Б.Мөнхцэцэг
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай ярилцлаа.
-Та дүүрэг удирдаж буй цөөхөн эмэгтэй даргын нэг. Анх ажлаа хүлээн авснаас хойш ямар зарчмаар ажиллаж ирэв? Үүнээс яриагаа эхэлье?
-2012-2016 онд бид Баянгол дүүргээс УИХ, НИТХ-д багаараа сонгогдсон учраас дүүрэгтэйгээ ойр ажиллаж ирсэн. Дүүрэг маань нэлээд их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг санаачлан хийж байсан.
Манай “Шийдлийн баг”-ийн хамт олон бүтээн байгуулалтыг хөгжүүлсэн тул цаашид байшин барилга доторх менежмент хүний нөөц, төсөл хөтөлбөр гэсэн зөөлөн дэд бүтцэд анхаарлаа хандуулж ажиллахаар сэтгэл шулуудсан.
Улсын маань нийслэл бол Монгол Улсын хөгжил, үндэсний аюулгүй байдлын бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэгч улс төр, нийгэм эдийн засгийн бодлогын төв.
-Та өмнө нь хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаар түлхүү дуугарч байр сууриа илэрхийлдэг байсан. Тэгвэл Засаг дарга болоод иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад ямар менежмент хийсэн бэ?
-Бид зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх, хүний эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Жайка, Дэлхийн зөн гэсэн олон улсын байгууллагаас дэмжлэг авч олон төслийг амжилттай хэрэгжүүллээ. Дүүргийн удирдлагууд 2016-2019 онд “Цахим Баянгол”, иргэдээ сонсдог, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэдэг жишиг дүүрэг болохын төлөө зорилт тавин ажилласан.
Үүний дүнд 2017 онд “Иргэдэд үйлчлэх төв”-ийг нээж 1800-1222 тоот утас ажиллуулж эхэлсэн. Энэ утас нээгдсэнээр иргэн гэрээсээ, хаанаас ч гомдол санал хэлэх, эрх зүйн мэдээ мэдээлэл авах боломжтой болсон. Одоогийн байдлаар зөвхөн утсаар 10 мянга гаруй иргэдийн гомдол санал хүсэлтийг сонсч, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.
Үүгээр ч зогсохгүй таны амьдарч буй орчинд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал тохиолдвол зургийг нь аваад цахимаар явуулахад бид тэр дор нь хариу өгч ажиллаж байна. Ингээд утсаар, цахимаар холбогддог боллоо.
Тэгтэл газар дээр нь очиж шийдвэрлэх олон асуудал тулгарч байна. Үүнийг Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Шуурхай баг” хэмээх ажлын хэсгийг шинээр байгуулан ажиллууллаа. Үүний үр дүнд олон асуудлыг дүүргийн мэргэжилтнүүд очиж шийдэж байна.
Ингэж уулзсанаар иргэдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудлыг сонсч, цаашид иргэдийнхээ амьдралын юун дээр анхаарах вэ гэдэг маш тодорхой гарч ирдэг. Биднийг зарим талаар иргэд маань шүүмжилдэг ч ирж уулзаж, үргэлж санал бодлоо хэлдэг бид түүнийг нь ажилдаа тусгаж ажилладагт талархлаа илэрхийлдэг.
-Баянгол дүүргийн иргэдийн тулгамдсан асуудал юу байна вэ, ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хүний зорилго, хүсэл мөрөөдлийг зогсоож чадах ганц л том хүчин зүйл байдаг. Тэр бол хүний эрүүл мэнд. Бид иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж санаа тавихгүйгээр тэднийг аз жаргалтай амьдруулж чадахгүй. Тиймээс хамгийн чухал асуудал бол эрүүл мэндийн асуудал.
Засаг даргаар томилогдсоноос хойш дүүргийнхээ эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч олон чухал өөрчлөлт, шинэчлэлийг хийж чадсан. Манай хамт олон 2012-2016 онд том, жижиг /ӨЭМТ/ нийлсэн 14 эмнэлэг шинээр барьж байгуулсныг иргэд сайн мэдэж байгаа.
Эмнэлэг бол Баянгол дүүрэгт 2012 оноос тулгамдаж байсан гол асуудал. Бид эмнэлгийн асуудлыг шийдсэн учраас дараагийн тулгамдаж буй асуудлыг судалсан.
Намайг 2016 онд Засаг авснаас хойш иргэд маань хамгийн ихээр ярьж ирдэг асуудал бол түрээсийн орон сууц байсан. Тиймээс Баянгол дүүргийн “Хөгжлийн баг” хамт олноороо дүүргийнхээ иргэдийн тулгамдсан асуудал болох түрээсийн орон сууцыг барихаар шийдэж энэ төслийг эхлүүлсэн. Яг үнэндээ энэ бол дүүрэгт томдохоор ажил. Улс, нийслэлээс хийх ажил. Гэхдээ бид нийслэлийг хийнэ гэж хараад суулгүй иргэдийнхээ төлөө энэ ажлыг хийх л ёстой. Тун удахгүй Баянгол дүүргийн зорилтот иргэд 1000 айлын түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.
-Өнөөдрийг хүртэл нийслэлийн өнгө төрхийг бүрдүүлж, хөгжлийг тодорхойлоход баянголчууд ямар хувь нэмэр оруулж байна?
-2017 онд III, IV хороололд ил задгай худалдаа их дэлгэрч иргэд явах газаргүй байсан. Үүнийг тодорхой хэмжээгээр зохицуулалт хийсэн. Үүний дүнд бид “Байгаль эх” цогцолборыг тохижуулж одоо тэнд иргэдийн очиж салхилж зугаалдаг газар боллоо. Мөн 2018 онд 400 гаруй чингэлгийг холдуулж гудамж талбайг чөлөөлсөн.
Энэ бол нийтдээ 12,000 гаруй ам метр талбай буюу хоёр том хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газрыг чөлөөлсөн байна. 2018 он гэхэд зургадугаар хорооны хажуудах 32 тоосгон гараашийг нурааж хүүхдийн тоглоомын талбайг дүүргээс хийсэн. Энэ бол хүүхдүүдийнхээ хөгжилд оруулж байгаа хувь нэмэр юм.
-Нийслэл хотын өнөөгийн хөгжил болон удирдлагын бодлого, шийдвэрийн талаарх таны бодлыг сонсъё?
-Манай дүүргийн хамгийн тулгамдсан асуудал нь нэг өдөр л нүх ухаад хаана ч хамаагүй байшин, орон сууц барьж байна. Иргэдээс гомдол их ирдэг. Шуурхай баг очоод ажиллахад том том барилгын ажил эхэлж, иргэдийн орц, гарцыг хаах, зогсоол олдохгүй байх, ухсан нүхэнд нь хүүхэд унасан тохиолдол ч гарсан.
Бид тухайн барилгынханд шаардлага тавихаар нийслэлээс зөвшөөрлөө авсан дүүрэгт хамаагүй гээд байдаг. Нийслэл дүүргийн нутаг дэвсгэрт барилга, орон сууц, оффисын зориулалттай байр барихдаа ядаж иргэдээсээ зөвшөөрөл, санал авмаар байна.
Баянгол дүүргийн удирдлагууд жилдээ хоёр удаа 23 хорооныхоо иргэдтэй уулздаг. Нэг хороонд л гэхэд хоёр, заримдаа 3-4 уулзалт хийдэг. Энэ удаа “Намрын нээлттэй өдөрлөг”-өөр 45 удаагийн уулзалтаар 9,000 гаруй иргэнтэйгээ уулзсан.
Иргэдээс хамгийн их ирдэг гомдол хүсэлт бол гэнэт ямар ч зохион байгуулалтгүй орон сууц, буудал, пабын зохион байгуулалтаар байшин барилгууд барьдаг явдлыг болиулах тухай байдаг. Жишээлбэл, оффисын зориулалтаар байшин барих зөвшөөрөлтэй гэсэн хэр нь олон давхар орон сууц барьж байна. Тиймээс нийслэл иргэдээ сонсч ажилламаар байна.
-УИХ-ын гишүүн байсан, улстөрчийн хувиар улс орны, цаг үе, нийгмийн байдлыг анзаарч ажигладаг байх. Монголын өнөөгийн байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Монголчуудын хамгийн том дутагдал хүнээ мартсан явдал. Бид материаллаг зүйлд хамаг анхаарлаа хандуулж гоё байшин барилга барихаас тэнд амьдрах хүний тав тух ч юм уу, хүний хөгжилд чиглэсэн ажлуудыг хийхгүй байна.
Жишээлбэл, боловсрол гэхээрээ академик боловсролд хамаг анхаарлаа хандуулж, хүүхдийн амьдрах чадварыг орхигдуулдаг. Монгол хүүхдүүд дэлхийн хаана ч очсон сурах чадвар, оюуны хөгжлөөрөө гологддоггүй. Зөвхөн амьдрах чадвар, тэсвэр хатуужил, багийн ур чадвараараа гологддог. Тиймээс би 2012 оноос эхлэн “Эх орон-36” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэн.
Энэ хөтөлбөр 36 цагийн дотор хүүхдэд амьдрах ухаан, тэсвэр хатуужил, багийн ажиллагаа, аюултай нөхцөлд өөрийгөө болоод найз нөхдийгөө аврах гэсэн мэдлэг олгодог. Одоогийн байдлаар энэ хөтөлбөрт 15 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна.
Бид цаашдаа хөгжлийн тухай ярихын тулд хүний хөгжлөө эхлээд ярьж, тэндээ хөрөнгө оруулах хэрэгтэй. Монголын хөгжлийн гарц нь хүнээ хөгжүүлэх явдал юм.
-Та дүүргийнхээ ирээдүйн хөгжил, цаашид хийх ажлын төлөвлөгөөг юу гэж тодорхойлох бол?
-Иргэдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө сэтгэл зүрх гаргаад асуудал шийдэх гэхээр тэр бүр санаснаар болохгүй байна. Дүүргийн Засаг дарга таван жилийн дараа, 10, 50 жилийн дараа дүүргийн хөгжил ямар хэмжээнд очих вэ гэдгээ тооцоолох боломжгүй байна. Дүүргийн хөгжил тухайн жилийн төсвийн хуваарилалтаас хамаардаг. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө тулгамдсан асуудлуудын таван хувийг ч шийдэж чадахгүй байна.
Нийслэлийн “Ерөнхий төлөвлөгөө” гэж байдаг ч түүн шиг худал хуурмаг цаас үнэндээ алга. Нэг шөнө л хашаа хатгачихна, нэг шөнө л байрны суурь ухаад эхэлнэ. Цэцэрлэг, сургууль барих газаргүй, явган хүн явах замгүй байхад л орон сууцны зөвшөөрлүүд өгөөд байдаг.
Иргэдийн гомдлын дагуу газар дээр нь очиж үзээд ажиллахаар хүн явах ямар ч боломжгүй, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байхгүй, иргэдийн санал хүсэлтийг огт авч хэлэлцдэггүй, хоёр давхар байшин байсан газарт 16 давхар байшин барих зөвшөөрөл авчихсан байх жишээтэй. Гэсэн ч бид боломждоо тулгуурлаж ажилладаггүй. Зорилгодоо тулгуурлан хичээж ажилладаг.
Дээрээс нь олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж ирсний хүчинд нэлээд асуудлыг шийдвэрлэж чадсан. Цаашдаа ч сэтгэл байвал шийдэл олдоно гэсэн сэтгэлээр ажилласаар байх болно.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН