Шинэ сонгогч, шинэ
нэр дэвшигчид
Шинэ үеийн залуусаас Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, Ерөнхий сайд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэрсийг асууж “шалгалт авчээ”. Дэмждэг болон дургүй улс төрчдийнх нь талаарх санаа бодлыг нь лавлахад 70 хувь нь “Дургүй улстөрч байхгүй”, “Нэрлэж мэдэхгүй байна” хэмээн хариулсан гэнэ. “Энэ нь шинэ үеийнхний 60 хувьд нь улс төрийн орчны талаар эерэг, сөрөг мэдрэмж байхгүй, иргэний хувьд улс төрийн хариуцлагын талаарх төсөөлөлгүй байгааг харуулж байна” хэмээн судлаачид дүгнэсэн байна лээ. Уг судалгааг гүйцэтгэсэн SICA судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллага өмнө нь “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох нь” судалгаа хийснийг манай уншигчид санаж байгаа биз ээ.
Уг судалгаагаар 1995 оноос хойш төрсөн залуусыг “Шинэ үеийнхэн” хэмээн тодорхойлох болсон. Дээрх судалгааны үргэлжлэл болгон “Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо”-г лавшруулан тандсан хэрэг. Шинэ үеийхэн буюу 18-25 насныхан 2020 оны сонгуульд санал өгөх нийт сонгогчдын 17.2 хувийг эзэлж буй. Залуусын идэвх, оролцоо сонгуулийн үр дүнд нөлөөлөл үзүүлнэ гэсэн хүлээлт бий.
Судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн 1,000 залуусыг хамруулсан юм билээ.
Нийт судалгаанд оролцогчдын 80 хувь нь 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгнө гэсэн бол зургаан хувь нь санал өгөхгүй гэжээ. Харин 14 хувь нь хараахан шийдээгүй буюу тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, шийдвэр гаргах хандлагатай байгааг судлаачид уламжлав.
Судалгаанд оролцсон шинэ үеийнхний хувьд сонгогдоосой гэж хүсч буй нэр дэвшигчийн хүйсийг чухалчлаагүй. 78 хувь нь 25-40 хүртэлх насны нэр дэвшигчийг дэмжих хандлагатай байжээ. Тухайлбал 25-35 настай залуу нэр дэвшигчийг шинэ үеийнхний 51 хувь нь дэмжих гэнэ. УИХ-ын сонгуульд намууд олон шинэ нэр дэвшигч санал болгосон. Шинэ сонгогчид, шинэ нэр дэвшигчид үүргээ хэр амжилттай гүйцэтгэхийг удахгүй болох сонгуулийн үр дүн харуулах байх.
Сонгуулийн зардал
Шинэ сонгогчид, шинэ нэр дэвшигчид олноор орж ирсэн ч хуучнаараа үлдсэн нэг зүйл нь улс төрийн санхүүжилтийн тогтолцоо л байна. Улс төр судлаач Э.Гэрэлт-Од, Д.Бямбажав нар тоо боджээ. “Монгол Улсад 2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намын зарцуулах зардлын таазыг 5.9 тэрбум төгрөг, нэр дэвшигчдийнх тойргоос хамаарч 360-760 сая төгрөг байхаар тогтоосон” байна. Зардлын дээд хэмжээ өссөнийг зардлыг тооцоолох суурь үзүүлэлт болох тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо, өрхийн тоо зэрэгт өөрчлөлт орсонтой холбон тайлбарладаг. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.2.7-д сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинээр тусгагдсан тул уг зардлыг нэмж тооцжээ. “2016 оны адилаар нам, нэр дэвшигчид зардлын таазанд тулгаж зарцуулна гэж тооцвол зөвхөн МАН, АН-ын сонгуулийн зардал нийтдээ 84.7 тэрбум төгрөг болно. Бусад нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийнхийг нэмбэл наад зах нь 100 тэрбум орчим төгрөг болно” хэмээн тэд тооцоолсон. Сонгууль бүрээр зардал суга өссөөр байхад МАН-ын даргын “Мөнгөний үнэргүй сонгууль хийнэ” гэдэг өгүүлбэр Мянгуужингийн үлгэр шиг л сонсогдох болов. “Гээндээ ч бий гоондоо ч бий” гэгчээр сонгогчид ч мөнгөтэй нэр дэвшигчид талтай хандсаар ирсэн нь мөнгөний “хүүдийнүүдэд” боломж олгоод байгаа ч юм бил үү. “Сонгогчдын хувьд сайн хууль, бодлого тодорхойлогч биш орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамжтай улстөрчийг хүсэх хандлага давамгайлдаг. Нэр дэвшигчид нь ийм дүр зураг, эрэлтэд нийцүүлж, өөрсдийн санхүүгийн чадвараа ил болон далдаар илэрхийлэх хэрэг гардаг” хэмээн улс төр судлаачид онцлов. Эрх баригч намаас нэр дэвшигчдийн хувьд ихэнх нь төсвөөс тойрогтоо хуваарилсан хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвөөр хийсэн ажлуудыг өөрийн хийсэн ажил мэтээр сурталчлах нь гэм биш зан болсон.
Бусад нэр дэвшигчдийн хувьд хэрэв томоохон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч биш бол сонгогчдын ийм хандлагад нийцэхэд бэрх нь илэрхий.
“Нэр дэвшигчдийн хооронд мөнгө санхүүгийн чадлаас хамаарсан өрсөлдөөн биш туршлага, бодлого, шийдлийн өрсөлдөөн явагдахад зардлын бууралт маш чухал” хэмээн мөнөөх судлаачид бас онцолсон.
Сонгуулийн санхүүжилтийн тогтолцоогоо өөрчлөөгүй байж мөнгөгүй сонгууль хийх тухай сурталчлах нь сонгогчдыг ичгүүр сонжуургүй хуурч байгаа хэрэг. Ядаж л сонгуулийн зурагт самбар, ухуулах хуудас зэргийг төлбөр төлж байрлуулдгийг хориглож, нийтийн эзэмшлийн газруудад үнэ төлбөргүй наах журам, зохицуулалтыг бий болгох, бизнесийн зориулалт бүхий том самбаруудыг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглох хэрэгтэй гэж өмнөх судалгаануудад ч зөвлөж байсныг хэрэгжүүлсэн бол сонгуулийн зардал бага ч болов буурах байсан даа.
Улс төр судлаачид “Цаашид хууль ба бодлогын хүрээнд хэд хэдэн зарчмын өөрчлөлтүүд хийх шаардлагатай байна” хэмээн зөвлөж байна. “Юуны өмнө Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр намуудын хөрөнгө орлогын ил тод байдлыг нарийвчлан зохицуулсан, хөндлөнгийн хяналт мониторинг хийх, хариуцлагын механизмтай тогтолцоог бий болгох хэрэгтэй. Үүнд улс төрийн хүсэл зориг, манлайлал маш чухал юм.
Түүнчлэн, төрөөс сонгуулийн зардлыг хэсэгчлэн санхүүжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх нь нам, нэр дэвшигчдийн зардлын дарамтыг багасгахад маш чухал” гэнэ шүү. Намуудын санхүүжилтэд хяналт тавьж чадахгүй бол мөнгөтэй мөнгөгүй сонгууль хийж байгаа эсэхийг нь шиншлэхэд амаргүй. Нэр дэвшигчийн хувиасаа гаргах зардлын хэмжээг багасгахад олон нийтээс хандив цуглуулах хугацааг уртасгах, ингэхдээ зарцуулах хугацаа, зориулалт, тайлагнах зохицуулалтыг холбогдох хуульд тодорхой тусгах хэрэгтэй гэж Э.Гэрэлт-Од судлаач үзэж байна.
Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиндаа улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоогоо өөрчилж чадаагүй болохоор 2020 оны сонгуулиар намуудаас санхүүжилтийн хувьсгал хийхийг шаардах нь утгагүй боллоо. Гэсэн ч сонгогчдын хандлагад өөрчлөлт гарах нь дараагийн сонгуулиар шинэчлэлт хийхэд түлхэц болох учиртай.
Юутай ч сонгогчид өөрсдийн дэмжиж буй нэр дэвшигчдэд хандив өгөх, ухуулагчаар үнэ төлбөргүй ажиллах, дэмжиж буйгаа цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх нь нэр дэвшигчид ирэх санхүүгийн дарамтыг багасгахад бодитой хувь нэмэр болно шүү.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН