Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хүүхэд хамгааллаас хойд эх шиг дарга нарыг холдуулъя /ЦУВРАЛ №3/

Б.Бямба

 Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ сарын 8-нд тохиосон билээ. Тэртээ 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-ноос түүхээ бичиж эхэлсэн Монголын Пионерын байгууллагыг эдүгээ нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар залгамжлан, суурин дээр нь үйл ажиллагаа явуулж буй. Харин ХНХЯ-ны харьяа хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 1990-ээд он гарснаас хойш байгуулагдсан.
Бүтэн 95 жилийн түүхээ мөнхөлсөн хүүхдийн байгууллага саяхныг хүртэл хүүхдийн эрхийн асуудал л ярьдаг байв. Харин сүүлийн хэдэн жилд л хүүхэд хамгааллын талаар хүчтэй дуугарч, хуультай болж, салбарын удирдлагууд доод шатны байгууллагынхаа албан хаагчдыг мэдлэг арга зүйгээр хангаж, салбар дундын уялдаа холбоог хангах үүрэгтэй болсон.
Манай сонины цувралаар хөндөж буй хүүхэд хамгааллын сэдэв, асуудал хөндсөн сурвалжилгаас уг салбарын алдаа дутагдал, доголдол нь явж явж албан тушаалтнууд, үүрэг хүлээгчдийн мэргэжлийн бус, ёс зүйгүй, сэтгэлгүй, арга зүйгүй байдалтай шууд холбогдож буй. Нийгмийн олон талын оролцоог хангаж байж хүүхэд хамгаалал Монгол Улсад жинхэнэ утгаараа хэрэгжих тул толгой байгууллагын удирдлагын үүрэг оролцоо, манлайлал хамгийн чухал.

Гэтэл хүүхэд хамгаалал доголдож буй асуудлын гүнд орж, учир шалтгааныг эрэн хайх тусам уг салбарт эвлэрч болшгүй асуудлууд идээ бээр мэт бугшчээ. “Нарт хангайн хүүхдүүд хаачив”, “Хөмөрсөн тогоо шиг хүүхэд хамгаалал” гэсэн цуврал нийтлэл сурвалжилгаар бид ГБХЗХГ-ын ажлаа хийдэггүй, мэргэжлийн бус дарга нар татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр дүнгүй зарцуулж, үрэн таран хийж, төрийн үйлчилгээ авах ёстой хүүхдүүдийг хөсөр хаяж буй талаар хөндсөн бол энэ удаад бас нэг даргын мэдээлэл ирлээ.

Нийслэлийн ГБХЗХГ-ын ажлаа хийдэггүй дарга

Энэ удаад манай редакцад нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас нэгэн ноцтой мэдээлэл ирүүлсэн юм.
Нийслэлийн ГБХЗХГ-ын даргаар Ө.Ган-Өлзий хэмээх эмэгтэй 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогджээ. Гэвч тэрбээр сүүлийн нэг жил орчим хугацаанд огт ажлаа хийгээгүй боловч энэ хугацаандаа цалин, урамшууллаа бүтэн бодуулж авдаг талаар эх сурвалж хэлсэн.
Бид уг мэдээлэл баттай эсэхийг лавлахаар нийслэлийн ГБХЗХГ-ыг зорин очлоо. Ө.Ган-Өлзий нь нэлээд удаан хугацаагаар чөлөөтэй байгаа ба тус газрын орлогч дарга Н.Мандуул түр орлон гүйцэтгэж байгааг ажилтнууд нь хэлэв. Н.Мандуултай уулзах гэсэн боловч үдээс өмнө гадуур ажилтай явж байгаа, мөд ирэхгүй гэдгийг түүний туслах хэллээ. Хэдийгээр бид Н.Мандуултай холбогдож, байгаа газар нь очоод мэдээллээ авахаар гар утас руу нь хэдэнтээ залгасан ч тэрбээр хариу өгсөнгүй. Магадгүй танихгүй дугаар авдаггүй биз.
Бид өмнө нь Ө.Ган-Өлзийтэй уулзаж, мэдээлэл авахаар гурван сарын өмнө хоёр ч удаа очоод хоосон хаалга мөргөсөн билээ. Тэгэхээр удаан хугацааны туршид чөлөөтэй байгаа нь үнэн бололтой. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ, өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг учраас ямартай ч өөрөөс нь эхэлж учир явдлыг тодруулахаар Ө.Ган-Өлзийтэй утсаар холбогдов.

-Сайн байна уу, танаас мэдээлэл авах зорилгоор өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа танай байгууллагад ирээд, уулзаж чадалгүй буцлаа. Таныг чөлөөтэй байгаа гэх юм. Хэзээнээс хойш чөлөөтэй байгаа вэ?
-Би есөн сарын хугацаанд буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш чөлөө авсан явж байгаа.
-Удаан хугацаагаар чөлөө авсан шалтгааныг нь асууж болох уу?
-Хүн ямар нэг хувийн асуудлаар чөлөө авахад заавал нэг шалтгаан шаардлагатай байдаг юм уу? Үүрэг гүйцэтгэгч гээд албан тушаалтан наана чинь явж байгаа шүү дээ.
-Тийм ээ, Н.Мандуул дарга байна. Гэхдээ Төрийн албаны тухай хуулиар гурван сараас дээш хугацаанд чөлөө авахаар бол ажлаасаа гарах ёстой шүү дээ?
-Би дундуур нь ороод ажилласан юм аа. Эхний гурван сарын чөлөөгөө дуусгаад долоо хоног ажиллачхаад явж байтал дахиад нэг өөр шалтгаан гараад дахин чөлөө авсан. Ингээд хоёр удаа ажил дээрээ оччихоод явсан шүү дээ.
-Та чинь хариуцлагатай албан тушаалтан шүү дээ?
-Эрүүл мэндийн шалтгаанаар эхлээд гурван сар өвчтэй байж байгаад гадаад руу явж эмчлүүлээд эргээд ажилдаа орсон чинь ахиад эмнэлгээс нь “үзүүл, үгүй бол хэвтрийн дэглэм барих шаардлагатай” гэсэн учраас ажилдаа долоо хоноод л байж байтал таталт өгөөд эргээд дуудсан байхгүй юу. Тэгээд буцаад эмнэлэгт очсон.
-Би таныг өөрөө өвчтэй учраас чөлөө авсан гэж ойлгоод байлаа. Гэтэл та хоёрдогч утгатай юм яриад эхэллээ. Та өөрөө өвчтэй биш байсан хэрэг үү?
-Үгүй, үгүй, би өөрөө бол биш ээ.
-Та чөлөөтэй байх хугацаандаа цалин, урамшууллаа авсан юм уу?
-Үгүй ээ, одоо бол авахгүй байгаа. Би дөрвөн сараас хойш цалингүй явж байгаа гэснээр бидний хоорондох яриа дуусав.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 11 дүгээр бүлэгт төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлд (42.1.2 заалт) эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй бол түүний дараах албан тушаалтан түр орлон гүйцэтгэнэ гэж заажээ. Гэхдээ Ө.Ган-Өлзий нь өөрөө өвчтэй биш учраас “бусад” гэдэг шалтгаанд орно гэж ойлголоо.
Мөн энэ хуулийн түр орлон гүйцэтгэгч ажиллуулах журмын 43.3.4. жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас гурван сараас нэг жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсвэл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлнэ гэжээ.
Гэтэл Ө.Ган-Өлзий нь өөрөө өвдөөгүй учраас энэ зүйл заалтад дахиад л хамаарахгүй юм шиг.
Мөн хуулийн 46 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх хэсгийн 6.1.1-дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас гурван сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэжээ.
Хуулийн заалтуудыг энэ мэт ухаж төнхээд байгаагийн цаад учир шалтгаан нь түүнийг яг хуулийн аль заалтаар бүтэн жилийн турш чөлөөлсөн болох, цаашлаад ямар заалтад нь хамаараад цалинтай чөлөө авч болсныг нь гаргаж ирэх гэснийх юм. Түүнээс биш хүний муу үзэж, ул шагайж, улстөрчдийн хэллэгээр “бөгс ухаж” байгаа хэрэг огтоос биш.
Нийслэлийн ГБХЗХГ нь ХНХЯ-ны харьяа ГБХЗХГ-ын шууд удирдлагад байдгийн хувьд даргыг томилох, чөлөөлөх үүрэгтэй албан тушаалтан бол ГБХЗХГ-ын дарга М.Энх-Амар юм. Түүнээс энэ талаар тодруулахад “Намайг томилогдож ажиллахаас өмнө Ө.Ган-Өлзий дарга хоёр удаа цалинтай чөлөө аваад хуулийн хүрээндээ болчихсон. Одоо бол цалин авч байгаа юм байхгүй. Цалинтай хугацааных нь чөлөө нь гуравдугаар сараар дууссан” гэлээ. Нэг жилийн хугацаанд огт ажил хийгээгүй хүнийг яагаад чөлөөхгүй байгаа вэ гэсэн асуултад тэрбээр “Өмнө нь ямар байсныг би яаж мэдэх юм бэ. Би энэ ажлыг аваад ердөө гуравхан сар л болж байна. Орж ирээд цалинтай чөлөө өгсөн зүйл байхгүй” хэмээн булзаарууллаа.

Ө.Ган-Өлзий гэж
хэн бэ?

Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн фракцын хүн гэж ярьдаг. Гишүүн хаана явна, тэнд Ө.Ган-Өлзий сүүдэр мэт дагадаг тухай эх сурвалжууд хэлж байна. Ц.Цогзолмаа гишүүн 2000-2004 онд нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсны хувьд одоо ч тус байгууллагад хэд хэдэн газрын дарга нараас нь өгсүүлээд “Цолзолмаагийн” гэх хамааралтай хүмүүс байдгийг эх сурвалж хэллээ. Энэ л зарчмаар эрхэм гишүүний “хүн” болох Ө.Ган-Өлзий нь уг байгууллагын даргаар анх томилогдсон гэх. Гэвч яагаад өөрөө өвчин тусаагүй мөртлөө ажлаа хийхгүйн дээр цалинтай “амарч” байгаа нь хуульд нийцүүлэн ойлгох аргагүй асуудал болов. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар улс төрийн нөлөөлөл байгаа гэх юм. Ө.Ган-Өлзий нь 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд нийслэлийн ГБХЗХГ-ын даргын албан тушаалд томилогдсон тухай мэдээлэл АТГ-ын ХОМ-т байна. 2018 оны тайланд жилийн орлого нь 10 сая, гэр бүлийн орлого нь 41 сая төгрөг. Амины болон зуслангийн тус бүр нэг сууцтай бөгөөд үнэлгээ нь 140 сая төгрөг. 2017 онд 1.4 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол удаах жил нь 30 сая болж нэмэгдсэн байв.

Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байна уу?

Энэ бүхний эцэст шинэчлэгдсэн гэх Төрийн албаны тухай хууль хөрсөн дээрээ бууж, бодит амьдрал дээр хэрэгжиж чадаж байна уу гэсэн асуулт ургалаа. Энэ хуулийг дагаж мөрдөөд бүтэн нэг жилийн хугацаа өнгөрч буй. Уг хуульд мерит буюу шатлан дэвших зарчимд үндэслэн төрийн албаны хууль эрх зүйн зохицуулалт, төрийн албан хаагчийг томилох, дэвшүүлэх, чөлөөлөх гэх мэт заалтыг шинээр суулгаж, төрийн албыг 60 тэрбумаар үнэлэх бус илүү тогтвортой байх зарчимд нийцүүлсэн гэж нийтээрээ ойлгож байгаа.
Хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь нам бус байж, зөвхөн төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Харамсалтай нь, Монголын хууль гурав хоног хэрэгжиж, хаанаасаа хаалгач нь, хатнаасаа аягач нар нь цөөрөөгүй, харин ч бүр үржих шинжтэй байгааг хүүхэд хамгааллын салбарт улс төрийн томилгоогоор орж ирсэн гэгддэг Ө.Ган-Өлзийгийн жишээнээс харж болохоор. Шинэ хууль гараад ч яам, агентлагийн сайд, дарга нар улс төрийн шууд нөлөөгөөр томилогддог үзэгдэл хавтгайрч, газрын дарга, мэргэжилтэн ч хэн нэг улстөрчийн, явцуу эрх ашиг тээсэн бүлэглэлийн халаасны хүнээр дүүрсэн болохыг нуух юун.

Хариуцлага гэж байна уу?

Монгол Улсын нийт хүүхдийн талаас илүү хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг. Энэ нь нийслэлийн ГБХЗХГ нь бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн хувьд ч хамгийн хариуцлагатай, манлайлалтай байх ёстой гэсэн үг. Гэтэл бодлого зангидах үүрэг хүлээсэн дарга нь бүхэл бүтэн нэг жилийн турш ажлаа хийхгүй, чөлөөтэй явж байна. Үүний зэрэгцээ татвар төлөгчдийн мөнгөөр цалин, урамшууллаа бодуулна гэдэг тангараг өргөсөн албан хаагчийн ёс зүйн хувьд яагаад ч хүлээн зөвшөөрөх асуудал биш байлтай. Хэдий албыг нь өөр хүн орлож байгаа ч гэлээ ёс зүй, хариуцлага талаас нь харвал, эвлэрэхийн аргагүй асуудал. Үнэндээ бодит амьдрал дээр хувийн байгууллагын ажилтан хагас жил, бүтэн жилийн цалинтай чөлөө байтугай ганц сарын чөлөө авах гэж далан булчирхайгаа тоочиж байж шийдүүлдэг.
Төрийн албан хаагчдын цалингийн шатлалыг харахад агентлагийн дарга нар ТЗ-10, ТЗ-11-ээр цалинждаг юм байна. Энэ нь 800 мянгаас нэг сая гаруй төгрөг бөгөөд үүн дээр зэрэг дэв, ажилласан жил, гүйцэтгэлийн урамшууллын мөнгө нэмэгдэж бодогддог. Ийм хэмжээний цалинг авч байгаа бол хийдэг ажил, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийслэлийн бүх өрх, залуучууд, хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэлээ зориулж, зүтгэлээ гаргаж ажиллах ёстой.
Нийгмийн ажил мэргэжил гэдэг бол өнөөдөр биш харин тав магадгүй 10 жилийн дараа үр дүнгээ өгдөг. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосноос олон хүүхэд гэртээ эндэж, хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн хохирогч болж, өлбөрч байгааг амтай болгон халаглан ярьж байна.
Эдгээр хүүхдийн төлөө цагдаагийн байгууллага, хэдэн төрийн бус байгууллага л олон нийтийг уриалж, нойр хоолоо умартан байж зүтгэж байна. Өлбөрч үхэхийн даваан дээр байгаа үрсийн төлөө халамжийн байгууллагыг, эрүүл мэнд нь эрсдэлд орсон хүүхдийн төлөө эрүүл мэндийн байгууллагыг, сурч боловсрох эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн төлөө боловсролын байгууллагыг цаг үргэлж шахаж шаардаж, анхааруулж, чихнээс нь хонх уяж, төрсөн ээж шиг нь хандах ёстой нийслэлийн ГБХЗХГ-ын удирдлага ийн нүдэн балай, чих нь дүлий мэт л байна.
Ийм л мэргэжлийн бус, эс бөгөөс улс төрийн нөлөөгөөр томилогдсон өөдгүй хүмүүсээс болж хамгийн анхаарах ёстой хүүхдийн байгууллагын төрийн бодлого хөмөрсөн тогоо шиг нүүр буруулсан, хойд ээж шиг хайр, халамжаар дутуу байна.
Энэ салбарт итгэл үнэмшил, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй олон мянган төрийн болон төрийн бус байгууллагын хүмүүс бий. Харамсалтай нь, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн заазуурдуулсан, хазуулсан, хүчирхийлүүлсэн, зодуулсан гэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ цагт нийт салбараар нь асуудлыг хөндөхөөс өөр арга даанч алга.

ӨМНӨХ ЦУВРАЛЫГ УНШИХЫГ ХҮСВЭЛ ДАРААХ ЛИНКЭЭР ОРНО УУ.

ЦУВРАЛ №1 http://atime.mn/view/article/?page=show&id=4158&fbclid=IwAR3p1ph7e3KGfJ4dAkya0UEvBK9GhiQVhzFV44MO83Vgc1bPXuiDPe0yVlk

ЦУВРАЛ №2 http://atime.mn/view/article/?page=show&id=4258&fbclid=IwAR2TC2qicUf09zmnMV5bayPZFHKS54c863ZGhbApngzWhlujRtzZ73whIVY

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com