Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутайг шүүх тогтоох хүртэл түүнийг яллагдагч гэдэггүй сэжигтэн гэж нэрлэдэг. Түүнтэй адил тухайн хэрэг шалгагдаж дууссаны дараа хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлдэг байсан. Харин 2017 онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн багц хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1-20 жил ба үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолно гэж өөрчилсөн байдаг. Чухамдаа үүнээс болоод л авлига, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болж, цагаан захтнууд цагаадаж үлдсэнд иргэд бухимдаад байдаг юм. Тов тодорхой жишээ нь, МХЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой сүр дуулиантай эхлээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг далбаан дор үүл мэт замхарч орхисон хэрэг байдаг. Тус байгууллагын өндөр албан тушаалтнуудын гэр болон албан өрөөнөөс 230 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань хураан авч тэдэнд авлигын хэрэг үүсгэж байгаагаа зарлахад Монголын ард түмэн одоо л нэг албан тушаалтнуудын хээл хахуулийн халуун мөрөөр орж, авлигачидтайгаа тэмцэж эхлэх нь хэмээн тун чиг их баярласан даа. Гэтэл эцсийн дүнд яасан билээ. Өнгөрсөн оны тавдугаар сарын 8-ны өдөр анхан шатны шүүхээс уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн шийдвэр гаргасан. Ингээд л бүх зүйл эргээд хуучин байрандаа орох нь тэр.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Авлига, албан тушаалын
42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон
2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэр, албан тасалгаанаас нь нэг тэрбумын авлига илэрсэн оймсчин ялгүй явж байна. 30 гаруйхан хоногийн дотор Прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ. Хэрэгсэхгүй болох хэрэг дотор алдарт “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг явж байгаа. Хохирол нь 121 тэрбумын хэрэг. Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсч байна. Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой. Өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна.
Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай Х.Нямбаатар ярьж байгаа ч боломжгүй. Иймээс авлига, албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болох зүйл хийчхээд хэзээ хойно нь өөрчилсөн зүйл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй зүйл гэдгийг хэлмээр байна. Төрд явсан албан тушаалтнууд хоёр том намаас гарсан. Гэм буруутай бол тохирсон ялыг нь үүрүүлэх ёстой. Замд нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээр хуулийн байгууллагын ажлыг нурааж байгаад харамсч байна.
Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулж, сулруулах заалтыг
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд оруулсан
Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Хөөн хэлэлцэх асуудалтай холбоотой зохицуулалтыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр өөрчилж оруулж ирж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох шинэ зохицуулалт орж ирж байгаа. Мөрдөн шалгах хугацаа гэж шинэ хугацаа орж ирж байгаа. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хугацааг мөрдөн шалгах хугацааны дээд хязгаар болгож, ийм хоёр хязгаарын туйлыг энэ удаагийн зохицуулалтаар оруулж ирж байгаа. Тухайн үед Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-ийн 13 гэдэг зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг хөндсөн” гэсэн.
Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулж, сулруулах заалт оруулсан асуудалд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг голлон буруутгадаг. Энэ нь ч аргагүй юм. Хуулийн төслийг хэлэлцэх үед тэрбээр Хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүн. Түүний толгойлж байсан Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудал орж, санал хураалт явагдаж байсныг тэмдэглэн үлдсэн протокол гэрчилнэ.
Хөөн хэлэлцэх хугацааг баяртай гэж, хялбаршуулсан
журмыг тосч авах уу?
Шүүхэд хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсвэл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. Үүний тулд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсвэл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргуулна.
Н.Баярсайхан, Э.Аззаяа нар хахууль авахаас аргагүй
амьдралтай байсан уу?
МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-ийн зөвшөөрлийг олгохгүй удах, хясан боогдуулах аргаар хахууль авсныг хууль хяналтынхан нэгэнт тогтоосон. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: “Иргэд, аж ахуйн нэгжүүд хилээр гарч байгаа мал, ургамлын гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг оруулж, гаргах болгондоо МХЕГ-аас зөвшөөрөл авдаг. Энэхүү үйл ажиллагаандаа иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар авлига авдаг байсан нь тогтоогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түргэн муудаж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний асуудал хурдан хугацаанд яригддаг. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлэх замаар авлига авдаг байсан юм билээ” гэсэн байдаг.
Гэнэтийн шалгалтаар юу илрэв?
ТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрийн сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байдаг. Энэ үеэр Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол ам.доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулж олон нийтэд ил болгосон.
Н.Баярсайхан: Би компаниудыг дэмжиж ажиллаад
хариуд нь мөнгө авсан нь үнэн
Тэрбээр авлига авсан тухайгаа шүүхэд мэдүүлэхдээ “Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн. Харин хясан боогдуулсан зүйл байхгүй. Миний эцэг, эх намайг ийм замаар хүмүүжүүлээгүй. Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ. Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу, би мөнгө аваагүй байсан бол эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан” хэмээн ярьсан байдаг. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханаас мөнгө авчээ.
Анхан шатны шүүх юу гэж шийдэв?
Иргэн Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Онон, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарын 25 хүнийг хахуулийн хэрэгт гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Мөн хээл хахууль өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгожээ. Ингэхдээ Н.Баярсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэв?
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Харин Д.Хандсүрэн нарын зургаан хүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Гурав дахь шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан бэ?
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тэдэнд ямар ял оноох зүйл ангитай байсан бэ?
Тэдэнд эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн Хуулийн
22.4 дүгээр зүйл. Хахууль авах
1. Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1. Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.
Тэд үнэхээр хахууль авахаас өөр аргагүй амьдралтай байв уу?
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа нь бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авсан атлаа ямар нэгэн ял шийтгэлгүй үлдсэн хүн. Э. Аззаяа гэх авлигач эмэгтэй энэ албан тушаалдаа 2016 оны есдүгээр сарын 16-ны өдөр томилогдож байжээ. Харин түүнтэй хамтран бусдыг хясан боогдуулах замаар онц их хэмжээний авлига авдаг байсан Н.Баярсайхан түүнээс яг нэг өдрийн өмнө нь хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Ажлын өрөө болон орон гэрээс нь, тэр бүү хэл, оймсноос нь үлэмж их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар, юань, төгрөгөөр толгой толгойгоороо гардаг энэ хоёр хүн үнэхээр хахууль авахаас аргагүй амьдралтай байсан уу. Тэгвэл тэдний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг харцгаа.
Эрдэнэбаярын Аззаяа нь баривчлагдахынхаа өмнө АТГ-т гаргасан ХОМ-тээ:
“2016 онд өөрөө 11.7 сая төгрөг, харин гэр бүлийн хүн маань 72.4 сая төгрөгийн орлого олсон, 575 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, мөн гурван ширхэг өвөлжөө, хаваржаа, хүлэмжтэй хэмээн мэдүүлж байжээ. Мөн эзэмшихээр авсан таван га газар, гэр бүлийн зориулалтаар өмчилсөн таван газраа нийт 73 сая төгрөгөөр үнэлжээ. Бусдаас авсан зээл нь 46.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, банк санхүүгийн байгууллагад есөн сая төгрөгийн хадгаламжтай” гэсэн байдаг.
Н.Баярсайхан 1.35 тэрбумаар үнэлэгдэх зургаан үл хөдлөх хөрөнгөтэй
Найдангийн Баярсайханы АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ:
“Нэг тэрбум, 354 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууц, хоёр ширхэг үйлчилгээний зориулалтын оффистой. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашин, зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум хэмээн тогтоосон 568 ам.метр газартай. Нийт 54 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэл, 86.2 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн бусдаас 58 сая төгрөгийн авлагатай, ямар ч банк санхүүгийн байгууллагад өр зээлгүй байсны зэрэгцээ “Хай Фай медиа групп” ХХК-ийн 50 хувь, “Хай фай рекордс” ХХК-ийн 50 хувь, “Эм жи эл констракшн” ХХК гэх барилгын компанийг 100 эзэмшдэг” гэжээ.
Тэрбээр МАН-д 1,98 сая төгрөгийн хандив өргөж байжээ
Н.Баярсайхан 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль болох үед МАН-д 1,98 сая төгрөгийн хандив өгсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН