Цар тахлын эрсдэлтэй холбоотойгоор мөнгөн хонхны сүүлчийн жингнээгээ сонсох, ангийн найзуудтайгаа хөл хөөрцөг болж баярлах боломж төгсөх ангийн сурагчдад хараахан гарахгүй нь. Гэсэн ч өнгөрсөн хоёрдугаар сараас хойш зурагтаар хичээл сонсч байсан сурагчид өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас эхлэн танхимаар хичээллэж эхэлсэн. Удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдээд тун ч завгүй байна. Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хаалгаар ороход нам гүм орчин угтлаа. Үүдэнд жижүүрлэн суугаа хоёр багшаас ахлах ангийн сурагчид давтлага авч байгаа эсэхийг тодруулаад, халуунаа хэмжүүлэн, бүртгэл хийлгээд, захирлын өрөөг чиглэв. Үйлчлэгч бүсгүй нямбайлан цэвэрлэгээгээ хийж харагдана.
Нэг хүүхэд өдөрт дунджаар 3-4 хичээлд хамрагдаж байна
Сургуулийн нэгдүгээр давхрын хонгилоор явсаар ахлах анги хариуцсан менежер Ц.Мягмаржавын өрөөнд ирлээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор теле хичээлийг зохион байгуулснаар багагүй хугацаа өнгөрсөн. Энэ ажилд тус сургуулийн найман багш оролцож байгааг бахархан дуулгав. Харин анги удирдсан багш болон хичээл заадаг багш нар теле хичээлийн үр дүнг сайжруулахын тулд сурагчдын гэрийн даалгавар хийлгэх ажилд идэвх санаачилгатай оролцож байгаа гэнэ.
Энэ сарын 11-нээс эхлэн арванхоёрдугаар ангийн сурагчид танхимаар суралцаж эхэлсэн байна. Тус сургуулийн хувьд 142 хүүхэд арванхоёрдугаар ангиа төгсч, их дээд сургуульд элсэн суралцах бол есдүгээр ангиа төгсөх 172 сурагч байгаа. Есдүгээр ангийн сурагчдын хувьд энэ жил анги дэвшин суралцахын тулд ямар нэгэн босго оноо тавих, улаан шугам татуулах айдасгүйгээр бүгд анги дэвшин суралцах боломжтой гэдгээрээ онцлог юм. Харин өөрийн хүсэлтээр МСҮТ-үүдэд суралцах хүүхдүүдэд сонголт нь чөлөөтэй байгаа гэнэ.Тэд 09.30-15:00 цагийн хооронд 40 минутаар хоёр ээлжийн хичээлийг зохион байгуулж байна. Нэг ээлжинд 50-60 хүүхэд хичээллэж 5-6 багш заахаар төлөвлөсний дагуу ажиллаж байгаа гэв. Нэг ангид 10 сурагч сууж байна. ЭЕШ-ыг газарзүй, орос хэл, физик, биологи, хими, математик, нийгмийн тухай мэдлэг, монгол хэл, англи хэл, монголын түүх гэсэн 10 хичээлийн агуулгаар авдаг учраас эдгээр хичээлийн 30 гаруй багш давтлага хичээл орж байна. Нэг хүүхэд өдөрт дунджаар 3-4 хичээлд бүрэн дүүрэн хамрагдаж байгаа гэв. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ыг энэ жил ийм агуулгаар авна гэсэн чиглэлийг хичээл тус бүрээр нь гарган, өөрсдийн цахим хуудасны даалгаврын сан хэсэгт байрлуулдаг. Тиймээс багш, сурагчид тус хэсэгт байрлуулсан тестүүдийг ажиллаж байгаа гэлээ. Энэ жил ЭЕШ-д 1-11 дүгээр ангийн хичээлийн агуулга зонхилох төлөвтэй байгаа аж. Гэхдээ, арванхоёрдугаар ангийн хичээлийн агуулгаас багахан хэмжээтэй ирэх нь тодорхой учраас бүх хичээлээ давтах нь чухал байгаа аж. Хэдийгээр хөл хорио тогтоож, сургалтын шинэ арга барил нэвтрүүлсэн онцлогтой жил болж байгаа ч хүүхдүүд өөрсдөө бэлтгэлээ хангаж чадвал их, дээд сургуульд элсэн суралцах боломж дүүрэн байгааг хэлж байна. Теле хичээлд хүүхдүүдийн 80 орчим хувь нь хамрагдсан гэсэн судалгаа гарчээ. Мөн танхимаар давтлага өгөх сургалтанд ч дээрх хэмжээний оролцоотой байгааг тайлбарлав. Өөрөөр хэлбэл 10 хүүхэд ирэх байснаас найм нь ирээд, хоёр нь ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлж давтлагандаа ирэхгүй байгааг тус сургуулийн менежер ярьсан. Мөн салбарын сайд “Энэхүү давтлага хичээл нь сайн дурын үндсэн дээр явагдах ёстой” гэсэн учраас зарим эцэг эхчүүд коронавирусийн халдвараас сэргийлээд, хүүхдүүдээ явуулахгүй байгаа гэв.
Хөдөө орон нутагт байрлах бүх их дээд сургууль, коллежийн
босго оноог 400 байхаар тогтоосон байна
Төгсөх ангийн сурагчдын хувьд мэргэжил сонгоход аравдугаар ангиасаа эхлээд анхаардаг бөгөөд жилдээ хоёр удаа мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтууд зохион байгуулдаг байна. Ялангуяа хаврын улиралд их, дээд сургуулиуд санаачлаад өөрсдийн танилцуулгыг ирж хийхээс гадна Боловсролын томоохон үзэсгэлэнгүүд жил бүр зохион байгуулагддаг нь хүүхдүүдэд мэргэжлээ сонгоход нь дөхөм болдог гэсэн юм. Харин энэ жилийн тухайд дурдсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдаагүй боловч хүүхдүүд цахимаар мэдээлэл авч мэргэжлээ сонгож байгаа аж. Харин төгсөх ангийн хүүхдүүдийн хүсэн хүлээдэг төгсөлтийн баяр болохгүй гэдэг мэдээ тэдний сэтгэлийг жаахан гонсойлгож байгаа ч цаг үеийн онцгой нөхцөл байдлыг ойлгож хүлээн авч байгаа гэдгийг менежер хэллээ. Энэ жилийн хувьд монгол хэл бичгийн шалгалт авахгүй гэдгээрээ онцлог. Тиймээс Улаанбаатар хотод байрлалтай улсын их, дээд сургуулийн босго оноо 480-аас дээш байх бол хувийн их дээд сургуулийн босго оноо нь 400-гаас дээш байхаар тогтсон. Харин хөдөө орон нутагт байрлах бүх их дээд сургууль, коллежийн босго оноо 400 байна.
Танхимаар давтлага авах нь олон давуу талтай
н.Байгалмаа багшаар удирдуулсан 12 А бүлгийн 10 сурагч математикийн хичээлийн давтлагандаа сууж байна. Хүүхдүүд ширээн дээр нэг нэгээрээ суусан байх бөгөөд амны хаалтаа бүгд зүүжээ. Ямартай ч халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж байгаа нь анзаарагдсан. Төгсөх ангийн сурагчдын 90-ээс дээш хувь нь математик, нийгэм, англи хэлний хичээлээр ЭЕШ өгөхөөр сонгодог. Тухайлбал, тус сургуулийн төгсөх ангийн 140 сурагчаас 103-122 хүүхэд дээр дурдсан хичээлийг сонгожээ. Давтлага хичээлдээ идэвх санаачилгатай оролцож байгаа тус ангийнхны төлөөлөл болж ярилцлага өгөх хүндтэй үүрэг хүлээсэн хүүг А.Болдбаатар гэдэг. Түүний хувьд цахим хичээлдээ идэвхтэй хамрагдсан хэмээн өөрийгөө тодорхойлов. Учир нь цахим хичээлдээ хамрагдаад даалгавраа багшдаа явуулсан нь жилийн эцсийн дүнд нөлөөлөх учраас аль болох чармайж хичээллэсэн гэж хэлсэн. Мөн цахим хичээл орж байгаа багш нарын заах ур чадвар сайн байсан болохоор ойлгохгүй зүйл ховор байсан гэнэ. Гэхдээ л танхимаар давтлага авах нь олон давуу талтай байгаа аж. Тухайлбал өмнө нь ойлгохгүй байсан зүйлээ дүгнэж, мэдлэгээ бататгах боломж олдож байна гэв. Хүү болон ангийн найзууд нь бүгдээрээ л ЭЕШ-аа амжилттай давахын тулд хичээн суралцаж байгаагаа хэлж байв. Түүний хувьд нийгэм, англи хэл, математикийн хичээлийг сонгож, ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаа гэнэ. Мэргэжил сонгох тухайд төлөвлөсөн зүйл байгаа ч олон хүнд хэлчихвэл бүтэхгүй байх магадлалтай тул одоохондоо нууц хэвээр үлдээх хүсэлтэй байгаагаа хэлж инээмсэглэн сууна. Удахгүй төрөлх сургуулийнхаа хаалгыг хаагаад, их дээд сургуулийн босгыг алхаж орно гэхээр жаахан гунигтай л санагдаж байна. Тэгээд өмнөх жилүүдэд төгсч байсан ах эгч нар шигээ төгсөлтийн баяр тэмдэглэхгүй болохоор сэтгэл гонсгор байна хэмээн ярих түүний нүдэнд бяцхан гуниг хурчхав. Ангийн найзууд нь ч энэ үед анир чимээгүй бодлогоширно. Гэхдээ бид бас нэгэн түүхийн гэрч болсноороо онгирч байгаа хэмээн хүүхдийн дэврүүн сэтгэлээр яриагаа үргэлжлүүлэв. Учир нь тэд боловсролын салбарт гарсан олон түүхийн эзэд гэнэ. Монгол Улс анх удаагаа зургаан настай хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах шийдвэр гаргасан тэр жилийн анхны сурагчид юм байна. Өөрөөр хэлбэл нэгдүгээр ангид элсэн суралцсан анхны зургаан настнууд. Энэ хүүхдүүд аргагүй л боловсролын салбарын түүхийн гэрч болж үлдэх нь. Хэсэгхэн хугацааны дараа биенээсээ холдоод явна. Гэтэл ангиараа бөөнөөрөө ч уулзах боломж олдохгүй байгаа нь маш гунигтай байна хэмээн уйлах, инээхийн завсар хэллээ. Сурагч насандаа, ангийн найзууддаа хорогдсон тэдний ЭЕШ-д нь амжилт хүсч, хаалгыг нь зөөлхөн хаагаад гарлаа.
Цахим хичээлд 100 хувь оролцоогүй ч гэсэн ЭЕШ-аа сайн өгөхөөр хичээж байна
Дараагийн зочилсон анги маань 12 “Г” бүлэг. Аль ч сургуульд хөдөлгөөнтэй, хааяа ангийн багшийнхаа чихийг халууцуулчихдаг дэггүй нөхөд байдаг даа. Тэгсэн хэрнээ багшийнхаа хамгийн хайртай сурагчид нь тэд л байдаг. Яг л тийм дуу шуу болсон, дэггүй хэдэн хүүхдүүд математикийн давтлаганд сууна. Яриа өгөх нэгнээ цаашлуулаад хоорондоо шивэр авир болно. Өмнөх ангийн хүүхдүүдээс нээлттэй байдлаараа ялгарч байсан. Сурагч О.Ганжигүүрийн хувьд цахимаар хичээллэхээр багштайгаа харилцах боломж байдаггүйгээс зарим зүйлээ ойлгохгүй өнгөрөөчихдөг байсан бол танхимаар хичээллэхийн давуу тал нь багштайгаа шууд харилцаж, ойлголцох нь амар байгааг хэллээ. Тэрээр цахим хичээлд 100 хувь оролцоогүй гэдгээ үнэнчээр хүлээсэн. Тэгсэн ч ЭЕШ-аа сайн өгнө гэсэн итгэл дүүрэн байгаа аж. Түүний хувьд мэдээлэл, технологийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэжил эзэмшихийг хүсч байгаа учраас математик, физик, англи хэлний хичээлийг сонгон, шалгалтдаа бэлтгэж байгаа аж. Эцэг эх нь өөрийн хүсэл сонирхлоо дагаад мэргэжлээ сонго хэмээн зөвлөсөн тул энэ мэргэжлийг сонгохоор болсон гэнэ. Ямар ч байсан хүссэн суруульдаа орохын тулд хичээж л байгаа даа хэмээн түүнийг ярихад ангийнхан нь нир хийтэл инээв. Арванхоёр жил сурчхаад хамгийн чухал баяраа тэмдэглэхгүй гэхээр л хэмээн ангиар нэг дуу шуу болцгоох нь өнөөх л хонхны баяр.
Өөрийнхөө хичээлээс гадна өмнөх ангийнхаа теле хичээлийг нөхөж үздэг
Харин М.Намууны хувьд математик, англи хэл, хими, биологийн хичээлийг сонгон ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаа аж. Түүний хувьд биотехнологич мэргэжлийг сонгосон байна. Шинжлэх ухааны салбар түлхүү хөгжиж байгаа болохоор сонгосон мэргэжил нь ирээдүйд эрэлт хэрэгцээ ихтэй байх болов уу гэж тооцож эцэг эхтэйгээ ярилцсаны үндсэн дээр сонгосон гэв. Түүний хувьд цахимаар хичээллэж байгаагийн хамгийн том давуу талыг өмнөх ангиудад үзсэн хичээлээ бататгах боломж олгож байгаа хэмээн онцолж байна. Энэ жилийн хувьд 1-11 дүгээр ангид үзсэн хичээлийн агуулга ЭЕШ-д түлхүү орох учраас өөрийнхөө ангийн хичээлийг үзэхээс гадна өмнөх жилийнхээ мэдлэгийг сэргээн санахын тулд теле хичээлийг нөхөж, ухрааж үзэж байгаа гэдэг нь бусад хүүхдүүдэд санаа авах сайхан туршлага байсан. Хүүхдүүд багш нартаа баярлаж, талархаж байгаагаа илэрхийлэхээ мартаагүй.
Шалгалтаа өгөөд онлайнаар материал хэрхэн зассаныг харах боломжтой
Хэдийгээр цаг үеийн байдлаас хамаараад ЭЕШ-ын журманд өөрчлөлт орж байгаа ч ЭЕШ долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэх ажлыг хангаад байна. Шалгалтын дүнг тухайн өдөрт нь өнгөрсөн жилийн ашигласан шууд засалтын шилэн технологийн тусламжтайгаар шууд мэдээлнэ. Хүүхдүүд хаана байгаагаасаа үл хамааран шалгалтаасаа гараад онлайнаар материалыг нь хэрхэн зассаныг харах боломжтой аж. Ингээд долдугаар сарын 6-ны өдөр БҮТ-өөс шалгалтын дүн оноог өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тодоор зарлана. Харин үүний дараа долдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд их дээд сургуулиудын элсэлт цахимаар зохион байгуулагдана. Хүүхдүүд шалгалтын батламж хуудсаа долдугаар сарын 09,10-ны өдрүүдэд өөрийн шалгалт өгсөн аймаг орон нутгийн Боловсролын газар, сургуулиудаараа дамжуулаад авах боломжтой гэдгийг БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан хэлж байна. Энэ жилийн хувьд 30906 хүүхэд ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн. Эдгээр хүүхдүүдийн шалгалтыг зохион байгуулахдаа нэг ангид 12-оос олон хүүхэд суухгүй байхаар тооцож, суудлын хувиар шалгалтын байрыг тооцсон байна. Өмнөх жилүүдэд ЭЕШ-ыг зохион байгуулах 50 байр бэлтгэдэг байсан бол энэ жил коронавирусийн тархалттай холбоотойгоор 84 шалгалтын байрыг бэлдэх шаардлага үүсчээ. Энэ нь ЭЕШ-ын бусад үйл ажиллагаанд нөлөөлж эхэлж байгаа гэнэ. Тухайлбал, монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдийн агуулгад нөлөөлсөн байна. 2017 оноос хүүхдүүдийн сонсоод ойлгох хичээлийн шалгалт дээр дурдсан гурван хичээлээр явагддаг байсан бол энэ жил эдгээр шалгалтыг явуулах боломжгүй болжээ. Учир нь 50 шалгалтын байранд сонсох чадварын төхөөрөмжийг суурилуулсан учраас үлдсэн 34 шалгалтын байранд нэмж төхөөрөмж байрлуулж чадаагүй учраас МХБ-ын шалгалтыг авах боломжгүй болж агуулгад өөрчлөлт орсон байна.
Шалгалтын байр бүхэн гурван нэвтрэх хаалгатай байна
Шалгалтын байрны тоо огцом нэмэгдсэнээр тухайн шалгалтын байранд ажиллах хүн хүчний тоонд ч мөн нөлөөлж байгаа аж. Зургадугаар сарын 01-ний өдрөөс хүүхдүүд ЭЕШ өгөх суудлын хувиараа хэвлэж авах бөгөөд тухайн хүүхэд шалгалтын байранд хэдэн цагт ирээд, аль хаалгаар нэвтрэн орох талаар нарийн тусгасан шинэ хуваарилалт хийсэн байна. Учир нь шалгалт өгөх хүүхдүүдийг шалгалтын байрны гадаа олноор цуглуулахгүйн тулд шалгуулагч “Б” 11:00 цагаас шалгалттай бол 09:30 минутад ирээд нэгдүгээр хаалгаар нэвтэрнэ гэх мэт нарийн төлөвлөгөө гаргасан гэв. Шалгалтын байр бүхэн гурван нэвтрэх хаалгатай байх бөгөөд шалгуулагчдын амны хаалтыг шалгаж, биеийн халууныг хэмжихээс гадна гар утас хэрэглэхээс сэргийлэхийн тулд металл илрүүлэгч ажиллуулах гэнэ.
Шалгалтын хугацааг сунгах боломжгүй учраас дараа жилийг хүлээхээс өөр сонголтгүй
Хүүхдүүд ЭЕШ өгөхөөр ирэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, Бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн дөрвөн төрлийн бичиг баримтыг заавал авч ирэх ёстойг онцгойлон анхааруулсан. Мөн суудлын хуваарийг дээр дурдсанчлан нарийвчлан зааж өгсөн учраас хуваарилсан цагийн дагуу шалгалтын байранд ирж, заасан нэвтрэх хаалгаар дотогш орно. Ингээд холбогдох хяналт, шалгалтыг хийгээд ангид нь оруулна. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө бүх ажил дууссан байх ёстой. Тиймээс хүүхдүүд болон эцэг эхчүүд, багш нар үүргээ гүйцэтгэж, хариуцлагатай хандах хэрэгтэй гэсэн юм. Хэрвээ тогтсон цагаас хоцорвол хаалга барих, шалгалтын хугацааг сунгах боломжгүй учраас дараа жилийн шалгалтыг хүлээхээс өөр сонголтгүй болох юм байна. Тиймээс их дээд сургуульд элсэн суралцахын тулд бэлтгэлээ базаах нь чухал байна шүү, дүү нар минь. Амжилт хүсье.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН