ТВ2” телевизийн ерөнхий захирал, сэтгүүлч Д.Энхтуяатай ярилцлаа.
-Та Дархан-Уул аймагт ажлаар явж байгаад ирлээ гэсэн. Таны төрсөн нутаг юм уу?
-Би сэтгүүлч хүн. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэлд 20 гаруй жил ажиллахдаа Монголдоо яваагүй газаргүй, уулзаагүй хүнгүй гэдэг шиг бүх л салбарын хүмүүстэй уулзаж явлаа. Ер нь бүхий л салбарын асуудлыг хөндөж, мэдээлэл цуглуулж явдаг хүний хувьд “энэ миний нутаг”, “тэр миний ус нутаг биш” гэсэн явцуу ойлголт надад байхгүй. Бидэнд Монгол гэх ганцхан л эх орон байгаа. Сэтгүүлч хүн нийгмийн зүтгэлтэн байдаг учраас хаана хэрэгтэй байна, тэнд л хийх ёстойгоо хийнэ гэдэг зарчимтай.
Миний хийхийг санаж зорьж яваа ажлын талбар тэнд байна, тиймээс ажлаар яваад ирлээ. Дархан хуучин манай улсын маш том үйлдвэрийн район байлаа. Польш, Болгар, Герман, Орос зэрэг олон орны тусламжтайгаар цогцоор нь төлөвлөж байгуулсан үйлдвэрлэлийн бүс нутаг байсан. Энэ аж үйлдвэрийн том цогцолборт бид бүхэн хийдэггүй, үйлдвэрлэдэггүй зүйл цөөхөн байдаг байжээ. Харамсалтай нь өмч хувьчлалын шуурганд өртөөд энэ сайхан үйлдвэрүүд бүгд балгас болоод дууссан. Мөн Дарханы одоогийн нөхцөл байдлыг судлаад үзэхээр ажилгүйдэл нэлээд их байна. Хүн ажилгүй байна гэдэг чинь орлогогүй, аз жаргалгүй л байна гэсэн үг.
Яагаад ийм сайхан үйлдвэрүүдээ бид сэргээж болохгүй гэж! Яагаад бас сэргээж чадахгүй гэж. Хэрвээ сэргээчих юм бол бид дотооддоо хэрэгцээт олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж түүнийг дагаад өчнөөн ажлын байр бий болж, өчнөөн хүн ажилтай, орлоготой болно. Дархандаа амьдарч байгаа хөдөлмөрийн чадвартай бүх л хүн нутаг орондоо ажиллаж амьдарна гэдэг сайхан шүү дээ. Өнөөдөр жишээ нь Дарханы арьс ширний цогцолбор гээд том бүтээн байгуулалт хийгдэж байна. Эхний корпус нь удахгүй ашиглалтад орно. Ирэх жил цогцоороо ашиглалтад орохоор бид түүхий эдээ дотооддоо боловсруулаад дэлхийн брэндүүдийн түүхий эдийг бэлтгэх ирээдүй байна. Энэ цогцолборыг дагаад 2600 ажлын байр шууд шинээр бий болно. Энэ мэтээр аж үйлдвэрийн паркуудаа бид сэргээе гэсэн том зорилгын төлөө л явж байна даа.
-Сайхан мэдээ байна. Танд олон жилийн өмнөөс бодож санаж явдаг нэг том төсөл бий гэдэг. Энэ төслийнхөө талаар ярина уу?
-Би Германд сурч байхдаа настайчуудын асрамжийн газар ажилладаг байлаа. Тэнд настайчуудын асуудлыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаар нь шийдчихсэн байдаг. Монголчууд мэдээж эцэг эхээ асрамжийн газар аваачиж орхихгүй. Гэхдээ өнөөдөр манайд ахмад настанд тэтгэврийн хэдхэн төгрөгөөс өөр хүн ёсны халамж үйлчилгээ алга гээд хэлчхэд буруудахгүй. Манайд настайчуудын өдөр өнжүүлэх гэж хэдхэн газар байгаа. Ийм газруудыг хууль эрх зүйн суурийг нь тавьж, системтэйгээр улс даяар сүлжээ маягаар байгуулах ёстой. Хүн насаараа хөдөлмөрлөж зүтгэснийхээ хариуд тэтгэвэртээ гарсны дараа нь тэр мөнгөнөөс нь энэ газарт дахин хөгжиж, цагаа сайхан өнгөрүүлэхэд зориулагдаж байх ёстой.
Настнууд маань тэтгэврээ хүлээгээд хүүхдийнхээ хүүхдийг хараад ядарч суумааргүй байгаа шүү дээ. Ахмад настнууд маань хамтдаа хөгжиж, цагаа аз жаргалтай өнгөрөөх ёстой. Манайд эрэгтэй 65, эмэгтэй хүн 55 насандаа тэтгэвэрт гардаг. Гэтэл тэдэнд хэчнээн туршлага бас хэчнээн хүсэл мөрөөдөл байгаа билээ. Хүний нийгэм ахмад, дунд, залуу үеийн хэлхээс дээр л аз жаргалтай байдаг. Тэгэхээр би энэ үзэл санааг дэмждэг. Энэ төслийнхөө санааг Германы туршлага дээрээс олоод судалгааг нь хийгээд гаргачихсан. Харин хийж хэрэгжүүлэх дээрээ тулахаар төрийн зүгээс шалтгаалах зүйлс байдаг юм билээ.
-Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг мэдээж ганц хүний ажил биш. Үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд та жишээ нь ямар багаар ажиллах юм, юунд тулгуурлаж энэ том ажилд ханцуй шамлахаар зориг шулуудав?
-Ямар ч том төслийг хийж хэрэгжүүлэхэд эхлээд хууль эрх зүйн орчин нь тавигдсан мөн хөрөнгө санхүү нь тасалдахгүй байх ёстой. Ийм ажлыг мэдээж ганцаараа хийхгүй баг байна, бодлого чиглэлд суучихсан байх учиртай. Монголчууд бид аж үйлдвэрийн парк байгуулахаар ажлууд хийгдэж байгаа шүү дээ. Монгол Улс аж үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлэх цаг үе нь яг одоо л ирсэн гэж харж байгаа.
-Ахмад настнуудаасаа тэтгэвэртээ гарангуут нь олон жилийн мэдлэг туршлагыг нь сонсох, залгамж халаагаа бэлдэх мөн тэднийг нийгмийн амьдралаас тусгаарлахгүй байх боломжийг олгох нь маш сайхан үйл хэрэг. Харин ийм нөхцөл боломжийг бүрдүүлэх таны санаж зорьж байгаа Ахмадын өдөр өнжүүлэх төвийг байгуулахад хууль эрхзүйн орчин манайд бүрдсэн үү?
-Хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Бүрдээгүй учраас л өнөөдөр ийм төвүүдийг олноор байгуулах ямар ч боломж алга байна. Үүнийг хийхийн тулд нэг байр хөлслөөд хэдэн ахмад настан цуглуулаад хоол өгөх асуудал биш. Энэ бол хууль эрх зүй нь бүрдсэн халамжийн бодлогоороо хамгаалагдсан нэгдсэн тогтолцоо болж байж энэ ажил цаашаа явна. Өнөөдөр настнуудад хөгжих, аз жаргалтай байх бүтэц үнэхээр дутагдалтай байна. Өмнө нь хэлснээр цөөхөн хэдэн байгаа газар нь хувийн, хүмүүнлэгийн шинжтэй байгуулагдсан байдгаас тогтмол ажиллаж чадахгүй байх гээд асуудлууд байдаг юм билээ. Ахмад настнууддаа сэтгэл санааны хувьд аз жаргалтай байх боломжийг энэ нийгэм олгож чадахгүй байна.
Би өөрийнхөө амьдралаар ч үүнийг батална. Миний ээж насаараа багшилсан хүн. Ээжийгээ тэтгэвэрт гараад гэрт байхад ганцаардаж байгааг нь анзаардаг байлаа. Ахмад настнуудаа бид бүгд гэрт нь суулгаад идэх хоолыг нь ойртуулж өгөөд бие нь эрүүл байвал л болоо гэж боддог. Гэтэл настнууд маань сэтгэлээрээ аз жаргалтай байх ёстой. Ахмадын хөгжих төв, Ахмадын өдөр өнжүүлэх гэнэ үү юу гэж нэрлэх нь чухал биш. Харин энэ төвөөрөө дамжуулж бид ахмад настнууддаа аз жаргалыг л өгөх учиртай. Энэ асуудлыг судлаад үзэхэд зөвхөн ахмадууд ч биш бүтэн гэр бүлийн асуудал юм байна.
Манай настнууд яалт ч үгүй ач зээгээ хараад сууж байдаг. Гэтэл эмээ өвөө нь ахмадын хөгжлийн төв рүүгээ явчихвал ач зээг нь хэн харах вэ гэдэг асуудал ургана. Үүнийг жишээ нь Германд цогцоор нь шийдчихсэн байна. Настны төвийн дэргэд цэцэрлэгийн насны хүүхэд саатдаг тийм газар бас байна. Манайд гэр цэцэрлэг гэж хэсэг хийгдэх гэж байснаа л зогсчихсон шүү дээ. Ийм янз бүрийн арга замуудыг бусад орноос судалж хэрэгжүүлэх боломжтой.
-Сэтгүүлчдийг улс төрөөс хол байлга гэх хүмүүс байна. Гэтэл АН-ын гишүүн хүн. Улс төрд оролцоод явж байна. Энэ хандлагад та ямар хариулт өгөх вэ?
-Миний хувьд сэтгүүл зүйн гал тогоонд ажиллаж байхдаа улс оронд болж байгаа буруу зөрүү үйл явдалд шүүмжлэлтэй хандаад л явдаг байсан. Сүүлийн арваад жил удирдах ажил хийж байна. Удирдах ажил гэдэг хүнээс ахисан түвшний ажлын арга барил, ур дүй, бүхэл бүтэн төслүүд авч явах, баг зохион байгуулах ур чадвар шаарддаг ажил.
Тиймээс сайн багш болгон сайн удирдагч, сайн эмч болгон эмнэлгийн дарга хийж чадна гэсэн үг биш шүү дээ. Жишээ нь салбар салбарын сайдууд өөр мэргэжилтэй хэрнээ тэр салбарыг маш сайн аваад явж байгаа жишээ байна. Уг мэргэжлийнх нь хүн хэрнээ урагшгүй авч яваа ч жишээг бид олныг мэднэ шүү дээ.
Гэхдээ сэтгүүлч хүн ямар ч салбарт ажилласан нэг том давуу тал байдаг юм гэдгийг улс төрийнхөн бусад салбарынхан надад хэлсэн. Сэтгүүлч хүн ямар ч мэдээллийг маш хурдан задлан шинжилж, нэгтгэн дүгнэж эргээд хариу үйлдэл буюу оновчтой шийдвэр гаргахдаа гаргуун байна гэнэ. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт. Ахмад настнуудын хөгжлийн төвүүд байгуулах энэ ажлын төлөө зорьж хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, хөрөнгө мөнгийг нь шийдүүлэх бүтээх нь л миний зүтгэл. Үүнд сэтгэл, зүтгэл хэрэгтэй болохоос хүн ямар мэргэжилтэй байх нь гол биш.
-Хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүлчээс нь эхлээд удирдах шатанд нь хүрч ажиллалаа. Яагаад улс төрд орох болов?
-Ажил мэргэжлийнхээ хүрээнд бүх л салбарт хутгалдаж явахад хууль эрх зүйн орчин нь тавигдаагүй эсвэл бүдэг бүрхэг, тодорхой бишийн улмаас хийгдээгүй, хэрэгжээгүй эсвэл царцаад зогсчихсон сайхан санаачилгууд, шилдэг төслүүдтэй таарч байсан. Энэ царцаа гацангийг л арилгая гэдэг үүднээс орох шийдвэрээ гаргасан. Хана мөргөчихсөн төслүүдийг гартаа бариад дуустал нь үр дүнг нь үзтэл явна гэдэг бол хүнээс сэтгэл, зүтгэл шаардана л даа. “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэдэг үг байдаг шүү дээ.
-Монголын өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний нөлөө энэ цаг үед их хэрэгтэй байна гэх хандлага их байна. Энэ талаарх таны бодол?
-Дэлхий нийтээрээ л эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд гаргая гэсэн хандлага зонхилж байна. Хоёр жилийн турш эмэгтэйчүүд дэлхийг удирдахад энэ дэлхий аз жаргалтай болно гэж Барак Обама хэлсэн шүү дээ. Аз жаргал гэж амар тайван байхыг хэлнэ. Амар тайван гэдэг чинь хүн орлоготой, ажилтай, эрүүл саруул байхыг л хэлнэ. Колумбын их сургуулийн эрдэмтэд бас нэгэн судалгааг гаргасан байна. Тэр судалгаанд Кипр гээд улсад ядуурал, нийгмийн эмзэг асуудлууд ихтэй байснаа эмэгтэй хүн Ерөнхийлөгч нь болоод ДНБ нь 5.4 хувь хүртэл өсчээ. Ганцхан жилийн дотор яагаад ийм үр дүнд хүрсэн бэ гэвэл баялгийн хуваарилалтыг эмэгтэй хүн маш тэгш шударга хийдэг юм байна. Эх хүн бүх хүүхэддээ хайрыг ялгалгүй тэгш хүртээдэг шиг эмэгтэй хүнд ийм байгалиас заяасан өгөгдөл байдаг байх нь.
Манайд байгаа гол асуудал бол баялгийн тэгш биш хуваарилалт. Тиймээс энэ сонгуулиар аль ч нам эвсэл гэхгүй олон эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд гарч энэ уурлаж бухимдсан энэ хатуу нийгмийг зөөллөөсэй гэж хүсч байна. Эмэгтэйчүүд зүгээр нэг ам хэлээрээ ч биш ажил үйлсээрээ энэ нийгмийг зөөллөнө гэж боддог. Улс төрд эрчүүд л хуйвалдаан, хэл ам янз бүрийн шударга бус явдалд орооцолдох нь элбэг байна шүү дээ. Эмэгтэйчүүд тийм хэл аманд өртөх нь бага. Миний хувьд шударга бус явдлыг шууд хэлчихдэг зантай. Мөн дээрээс нь эмэгтэй хүн гэдэг өөрөө хүнд туслахын төлөө л төрсөн байдаг юм болов уу. Монгол эмэгтэйчүүд энэ тал дээрээ илүү бат байр суурьтай гэдэгт итгэдэг. Миний хувьд ганцаарчилсан тоглолт хийдэггүй. Улс төр бол багийн тоглолт. Тийм учраас зөвийн төлөө багаараа хамтарч байж л үр дүн гаргана.
-Та хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа өөрөөрөө бахархсан зарим тохиодлоосоо нэрлэвэл..?
-Би 1993 оноос хойш л энэ салбартаа сэтгүүлчээс нь телевизийн удирдлага хүртлээ ажиллаж байна. Дунд нь Германд суралцаад хэдэн жил завсарласан. Би Үндэсний олон нийтийн телевизийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын хэдэн үеийн түүх том дамран хальсанд буулгаатай чигээрээ агуулхад муудаж хуучраад хэвтэж байсныг Германы талтай хамтарч дахин сэргээж шинэчилсэн. Одоо бол 16 мм-ийн хальсны кино төсөл гэж нэртэйгээр явагдаж байгаа. Энэ бол улсынхаа түүхэн архивыг авран хамгаалсан сайхан ажил болсон. Энэ ажлаараа бахархдаг. Ер нь аливаа юмыг хийе гэсэн хүсэл байх юм бол ямар ч ажлын ард гарч болдог.
-Өнөөдөр нийгмийн алдаа завхрал, хөгжлийн саад тушааг та сэтгүүлч хүнийхээ хувьд юу гэж хардаг вэ?
-Өнөөдөр манай нийгмийн хамгийн том асуудал бол авлига болчхоод байна. Авлигатай тэмцэх газар гэж бий. Тэр байгууллага бие биеэсээ өс хонзонгоо авдаг тийм л газар боллоо. Энэ бүх шатанд үүрлэсэн авлигаас салж, зогсоож, тасалж дийлэхгүй байна шүү дээ. Авлига манай улсыг бүхэлд нь бүрхчихээд байна. Авлигаас ангижрахад эмэгтэйчүүдийн хувь оролцоо их гэж хардаг. Энэ асуудал арилах биш ихэсч байгаад санаа зовинодог.
-Энэ сонгуулийн дараа улс орны байдал ямар болох бол...?
-Бүх юм сайхан болно гэж худлаа хэлмээргүй байна. Дэлхий даяараа коронагийн өмнөх болон дараах улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал гэж явж байна.
Хүссэн, хүсээгүй сонгуулийн дараа бид бүгдээрээ хүнд үеийг хүлээж авах байх. Энэ үеийг хүн бүхэн ажилсаг шоргоолж шиг ажиллаж байж л давна. Ажилчин зөгий шиг жинхэнэ зүрх сэтгэлтэй хүмүүсийн хүчээр л давна. Хуучин шигээ зүгээр хэрэлдээд суугаад байж болохгүй. Бүгдээрээ гурав дахин илүү хөдөлмөрлөж байж л энэ хэцүү үеийг давна.
-Коронатай холбоотой хөл хориотой байна. Сонгууль ойртлоо. Гэвч олноороо цуглаж болохгүй гэсэн дүрэм журамтай амьдарч байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Хөл хорионы үед хууль дүрмээ сахих нь зүйн хэрэг. Хэн нь ч бай олон нийтийг төлөөлөх гэж байгаа бол тэр хүмүүсийнхээ дунд орж, тэдний асуудлыг сонсч түүнийг шийдэх арга замаа олох учиртай. Гэтэл өнөөдөр ийм боломж алга. Энэ бол хүч тэнцвэргүй өрсөлдөөнтэй сонгууль болох гэж байгаа юм уу даа л гэж харж байна.
Зуун сая өглөө, авлаа гээд л манай намынхныг шүүмжлээд байна. Харин эрх баригчид мөнгөгүйгээр сонгууль хийх гээд байгаа нь харин сэжигтэй. Үндэсний аудитын газраас жишээ нь нэг тойрогт 460 сая төгрөг зарцуулагдана гээд гаргаад тавьчихсан байгаа шүү дээ. Мөнгөгүйгээр сонгууль хийх гэж байгаа нь харин чимээгүйгээр татвар төлөгчдийн мөнгийг сонгуульдаа ашиглах гэж байна гэж хардаж байна. Гадны том эдийн засагтай орнуудыг дуурайгаад бэлэн мөнгө тараан, өр тавьж сонгууль хийх гэж байгаа нь буруу. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Эдийн засаг муудна, ингэж өр тавьчхаад энэ цаг үеийг яаж давах вэ. Ирээдүйгээсээ бид идэх хоолыг нь авч болохгүй.
-Салбар бүрийн мэдээлэлтэй сэтгүүлч хүний зүгээс энэ жил эдийн засаг хүндрэх нь гэж харж байгаа юм байна. Бид тэгвэл энэ үеийг хэрхэн давах вэ?
-Улс орны хэмжээний том юм яриад яах вэ. Харин хүн бүр дор бүрээ хоёр дахин бүр гурав дахин илүү хөдөлмөрлөе л гэж хэлье.
-Баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН