ХӨНДӨХ СЭДЭВ: АЖИЛГҮЙДЭЛ
Ноорхой гэр, хоосон ходоод, ажилгүй иргэн, нэгжгүй утас гээд хөрсөн дээрээ буугаад харвал зовлон гачигдал даанч их байна даа. Энэ бүхнийг эрх баригчдаасаа эхлээд энгийн иргэд ч гэсэн ойлгоосой, хараасай гэсэндээ “Ардчилал таймс” сонин энэ долоо хоногт ажилгүйдлийн тухай сэдвийг хөндсөн нийтлэл, сурвалжилгаа цувралаар хүргэж буй. Эхний өдөр иргэн Б.Ариунаатай хамт “ажил хайсан” ч бүтэлгүйтсэн. Санасан ажлаа олоогүйн зэрэгцээ ажилгүй иргэдийг залилагч хуурамч хөдөлмөрийн биржтэй “танилцсан”. Мягмар гарагт хуулийн цоорхойг ашиглан ажил хайж утасны нэгж, автобусны мөнгөө үрж ядаж байгаа иргэдийг луйвардсан хөдөлмөрийн биржийг сурвалжиллаа.
Харин өчигдөр сэтгэл эмтрэн ажилтнуудаа цомхотгож байгаа албан байгууллагуудын удирдлагуудын үгийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр бид уншигчдадаа хамгийн сүүлийн үед хийгдсэн ажилгүйдэлтэй холбоотой статистик судалгааг нэгтгэн танилцуулж байна.
Муу л бол захын хар овоохой гэдэг шиг коронавируст бүх бурууг “чихчихээд”, байгаа оноогүй баахан хөтөлбөр, бодлого танилцуулж, медиагийн оронд ажиллаж байгаа Засгийн газраа харахаар гомдмоор санагдах юм. Бараг эднийг ингэж суулгаж байхаар цаг хугацааг урагшлуулаад бушуухан “явуулчихмаар”. Тэгвэл тэднээс арай дөнгүүр ажил хийгээд ажилгүйдэл, ядуурлыг багасгах нэгэн ирэх болов уу гэж найдах юм.
Айлын хүүхдүүд айхтар юм
Дэлхий дахинаа коронавирустэй үлгэр жишээ тэмцэхийн зэрэгцээ эдийн засгийн хариу арга хэмжээг хамгийн сайн авч, хэрэгжүүлж байгаа улс орноор Хятадыг нэрлэх болжээ. Тэр ч бүү хэл иргэдийнх нь ердөө 12 хувь нь хадгаламжгүй гэгдэх АНУ ч тэдний ард бичигдэж байна. Хадгаламжгүй иргэдээсээ эхлээд ажлаа түр алдаад байгаа хүн бүхнийг анхааран халамжилж байгаа АНУ-ыг эдийн засгаа дунд хэмжээнд хамгаалж байгаа гээд үүнийгээ сайжруулахгүй бол халдварын тархалт дууссаны дараа Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн хямралтай дүйцэхүйц хүнд байдалтай нүүр тулахыг эдийн засагчид онцолсон байсан. Тэгвэл ийм айхтар “хүүхдүүд”-ийн дэргэд бид ямар байгаа билээ. Монголын иргэдийн 90 хувь яг одоогийн байдлаар 30 хоногоос цааш амьдрах мөнгөгүй гэсэн судалгааг МҮХАҮТ хэд хоногийн өмнө танилцуулсан. Халаасаа эргүүлж, энгэрээ тэмтэрсэн ард түмнийхээ төлөө санаа зовохоос илүүтэй сонгуулийн үр дүнд анхаарал хандуулсан эрх баригчид ажилгүйчүүдийн тоо 46500-аар нэмэгдчихээд байхад дүлий дүмбэ оргиод л сууна. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж гаргасан эл судалгаанд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн мэдээлэл багтаагүйг онцолъё.
Төрд ямар ч дарамт үзүүлэхгүйгээр бие даан ажиллаж, өөрөө өөртөө ажлын байр бий болгон, оёж, хадаж, урлаж, бүтээдэг иргэд энэ өдрүүдэд өр зээл дамнуулан тавьж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна.
Байгаа оноогүй шийдвэр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэйгээр Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн 800 өрхөөс судалгаа авч, коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээнд үнэлэлт өгчээ. Зургаан аймаг, хоёр дүүргийн бага орлоготой иргэдийн дунд явуулсан судалгаагаар тэдний 3.5 хувь нь ипотекийн зээлтэй байсан учраас зээл царцаасан шийдвэр тэдэнд ямар ч падлийгүй байв. Судалгаанд оролцогчдын 28 хувь нь тэтгэврийн иргэд байсан бол 65 хувь нь яаж ажил эрхлэлтээ сэргээх вэ гэж сэтгэл зовж буйгаа илэрхийлсэн байлаа. Мөн цаашдаа орлого нь яаж өөрчлөгдөхийг тодруулахад 60 хувь нь БУУРНА гэж хариулжээ.
Яг энэ байдлаараа олигтой арга хэмжээ авахгүй, орчноо мэдрэхгүй шийдвэр гаргасаар байвал “Ажилгүйдэл 20 хувиар нэмэгдэж, 1.5 сая иргэн ядуучуудын эгнээнд шилжинэ” гэж МҮХАҮТ ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн.
Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэхээр ходоодоо борлуулахын төлөө хулгай, дээрэм хийх үзэгдэл ч нэмэгдэх магадлалтай. Угаас санхүүгийн нөөцийн хомс байдал, ядуурал, боловсрол олж авах болон ажил эрхлэх боломж муу байх, орон сууцны нөхцөл хүнд зэргээс гэмт хэргийн нөхцөл байдал шууд шалтгаалдгийг хэн хүнгүй мэддэг.
Цомхтгол, цомхтгол, бас дахин цомхтгол
Ковид-19 вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайланд оролцсон аж ахуй нэгжүүдийн 56 хувь нь ажлын цагийн зохицуулалт хийсэн, 33 хувь нь ажиллагсадаа түр болон бүр чөлөөлсөн байна. Тэр дундаа зочид буудал, нийтийн хоолны чиглэлийн байгууллагын 52 хувь, аялал жуулчлалын салбарын 44 хувь нь ийм зохицуулалт хийжээ. Мөн тэдний 36 хувь нь цалингаа тодорхой хэмжээгээр бууруулсан гэжээ. Орлого буурснаар ажлын байр хадгалах боломжгүй болсны зэрэгцээ Засгийн газраас явуулж байгаа хариу арга хэмжээ удаашралтай, бодит нөлөө үзүүлэхгүй байгаа нь энэ бүхэнд нөлөөлсөн гэнэ. Одоогийн байдлаар судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ойролцоогоор 6000 ажлын байрыг түр болон бүр хугацаагаар цөөлсөн дүнтэй байна. Цаашид энэ нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 8000 орчим ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй гэсэн.
Ажлын байрны цомхтголын төлөвлөсөн тоог асуухад 29 хувь нь 20 хүртэлх, таван хувь нь 21-50, хоёр хувь нь 51-ээс дээш тооны ажлын байраа бууруулахаар төлөвлөжээ.
Ажилгүйдлийн ард юу болдог вэ?
Орлогогүй иргэн, хоолгүй айл, ядуурал гээд ажилгүйдлийн нөлөө аль ч хүний нүдэнд илхэн. Эдийн засгийн уналт, бууралт, хямралаас болж ажилгүйдэл нэмэгдэх нь ойлгомжтой байсан учраас хариу арга хэмжээ авах нь манай лидерүүдийн үүрэг байлаа. Тэд жолоодох эрх мэдлийг хангалттай хүчтэйгээр атгаж байгаа. Эрхийг нь өгч, ямбыг нь эдлүүллээ ч ажлаа хийж чадахгүй байгаагийн горыг л ард түмэн нь амсч сууна.
Цаашдаа ажилгүйдлийн улмаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг дутуу ашиглаж, ДНБ-ийг нэмэгдүүлэх боломжоо алдаж, өсөлтийн тухай мөрөөдөх ч боломжгүй болно. Дагаад гэмт хэргийн нөхцөл байдал ч хүндрэх боломжтой.
Вирус, вирус гэж үглээд байхгүйгээр авч болох арга хэмжээ олон байгаа. Ажлаа түргэвчлэх, шийдвэрээ бодитой болгоод, шаардлагагүй зүйлд хошуу дүрж, бизнес эрхлэгчдэдээ дэгээ тавихаа л больчих хэрэгтэй.
Махны экспортоо эхлүүлж, ноолуурын бизнес эрхлэгчдийн хойшдын ажилд гай болсон шийдвэрээ өөрчилчихөд л эхний алхам болно. Түүний цаана 200 ноолуурын үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдийн ажлын байрны ирээдүйн тогтвортой байдал хамаарна.
ӨМНӨХ ЦУВРАЛЫГ УНШИХЫГ ХҮСВЭЛ ДАРААХ ЛИНКЭЭР ОРНО УУ.
ЦУВРАЛ №2: http://atime.mn/view/article/?page=show&id=4306
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН