нөхөртэй цуг яваад байна шүү. За яах вэ түүний үс гаднаа буржгар юм, миний тархи дотроо буржгар гэдгийг харуулахаар амраг хайрын найраглал бичихээр шийдсэн дээ.

-“Арвай хээр” найраглал тэгэхээр таны хүчтэй дурлалаас үүдэлтэй байх нь ээ...?
-Г.Жамъян бол миний том хөдөлгүүр байсан юм. Г.Жамъян дэвтрийнхээ голоор шугам татаад хичээлийнхээ хажуугаар шүлгээ бичдэг байсан. Хоёулаа өдөрт 100 мөр бичихгүй бол ер нь зохиолч болохгүй гэх мэтээр урагш давшихын дарцаг сайн хийсгэдэг нөхөр л дөө. Жамъян нэг өдөр роман бичье гээд 25 мянган мөртэй “Халхын талд” том роман бичсэн. Би 3000 мөр “Арвай хээр” найраглалаа бичсэн дээ.


Зохиолч “Арвай хээр” найраглал бичсэн үеийнхээ зургийг үзүүлэв.
Т.Галсан: Ямар ч байсан илжигний сүүл шиг эрээн зангиагаар багалзуураа багладаггүй байсныг бодоход эрх чөлөөг эрхэмлэгч банди байсан бололтой. Нэг соруулахад хоёр өдрийн хичээл бичдэг үзэг хоёрыг зэрэгцүүлж зүүснийг бодоход яваандаа үг их хэлхэнэ, үзэг их элээнэ шүү гэсэн хэвлүүхэн бодолтой банди явжээ.


-Дараа нь яаж олон нийтэд хүргэв?
-Ингээд Зохиолчдын хороон дээр аваачиж уншсан чинь Монголын ахмад үеийн зохиолчид болох Ч.Лодойдамба, Д.Даржаа гээд бүгд л байсан. Зөвлөгөө өгдөг томчууд маань бүгдээрээ хурдан морь, хурдан нохой, хурдан шувууны тухай Ч.Лодойдамба гуай бүр, пуужин гэж хурдан юм гарах нь ээ, түүгээр тив хооронд шуудан зөөвөл зүгээр л юм. Өнөө гайхлууд аягүй бол үхлийн зэвсэг зөөчих байх даа гэж хэлж байв. Ч.Лодойдамба гуай бол цаг үеэсээ түрүүлсэн сэхээтэн байсан юм шүү. Ийм юм ярьцгаагаад эхлэхээр нь гол руу нэг юм огшоод “Миний зохиолыг хэлэлцэх гэж байгаа билүү та нар чинь мэргэн цэцнээ гайхуулцгаах гэж байгаа билүү” гээд би чод гээд босоод ирэхгүй юу. Тэгсэн нөгөөдүүл чинь нирр хийтэл инээлдэхэд миний тархинд аянга буух шиг л болсон. Би ч тэр чигтээ гараад гүйчихсэн. Тэр үеийн гудамж машингүй шахам байсандаа амьд дотуур байрандаа гүйж ирсэн байлгүй. Ирээд нөгөөхөө урж шатаах юм болоод Жамъянд шанаадуулаад, булааж аваад өнгөрсөн. Би дахиж үзэг цаас нийлүүлэхгүй гээд андгай тангараг өргөсөн.

-Зохиолч, найрагч, уран бүтээлч хүмүүс ийм араншин гаргах нь элбэг байх юм. Ямар учиртай юм бол?
-Авьяас билигтэй хүн их эмзэг байдаг. Тэр хүнд хүндэтгэлтэй хандахгүй бол авьяас мөхөх ч юм уу ер нь яаж ч мэдэхээр л байдаг юм.


-Үзэг цаас дахиж нийлүүлэхгүй гэж андгай өргөснөөсөө яаж буцсан юм бэ?

-Юм бичихээ болиод хичээлдээ л шамдсан. Аугаа их Ц.Дамдинсүрэн бидэнд эртний уран зохиол заадаг байлаа. Гэтэл нэг өдөр хүн хаалга цохиод намайг асуулгадаг юм байна. Ц.Дамдинсүрэн багш “Зохиолч Сугарын Цэдэв уулзъя гэж байна” гэлээ. Гараад очтол өвлийн хүйтэнд дэрдийсэн бүрх малгайтай, том данхан толгойтой, сайхан цагаан эр зогсч байна. Тэгээд “Арвай хээр” найраглалаа өг гэлээ. Одоо надад байхгүй ээ л гэлээ. Яасан гэхээр нь “шатаачихсан” гэсэн.

- Тэр хүн яаж мэдсэн юм бэ?
-Ийм юм болж. Зохиолчдын хороогоор Ч.Лодойдамба гуай очиж гэнэ. Ч.Лодойдамба гуайг орж ирэхээр Ж.Бадраа, С.Цэдэв хоёр сонин сайхныг нь асууж л дээ. Тэгсэн Ч.Лодойдамба гуай “Сониноос манай Монгол нэг сайхан найраглалтай болж, харин бичсэн хүүхэд нь жаахан ийм байж магадгүй” (хуруугаараа толгойны чамархай хэсгээ эргэдэв) гэж гэнэ. Би найраглалаа цээжээрээ уншсан нь тухайн үедээ хүмүүжилгүй, биеэ тоосон харагдаж байгаа юм л даа. Тэр үед цээжээр уншихыг чинь ламын ёс энэ тэр гээд л их дургүй байдаг байв. Гэхдээ энэ бол монгол хүний оюун тархийг ажилгүй болгох харийн бодлого байхгүй юу даа. Ч.Лодойдамба гуай бас “Тэр найраглалыг та нар авч радиогоор уншвал мөн ч сайхан бүтээл болно доо” гэж хэлж л дээ. Миний цээжин дотор байгаа юм чинь тэр хүнд цаасан дээр буулгаад л өгсөн дөө.

-Хэлмэгдэж хэрчүүлж тастуулсан нь хэзээ болсон явдал вэ?
-Найраглалыг олон нийтэд хүргэхээс өмнө маргаан гарчээ. “Хөдөлмөр” сонины эрхлэгч ахмад зохиолч Д.Даржаа гуай “Энэ нэг л эсэргүү санаатай зохиол байна. Төрийн нууц дэрийн дээр задардаг гэж юу гэж байгаа юм? Манай өнөөдрийн нам төрийн удирдлага болоод харийн том гүрэнтэй холбоотой далд муу санаа байна” гэж хэлж. Д.Даржаа гуайн хэлж байгаагаар бол манж гэдэг нь ЗХУ, Агь үйзэн гүн гэдэг нь Ю.Цэдэнбал дарга гэх зэргээр тайлбарласан байгаа юм. Ч.Лодойдамба гуай үүнд их дургүйцэж хамгаалсан юм санж. Энэ бүгдийг С.Цэдэв мэдсэн учраас Агь үйзэн гүнтэй хэсгүүдийг нь хасаад зөвхөн хурдан мориных нь талаар нэвтрүүлэг хийжээ. Тэр нэвтрүүлэгт аугаа их С.Гончигсумлаа гуай зориулж хөгжим бичиж, Монголын Левитан хэмээн алдаршсан н.Цэвээндорж гуай уншжээ. Ингээд найраглал маань хоёр жигүүртэй болж байгаа юм. С.Цэдэв ариутган шүүж хасаагүй бол, С.Гончигсумлаа хөгжим бичээгүй бол, Цэвээндорж уншаагүй бол ийм алдар суунд хүрэхгүй байж ч магадгүй.

-Тэр үед “Арвай хээр” найраглалыг радиогоор уншдаг болоход гудамжны хөдөлгөөн зогсдог байсан гэдэг юм билээ. Тэр тухайгаа...?
-Хөдөлмөрчдийн захиалгаар сардаа дор хаяж хоёр удаа радиогоор нэвтрүүлдэг байсан юм. Ерээд онд “Халтар царайт” киног гарахад гудамжинд хөл хөдөлгөөнгүй болдог байсантай адилхан. Радиогоор “Арвай хээр” найраглалыг уншингуут айлууд радионыхоо хажууд шаваад суучихдаг тэгээд ахмад настнууд нь уйлаад, үнээ тугал нь нийлээд, сааль сүүгээ мартдаг. Ийм л юм болдог байж. Тэр найраглалыг би бичсэнээсээ илүү Увсын торомгор бичүүлж дээ. Утга зохиолын их онолч Ш.Гаадамба гуай дугуйлангийнхаа хүүхдүүдийг цагаан атаагаар өөд нь татахын тулд “Та нар ингээд тоосонд нь булагдаад үлдлээ дээ. Нөхөр Т.Галсан бол шүлэгч, эхлэн бичигч, залуу зохиолчийн шатыг алгасаад яруу найрагчийн зиндаанд хүрчихлээ” гэдэг байж. Багш хүний даагануудаа хөлсөлж байгаа их ухаан юм даа.

-Найраглал бичүүлсэн торомгор тэгээд таныг тоосон уу?
-Одоо ч гарцаагүй ухааны юм бодож байгаа юм. Тэгээд ч байхгүй шүү. Би чинь шөнө Сүхбаатарын талбай дээр 18-тай Жавзааг азтай залуу авна аа гэж дуулж орилоод л, цагдаа ирээд... галзуурч байсан юм. Торомгор, нөгөө буржгар Дамдиатайгаа суусан. Ер нь надтай дахиж тааралдаагүй.

-Хайрынхаа хүчээр бичсэн найраглал тань таныг гэтэл эсэргүү үзэлтэн улс төрийн хэрэгтэн болгосон. Тэр тухайгаа яриач?
-Улс төрд хардагдах анхны замналыг энэ найраглал бас тавьсан. Тэр үед сэхээтний төөрөгдөл гээд улс төрд ноцтой юм болж байлаа. Жаахан улс эх орноо гэсэн хүмүүсийг хардаж сэрдэж байсан үе. “Пионерийн үнэн” сонины эрхлэгч н.Наран гээд Сүхбаатар жанжины охин дээлээ өмсөцгөөе гээд дээлтэй зураг авхуулсны төлөө үндсэрхэг үзэл гаргалаа гээд “лантуудуулж” гэнэ ээ гээд дуулдах жишээтэй. Ийм үед матсан хүмүүс дээшээ гардаг. Чадваргүй ховоор хооллох хэмжээний нөхдүүд чинь хаана, юу байна гээд л явж байна. Хоёр хүний нэг нь До яамны тагнуул, намын чагнуул байсан юм чинь Даржаа гуайн үг, үг болоод л явсан. Цөллөгөнд явахын оршил ингээд яваандаа бүрдчихэж байгаа юм. Эрдэм шинжилгээний хуралд “Монголын шинэ үеийн уран зохиол дахь харь урсгал” гэгчийн тухай гээд монгол хэлний ангийн онц сурлагатан Т.Галсан гээд илтгэл тавьсан. Олон итгэл дундаас тэр илтгэлийг ганцааранг нь хар будгаар дарчихсан. Тэгээд төв хороон дээр дуудагдана. Их зохиолч Д.Нацагдоржоос бусдыг нь эсэргүү зохиолчид гэж бидэнд заадаг байлаа шүү дээ. Түүнийг нь сөрөөд би илтгэл тавьчихсан. Ингээд зохиолчдын өмнөөс цөллөгт явах болсон хүн нь би шүү дээ. Уг нь Ц.Гайтав гуайг явуулах гэж байж. Гэтэл Москвагийн радиогоор “Монголын Майковский” гээд нэвтрүүлэг цацагдчихаж. М.Цэдэндоржийг явуулахаар шийдэж байтал “Орос Зөвлөлтийн яруу найраг” гээд хоёр боть хэвлэлтээс гараад ирсэн чинь орчуулсан өмнөтгөл нь Мишигийн Цэдэндорж гээд дурайж байдаг. “Хүүе ээ бид чинь тахилаа буруу өрөх гэж байж” гээд больчхож. Тэгээд л би явж байгаа юм даа. Миний “Далан давхар” шүлэг цөллөгөнд явахад хамгийн сүүлд их “үүрэг гүйцэтгэж” миний бүх шүлэг эсэргүү болоод би явсан даа.


Цөллөгөнд явснаас хойш гурав хоногийн дараа “Арвай хээр” найраглалыг радиогоор уншдаг юм байна. Би чинь баяртай байна гэж учиргүй. Тэгээд радиогоос авч шатаасан байгаа юм. Өвөрхангай, Баянхонгорт хэвлэсэн номуудыг маань айл болгоноос нэгжиж аваад бас шатаасан. Ер нь гал өөдөө юм даа. Номоо шатаалгасан ууган зохиолч бас би болсон нь энэ. Миний номноос хойно Б.Ренчин багшийн маань Монгол хэлний зүйн гуравдугаар ботийг шатаасан. Дараа нь Ц.Дамдинсүрэн багшийн “Орос монгол толь”-ийг шатаасан байдаг юм. “Арвай хээр” найраглалыг шатаасан түүх номондоо байгаа учраас би энд нуршаад яах вэ.


-Тэгээд та тэмээчин болсон. Та хэдэн жил тэмээ малласан бэ?
-Намайг айлд аваачаад өгчихнө шүү дээ. Энхрий хайрт нам засаг чинь хүнийг яаж “хүмүүжүүлэхээ” мэднэ. Тэмээ бол П.Бадарчийн шүлгээр бол сайхан амьтан, миний хувьд бол тун горьгүй амьтан. Халуун хошуут мал биш. “Би явлаа Москва орлоо” гээд нэг нь хойшоо алхчихна, “би явлаа Бээжин орлоо” гээд нөгөөх нь урагшаа алхчихна. Гэтэл нам засгийн заасан нутаг надад хэмжээтэй. Нам засгийн тогтоол шийдвэрийг мэддэггүй тийм амьтныг дөрвөн хөлтийн нуруун дээр 20 жил гараагүй ардын сэхээтэн маллана гэдэг чинь амар биш. Хайруулын тавган дээр байгаа юм шиг халуун элсэн дунд долоон жил тэмээ малласан даа.

-Тэр үед зохиолоо бичих боломж байсан уу?
-Хэвлэн нийтлэх эрхгүй боловч тархи, зүрх хоёрыг маань ухаад авчхаагүй болохоор нууцаар бичнэ. Жишээ нь тэнд Монгол Жангараа хэлхсэн. Тагнуул гэж зөндөө, тэмээ хариулж явахдаа л бичнэ. Ирээд гэрт ил тавьдаг зохиол гэж байна, Ленин, Найрамдал, Сансар гэх мэт. Өнөөдүүл чинь хуулж аваад л явдаг байх. Ер нь энэ байдал нийгмийг их бузарласан даа. Хүнийг ховоор хооллодог болгож, зөв үнэний төлөө тэмцэх биш бурууд савар болж явах болгосон. Далан төгрөгийн цалин надад тогтоож өгсөн.

-Хүмүүжүүлэгч айлд байсан байж таараа. Цалингаараа юу хийх вэ?
-Айлд суугаа хүн чинь өрхийн тэргүүнд нь ганц шил архи, авгайд нь 10 кг гурил авч өгнө. Хоолыг нь хороож байгаа хүн чинь нэг ямаа, тавгийг нь цайлгахын тулд ёотон авч өгнө. Долоон төгрөг хэдэн мөнгө үлдэхээр нь дэвтэр харандаа авна даа.


-Тэмээ хариулангаа зохиолоо бичээд явахаар энд тэндээс дурандах уу?
-Дурандахаар үл барам. Эзгүй хойгуур нэгжлэгээ хийнэ, юмаа хуулж авна. Яах вэ ээ, сэхээтэн болсон хойноо амьдралын их сургуульд сууж их юм сурсан.

-Хаалгаж, шатаалгасан эх зохиолоо та 57 жилийн дараа цагаан хадагтай гар дээрээ авсан түүхээсээ хуваалцаач?
-Дэндэвийн Пүрэвдоржийг ярихгүй өнгөрч яагаад ч болохгүй. Зохиолчдын хорооны яруу найргийн зөвлөлийн дарга байсан. Өөрөөр хэлбэл тийм том албан тушаалд байгаа хүндээ намын төв хороо, НАХЯ эсэргүү тэр найраглалд дүгнэлт гаргуулахаар өгчхөж л дөө. Тэд эсэргүүнүүдээ дараад дуусахаар тайвширсан тал байна. Мартахын мананд орсон үед нь хадгалж байсан юм билээ. Аугаа их уран бүтээлч гэдэг өөрийнхөө бүтээлийг өргөж суудаг хүн биш үндэснийхээ яруу найргийг хайрлаж хамгаалдаг хүн байдаг. Ингээд цаг бүр наашаа эргэсэн 1992 онд “хамар Галсан чи нэг хүрээд ир” гэхээр нь очсон чинь “За чи Өвөрхангайхныг авдаг гэдэг гэлүү, манайхан чинь харин өгдөг юм шүү. Өгөх өгөхдөө өчнөөн жил харж хамгаалж байгаад өгч байна даа” гээд “Арвай хээр” найраглалыг бас сэжиглэгдсэн хэд хэдэн шүлэгтэй цуг өгч байгаа юм шүү дээ. Үнэн өөдөө гэж үнэн юм даа. Энэ цагийг үзээгүй бол би баярлахгүй байлаа. Гайхамшигтай, агуу чанартай хүн гэж байх юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com