Ц.Сүхбаатар
Баянгол дүүргийн иргэн,
ахмад багш
Би Оросын алдарт зохиолч, Нобелийн шагналт Иван Бунины “Арсеньевийн амьдрал” романыг МУСГЗ, нэрт дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн орчуулж С.Баяр (Лувсангийн) редакторласныг уншаад хачирхаж гайхахдаа, тэвчилгүй үүнийг бичиж байна. Энэ нь өгүүлэл тэр тусмаа орчуулгын шүүмж, судлалын өгүүлэл биш, бодит баримтад үндэслэсэн уншигчийн сэтгэгдэл юм шүү гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
Орос эх зохиолтой нь тулгахгүйгээр орчуулгын болсон болоогүйг шүүн хэлэлцэж боломгүй гэдэг. Уншигчид орчуулгын хэрэглэгчид учраас “хэрэглэгч – хаан”-ыхаа эрхийг эдэлж зөвхөн монгол “Арсеньевийн амьдрал”-ын хэл найруулгын талаар сэтгэгдлээ хэлж болно хэмээн молхи би мунхаглана. Ажиглагдсан андуу эндүүг бүгдийг нь бичвэл сунжирсан урт юм болох учраас тоймлон багцалж ярья.
Нэгэн багц: … гэмээ гэмшдэг (397т.); … Орёлд өвөлжсөн өвлийнхөө тухай (374т.); … зүүдэлсэн зүүдээ (336т.); … дуугарах дуу, хөдлөх биеийнхээ хөдөлгөөн бүхнээр (312т); … миний наслах насыг юу гэж таахыг тоолж эхэлсэн (209т); олон тооны охидын дунд (109т); лагс биеэ цогиулан давхихад (103); гартааман хар нүд (112т); нүдгүй гавал (19т); гэсхийгээд түр зогсозноё. Энд үндэс нэгтэй үгүүдийг нэг дор дараалан давтаж найруулгыг сулруулжээ. Уран зохиолд байтугай энгийн ярианд үүнээс зайлсхийх учиртай. Давтсан хоёр үгийнхээ нэгийг хасаад “гэмшдэг, орёлд өвөлжсөн тухайгаа, зүүдээ” гэх мэтээр найруулбал болох байж. Олон тооны дагаврыг олны утга илэрхийлсэн үгтэй хамт давхардуулжээ. Б. Ренчин гуайн орчуулгыг тулгаж ажиглахад орос хэлний олон тоот үгийг гол төлөв хоршоо үгээр оноосон байдаг.
Олон тооны охидын дунд гэдгийг “Охид хүүхдийн дунд” гэвэл болмоор. Мөн “нүдгүй гавал” (хүний нүд гавал дээрээ байдаг бил үү); “гартааман хар нүд” (гартаам хар бил үү) гэсэн гажигтай үг хэллэг байна. Миний бодоход хохимой толгой, лавайд шигтгэсэн лүнтэн мэт хар нүдний тухай зохиогч өгүүлсэн болов уу. Лагс биеэ цогиулан давхихад гэдгийг морь малын зах мэдэх хүн уншвал монгол морь цогьдог, харин орос морь давхихдаа биеэ цогиулдаг байжээ хөөрхий гэж элэг доог хиймээр юм болжээ.
Нэгэн багц: “...үүрд тэгэх юм шиг удаан явсныг санаж байна (13т).
Тэр маань тийм мөчид дандаа тэгдэг шигээ намайг гойд анхааралтай сонсоно (376)
Тэрбээр… сар болгон дандаа тэгдэг шигээ, энэ үес дандаа тэгдэг шигээ, ердийнхөөсөө нэг л өөр байсан (391).
Нар мандаад аль хэдийн өдөр эхэлчихсэн, зуны эцсээр тэнгэр сайхан байхад дандаа тэгдэг шиг, шууд цэлмэг халуун өглөө болов (279)
За тэгээд бид хоёр гарч, иймэрхүү тохиолдолд тэгдэгчлэн аманд юу орсноо ярилцсаар (229); дараа нь хотын гэрэл, хаяаных нь гэрэл зөвхөн намрын шөнө л тэгдэг шигээ хурц тод гэрэлтэн (189); ... үүрийн өмнө дандаа тэгдэг шигээ зөвхөн дулаан амьсгаа татаж (184).
Эдгээр үг хэллэгийн учрыг би олсонгүй. Номын редактор зурвастаа бичсэнээр бол:
“Тэрбээр (Иван Бунин Ц.С.) уншигч гуайд тал засч, ойлгоход дөхөм болгон хялбаршуулж бичихийг цээрлэдэг зохиолч. Намайг боловсролтой нэг нь ойлгоно. Боловсролгүй нь өөр ном, өөр зохиолчийг сонгоно биз гэж тэр хэлж байсан гэх”. Тэгэхээр зохиолчийн боловсролгүй хүн ойлгохооргүй бичсэнийг манай орчуулагч, редактор хоёр бас боловсролгүй миний мэтэд ойлгогдохооргүй орчуулж чаджээ. Миний ойлгохгүй байх нь аргагүй санж.
Нэгэн багц: “Ер бусын юмны тухай үгс л хамгаас илүү сэтгэл олзолдог байлаа (27); Цагийн эрхэнд улам олзлуулан өмхөрч байсан (байшингийн тухай ярьж байна Ц.С) (120); сэтгэл олзлом ямар дотно сонсогдож байсан гээч! (151); сэтгэл олзлом өдрүүд (271);”
“Ямар нэгэн амьдрал хөвөрч байсан (9); Ямар нэгэн Заказ, Дубравка гэх маягийн нэртэй ойрхуу юм (21); Ямар нэгэн ойлгомжгүй нэг юм (31); Тэр маань гашуудлын маягийн ямар нэгэн өмсгөлтэй… байсан (400): За тэгээд балар цагийн ямар нэг хүмүүн… Цааш нь ямар нэгэн Халдъя…. ямар нэгэн Мисир орон… ямар нэгэн Артекееркс (300).
Олзлох (олзлуулах) нь бусдын нөлөө эрхшээлд автах гэсэн утганцраараа татах (сэтгэл)-тай ойролцоо боловч сэтгэлээ сав л хийвэл “олзлоод, олзлуулаад” байх нь үгийн оноолтод оновчтой биш байна, учир нь (сэтгэл) булаах, татах, эзэмдэх гэсэн шиг ончтой дуулдахгүй байна. Харин “байшингийн” тухайд ердөө “цагийн эрхээр өмхөрч муудсан” гэхэд л болмоор.
“Ямар нэгэн” гэсэн энэ холбоо үг эл орчуулгад өт шиг язганаж байгаа. Монголчууд ердөө “нэг” л гэдэг. Жишээ нь дэнгийн бүдэг гэрэлд нэг юм бүрэлзэх шиг болов. Чамайг нэг хүн утсаар яриарай гэсэн шүү гэх мэт. Түүнээс биш “ямар нэгэн юм бүрэлзэх шиг болов, ямар нэгэн хүн яриарай гэсэн шүү” гэж хэлдэггүй.
Сайн орчуулагч бичиг зохиолыг орчуулахдаа нүд хэдий гадаад бичгийг үзэвч, утгыг найруулан эвсүүлэхдээ нэг агшин хэмээн монгол үгийн ёс зүйгээс ангижрахгүй” хэмээн их эрдэмтэн, мэргэн гүүш Бямбын Ренчин гуай, айлдсаныг ямагт санууштай юм шүү.
Нэгэн багц: Нэхий дээлийнхээ гадуур задгай давхац хэдэрч (292) хүрэмнийхээ дээгүүр илбэнхэн дээл хэдрээд сууж байсан (126) ; хуврагууд өмсгөлөө агсч байна (263)
Хэдрэх, хөдрөх хоёр хольж хутгаад баймгүй өөр өөр утгатай. Хэдрэх нь хэц, хяр, уул хадаар бэдрэх; уулын жалга сархиаг ихтэй газраар хүн амьтны ташлан явах; айл хунараар дэмий хэсүүчлэн тэнэх; айл хэдрэх гэсэн утгатай.
Хөдрөх нь хувцас хунараа ханцуйлж өмсөхгүй мөрөндөө углах, нөмрөхийн нэр. Өмнөх хоёр өгүүлбэрт давхац, илбэнхэн дээл хоёроо хөдрөөгүй (нөмрөөгүй), харин ч давхац, илбэнхэн дээл хоёр дээлийн гадуур, хүрэмний дээгүүр бэдрээд (хэдрээд) яваад байжээ.
Агсах гэдэг нь зүүх гэсэн утгатай, зэр зэвсэг агсах, хоромсого саадаг агсах. Өмнөх гурван жишээнийхээр бол хувраг санваартнууд хувцас өмсгөл жанчаа өмсөөгүй зэр зэвсэг мэт зүүжээ. “Сэгсгэр буурал толгойгоо миний өмнө хуурамчаар тахимдан бөхийж (324); “би гэмшингүй мэхийн тахимдаад” (275); тэр надад маш эелдэгхэн хариу тахимдан мэхийв (344) ; Муу явдалд... цээр үзүүлэх ёстой (55). Тахимдах гэдэг нь ачлах, элбэрлэх, өргөх, асрах гэсэн утгатай; эцэг эхээ тахимдах гэх мэт. Тэгэхээр “толгойгоо хуурамчаар ачлан бөхийж” гэсэн утга авцалдаагүй юм болчхож. Энэ нь тахимдах гэдэг үгийг хүндэтгэх гэж ташаа ойлгосноос үүджээ.
Цээр үзүүлэх гэсэн нь ойлгомжгүй, хорио цээр гэж хоршиж болно. Энэ нь хориглож цээрлэхийн нэр. Харин “муу явдалд (гэмт явдлыг Ц.С.) цээр үзүүлэх биш (цээрлүүлэх) ёстой. Зохиогч энд хорио цээр тогтоох тухай хэлээгүй, ял шийтгэл оноох тухай хэлсэн байна. Үгийн утгын наад захын ялгаа, ялгамжийг мэддэг, мэдэрдэг байгууштай.
Нэгэн багц: Яг л тийм мэдрэмж авч байгаа болов уу (19), хилийн чанадын мэдрэмжийг амсахаар жирийлгэв” (…); нэгэн шинэ үхлийг- Надягийн үхлийг, дараа нь эмээгийн үхлийг даван туулсан (40), манайд санамсаргүй байдаг баахан номны дотроос (42). Мэдрэмжийг авдаггүй, амсдаггүй, мэдрэмж хүнд төрдөг байх аа. Үхлийг шинэ хуучин гэж ялгаж хэлэлцдэг бил үү?! Миний төсөөлж байгаагаар бол “эхлээд би Надягаас хагацлаа, удаад нь эмээгээ алдлаа, ингээд тэднийхээ ард ордог юм байна” гэсэншүү санааг зохиогч хэлэх гэсэн болов уу.
“Манайд санамсаргүй байдаг хэдэн ном” гэж найруулж болдог юм бол “манайд санаатай байдаг хэдэн ном” гэж найруулж бас болох юм байна. Орчуулагч үгийн эрэлд хатахгүйгээр хувиргалын олон төрлийг хэрэглэхгүйгээр өөдтөй орчуулах боломжгүй. Монголоор яаж хэлбэл эвтэйхэн бэ гэж олон хувилбар дотроос сонгож оноодог баймаар юм, уг нь. “Манайд хэзээний л баахан ном байх, тэдгээрийн дотор...” гэсэн шүү хэлбэл ямар вэ?
Цааш нь: гиюүрсэн гэмшмэл бүрэнхий (324); сүмээс гараад зэгэлтсэн бүрэнхийг олж харна (325); том цонх загалтан амь тавьж байна (349) - гэснийг би ойлгохгүй байгаа юм. Редакторын тэмдэглэсэнчлэн энэ нь “Иван Бунины орос хэлнийхээ өвийг төгс эзэмшсэн гайхамшиг, өвөрмөц сэтгэлгээ, бичлэгийн давтагдашгүй найруулга, янз донж” юм байлгүй. Манай орчуулагч, редактор хоёр энэ гайхамшигтай онцлогийг нь “гайхамшигтай” хадгалан орчуулжээ гэхээс өөр хэлэх үг алга.
Нэгэн багц: Багшид бас мэдээлэх шаардлага гарсан (385); хүүхний ёсоор хөгжсөн хондлой (384); нарлаг салхи бүлээхэн үлээж байна, уурын тэрэгний утаа өмнөд нутгийн маягаар чулуун нүүрсээр ханхална. (355); хуурай халуун өдөр хүчээ авч (370); дараагийн шөнийг би нүцгэн тасалгаанд өнгөрөөв (347); завхай шантгар хамартай (331); түүний дүр төрхийг дор нь тогтоон нөөцлөн авч (325); хоёр гараа сугавчлан (325); үдэш даруй шөнө рүү шилжиж (325); жижигхэн дүрд... эмчийг өөрийг нь татан оролцуулсан (312). Уран зохиол орчуулж байгаа хүн энэ чинь албан бичиг биш шүү, эрдэм шинжилгээний бүтээл биш шүү, нийгэм- улс төрийн ном зохиол биш шүү гэдгийг үг сонгож, өгүүлбэр болгож эвсүүлэн найруулах бүртээ ямагт санаж байгууштай.
Багшид мэдээлэх шаардлага гарсан гэж албархаж байхын оронд “Багшид дуулгамаар байлаа” гэвэл яасан юм бэ? Хүүхний ёсоор хөгжсөн.. гэж албархаж байхаар “өсч байргашаад хүүхэн болох...” гэвэл ямар вэ. Тамхи ханхална гэхийг тамхиар ханхална гэдэггүй шиг “чулуун нүүрсээр ханхлуулж” болохгүй гэх нь миний үг биш монгол хэлний үйл үгийн захирах холбооны хууль юм. Хуурай халуун өдөр хүчээ авч гэсэн нь нар хөөрч халуун шатаж эхлэхийг л хэлж байгаа бололтой. Нүцгэн тасалгаа биш, хөндий ханхай тасалгаа байлгүй дээ. Нүд “ярьдаг” болохоор олон зүйл илтгэдэг. Харин хүний хамар эзнийхээ садар самуун хийгээд ариун журамтайн аль нь болохыг илэрхийлдэгт би лав итгэхгүй. Дүр төрхийг нь тогтоон нөөцлөн авахын тухайд “нөөцлөөд ( ямар хүнс бараа таваар биш дээ) авах” нь шогтой байна. Мартахгүй тогтоохыг “цээжиндээ хадах” гэдэг сэн. Хоёр гараа сугавчлан гэхээр гол ус явган гатлах гээд хоёр гутлаа тайлж сугавчлахтай л адил дуудаж, инээд хүрээд байгаа юм. Уг нь хоёр гараа элгэндээ зөрүүлэхийг хэлсэн болов уу. Үүнийг монгол хүн элгээ тэврэх л гэдэг сэн. Үдэш даруй шөнө рүү шилжиж гэсэн нь... төдөн сарын төднөөс... төдөнд шилжих шөнө тэгжээ, ингэжээ гэсэн телевизийн мэдээ сонсох шиг болж байна. Энд үдшийн гэгээ тасарч, шөнийн харанхуй нөмрөхийг хэлэх гэсэн шиг байна. ... жижиг дүрд... эмчийг өөрийн нь татан оролцуулсан гэж албархжээ. Дүрд оролцуулах гэж хэлж бичих нь байтугай ийм юм байж болох уу ?! Ядаж “дүрд тоглуулжээ” гэвэл арай дээр биш үү?!
“Хэл замбараагүй бол сэтгэлгээ замбараагүй, сэтгэлгээ замбараагүй бол хөгжил үгүй, хөгжил үгүй бол мөхөхөөс өөр замгүй” гэж америкийн яруу найрагч, урлагийн онолч Эзра Паунд хэлжээ.
Нэгэн багц: “ ... дан жанчтай учраас санаанд оромгүй нарийхан гэрийн эмэгтэй (эзэгтэй Ц.С.) шиг толгой нүцгэн санваартан... уужаа цээжнээсээ хөндийрөн унжтал тээр доор мэхийн мөргөж” (324). Энд “дан жанчтай” байсан санваартанд “ууж” хаанаас гараад ирэв ээ. Католик шашны санваартанд бурхны шашинтны очиж очиж эхнэр хүний хувцас (ууж) өмсгөчихжээ. Эхнэр хүний дээлийнхээ гадуур өмсдөг ханцуйгүй урт хувцас- ууж христосын шашны санваартны цээжнээс нь хөндийрөн унжсан нь бүр ч гайхалтай.
“... доод зиндааны хоёр хар ламын хоолой нийлээгүй, чанга дуулж буй дуу...” (57) гэснийг уншаад: “Лам муудахаараа дуулдаг, ямаа муудахаараа майлдаг” гэдэг үг санаанд орж, инээд хүрэв. Манай орчуулагч, редактор хоёр л дуулуулчихсан болохоос биш мань хоёр лам муудаад дуулсан юм биш. Лам нарын уншлага номоо эгшиглэн уншихыг “петь гимн” (үгч. Сүлд дуу дуулах гэсэн шиг) гэдэг. Тэгэхээр хоёр хар лам ном уншлагаа сөөлжүү хоолойгоор аялгуулан эгшиглэж уншсанаас зайлахгүй байх аа.
“Мань хүний баруун гарын хагас нь байхгүй (317)-г монгол хүн “баруун гарын шуу нь мухар” гэдэг.
“Халуун тогооны ард сууж” (315); кофений ард сууж байсан” (139). Орос эхийн өгүүлбэрийн бүтцийг дагаж хуулах нь хэлний зүйн болон үгийн сангийн хувиргал хийх гэж үйлээ үзэж, үсээ тоолж байснаас хялбар байдаг бололтой. Энэ хоёр өгүүлбэрийг бүхлээр нь өөрчлөөд монгол хүний хэлдэг ярьдаг ёсоор “халуун цай ууж; кофе ууж” гэх нь зохистой байх аа. Бас “бинтэй цай уусан” гэж гарч байна лээ. Уг нь саахартай цай ууж байгаа юм шиг бинтэй цай уугаагүй, харин бин идэж цай уусан хэрэг шүү дээ.
Нэгэн багц: “тэр тоглолт гэдэг нь ямар шившигтэй үзмэр байсан гэж санана (312).” Үзмэр гэж музей үзэсгэлэнд тавигдсан эд өлгийн зүйлийг хэлнэ. Энд гарч буй тоглолт нь концерт буюу урлагийн тоглолтыг хэлж байгаа учраас үзмэр биш үзвэр болно.
“Гялалзсан түрийн доторх чанга булчингаас нь хараа салгахгүй зөндөөн удаан явсан (304)”. Түрийн доторх булчингаас нь хараа салгахгүй байж болох уу? Малгай доорх үс, махан доторх ясыг тоолох гэдэг шиг юм болжээ.
“... биеэ яаж бөгтийж яваа нь яг өчигдөр дөрвөн хөлнөөсөө салсан амьтан юм уу гэмээр” (350). Дөрвөн хөлнөөсөө салсан юм бол бөгтийж явах боломж байх уу?! Бас “яг өчигдөр дөрвөн хөлнөөсөө салсныг яаж мэдэж байна вэ?!”
Эх зохиолдоо ингэж онцолсон байв уу?! Дөрвөн хөлтөй байсан амьтан дөнгөж одоо л хоёр хөл дээрээ явж сурах гэж ядаж байгаа мэт бээцийж яваа харагдсан байх аа. Миний ингэж хэлээд байгаа нь цөм тайлбар болохоос орчуулга биш гэдэг нь эрх биш ойлгогдож байгаа байх гэж найдаж байна.
“- Пээ, би тэр гутлын түрий түүний савхины үнэр, тэр сайн чанарын саарал шинелийн цэмбэ, шинелийн арын төдүүл дээрх товч гэхчилэн тэрхүү цэргийн бүх тоног хэрэгсэлтэй дөчин настай хүчирхэг адгуусыг нүдээрээ яаж залгиж явсан гээч!” (304) гэсэн үүнийг боловсролгүй би ийм ийм санаатай юм болов уу гэж төсөөлж дийлэхгүй юм байна. “... өөрийгөө овоодой малгайтай, баавгай дахтай, эртний нэгэн ид хавтгай эр шиг санатал” (292). Овоодой гэдэг нь лам нарын хурал номын үйлд өмсдөг ирмэгтэй хавчиг өндөр оройтой, үстэй буюу хилэн малгайг хэлэхээс гадна лам ноёдын малгайн хүндэтгэл нэр юм гэсэн шүү. Оросын эртний баатарт бурхны шашны лам нарын ийм овоодой өмсгөсөн нь маапаантай байх аа.
“... дахиад гэрээс гарахаа больж, түүний ямар хүн болохыг намайг бүрмөсөн ойлгохоо больтол надтай энхрий дотно нялуурч, сайхан загнах болсон” (286). Энэ өгүүлбэрийн учир начрыг бодож үзвэл “бүр мөсөн ойлгохоо больтол” биш, харин нь ч “бүрэн гүйцэд ойлготол” гэж орчуулах учир зүй гарч ирж байна. Орос хэлний “пока не” (...тал4) холбоосонд бүдэрсэн бололтой.
“харц чинь хаашаа харна тэр зүгт явагтун” (282). Хандсан зүгтээ явагтун гэсэн тогтсон товч хэллэг бэлээхэн байхад зургаан үгээр нурших хэрэг байсангүй.
“Тэр хүүхэн өнөө шөнө өөрийгөө ч... бас... нөгөө нимгэн банзлынхаа хуниасыг ч надад буцааж авчрах ёстой” (281).
Уран зохиолд ийм үг өгүүлбэр тааралдахад урам эс хугарах, итгэл үл алдрах гэж байх уу даа! Тэр хүүхэн өөрийгөө авчирч өгнө гэхээр бие нь өөрөөс нь ангид байдаг мэт ойлгогдоно. Өөрийгөө банзалтайгаа хамт авчирч өгөх ётой юм байна. Бас нэг маапаантай нь банзлаа биш банзлыхаа хуниасыг авчирч өгөх ёстой гэнэ. Ингээд өөрийгөө өөрөөсөө салгаад, хуниасыг нь банзлаасаа салгаад.. буцааж авчирч өгөх болчихжээ. Ёстой өнөөх үлгэрт гардаг “үнсээр чөдөр зангидаж, эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрэхийн” үлгэртэй агаар нэгэн болжээ. “... нүцгэн сэлмээ баруун мөрөндөө авч...” (271). Энэ нь сэлмээ нүцгэлэх сугалсныг хэлснээс зайлахгүй. Монголчууд сэлмээ хувцаслах, сэлмээ нүцгэлэх гэж ямар ярих биш, сэлмээ хуйлах, сэлмээ сугалах гэдэг байх аа.
“... өнгө тунамал жанч, шашир, овоодойн дунд орчихсон байж таарлаа” (258). Овоодойг өмнөх тайлбараас үзээрэй, харин шашир (буюу шасэр тө.) нь шар малгай гэсэн үг юм байна. Шарын шашны тойн хүний нэгэн зүйл малгай юм санж. Христосын шашинтнууд шарын шашныхны овоодой, шашир малгай өмсөө юү, аль эсвэл шарны шашны бөөн тойд, лам нар тэр хурсан олны дотор байгаа юу? Энд өгүүлж буйгаар бол энэ хоёрын нэг гэдэг нь гарцаагүй байна. Харин эргэцүүлж бодвол шашин соёлын холбогдолтой зүйл (овоодой, шашир)-ийг бодлогогүй, болчимгүй, тулган хэрэглэснээс ийм эндүү ташаа хоёрдмол санаа төрүүлэх эхийг хатгажээ гэж хэлмээр байна.
“... нар ямар нэгэн маш сайхан юм амлана” (228); “би манай албатад илбэнхэн дээлээ өгч” (223); “... шөнөдөө шимтэй бүлээн бороо амлана” (64). Нар, тэнгэр хангай орос хэлээр л амладаг байх, харин монгол хэлээр бол янзтай, бололтой, төлөвтэй, шинжтэйгийн л аль нэгээр хэлдэг дээ. Үгчилнэ үгчилнэ гэхэд ингэж үгчлэх гэж байх уу?! “Албатдаа гэхэд л тэр манай өөрийн гэсэн утга нь “... аа” гэсэн ерөнхийлэн хамаатуулах залгавраар илэрнэ.
“Өө, танд нэг хүн мэнд уламжилж байна лээ” (208). Монголчууд бие биеэ хүндэтгэх сайхан уламжлалтай, монгол хэл хүндэтгэлийн үг хэллэгээр тийм ч хомс бус. Энэ өгүүлбэрт тэрхүү хүндэтгэлийн утга бүрмөсөн алдарч, бүр эсрэг утгатай болжээ. Энэ хүн өөрийгөө эрхэмд үзэж, өөрийнхөө амар мэнд байгааг дамжуулжээ. Зүй нь: нэг хүн таны амрыг эрж байна лээ гэвэл өөрийнхөө мэнд байгааг мэдүүлэх биш, харин цаад хүнийхээ бие лагшин мэнд амар байгааг лавласан хүндэтгэлийн утгатай болно гэж Прагийн их сургуулийн профессор “Монголын Нууц Товчоо” судлаач Жүгдэрийн Лувсандорж багштан энэ тухайд олон жилийн өмнө бичиж байв. Дээрх мадаг зөвхөн эл орчуулагад биш өдгөө яриа бичигт хавтгай тохиолддог.
“Модон тогшуур ... ардаг завхай хоосон хөндий түн танхийнэ” (192); “эхүүн үнэртэй харанхуйд пижигнэсэн хурхираа ноёрхож, түүнээс болоод энэ шөнө нэг мөсөн балрав” (192). Ардаг завхай түн танхийх гэж яаж дуу гарахыг хэлж байгаа нь ойлгомжгүй. Авиа дуурайсан, дүрслэх үг авиа сэлгэхэд л өнгө аяс нь өөр болоод явчихдаг. Пэндгэр, пандгар гэхэд эхнийх нь тааламгүй, (нэг пэндгэр авгай), удаах нь өхөөрдлийн (пандгар жаал) аяс тус тус илэрхийлдэг.
Энэчлэн “пижигнэх”, “паржигнах” хоёрт утгын гэхээсээ илүүтэй найруулгын ялгамжаа байна. “Паржигнатал гүйлдэв” гэдэггүй. Үүн лүгээ адил “пижигнэсэн” (пижигнэтэл) “хурхираа” (хурхирах) гэхгүй; хурхирах “ээзгий буцалгах” гэсэн дүрслэг хэллэг бий. Ээзгий пижигнэтэл биш, паржигнан буцалдаг. Пижигнэсэн гэж оновчгүй сонгожээ гэхийн учир энэ. Хэлний зүйн хувиргал хийж “хурхираа” гэсэн нэр үгийг үйлт нэр болгоод “паржигнатал хурхирах” гэж орчуулж болмоор. Ингээд энэ өгүүлбэрийг “өрөөний эхүүн үнэртэй, харанхуйг хэлэх үү, дээр нь бас шөнөжингөө паржигнатал хурхираад огт унтуулсангүй” гэсэн шүү буулгавал ямар вэ?
Нэгэн багц: “нийтлэгдсэн юмныхаа шанд бүхэл бүтэн арван таван рублийн зарлан дуудах шуудангаар хүлээж авсан” (187). Бичлэгийнхээ шагналд зарлан дуудах авчээ. Би цагаан дээр хараар бичсэн зүйлийг ярьж байна. Арай ч зарлан дуудах аваагүй, бичлэгийн шагналын арван таван рублийн шилжүүлэг авсан байлгүй дээ.
“... тармуураар махран ажиллана” гэдгийг монголоор “махруу тармуурдаж байна” гэх биз.
“... энэ айлын гэр эзнээсээ салаад бас залуужжээ” (158). Гэр залуужих гэж байх уу? Байхгүй бол энэ өгүүлбэр маапаантай.
“... хэдэн нугас сонор нойроор унтаархаж байна” (169). Удаан бодож эргэцүүлсний эцэст би “хэдэн нугас унтах үгүй хоёрын хооронд сэрвэлзэж байсан” болов уу гэж таамаглав. “Залуухан гэлэнмаа гарч ирэхэд би өөрийн эрхгүй нүд алдан цочирдож зогтуссан” (128). Нүд алдах- олон буюу их юмны бараанд тодорхой олж харж чадахгүй болохыг хэлдэг болохоор ганц гэлэнмаа хараад нүд алдах гэж байж болохгүй учраас эл тогтвортой хэлцийг эндүү ташаа сонгожээ.
“санваартан гэсгүй хоёр” (57). Гэсгүй ч гэсэн шашны ёсны зохих сахилыг баримтлан дагах үүрэгтэй санваартан шүү дээ. Энэ хоёрыг ялгасан нь хүн биш ээ цэрэг байна гэлээ гэдэг шиг юм болжээ.
“... тэр байдас надад сайн болж, дөнгөж ганц шүгэлдэхэд л хаашаа ч хамаагүй давхиж ирдэг болно” (66). Сайн болж гэснээс ихэд дасч гэвэл арай дээр биш үү. “Хаашаа ч хамаагүй давхиж ирдэг болно гэсэн нь эзэн дээрээ ирэхгүй зүг чиггүй явчихдаг болжээ” Энэ нь мөн л үг сонголтоос тухайлбал “хаанаас ч хамаагүй” гэхийг “хаашаа ч хамаагүй” хэмээн эндүү ташаа сонгосноос болжээ.
“... хатагтайн цасан цагаан царай, герман хилэн шиг хар хөмсөг, мөнгөн тахтай савхин гутал энэ тэрийг нүд алдан гайхав”. Нүд алдахыг өмнө тайлбарласан. Энд мөн л нүд алдан төөрөлдөх юм байсангүй. Хатагтайн царай, хөмсөг, гутал ердөө энэ гуравт нүд алдан төөрөлдөх гэж байхгүй дээ. Нүд алдах, нүд унагах гэдэг хоёр хэлцийн утгыг үл ялгахын харгайгаар хольж солин будилсан бололтой.
“... эелдэг найрсаг зантай, ад мөрийн өвгөнийд амарч, халуун бинтэй цай ууцгаасан” (32-33). Ад мөр гэдэг үг хүний ааш араншинд холбогдоно. Тун этгээд гөжүүд зөрүүдийг хэлнэ. Эелдэг найрсаг хүнийг ад мөрийн зантай гэж хэлэх аргагүй биз дээ.
“... бинтэй цай уусан” тухайд өмнө дурдсан.
“... ямар адис ерөөлтэй эзгүй дүлий газар гээч! “ (28). Адис ерөөлтэй- аврал өршөөл, хишиг буян шингэж хурсныг хэлдэг. Ийм ерөөлтэй сайхан газраа тэр дороо “эзгүй дүлий газар гээч вэ” хэмээн хараан зүхсэний учрыг уншигч би ойлгосонгүй.
Оюуныхаа талхны чанарыг амандаа хийдэг талхных шигээ анзаарч мэдэж байхгүй бол тархи толгойд юу ч чихэж мэдэхээр болсон байна шүү.
“Дэлхийн утга зохиолын нэгэн бөхөшгүй гэрэлт од” монгол орчуулгад ийнхүү бөхжээ гэсэн сэтгэгдэл төрж байна. Энэ нь орчуулагч редактор хоёроос болсон болохоос биш өөр монгол хэлнээс минь болоогүй нь лавтай!
Эцэст нь номын эхнээ буй редакторын зурвасын сүүлчийн мөрийг энд эш татъя: Бидний дөрвөн монгол дэлхийн утга зохиолын нэгэн бөхөшгүй гэрэлт од - Иван Алексеевич Бунины дурсгалыг гүнээ хүндэтгэн, онгонд нь идээнийхээ дээжээр цацал өргөн ёсолсон болой... хэмээжээ.
Харин бүтээлийг нь хүндэлж, сайхан орчуулаад номон - хөшөөг нь босгож, билгийн зул өргөсөн сөн бол их л сайн байх санж дээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН