Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нэг гараараа халамж тарааж, нөгөө гараараа хувийн хэвшлийнхнийг багалзуурдав

Хувийн цэцэрлэгийн багш, удирдлагууд Сангийн яамны гадаа өчигдөр жагслаа. Учир нь хувийн сургууль, цэцэрлэгт сар бүр хувьсах зардал олгодог байсныг энэ сараас эхлэн зогсоох шийдвэрийг Сангийн яамнаас энэ сарын 15-ны өдөр гаргажээ Улаанбаатар хотын хэмжээнд 540 орчим хувийн цэцэрлэг бүртгэлтэй байдаг аж. Эдгээр цэцэрлэгт 5500 орчим багш, ажилтан бий гэх судалгаа бий. Нийт багш, ажилчдын 97 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Сангийн яамны үүдэнд жагссан хувийн хэвшлийн багш ажилчдын төлөөлөл болсон иргэдийн хэлж байгаагаар “Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулаагүй учраас төрөөс санхүүжилт өгөх боломжгүй гэсэн шийдвэр шударга бус гэдгийг хэлж байна. Улсын сургууль, цэцэрлэгтэй барьцаагүй ч улсын хэмжээнд бүх боловсролын байгууллага үйл ажиллагаагаа цахимаар явуулсан. Гэтэл улсын сургууль, цэцэрлэг хууль зөрчөөгүй, хувийн хэвшлийнхэн хууль зөрчсөн гэж ялгаварлан гадуурхаж болохгүй.
Сангийн яамнаас гаргасан шийдвэр нь Боловсролын байгууллагын холбогдох олон хуулийг зөрчсөн гэсэн юм. Тухайлбал, Боловсролын хуулиар төр цэцэрлэгийг өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ гэж заасан байхад Сангийн сайдын хууль зөрчсөн шийдвэрээр, алагчилсан бодлогоор хувийн цэцэрлэгт ажиллаж буй олон мянган багш ажилчид цалингүй, хоногийн хоолгүй болж байна гэдгийг онцоллоо. Цэцэрлэгт хамрагдаж буй нэг хүүхдэд ногдох цэцэрлэгийн хувьсах зардал сарын 80 орчим мянган төгрөг байдаг аж. “Хувийн цэцэрлэг хүүхэд нь цэцэрлэгтээ явсан өдрөөр нь төлбөрөө төлдөг. Сараар нь төлбөрөө төлдөг эцэг, эхчүүд ховор. Өвлийн улиралд ханиад томуугийн өвчлөлийн үеэр хувийн цэцэрлэгүүдэд цөөн хүүхэд хамрагддаг. Улсын цэцэрлэгт цөөн хүүхэд явсан, яваагүй ч санхүүжилтийг нь улсаас өгчихдөг. Хувийн цэцэрлэгт хэдэн хүүхэд явж байгааг нь тоолоод төрөөс мөнгийг нь олгодог. Тийм учраас хувийн цэцэрлэгт хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй. Бид нэг хүүхдийн аюулгүй байдал, боловсрол, хоол хүнсийг даагаад сард 80-200 мянган төгрөгийн төлбөр авдаг. Эргээд урсгал зардал, цалин хөлс, нийгмийн даатгалдаа зарцуулна. Манай цэцэрлэг гэхэд улсаас сард 2.6 сая төгрөг авдаг. Нийт таван ажилтантай. Цэцэрлэгийн төлбөр 125 мянган төгрөг. Мөн бид зорилтот бүлгийн 2-5 хүүхдийг цэцэрлэгтээ үнэ төлбөргүй заавал хамруулдаг. Нэг хүнд хэчнээн төгрөгийн цалин оногдохоор байна вэ. Улсаас дааж давшгүй олон сая төгрөг авдаг хувийн цэцэрлэг байхгүй. Бид нэгдүгээр сараас хойш хаалгаа барих хэмжээнд хүрээд байна” хэмээн Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч Н.Сарангэрэл хэлсэн юм.


Мөн зарим цэцэрлэгүүдийн удирдлагуудын хэлж байгаагаар хувийн цэцэрлэгт ажилладаг багш ажилчид энэ сараас эхлэн цалингаа авч чадахгүй болоод байхад захиралтайгаа учраа ол хэмээн цар тахлын үед төр тэднээс нүүрээ буруулж байгааг шүүмжилсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн “Хасгэрэл” цэцэрлэгийн эрхлэгч Б.Алтантуяа хэлэхдээ “Манай цэцэрлэг 80 орчим хүүхэдтэй. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар хувийн цэцэрлэгүүдэд төрөөс олгодог тавдугаар сарын санхүүжилтийг бүрэн зогсоогоод байна. Сангийн сайдын зөвлөмжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдад хүргүүлсэн албан бичгийг олж харсан. Яагаад төр, төрийн бус гэж ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ. Хувийн цэцэрлэгийн багш, ажилчид ч гэсэн гэр бүлтэй. Сангийн сайд “Та нар цэцэрлэгийн эздээсээ цалингаа нэх” гэж хэлж байгаа нь хамгийн хатуу үг. Бид Монгол Улсын иргэдийн тооноос хасагдсан сэтгэгдэл төрж байна. Төрөөс дэмжлэг байхгүй л бол бид хаанаасаа цалингаа авах юм бэ” гэлээ.
Хувийн цэцэрлэгүүд өнгөрсөн нэгдүгээр сараас ямар ч орлогогүй үйл ажиллагаа нь бүрэн зогссон учраас эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байгааг учирлалаа. “Хувийн цэцэрлэгт явдаг хүүхдүүдэд урсгал зардлын мөнгийг төрөөс бодож олгохдоо 100 хувийн ирц шаардаж, дэлгүүрийн бараа тоолж байгаа юм шиг сар болгон тоолдог. Тэгээд гүйцэтгэлээр нь мөнгийг нь өгдөг. Бид төлбөрөөрөө бүх зардлаа нуруундаа үүрээд, улсаас өгдөг урсгал зардлаар зөвхөн багш нарын цалингийн 60 орчим хувийг өгдөг. Дээр нь багш нарынхаа нэмэгдэл болон урамшуулал цалинг хүртэл өөрсдийн бололцоогоороо шийдээд явдаг. Надад бол шударга биш санагдаж байна” хэмээн Баянзүрх дүүргийн “Танхилхан” цэцэрлэгийн эрхлэгч Д.Буянжаргал хэлж байна.
Энэ оны 2-4 дүгээр сард төрөөс олгосон хувьсах зардлын мөнгөөр багш нарынхаа цалингийн 60 хувийг өгсөн байна. Харин энэ сараас хувьсах зардлын санхүүжилтийг бүрэн зогсоосноор хувийн хэвшлийн цэцэрлэгүүд цаашид багш нартаа цалин олгох, амралтын мөнгийг нь тооцож олгох боломжгүйд хүрсэн гэв.
Засгийн газраас цар тахлын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжих, эдийн засгаа тэтгэх багц арга хэмжээ авч буйгаа зарлах болсон ч бодит амьдрал дээр нэг гараараа халамж тарааж, нөгөө гараараа хувийн хэвшлээ багалзуурдаж эхэлжээ. Тавдугаар сарын 6-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа “Энэ сараас эхлэн аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд сар бүр авдаг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргалаа. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талон 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг болгосон”-ыг зарлаж байв. Түүнчлэн ямаанд 20 мянган төгрөг олгохоор болсноо ч давхар дуулгаж байлаа.
Харамсалтай нь, дээрх мөнгийг өгөхийн тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хувийн цэцэрлэгүүдэд өгдөг хувьсах зардлаа зогсоосон нь тэнд ажиллаж буй багш, ажилчдын хоногийн хоолыг булаасан шийдвэр болсныг хэлж байна. Тэр тусмаа ямаанд мөнгө өгөхийн тулд хүүхдийнхээ боловсролыг хөсөр хаядаг нь Монголын төрийн зарим түшээдийн ямар өчүүхэн болохыг харууллаа. Ямар сайндаа Монголд хүн болж төрснөөс мал болж төрсөн нь дээр гэсэн хэлц үг хүртэл гарсныг Сангийн яамны гадна цугларсан багш, ажилчид хэлж байна. Цаашлаад салбарын сайд нь Архангайд, Сангийн сайд нь Увсад нэр дэвшиж буй тул хөдөөний малчдад таалагдахын тулд хүүхдийн боловсролд МАН-ын сайд нар хөрөнгө оруулахаас татгалзах нь аргагүй ч биз хэмээн бухимдсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүүхдэд зориулагдсан мөнгийг сонгуульд зориулахаа боль хэмээн эелдэг зөвлөгөө өгсөн.
Жилийн жилд, намрын намарт цэцэрлэг, сургуулийн эрэлт хэрэгцээ ихэсч, олон мянган хүүхэд цэцэрлэггүй үлддэг. Тэдгээрийн ихэнхийг хувийн цэцэрлэгүүд хүлээн авдаг. Хувийн цэцэрлэг нь боловсролын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгож, ирээдүйн элитүүдийг бэлтгэж, хүртээмжтэй чанартай боловсролыг эзэмшүүлж байдаг. Гэтэл ирэх намраас хувийн цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээн авч чадахгүй нөхцөлд орлоо гэсэн юм. Хэрвээ энэ байдлаараа ирэх намартай золговол 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй цоожтой хаалганы цаана үлдэх аж. Монголын амьдрал сонгуулиар дуусчихгүй. Хэрэв Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүүхдийн боловсролд зарцуулагдах мөнгийг ямаанд өгөөд дуусгавал 40 мянган хүүхэд ирэх намар гэхэд “гудамжинд” гарах нь. Ямаанд 200 тэрбум өгөхөөс татгалзаагүй хэрнээ хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт болох хувийн цэцэрлэгүүдээс 2.3 тэрбум төгрөг харамлаж байгаа нь манай улсын Засгийн газар боловсролын байгууллагаа яаж үнэлж байгаа нь харагдаж байна гэсэн юм.
Засгийн газрын иргэдийн амьдралыг дэмжих бодлого ингэж хэрэгжвэл эсрэгээрээ ирэх намар гэхэд хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй эцэг эхчүүд гэртээ сууж амьдрал нь улам хэцүүднэ. Монголын хүн амын 70 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Төрөлт ихэсч байгаа учраас цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо ч жил бүр өсдөг. Төр бүх хүүхдийг улсын цэцэрлэгт хамруулж чадахгүй, эрэлт хэрэгцээ нь байгаа нөхцөлд хувийн хэвшлийн цэцэрлэгийн ажлын байрыг хадгалж үлдэх нь айл өрх, улсын эдийн засагт ч хэрэгтэй. Хувийн цэцэрлэгүүд үүдээ баривал төрийн ачаалал, дарамт улам нэмэгдэнэ. Аав, ээжийнх нь нэг нь ажилгүй болж гэртээ суухад хүрнэ. Багшаас цалинг нь хулгайлж, хүүхдэд өгөх, хүүхдээсээ боловсролыг нь “хулгайлж” ямаанд өгөх нь Засгийн газрын эдийн засаг, иргэдийн амьдралыг дэмжсэн бодлого юм уу хэмээн асуулгасан юм.
Энэ үеэр хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг яагаад зогсоосон талаар Сангийн яамнаас дараах тайлбарыг хийв. Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж хэлэхдээ "Хувьсах зардал бол гүйцэтгэлээр нь олгодог санхүүжилт. Бүх шатны сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулж гүйцэтгэлээр нь олгодог уг санхүүжилтийг олгох боломжгүй болсон. Гэхдээ үүнийг олгохгүй байлаа гээд багш, ажилчдыг орхилгүйгээр нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нь чөлөөлж, гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр олон байгууллагын үйл ажиллагаа зогсоод байгаа. Тэр бүрт мөнгөн тэтгэмж өгөөд байх боломж нөхцөл хомс байна. Сангийн яамнаас төсвийн мөнгийг хамгийн үр ашигтайгаар зарцуулах талаар зохицуулах шийдлээ ярилцаж байгаа" гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com