Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ээдрээ дагуулсаар буй “X apartment”-ын “цуврал” барилгууд

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс, шатахууны үнэ өдрөөс өдөрт өсч байна. Үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар бол бүр ярих ч юм биш. Гэвч анх борлуулж байсан үнээсээ хямдарч, үнэ цэн нь унасаар байгаа үйл хөдлөх хөрөнгө ч байна. Тэр нь “Залуусын хотхон” хэмээх тодотголтой “X apartment” орон сууцны хороолол. Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт, Офицеруудын ордны зүүн урд байрлалтай уг хотхонд орон сууцны нэг ам.метрийн үнэ урьдчилгаа төлбөрийн нөхцөлөөсөө шалтгаалаад 1.950.000 төгрөгөөс эхлээд 2.3 сая хүртэлх төгрөгийн үнэтэй байсан нь ердөө жил гаруйн өмнөх үе. 

“Япон архитекторын бүтээл”, “Дуплекс загварын орон сууц бүхий” гээд худалдан авагчдын сонирхлыг татаж, таашаалд нь нийцэх олон гоё тодотголыг нь сурталчилж байв, анх. Харин өдгөө, эндээс орон сууц худалдан авсан иргэний зарим нь байраа авсан үнээсээ хамаагүй бага ханшаар зарах гэж буй тухай зарыг нийгмийн сүлжээн дэх тус хорооллын оршин суугчдын группээс харж болно. Бүр 1.4 сая төгрөгт хүртэл ханш нь буурчихсан байна билээ.

Хотын “А” зэрэглэлийн бүсэд хамаардаг энэхүү орон сууцны ханшийн бууралтад эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн юм биш. Харин өдрөөс өдөрт “тар” нь танигдаж буй чанар, энэхүү барилгыг барьж, иргэдэд борлуулсан компанийн шударга биш хандлага зэргээс болсон хэрэг. 
Юу гэхээр, “Лифт эвдэрчихлээ”, “Хэтэрхий бага даацын лифттэй байна”, “Машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай алга”, “Шугам задарч, бараг “үер”-т автлаа”, “Цонхны завсраар утаа, салхи сийгээд байна”, “Ам.метр нь зөрүүтэй байна” гэх мэтээр оршин суугчдынх нь гомдол тасардаггүй, хэл ам дагуулсан байр болон хувирсан юм, “X apartment”. 
Ашиглалтад орсон хугацаа буюу энэхүү барилгыг улсын комиссынхон хүлээн авсан тэр цаг хугацаанаас хойших гурван жил энэ сарын 26-нд буюу ирэх ням гарагт дуусах гэж байна. Өөрөөр хэлбэл, барилга барьсан компани оршин суугчдынхаа өмнө хариуцлага хүлээж, аливаа гомдол, хохирлыг барагдуулдаг хуулийн хугацаа нь дуусгавар болох юм. 
Тэгвэл тэд, өөрөөр хэлбэл, “Улаанбаатар пропертиз” компанийн “X apartment” хотхоноос орон сууц худалдан авсан иргэд сэтгэл ханамжтай үлдэж чадаж байна уу гэдэг асуултын хариултыг дор өгүүлэх баримтуудаас олж харах гээд үзье.

 

Зурагдсан цонх, цуурсан хана

 

Үнэхээр том, өрөө дүүрэн гэрэл нэвтэрсэн том цонхнууд уг нь энэ барилгын нэг чимэг нь байхаар тооцоолсон болов уу. Харамсалтай нь, барилга угсралтын ажлын явцад хайхрамжгүй хандсан уу, эдгээр цонхны тунгалаг байдал нь алдагдчихаж. Раам, шил гээд бүхэлдээ зурагдаж, бүрсгэр саарал болсон нь “цонхонд тохиолдсон” ганцхан бэрхшээл биш. Цонхны шилний хүрээ резин нимгэн, шаардлага хангаагүй учир жижигхэн доргилтоос болоод шил нь цуурчихна. Бас цонхыг анхнаас нь гажаатай хийснээс болж өвлийн улиралд завсраар утаа, хүйтэн агаар орж ирээд байгаа тухай гомдлыг нийт өрхийн 40-өөд хувь нь гаргасан байна. 
Ямар ч барилгыг барьснаас хойших гурван жилийн хугацаанд тухайн барилга тодорхой хэмжээний суулт өгдөг байна. Түүнийг барилгын дотор хананд нарийн, хялгасан заадсууд бий болсон байдлаас харж болдог. Харин “X apartment”-ын суулт хананд өгсөн заадсаар хязгаарлагдахгүй байна. Заадас биш, цууралт өгч тэр нь бүр цонхныхоо раамнаас авхуулаад шил рүү нь хүртэл орчихсон байгааг зарим айлаас харж болно.

 

“Улаанбаатар пропертиз”-ынхан оршин суугчдаа залилсаар байна

 

“X apartment”-ын анхны зураг төсөлд, барилгын нийт дөрвөн блокийн хоёрт нь 950 кг-ын даацтай, Солонгосын “Хьюндай” фирмийн лифт тус бүр нэг, нэгийг тавихаар тусгасан нь өдгөө Нийслэлийн архивын газарт хадгалаатай байна. Гэвч барилгын захиалагч нь энэхүү зургаа зөрчиж, дөрвөн блокт тус бүрт ердөө 450 кг-ын даацтай “Thyssen” компанийн лифт суурилуулчихсан нь өнөөдрийг хүртэл хэл ам дагуулсаар байгаа юм.
450 кг-ын даацтай лифт бол ачаа, даацынх биш, хүн тээврийн зориулалттай гэсэн үг. Нийтдээ 400 айл бүхий 16 барилгад Барилгын тухай хуулийн дагуу заавал ачаа хүн нэг тээврийн нэг лифтээс гадна ачаа тээврийн нэг лифт зайлшгүй байх ёстой. Дээр өгүүлсэнчлэн, “X apartment”-д ачаа зөөврийн лифт байхгүй учраас хүмүүс 450 кг-ын лифтээр тавилгаа зөөхөөс аргагүй байдалд хүрсэнтэй холбоотойгоор өнөөх лифт нь даацын алдагдалд ороод байнга эвдэрчихдэг болжээ. 
“X apartment”-ын лифтийн даац хэтэрснээс болж нийтдээ 10 гаруй удаа гулссан байна. 
Байрны СӨХ нь лифтээ эвдрэх тоолонд 60 мянган төгрөг төлж, дуудлага өгсөөр бараг бүтэн жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд нийт таван сая гаруй төгрөгийн зардал СӨХ-ноос гарчээ. Уг нь борлуулагч компани энэ зардлыг гаргах ёстой боловч авч хэлэлцдэггүй учраас оршин суугчдадаа чирэгдэл учруулахгүйн тулд СӨХ нь төлсөөр өдий хүрчээ. 
СӨХ-ны мөнгө бол оршин суугчдынх. Нэг үгээр хэлбэл, барилгын компанийнхны чанаргүй лифт тавьсны улмаас учирч байгаа хохирлыг худалдан авагчид нь нуруундаа үүрч явна. Орон сууцны олон компаниас сонголтоо хийж, хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө худалдан авалт хийснийхээ төлөө иргэд нэмж мөнгө төлж хохирч байгаа гэдэгт итгэмээргүй ч юм шиг. Гайхалтай нь, үнэхээр ийм зүйл болж байна уу гэвэл болж байна. 
МХЕГ-аас “16 давхар барилгад байх ёстой ачаа зөөврийн тээврийн лифт байхгүй байна” гэдэг үндэслэлээр тус барилгын хоёр лифтэнд акт тавьж зогсоосноос хойш бараг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд оршин суугчид өдөр өнөөх л 450 кг-ын даацтай хоёрхон лифтээр зорчих гэж нийслэлийн зам дахь түгжрэлд саатдгаасаа ялгаагүй байдалд орчхоод буй. Ядаж байхад байгаа хоёр нь байсхийгээд эвдэрчихнэ. 16 хүртэлх давхар луу “хэлээ унжуулаад” алхахаас өөр сонголтгүй үе тэдэнд маш олон тохиолдоно. 
Тус байрны СӨХ-ноос удаа дараа шаардлага тавьсны хүчинд борлуулалтын компаниас акталсан лифтний оронд тавих нэг лифтийг авчруулжээ. “800 кг-ын багтаамжтай” гэж тэд хэлээд угсрах дээрээ тулах үед нь анзаартал өнөөх нь 550 кг-ынх буюу өмнөх жижиг лифтнээсээ ялгаагүй шахам байх нь тэр. “Улаанбаатар пропертиз”-ынхны нэг иймэрхүү, “гөлөг төөрүүлнэ” гэдэг шиг явуургүй, жижигхэн залиар цаг хугацаа хожсон аргыг ашиглаад сурчихсан юм уу гэмээр үйлдэл олныг өгүүлж болно.



“X apartment”-ын байрнуудаас 11 хүртэл ам.метрийн зөрүү гарчээ

 

Барилгын ам.метр хэмжигч “Sky line” компанид хандсан “X apartment”-ын оршин суугчдын тоо одоогоор 20-30 орчим байна. Дийлэнх нь “Ам.метр зөрүүтэй” гэсэн хариу сонсоод буй. Доод тал нь 1 ам.метр, дээд тал нь 11 ам.метрийн зөрүү гарчээ. Иргэдийн зарим нь төлбөрийн зөрүүгээ гаргуулж авахаар шүүхэд хандаад буй. Харин зарим нь “Та байраа бартераар авсан учраас” гэдэг шалтаг сонсч, амаа таглуулсан. Үлдсэн хэсэг нь буюу, борлуулалтын компанитай хуваарьт төлбөрийн гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл орон сууц худалдан авсан төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байгаа иргэдэд л ам.метрийн зөрүүгийн мөнгөө орон сууцны үнээс хасуулах боломж нь үлджээ.

 

“Хананаас урсдаг үер”

 

Төвийн шугамаас ирж байгаа, ялангуяа халуун усны даралтын шугамуудыг хоёр өөр үйлдвэрийнхээр хийчихжээ. Үүнээс болоод шугам хоолойнуудыг хооронд нь дөнгөж амсуулаад орхичихсон байна. 
Жаахан даралт өгөөд, зэврээд ирэхээр тэдгээр нь зад үсэрчихдэг байна. Ялангуяа, угаалгын өрөөн дэх гар нүүрийн алчуур хатаагчууд нь нимгэн төмөртэй учраас өндөр даралтыг тэсвэрлэхгүй задрах нь олонтаа. Үүнээс болоод 2017 оны зун “X apartment”-ын лифт, аравдугаар давхрын коридор тэр чигтээ усанд автсан удаатай. Тэр ч бүү хэл, ус хальж, барилгын гадна ханаар усан оргилуур шиг урсаж байсан нь бий. 
Бас саяхан усны тоолуур авдаг шугам нь задарснаас мөн л барилгын зарим хэсгийг усанд автуулсан явдал гарчээ. Ус барилгын зургадугаар давхраас доош хоёр давхар хүртэл урссан байна. Ингэж, даралттай усаар гэнэт л гал командын машин шиг шүршээд л эхлэх тохиолдол энэ байранд цөөнгүй тохиолдоно. Энэ үед нь төвийн шугамаар өндөр даралттай ирдэг усыг тогтоох аргаа олохгүй иргэд дээр, дооргүй сандралдаж, түмпэн сав болцгоодог байна.

 

“X apartment”-ын хог гарааж руугаа унадаг

 

Аливаа барилгын хогийн бункер бол гадагшаа харсан хаалгатай байх ёстой. Бас өөрийн гэсэн амтай, амаа дагасан бүдүүн хоолой уруугаа унаж, түүгээрээ дамжиж хог нь доошилдог байх учиртай. Харин “X apartment”-ынх зүгээр л лифтний арын хонгилын зайг таглаж байгаад ханыг нь дөрвөлжин нүхэлж, хогийн бункерын таг суулгачихсан. Ингээд хог нь гадагшаа биш, харин гарааж дотроо унаж ирдэг. Хогийн бункерийн ийм шийдэлтэй барилга магадгүй Улаанбаатарт цорын ганц байж магадгүй юм.

 

“Эко констракшн”-ы нууц “охин нь” “Улаанбаатар пропертиз”

 

Та ч гэсэн нэгэн цагт “Залуусын хотхон “X apartment” гэсэн зар сурталчилгаа, худалдан авалтын уян хатан нөхцөлтэй гэх мэт чихэнд наалдацтай сурталчилгаа олныг уншиж, сонсож, үзсэн байх. Харамсалтай нь, орон сууцаа борлуулчихсан л бол худалдан авагч руугаа нуруугаа харуулж орхидог энэ түүх нэг л танил санагдахгүй байна уу. Улаанбаатар хотын түүхэнд үеийн үед барьсан барилгынхаа төлөө хэл, амны бай болж, хууль хяналтын байгууллагад гаргасан гомдолд дарагдаж байдаг нэгэн компани байдаг нь “Эко констракшн”. 
“Улаанбаатар пропертиз” ХХК-ийнхан “X apartment” бол “Эко констракшных биш” гэж хэрэглэгчдэд итгүүлэхийг хүсдэг. Барилгын салбартаа нэр хүнд нь навс уначихсан учраас сүүлийн хэдэн жил “Эко констракшн”-ы нэрээр барилга, байшин бараг боссонгүй. Гэхдээ тэд барилгаа барьсаар байгаагийн нэг нь “X apartment” хотхон гэж хардах бүрэн үндэслэл бий. Яагаад гэхээр, “X apartment” хотхоныг барих захиалгыг өгсөн хүн нь “Эко констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярсайхан гэгч юм. Тэгэхээр “Эко констракшн” иргэдийг төөрөгдүүлэхийн тулд шинээр, нууц “охин” төрүүлсэн нь “Улаанбаатар пропертиз” байх нь. 

Иргэн С.Баярсайханы захиалгаар бариулсан “X apartment” хотхоны барилгын зураг төсөл анхныхаасаа олон талаараа зөрүүтэй. Тухайлбал, анхны зурагт байсан хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол өдгөө байхгүй болчихсон. Худалдан авагчиддаа болохоор энэ бүхэн байгаа мэтээр ойлгуулсан хэдий ч өдгөө тэд тэрхүү талбайд нь “X apartment-2” хэмээх орон сууцны барилгаа хэдийнэ шинээр эхлүүлчихсэн яваа. “X apartment-2” буюу “X apartment”-ын дараагийн “цуврал” болох энэ барилга мөн л газар олголтоосоо эхлээд маргаан дагуулсан. Цаашид ч чих халууцуулсан чмар мэдээ, мэдээлэл, гомдол, бухимдал хөврөхийг таашгүй. Дээр өгүүлсэнчлэн олон зөрчил байсаар байтал улсын комисс энэ барилгыг хүлээгээд авчихсан нь мөн л хардлага дагуулдаг. 
Улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагынхан багтдаг. 
Тэд “X apartment”-ын барилгын ажлыг бүрэн дуусгасны дараа хүлээн авах ёстой боловч тэгээгүй. Хагас хугас, дотоод засал чимэглэлийн ажил нь дуусаагүй байхад буюу өнгөрсөн 2016 оны тавдугаар сарын 23-нд барилгыг хүлээж авсан байна. Ингээд барилгыг бүрэн барьж дуусах хугацаа нь бараг Барилгын тухай хуульд заасанчлан тухайн барилгыг барьсан компани барилгын чанартай холбоотой гарсан гомдол, хүсэлтийг барагдуулах ёстой гурван жилийн хугацаатайгаа зэрэгцээд шахуу дуусчээ. 
“Чанартай барилга барьчихлаа” гэсэн чихэнд чимэгтэй нэг ч мэдээ сонсгож байсан удаагүй “Эко констракшн”-ынхныг хэн ингэж давраасаар байна вэ?

 

Үргэлжлэл бий...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com