Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“СОНГУУЛЬ-2020 ба СОНГОХ ЭРХ”-ийн тухай хэлэлцэв

Б.Эгшиглэн

“Сонгууль 2020 ба сонгох эрх” хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумд боллоо. Уг хэлэлцүүлэг ННФ, ХЭҮК-ын хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” цуврал уулзалтын хүрээнд болсон юм. Нээлттэй нийгэм форумын ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан цахим уулзалтыг хөтөлж, Хүний эрхийн үндэсний комиссын ахлах референт З.Өнөржаргал, Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар зочноор оролцлоо.

Б.Хишигсайхан:


Хэлэлцүүлэг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25-р зүйлийн 2-ын хүрээнд өрнөх гэж байна. Энэ хүрээнд сонгуулийн гол зарчмуудыг тусгаж өгсөн байдаг. Сонгууль бүх нийтийн байх, чөлөөтэй байх, саналын нууцлалын зарчим, тэгш байдлын зарчмуудыг хуулинд тусгасан. Сонгуулийн олон улсын хүний эрхийн зарчмууд шинэ сонгуулийн хуульд хэрхэн туссан талаар Сонгогчдын боловсрол төвийн захирал С.Оюунтуяа товч танилцуулах болно.

Сонгогчдын боловсрол төв, С.Оюунтуяа:


-Олон улсын гэрээ конвенцын хүрээнд Монгол Улсад хүний эрх ялангуяа өнөөдөр онцолж байгаа сонгох сонгогдох эрхтэй холбоотой эрхүүд Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-ээс эхлэлтэй байдаг. Та бүхэн санаж байгаа бол Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт байдаг. Засгийн эрх барих эрхээ бид сонгуулиар дамжуулан хэрэгжүүлдэг. Бид сонгуулийн өмнөхөн Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг. Тэр болгонд сая дурдсан зарчмууд хөндөгдөж байдаг. Энэ удаа бүх нийтийн байх гэдэг зарчим дээр ямар асуудал гарав гэдгийг тухайлан хэлмээр байна. Сонгуулийн бүх нийтийн зарчим гэдэг бол сонгогчид ялгаварлал, алагчлалгүйгээр сонгуульд оролцож, саналаа өгөх боломжоор илэрхийлэгддэг.
Сонгогчдын боловсрол төв дээр ирж байгаа мэдээллүүд сонгууль болгоны мониторингоор хамгийн их хөндөгддөг асуудал сонгуульд оролцох, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдэх эрхэд нэлээд хязгаарлалт үүсдэг. Энэ удаа ч сонгуулийн бүх нийтийн зарчимд Сонгуулийн тухай шинэ хуулиар нэлээд хязгаарлалт гарч ирсэн. Сонгогчийн эрх талаас яривал хамгийн түрүүнд сонгогчид шилжиж санал өгөх боломжгүй болсон. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль зуны улиралд ихэнх хүмүүсийн амралт, аялал, сувиллыг зорьдог улиралд таардаг. Энэ үед сонгогчид оршин суугаа газраасаа өөр газар санал өгөх, шилжиж санал өгөх боломжийг хангадаг зохицуулалтыг байхгүй болгосон. Шилжүүлэг хийлгэх эрх нь зөвхөн сонгууль зохион байгуулж байгаа албан тушаалтнууд, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслах нарт л боломжтой. Сонгогчид эрүүл мэнд, албан томилолт гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаанаар шилжих боломжгүй болсон нь сонгууль бүх нийтийн байх зарчимд сөрөг үр дагавар дагуулж байна. Иргэний нийгмийн байгууллагууд сонгууль болгоноор гаргаж тавиад байгаа нэг асуудал нь урьдчилан санал өгөх зохицуулалт юм. Ялангуяа аялал, зугаалгын улиралд урьдчилан санал авдаг байсан зохицуулалт сонгуулийн ирцэд сайн нөлөөтэй, аль болох олноороо оролцох боломжийг хангасан зохицуулалт байсан. Одоогоос гурван сонгуулийн өмнөөс энэ урьдчилан санал авдаг зохицуулалтыг байхгүй болгосон. Ялангуяа цар тахлын үед сонгуулийг амжилттай хийж байгаа улс орнуудыг ажиглахад урьдчилан санал өгдөг механизмыг ашиглаад, аюулгүй орчинд санал авах боломжтой байгаа. Гэтэл урьдчилан санал авдаг зохицуулалтыг одоо болтол Сонгуулийн тухай хуулд оруулж ирээгүй байна. Бас нэг хөндөж ярих ёстой асуудал сонгогчдын нэрсийн жагсаалт. Сонгогчид сонгуульд оролцож санал өгөх боломж хэзээ баталгааждаг гэхээр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдэж, баталгаажуулсны дараа санал авах өдөр очоод нэр нь нэрсийн жагсаалтад байснаар санал өгөх эрхтэй болдог. Гэтэл Сонгогчдын боловсрол төвийн хувьд сүүлийн таван удаагийн сонгуульд сонгогчийн лавлах утас ажиллуулахад 2016 оны сонгуулиар ирж байгаа дуудлагын 51 хувь нь нэрсийн жагсаалттай холбоотой гомдол байлаа. Сонгогчид нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй шалтгаанаар саналаа өгч чадахгүй үлдэж байгаа хувь өндөр байна. Сонгуулийн тухай шинэ хуульд бид ямар саналыг сонгогчдын өмнөөс өгсөн гэхээр сонгогчдын нэрсийн жагсаалтаа шалгаж, гомдол гаргадаг хугацааг уртасгаж өгөөч. Сонгогч нэрийн жагсаалтаа заавал шалгасан байх үүрэгтэй. Гэтэл сонгогч шалгаагүй явж байгаад, сонгуулийн санал авах өдөр тулчихдаг. Санал авах өдрөөс 14 хоногийн өмнө гомдол гаргах боломжгүй болдог. Сонгууль бүх нийтийн байх зарчим гадаадад байгаа сонгогчдод хамаарахгүй байгаа шүү дээ. Гадаадад байгаа сонгогчдынхоо эрхийг эдлүүлэх хэрэгцээ шаардлага бий.

Б.Хишигсайхан:
-НҮБ-аас цар тахлын дэгдэлтийн үед сонгууль зохион байгуулах чиглэлээр баримтлах удирдамж гаргасан. Гол санаа нь, анхаарах асуудал нь юу вэ?

ХЭҮК З.Өнөржаргал:


-Энэ бол цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд учирч байгаа маш том сорилт. Хүний эрхэд суурилсан арга барилаар сонгуулийг зохион байгуулах нь чухал тулгамдсан асуудал болно. Онцгой анхаарч ажиллах асуудлаар НҮБ-ын Дээд комиссарын газар болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооноос хоёр төрлийн удирдамж гаргасан. Удирдамжид тусгагдсан гол асуудал юу гэхээр зорилтот бүлгүүд, хөгжлийн бэрхшээлтэй, цагдан хоригдож байгаа хүмүүсийг сонгуультай холбоотой мэдээлэл авах, сонгуульд оролцуулахдаа ямар зарчмуудыг анхаарах ёстойг хөндсөн. Бас жендерийн асуудлыг хөндсөн. Ялгаварлан гадуурхахгүй байх, хувийн нууц мэдээллийг хамгаалах гэх мэт олон асуудлыг сонгууль зохион байгуулахад баримтлах удирдамж болгож байна. Сонгуулийн тухай шинэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах зохицуулалт хуульчлагдсан нь чухал ач холбогдолтой. Тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй гэх мэт тусгай хэрэгцээтэй бүхэнд зориулж, санал авах байрыг бэлтгэх, эсвэл зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах гэх мэт чухал байна. Хорих ял авсан хүн сонгууль өгөх эрх нь хуулиараа хаалттай. Зааг ялгааг нь олж харах хэрэгтэй. Цагдан хоригдож байгаа, захиргааны журмаар баривчлагдсан хүмүүс сонгуульд санал өгөх боломжтой байдаг учраас сонгуулийн хөдөлгөөнт бүсэд үүрэг хүлээсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллага, цэргийн алба хааж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа нэг ч хүнийг орхигдуулахгүй байх нь чухал. Үүрэг хүлээсэн байгууллагууд НҮБ-ын конвенцтэй холбоотой удирдамжийг удирдлага болгож ажиллах нь чухал байна.
Цар тахалтай холбоотойгоор цахим орчинд сурталчилгаа мэдээллийн ажил явуулж байгаа. Цахим интернэт орчинтой холбоотой журам гарч байгаагаараа онцлог. Сурталчилгаа, мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд анхаарах хэрэгтэй байгаа шүү.

-УИХ-ын сонгуулийн тухай хууль 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Энэ хууль ямар онцлог, шинэ өөрчлөлтүүдийг авчирсан бэ. Шинэ хуулиа сонгогчдод танилцуулна уу?

Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:


-УИХ-ын сонгуулийн тухай хууль 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдэн батлагдсан. Бид өмнө нь 2016 оны УИХ-ын мөн Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулиа Сонгуулийн тухай хуулиар явуулсан. Энэ хууль маань нэгдсэн хууль байсан. Гурван өөр онцлогтой сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь хүндрэлтэй, ойлгомжгүй, эргэлзээтэй зүйлүүд маш их гарч байсан. Сонгууль болгон онцлогтой учраас тусдаа хуультай байх ёстой гэж үзсэн. Энэ удаагийн хууль маань үзэл баримтлалын хувьд сонгуульд оролцогч талуудын нээлттэй, ил тод байдлыг хангах зарчим баримталсан. Сонгуульд оролцох тал сонгууль зохион байгуулах талаасаа бүх шатны сонгуулийн хороод, мэдээж иргэдийн сонгох эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, сонгогдох эрхээ хэрэгжүүлж байгаа нэр дэвшигч, нам эвслүүд гэсэн гуван талт оролцоог ил тод байлгах зохицуулалтууд орсон. Ялангуяа сонгуульд оролцогч нам эвсэл, нэр дэвшигчдийн хөрөнгө мөнгө хаанаас гарч, хэдэн төгрөг зарцуулав гэдэг нь ил тод байх ёстой, зардал нь ил тод байх ёстой гэдэг үүднээс олон зохицуулалт тусгасан. Үүний нэг нь сонгуульд нэр дэвшигч Хөрөнгө орлогоо АТГ–т шууд мэдүүлдэг болж байгаа. Төрийн албан хаагчидтай адилхан нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг нь АТГ-ын цахим хуудсанд нээлттэй байршина. Сонгогчид энэ нэр дэвшигч сонгуульд оролцохдоо ямар хөрөнгө мөнгөтэй сонгуульд орж байна, сонгуулийн явцад хэчнээн төгрөгийн хандив мөнгө босгов, гэдэг нь ил тод байна. Өмнө нь огт байгаагүй нэг зохицуулалт орсон нь санал хураалтын дүн гарахаас гурав хоногийн өмнө нэр дэвшигч, нам эвслүүд сонгуулийн явцын тайлангаа гаргаж, нээлттэй ил тод мэдээлэх үүрэгтэй. Сонголт хийхээсээ өмнө сонгогчид тухайн нэр дэвшигч хэдэн төгрөг сонгуульд зарцуулав гэдгийг мэдэж байж сонголт хийх боломжийг олгосон зохицуулалт орсон. Сонгууль зохион байгуулахад гардаг хүндрэл бэрхшээлийн нэг нь өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх харьяаллын асуудал байдаг. Бүх шатны сонгуулийн хороод сонгууль зохион байгуулах үндсэн чиг үүргээсээ гадуур Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой зөрчил маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байсан. Шинэ хуулиар энэ асуудлыг нэг талд нь гаргаж хуульчилсан. Тухайлбал сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулиар нийт 36 төрлийн зөрчлийг хуульчилсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 36 төрлийн зөрчлийг хэн хянан шийдвэрлэх вэ гэдэг харьяаллыг маш тодорхой зааж өгсөн. Өмнө нь бүх зөрчлийг сонгуулийн хороод хүлээн авч, цагдаагийн байгууллага шалгаад, шүүх шийднэ гэж хуульчилсан бол энэ удаад шүүх шийдвэрлэх зургаан төрлийн зөрчлийг хуульчилсан. Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах зургаан зөрчлийг л шүүх шийдвэрлэнэ. Бусад зөрчлийг цагдаагийн байгууллага, улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтан, мэргэжлийн хяналтын улсын байцаагч гэх мэт долоон эрх бүхий албан тушаалтан тухайн үед нь богино хугацаанд шийдвэрлэх боломж бүрдсэн.

-Иргэдийн саналын нууцлалыг хамгаалах, чөлөөтэй байдлыг хангах боломж энэ сонгуулийн хуульд хэрхэн туссан бэ?

Сонгогчдын боловсрол төв, С.Оюунтуяа:
-Саналаа нууцаар гаргах нь хамгийн чухал эрх. Сонгуулийн хуулийн гол шинэчлэл ил тод байх гэж сая ярилаа. Сонгуулийн бүх үйл явц ил тод байх учиртай ч хамгийн нууц байх ёстой зүйл нь сонгогчийн санал. Сонгуулийн үйл явцад автоматжуулалт, цахимжуулалт орж ирсэнтэй холбоотойгоор мэргэжлийн хүмүүс санал авах байранд олон байдаг. Автоматжуулалтай холбоотойгоор саналын нууцлал алдагдаж байгаа гэсэн олон тохиолдол бүртгэгдэж байсан. СЕХ журам боловсруулахдаа яаж сонгогчийн саналын нууцлалыг хангах талаар тодорхой стандартуудыг мөрдөж эхэлсэн. Тухайлбал мэдээллийн технологийн ажилтан санал тоолох машинаас дөрвөн метрийн зайд байх гэх мэт нь нааштай зохицуулалт. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн хуульд бид юуг анзаарсан гэхээр санал авах байранд санал авах ажиллагааны хэвийн, аюулгүй байдлыг хангахын тулд камер ажиллуулж болно гэсэн заалт орсон. Өмнө нь 2008 онд сонгуулийн санал авах байруудад нэгдсэн журмаар камер нийлүүлж байх үед ямар асуудал ажиглагдсан гэхээр сонгогчдыг санал авах байранд камер байрлуулсан байгаа шүү. Та нар хэнд саналаа өгч байгааг харж байгаа шүү гэх мэтээр дарамтлах тохиолдол байсан гэсэн гомдлууд ирж байсан. Санал авах байранд камер байгаа тохиолдолд сонгогч санал тэмдэглэх хэсгээс эсрэг зүгт байрлуулах баталгааг сонгуулийн байгууллагаас хангаж өгөх хэрэгтэй. Санал авах байранд байгаа камер бол сонгуулийн үйл явц, аюулгүй байдлыг л баримтжуулж байгаа болохоос биш таны саналын нууцлалд халдах ёсгүй. Санал авах байранд ороод үүнийг ажиглаарай гэж хэлмээр байна. 2012 онд нэг сонгогч утасдаж байсан. Саналаа өгөөд гарангуут ээж рүү нь утасдаад “Яагаад амласанаараа манай намд санал өгсөнгүй вэ” гэсэн сүрдүүлэг шууд очиж байсан тохиолдол бий. Саналаа чөлөөтэй өгөх зарчимд хамгийн гол хоёр асуудал бий. Нэгдүгээрт, цар тахлын үед сонгогчид мэдээлэлтэйгээр сонгуульд оролцох эрхийн асуудал, хоёрдугаарт, өнгөрсөн бүх сонгуулиар ажиглагдсан сонгогчдын санал өгөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлэхийн тулд нам, нэр дэвшигчдээс хийж байгаа хууль бус үйл ажиллагаа, санал худалдаж авахыг оролддог нь сонгогч саналаа чөлөөтэй өгөхөд маш том саад тээг болдог. Сонгогчдын боловсрол төв 2004, 2008, 2012 онуудад яг энэ үйл явцад мониторинг хийсэн. Өмнө нь санал худалдаж авахдаа нийгмийн халамж, тусламжаар барьцаалдаг байсан бол дараа нь төлбөргүй, хямдруулсан үйлчилгээ маягтай болсон. 2016, 2017 онуудад саналыг бэлэн мөнгөөр худалдаж авч байна гэсэн дуудлага их ирсэн. Сонгогчдыг санал өгөхөд нь нөлөөлөх үзэгдэл нэр дэвшигчдээс нэлээд гарсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын бүртгэлийн хуудсыг санал өгөөд гараад ирэхэд нь худалдаж авч байна гэсэн гомдол ирж, хоёрдугаар үе шатанд нь СЕХ энэ бүртгэлийн хуудсыг хэвлэж өгөхийг болиулж байсан.
Онцолж хэлэхэд сонгуулийн хууль шинэ, сонгуулийн тойрог томссон, цар тахлын онцгой нөхцөл байдал байна. Ийм үед сонгуульд оролцож байгаа улс төрийн нам эвслүүд, нэр дэвшигчид, бодлого мөрийн хөтөлбөр, сонгуулийн хууль тогтоомж, санал авах байрны эрүүл аюулгүй байдлын талаар мэдээллүүдийг сонгогчдод хангалттай хүргэхгүй бол мэдээлэлтэй сонголт хийх сонгогчийн эрхэд бэрхшээл үүсэх нь байна шүү гэдгийг сануулъя.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com