Монгол Улсын хүн амын гуравны нэгнийх нь ажил, амьдрал хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбараас хамааралтай. Тиймээс мал аж ахуйн салбарын гол хүний нөөц болох малчдын орлогыг бодитойгоор нэмэгдүүлэхэд туслах шинэ санаа, бодлогыг санаачлан ажил хэрэг болгохоор зорьж буй Олон улсын судалгаа, хөгжлийн төвийн тэргүүн Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ-тэй ярилцлаа. Тэрбээр “Малчин бүр баялаг бүтээгч, бизнес эрхлэгч” болохыг батлах зорилгоор “Баялаг бүтээгч -Малчин” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа аж.
-Монголчуудын уламжлалт нүүдлийн мал аж ахуйд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзэж байна уу. “Баялаг бүтээгч-Малчин” хөтөлбөрийг яагаад санаачлах болов?
-Олон улсын судалгаа, хөгжлийн төв сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт түшиглэсэн төслүүдэд илүү анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор “Баялаг бүтээгч-Малчин” хөтөлбөрийг боловсрууллаа. Яагаад гэвэл, монголчуудын үндэсний баялаг болсон мал аж ахуйн салбар дахь асуудлуудыг шийдвэрлэх, шинэ технологи, инновац нэвтрүүлэх чиглэлд анхаарснаар тус салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Манай хөтөлбөрийн зорилго үүнд чиглэж байгаа юм.
Малчин гэхээр бид ажилчин, нийгмийн нэг давхарга гэж хараад олон жил болжээ. Одоо малчин гэдгийг мэргэжил, баялаг бүтээгч гэж харах цаг болсон. Манай улсад 70 гаруй сая мал бүхий 168 мянган малчин өрх байна. Эдийн засгийн ухагдахуунаараа 70 сая мал гэдэг нь 15 их наяд төгрөгийн нөөц, 168 мянган малчин өрх гэдэг нь нийт ажиллах хүчний 25 хувь байна. Гэтэл төр энэ их нөөцийг үйлдвэрлэж, ар гэр, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж буй иргэдээ “малчин” гэсэн тусдаа ангилалд оруулаад, бодлогоос гадуур хаячхаж. Тэгсэн хэрнээ дундаж давхаргыг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж 30 жил үзэж тарлаа, үр дүнд ч хүрсэнгүй. Аргагүй шүү дээ, гол баялаг бүтээгчид болох жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч дундаж давхаргыг дэмжсэн, тэдэнд тулгуурласан бодлого алга.
Мал аж ахуйн салбарыг бизнес, эдийн засгийн утгаар нь харж, сайн бодлогоор дэмжээд өгвөл малчин өрхийн амьдралын чанар сайжирна, амьдрал ахуй дээшилнэ, үүнийг дагаад дунд түвшний эдийн засаг ч сэргэнэ.
-Малчин өрхийн амьдралын чанарыг хэрхэн сайжруулах вэ?
-Малын гаралтай түүхий эд, материалд нэмүү өртөг шингээх байдлаар мал, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулан, эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын аж амьдралыг дээшлүүлэн чинээлэг амьдрах боломжийг бий болгоно. Тухайлбал, Солонгосын Хануй үүлдрийн үхрийн мах нэг кг нь 35 ам.доллар болон түүнээс ч дээш үнэтэй байна. Хосгүй шинж чанартай учраас тэр. Өөрөөр хэлбэл, солонгосчууд хязгаарлагдмал нөөцөндөө хөрөнгө оруулалт хийгээд инноваци шингээж, хамгийн сайн амт, чанартай махыг гарган авч чадсан байна. Түүнийгээ үндэсний хэмжээний брэнд болгож чадсан учраас хангалттай хэмжээний өндөр үнэ тогтоожээ. Монгол малын мах ч бас дэлхийд хосгүй, дахин давтагдашгүй шинж чанартай. Олон төрлийн эмийн ургамал бүхий бэлчээрт идээшилж буй учир эмчилгээний чанартай, органик бүтээгдэхүүн болчхож байгаа юм. Гэтэл бид энэ хосгүй үнэт баялгаа асар бага үнээр зах зээлд нийлүүлж байна. Ялангуяа, экспортын чиглэл дээр тусгайлан анхаарч, нэмүү өртөг шингээх байдлаар төрөлжүүлэн хөгжүүлж, гадаад зах зээлд маш өндөр үнээр нийлүүлэх боломж бий.
Эмийн чанартай, органик бүтээгдэхүүнийг мөнгө хайрлахгүйгээр худалдан авах чинээлэг зах зээлийг онилж, бүтээгдэхүүнийхээ давуу чанарыг таниулаад экспортлох хэрэгтэй. Жишээ нь, бидний хөрш 1.3 тэрбум хүн амтай Хятад, 200 гаруй сая хүн амтай Оросын зах зээл байна.
-Амьдралын чанарыг нь сайжруулах замаар малчдыг эдийн засгийн эрх чөлөөнд хүргэнэ гэсэн үг үү?
-Малчид бол баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид. Мал болон түүнийг дагалдах түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүн нь энэ бизнесийн гол хүчин зүйл юм. Тэгэхээр суурь хүчин зүйл нь бэлчээр, тэжээл, голлох хүний нөөц нь малчид. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл тухайн бизнес үр өгөөжгүй, ашиггүй ажиллаад байна вэ. Үүнд хариулах гээд үзье. Нэгдүгээрт, бэлчээр, тэжээл. Манай орны хувьд 112.1 сая га бэлчээрийн талбайд 74.6 сая мал бэлчээрлэх боломжтой гэсэн тооцоо судалгаа байдаг. Харамсалтай нь, цөлжилт, доройтлоос үүдэн бэлчээрийн талбай 9.1 сая га-гаар хорогдсон. Одоогийн байдлаар байгалийн бэлчээрт 70 гаруй сая толгой малыг 168 мянган малчин өрх айл маллаж, жилд дөрөв орчим их наядаар үнэлэгдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, төр засаг болон малчид малын чанарт бус тоонд ихээхэн ач холбогдол өгдөг хэвээр байна. Үүнийг өөрчлөхгүй бол энэ салбар 5-10 жилийн дараа маш хүнд байдалд орно. Бид дээрх нөхцөлийг өөрчлөхийн тулд “Баялаг бүтээгч - Малчин” хөтөлбөрийн хүрээнд гурван чиглэлээр тодорхой ахиц гарган ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт судалгаа явуулж, сүрэг дэх үр ашиг муутай малын тоог бууруулан, үр ашигтайг нь өсгөх. Хоёрдугаарт, малчдыг дундын хоршоололд нэгтгэж, бэлчээрийн зөв хуваарилалт хийх. Гуравдугаарт, нэмэлт тэжээл тариалалтын хамтын ажиллагааг бий болгох, улсын төсвөөс ямаанд дэмжлэг үзүүлэх бус малын өндөр шим бүхий нэмэлт тэжээл авахад нь малчдад дэмжлэг үзүүлэх ложистикийн системийг бүрдүүлнэ.
-Суурь хүчин зүйлд тулгамдаж буй асуудлаа ингээд шийдвэрлэчих юм байна. Дараагийн алхам юу вэ?
-Бүтээгдэхүүний чанар, өртөгт анхаарал хандуулна. Өнгөрсөн хугацаанд Фермерийн аж ахуй хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөөс ч дэмжлэг авсан. Үр дүн гарсангүй. Гарахгүй байгаагийн учир нь энэ чиглэлээр ажилласан туршлага дутаж байна. Дэд бүтэц нь ч бүрэн шийдэгдээгүй. Манай улсын цаг уурын нөхцөл ч нөлөөлж байна. Тиймээс үе шаттай, урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс өөр аргагүй.
Өнөөгийн нөхцөлд нэн тэргүүнд урт хугацаанд хүн хүч, өвс тэжээл, өртөг зардал гаргаж бойжуулсан малаа багахан өртгөөр зах зээлд нийлүүлдэг жишгийг өөрчлөх хэрэгцээ, шаардлага байна. Тухайлбал, нас бие гүйцсэн эр үхэр зах зээлийн дундаж ханшаараа 1.5 сая төгрөг байна.
Нас бие гүйцэхийн тулд 5-6 жил шаардлагатай. Энэ хооронд малчны зүгээс зарцуулсан цаг хугацаа, хүч хөдөлмөр, өвс тэжээлийн өртгийг тооцож үзвэл ашиг нь зарлагаасаа бараг илүү гарахгүй. Өөрөөр хэлбэл малчны хөдөлмөр үнэгүйдэж байна. Харин нэг жил сайн тэжээгээд тарга хүч сайтай бяруугаа худалдвал 700 мянган төгрөг болно. Таван жилийн дотор таван бяруу зарахаар 3.5 сая төгрөг болох юм. Энэ нь нас бие гүйцсэн эр үхрийн үнээс даруй хоёр сая төгрөгөөр илүү байна. Тэгэхээр малыг богино хугацаанд бордож, зах зээлд нийлүүлэх нь малчинд ашигтай. Мөн мал болон малын түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүний үнэ өслөө, өндөр байна гэлцдэг. Яг үнэндээ энэ өсөлтийн үр ашгийг малчин буюу үйлдвэрлэгч бус дундын зууч, ченжүүд л хүртдэг. Тиймээс технологийн дэвшил ашиглан захиалагч, малчин хоёрыг шууд холбох боломжийг бүрдүүлэх чиглэлээр бид ажиллана.
-Технологийн дэвшлийг хэрхэн ашиглах вэ?
-Өнөө үед гар утасгүй малчин гэж үгүй. Утсаа ашиглаад худалдан авагчийн захиалга, малынхаа гарал үүсэл, вакцин, туулгажилт, удмын сангийн бүртгэлийг хөтлөөд явах бүрэн боломжтой. Түүнчлэн мал, түүнийг дагалдах түүхий эд, бүтээгдэхүүний жилийн нөөцийн ердөө 10 хувь нь л дотоодын зах зээл дээр эргэлддэг. Гэтэл дотоод зах зээлийн чадамж, бүтээгдэхүүний үнэлгээ ямар билээ дээ. Тиймээс гадаадын зах зээлд гаргах ажлыг зохион байгуулах шаардлага бий. Үүнийг ч технологийн дэвшлээр шийдэж болно.
-Малчдын гар дээр бэлэн мөнгө эргэлддэггүй, малаас гарч буй бүтээгдэхүүнээ байнгын эргэлтэд оруулж чаддаггүй, нас ахихад ажилласан жил тооцогддоггүй гэх мэт тулгамдсан асуудлууд байна. Та бүхэн эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар арга замуудыг олж харж байна?
-Малчид хэдэн малаа бараадаж, үр хүүхдээ тэжээж, аж амьдралаа залгуулсаар насаараа гадаа гандаж, хөдөө хөхөрдөг. Төв сууринд амьдардаг бидэнтэй адилгүй. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах, тэтгэвэрт гараад юу хийх талаар анхаарал хандуулах завгүй хөдөлмөрлөдөг. Нэгдүгээрт, бид баялаг бүтээгч малчдынхаа тэтгэврийн санг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах боломжийг тодорхойлж, төрийн бодлогод суулгуулах арга замыг эрэлхийлнэ. Хоёрт, малчдын олдог мөнгөний ихэнх нь үр хүүхдүүдийнх нь боловсролд зориулагдаж байна. Энэ ч утгаараа малчдад боловсролын салбараас хариу дэмжлэг үзүүлэх боломж бий. Жишээлбэл, мал төллөх, хадлан бордоо бэлтгэх үеэр оюутан залуусыг илгээлтийн эзэд хэлбэрээр илгээж байсан туршлага байгаа. Энэ бол эдийн засгийн утгаараа өнөө үед өмнөхөөсөө ч илүү боломжтой зүйл. Мөн малчдын өрхийн болон эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой дэмжлэгүүдийг үзүүлэхэд анхаарна. Малчид тодорхой хэмжээний эдийн засгийн мэдлэгтэй, онцгой үед туслах хүний нөөцтэй болохоос гадна малаа үр ашигтайгаар боловсруулж, борлуулах тээвэр ложистикийн асуудал нь шийдэгдэхээр малчдын бодит орлого нэмэгдэж, түүнийг дагасан эдийн засаг, нийгэмд эерэг өөрчлөлтүүд бий болно.
-Хэрлэн-Баян-Улааныг түшиглэсэн “My Farm Mongolia” каластр системийн зураглал бидний өмнөх ширээн дээр байна. Энэ төлөвлөгөөнийхөө талаар дэлгэрүүлж яриач?
-Жижиг дунд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг танил талтай, мэдээлэлд ойрхон, барьцаа хөрөнгө сайтай нь авдгийг болиулж, сумдад тодорхой квотоор өгдөг болмоор байна. Өөрөөр хэлбэл сумдын онцлогийг харгалзаж, тохирсон үйлдвэрлэл бий болгох хэрэгтэй. Америкт үхрийн туурайг савлаад гурван доллароор зарж байхыг би нүдээрээ харсан. Америкчууд байгалийн органик бүтээгдэхүүн, кальци ихтэй, шүд сайн цэвэрлэдэг гэх мэт шинж чанарыг нь давуу тал болгон, үнэд хүргэж чаджээ. Гэтэл бид шийрээр нь стужин хийгээд туурайг хог дээр хаячихдаг. Жишээ нь, Хэнтий аймгийн бой дээр таван цулаа нохойд хаяж байна. Учир нь бидэнд боловсруулах үйлдвэр алга. “My Farm Mongolia” бол орон нутгийн иргэдэд зориулсан, сум болон тосгоны хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой каластрын систем юм. Орон нутгийн иргэдийг гурван хэсэгт хувааж үзье л дээ. Эхний хэсэг нь мал аж ахуй, хоёрдугаар хэсэг нь газар тариалан, үлдсэн хэсэг нь малчид, тариаланчдаасаа түүхий эдээ аваад боловсруулан нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, зах зээлд гаргах хэрэгтэй. Малчид малаа маллаад, түүхий эдийг нь боловсруулж, зах зээл дээр борлуулахад хүн хүчний дутагдал, цаг хугацаа алдах зэрэг олон асуудал тулгардаг. Тэгэхээр малчид малаа хариулж, түүхий эдийг нь авъя. Үйлдвэрлэгч түүхий эдийг нь худалдаж аваад боловсруулна. Энэ мэтчилэн дамжлагаар хийе. Дамжлага бүр хийх ёстой зүйлээ эцсийн байдлаар чанартай хийх нь чухал. Тухайлбал, нэг нь цөцгийгөөрөө л дагная. Түүнээс өөр бүтээгдэхүүн гарвал өөр каластр луу шилжүүлье. Үүнийг дагаад тээврийн асуудал шийддэг өөр нэг каластр гарч ирнэ. Каластрын системгүй учраас нэг хүн бүгдийг хийх асуудал тулгарч байна. Тэгээд хаанаа ч хүрэлцэхгүй байгаагаас амжилт олохгүй, хөгжихгүй байгаа юм. Товчхондоо бүгд оролцоотой байж чаддаг чаддагаа сайн хийгээд, нэгдсэн үр дүнд хүрье гэдэг санааг бид дэвшүүлж байгаа юм. Малчид, тариаланчдыг энэхүү системд хэрхэн холбож өгөх вэ гэдэг асуудал л байна. Энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг ч бид “My Farm Mongolia” каластр системийн зураглалдаа тусгасан. Энэхүү каластр төлөвлөгөөний хүрээнд Хэрлэн гол дээр түшиглэсэн байгаль дэлхийдээ хор хөнөөлгүйгээр загас барих каластр ч гаргаж болно. Хэрлэн-Баян-Улаан бол байгалийн үзэсгэлэнт цогцолбор нутаг. Жишээ нь, аяллаар очсон хүмүүс кемпед сайхан амраад, өглөө нь нутгийн брэнд талх, цөцгийгөөр цайлчхаад Хэрлэн голоос загас барьж болох юм. Ийм маягаар “Агро тоуризм” хөгжүүлэх зураглал гарч ирж байна. Үүнийг Хэнтий аймгийн бүх сумдад нэвтрүүлэн хөгжүүлэх боломжтой. Нэвтрүүлж чадвал суманд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдрал ахуй ч дээшилнэ. Нутгийн брэнд бүтээгдэхүүнүүд бий болж, түүнийг дагаад эдийн засаг ч сайжирна.
-Малчдын орлогын гол эх үүсвэр бол ноолуур. Ноолуурын үнэ цаг үеэсээ шалтгаалаад тогтсон ханшгүй хэлбэлзэж байдаг нь малчдыг гонсойлгох нэг хүчин зүйл болдог. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Төр засаг аливаа асуудлыг хүчээр шийдвэрлэх гэж оролддогийн л гай. Үүсч буй асуудлын үндэс суурийг олж, шийдвэрлэхэд төрийн бодлого чиглэж байвал бодит үр дүн гарна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мэдэгдэл бодит байдалтай зөрчилдсөний улмаас малчид хохирч байна.
Угтаа ноолуурын үнийг 100 мянгад барина гэж зарлахаасаа өмнө эдийн засгийн бодит нөхцөл байдлаа судлах хэрэгтэй. Ямаанд 20,000 төгрөг өгнө гэдэг бол түр зуурын аргацаасан шийдэл. Энэ нь тухайн салбарт нэгдсэн бодлого байхгүйг илтгэж байна. Мал аж ахуйн салбарыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Арьс шир, ноос гээд малын түүхий эд үнэгүй хэвтэж байна гэдэг үнэхээр харамсалтай.
-Үнэгүйдсэн түүхий эдийг яаж үнэд хүргэх вэ?
-БНХАУ-аас худалдан авагчид олноороо орж ирсэн тохиолдолд л түүхий эдийн үнэ өсдөг шүү дээ. “Бид мэднэ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гээд нэхийг БНХАУ руу гаргахаа больсноос хойш цагтаа 10 мянга хүрдэг байсан нэхий одоо 500 төгрөг ч хүрэхээ больсон. Үүний нэгэн адилаар хятадууд ирж, ноолуур авах боломжгүй өнөөгийн нөхцөлд Засгийн газраас үнэ зарлах нь буруу. Түүнчлэн бэлэн мөнгө өгөхөөс илүү “Ноолуур” бонд гаргаж, Хятадын зах зээл дээр босгосон мөнгөөрөө дотоодын бэлтгэн нийлүүлэгчдийг бага хүүтэйгээр санхүүжүүлэн, БНХАУ руу гаргах асуудлыг Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэх боломж байсан. Манайх хөдөө аж ахуйн бирж гэж сүлжээ байгууллагатай шүү дээ. Энэ байгууллагынхаа нөөц боломжийг бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаанд ч ашиглаж болно. Хамгийн гол нь, бид ямар нэгэн гарц шийдлийг ярихаасаа өмнө түүнийгээ бодит ажил хэрэг болгох нөхцөлөө л бүрдүүлэх нь чухал байгаа юм. Нөхцөлөө зөв бүрдүүлсэн цагт л ярьсан зүйл, гаргасан шийдвэр бүхэн биеллээ олж, үр дүн нь хүрэх ёстой эзэддээ хүрч чадна.
-Ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН