Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Ундрах: Залуус үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах хүсэлтэй болжээ

 Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн гүйцэтгэх захирал, АНУ-д төвтэй Үндэсний реалторуудын холбооны захирлуудын зөвлөлийн гишүүн Ч.Ундрахтай ярилцлаа.

-Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийн талаар яриагаа эхэлье. Ямар шатандаа, хэрхэн хөгжиж байна вэ?
-Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар олон улсын жишигт нийцэж хөгжих шатандаа яваа гэж би хувьдаа боддог. Мэдээж салбарын хөгжилд нөлөөлөгч маш олон тооны хүчин зүйлс бий. Тэдгээрийн нэг нь энэ салбарт ажиллаж буй боловсон хүчний хөгжлийн асуудал. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадваржуулах, мэргэшүүлэх асуудал сүүлийн 2-3 жилд маш эрчимтэй явагдаж байна. Манай академи байгуулагдаж олон улсын байгууллагын Монгол дахь хамтын ажиллагаа бүхий байгууллага болсноор олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтуудыг явуулах, улмаар Монголын мэргэжилтнүүдийн гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдээс суралцах, тэдэнтэй хамтран бизнес хийх боломжоор хангаж ажиллах бүрэн боломжтой болсон. Тухайлбал бид өнгөрсөн хугацаанд Үл хөдлөх хөрөнгийн ахисан түвшний мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулж 50 гаруй “Ахисан түвшний мэргэжилтэн”-тэй болсон байна. Түүнчлэн “Олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн бэлтгэх сургалт”-ыг 2017, 2019 онд АНУ-д төвтэй Үндэсний реалторуудын холбоотой хамтран зохион байгуулж Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт 32 олон улсын мэргэжилтэн бэлдээд байна. Ингэснээр бид мэргэжлийн өндөр ёс зүйтэй, ур чадвартай, мэдлэгтэй мэргэжилтнүүдээр дамжуулж салбарын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна гэж ойлгож байгаа. Цаашид ч илүү сайжруулж, хөгжүүлэн, шинийг эрэлхийлэх зүйлс олон бий.
-Дэлхийн хэдэн улсын, ямар байгууллагатай хамтран ажилладаг вэ?
-Манай Академи нь АНУ-д төвтэй Үндэсний реалторуудын холбоо (National association of realtors) хэмээх ОУ-ын байгууллагын Монгол дахь албан ёсны хамтын ажиллагаа бүхий байгууллагаар 2017 оноос хойш ажиллаж байна. Уг холбоо нь 1.4 сая үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн 66 улсад үйл ажиллагаа явуулдаг маш том байгууллага юм. Өөрөөр хэлбэл бид дэлхийн 66 орны үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах бүрэн боломжтой гэсэн үг. Түүнчлэн бид 2018, 2019 онд АНУ болон Зүүн өмнөд азийн орнуудын нийт 14 үл хөдлөх хөрөнгийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар илүү нягт, харилцан туршлагаа хуваалцаж, реалтор гишүүдийнхээ бизнесийн хүрээг тэлэх зорилгоор ажиллаж байна.
-Монголд хэчнээн реалтор байдаг бол. Энэ салбарт хэдэн хүн ажилладаг гэсэн тооцоо, судалгаа бий юү?
-Одоогийн байдлаар энэ салбарт яг тэдэн хүн ажиллаж байна гэсэн нарийн тоон судалгаа алга. Энэ салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийн хөгжлийн асуудалд сүүлийн 2-3 жилд л илүү анхаарч эхэллээ шүү дээ. Гэхдээ тойм байдлаар франчайз болон үндэсний бие даасан компаниудад нийт 1200-1500 орчим мэргэжилтнүүд ажиллаж байна гэсэн тойм тоо байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн тул тун удахгүй энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн тоон мэдээлэл тодорхой болно гэж найдаж байна. Харин манай Академийн хувьд нийт 200 орчим олон улсын реалтор гишүүн (International REALTOR® Member)-тэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба тэднийг хөгжлийг дэмжсэн, чадавхжуулах олон төрлийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг.
-Танай байгууллага үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг хөгжүүлж, чадавхжуулах, тэдний дотоод гадаад харилцаа холбоог нь өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ Монголд байгаа цорын ганц үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн өндөр түвшний сургалтын төв буюу академи гэж ойлгож болно.
-Танайх саяхан олон залуучуудын сонирхлыг татсан нэг хөтөлбөр зарласан байсан. Энэ сургалтын талаар танилцуулж болох уу. Танай байнга хэрэгжүүлдэг ажлуудын нэг үү?
-Манайх АНУ-ын Leonard P. Reaume Memorial Foundation-ий санхүүжилтээр Монголд анх удаа төдийгүй салбартаа анх удаа “Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд бид гурван томоохон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, төслийн хүрээнд 40 цаг бүхий “Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр” боловсруулж, улмаар гарын авлага буюу ном гаргахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар хөтөлбөрөө бүрэн боловсруулж дууссан ба гарын авлагаа хэвлэлтэд өгчхөөд байна. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжсэнээр үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөртэй, унших судлах гарын авлагатай болж байна гэсэн үг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл бэлтгэгдсэн мэргэжилтнүүд маань Монгол хэл дээр унших, судлах номгүй байсан. Хоёрдугаарт, бид энэ салбарт ажиллах хүсэл сонирхолтой 50 хүнийг үнэ төлбөргүй сургаж, мэргэжилтэн болгохоор зорьсон. Гайхалтай нь үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах сонирхолтой хүмүүс маш олон байдгийг сургалтын сонгон шалгаруулалт хийх явцдаа олж мэдлээ. Бид нийтдээ 300 гаруй хүсэлт хүлээж авсан, харамсалтай нь бид төслийн үйл ажиллагааны хүрээнд зөвхөн 50 хүнийг сургалтандаа хамруулах боломжтой байлаа. Сургалт маань 2020.05.11-15 нд маш амжилттай зохион байгуулагдлаа. Хөдөө орон нутгуудаас хүсэлт гаргаж сургалтад хамрагдсанд хувьдаа маш их талархалтай байна. Гуравдугаарт, бид менторшип хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдээс 15 хүнийг сонгож хоёр сарын хугацаанд уг хөтөлбөртөө хамруулж, дадлагажуулах юм. Манай хөтөлбөрийн ментораар салбартаа олон жил ажилласан туршлагатай, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнээс эхлээд компанийн захирал болж хөгжсөн залуу захирлууд ажиллах болно. Менторшип хөтөлбөр маань мөн л энэ салбартаа анх удаа хэрэгжиж байгаа. Уг төсөл маань бүхэлдээ ашгийн бус зорилготойгоос гадна үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах мэргэшсэн боловсон хүчин буюу чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм.
-Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах төслийн санаа анх яаж бий болов? Хаанаас хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар?
-Миний хувьд Академийн гүйцэтгэх захирлаар хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах олон төрлийн урт болон богино хугацааны сургалтуудыг шинэ болон хуучин, олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдэд явуулсан. Дийлэнхдээ бид гадаадын байгууллагуудын сургалтуудыг албан ёсны эрхтэйгээр Монгол хэл дээр орчуулж явуулах, зарим тохиолдолд гадаадын орнуудаас сургагч багш нарыг урьж авчран маш өндөр үнэтэй сургалтуудыг худалдаж авч явуулж байлаа. Энэ хугацаанд хамгийн их бодогдсон зүйл бол Монголын зах зээлийн онцлогийг тусгасан, Монголчуудын сэтгэлгээнд суурилсан албан ёсны сургалтын хөтөлбөр зайлшгүй байх шаардлагатай нь ажиглагдсан. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах сонирхолтой маш олон залуус байдаг хэдий ч тэднийг нэгдсэн хөтөлбөрийн дагуу сургадаг, нэгдсэн ойлголт мэдлэг өгдөг, мэргэшүүлдэг, дадлагажуулдаг тогтолцоо огт бүрэлдээгүй байсан. Энэ л тогтолцоог бий болгох, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, тэднээр дамжуулж хүмүүст мэргэжлийн бөгөөд ёс зүйтэй үйлчилгээ үзүүлэх, цаашлаад ерөнхий дүр зургаар нь харвал үл хөдлөх хөрөнгийн боловсролын салбараар дамжуулж салбарын хөгжилд нь хувь нэмэр оруулахыг зорьсон. Ингээд энэ зорилгоо бодож байгаа төсөл бичээд түүнийгээ өмнө дурдсан санд илгээсэн маань амжилттай болж, санхүүгийн дэмжлэг авч, энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон.
-Ашгийн бус, салбараа хөгжүүлэхэд хувь нэмэртэй төсөл болжээ, одоо сургалтандаа хамрагдсан оролцогчдод чиглэсэн хөтөлбөр цаашид хийх үү?
-Өмнө дурдсан менторшип хөтөлбөрөөр төсөл маань үргэлжилнэ. Энэ салбарт мэргэжилтнээс авхуулаад ажилласан, амжилт гаргасан олон чадварлаг захирлууд байдаг. Тэдгээр захирлуудын бизнесийн туршлагаас суралцах боломжийг сургалтад оролцсон хүмүүст олгож байгаагаараа маш онцлог. Агентаар ажиллаж байгаад хэрхэн яаж компанийн захирал болж хөгжсөн, чадавхжсан бэ гэдэг бизнесийн туршлага бол энэ салбарт тууштай ажиллахыг хүсч буй залууст маш том хувь нэмэр болно гэж итгэж байгаа. Бид ментораа сонгохдоо хүртэл маш бодолтой хандсан. Аливаа ажлыг багаас нь эхэлж хийсэн хүмүүс бусадтай хуваалцах арвин их туршлагатай байдаг гэж боддог. Энэ ч утгаараа манай Менторшип хөтөлбөрийн менторууд маань бүгд үл хөдлөх хөрөнгийн салбар дахь ажлын гараагаа агентаас эхэлсэн чадварлаг, шилдэг захирлууд бий.
-Ойрын үед өөр ямар ямар ажил төлөвлөж байна вэ?
-Удахгүй энэ төслийн хүрээнд хийсэн гарын авлага, ном маань хэвлэлтээс гарна. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн салбарт монгол хэл дээр унших анхны гэж хэлж болохоор номтой болж байна. Үүний дараа бид дараа дараагийн түвшний сургалтын хөтөлбөр боловсруулах ажилдаа орно. Тухайлбал, дунд болон ахисан түвшний үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд нэн шаардлагатай байна. Мөн түүнчлэн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, тухайлбал зөвхөн тансаг зах зээл дээр ажилладаг эсвэл стандарт орон сууцны борлуулалтаар мэргэшсэн гэх мэт мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах болно. Үүний хажуугаар олон улсын албан ёсны эрх бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн ахисан түвшний болон итгэмжлэгдсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com