Л.Бямбадолгор
Бидний амьдарч буй өнөө үед дэлхий дахинд бизнесийг дан ганц санхүүгийн ашиг олох зорилгоор биш харин тухайн бизнест оролцогч талуудад үнэ цэн бий болгох зорилгоор хийх болсон билээ. Үүний зэрэгцээ технологийн асар хурдтай хөгжил, дэлхий дахины даяаршил явагдахын зэрэгцээ дэлхий уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй тэмцэх явдал хүн төрөлхтнөөс улам бүр ухаалаг, ёс суртахуунлаг шийдвэрийг гаргахыг шаардаж байна. Тэгээд ч бизнес эрхлэгчийн авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь тухайн бизнесийг удаан хугацаанд, тогтвортой оршин тогтнох чадвар, эрсдэлтэй шууд холбоотой билээ. Бизнесийн оролцогч талууд төдийгүй байгаль орчны хувьд хариуцлагатай, ёс зүйтэй бизнес эрхлэх нь хүн төрөлхтний эрхэм зорилго болжээ. Чухамхүү ийм үед байгууллагын удирдах ажилтнуудын ёс суртахуунлаг шийдвэрийн гаргалтын тухай сэдэв улам чухал болохын зэрэгцээ байгууллага ажилтныг нийгэмшүүлэх үйл явцаар дамжуулан ажилтны ёс суртахууны хөгжил, төлөвшил тухайлбал ёс суртахууны мэдрэг байдалд нь тодорхой алхмуудыг хэрэгжүүлснээр нөлөөлж болох тухайн эрдэмтэн судлаачид, байгууллагын удирдлага ч хүлээн зөвшөөрч, нээлттэй ярилцах боллоо. Тэгээд ч менежментийн ухааны томоохон эрдэмтэн Питер Дракерийн хэлснээр шийдвэр гаргах процессод суралцах боломжтой юм.
Ёс суртахуунлаг шийдвэр гаргалт нь Монгол төдийгүй олон улсын хэмжээнд нийгмийн амьдралын бүхий л салбарт, тухайлбал, улс төр, эдийн засаг, бизнес гээд бүх салбаруудын удирдлагад хамааралтай чухал ач холбогдолтой үйл явц юм. Шийдвэр гаргах аливаа үйл явц нь хялбар процесс биш байдаг. Аливаа байгууллага, компанийн удирдах ажилтан ёс зүйн мухардалд орсон үед түүний гаргах шийдвэр нь олон зүйлээс хамаардаг ба шийдвэр гаргана гэдэг бол тулгараад байгаа асуудлыг шийдэх хувилбар дундаас хамгийн оновчтойг нь сонгох явдал билээ.
Хамгийн энгийн зүйлээс эхэлье. Бид ёс суртахуун гэдэг үгээ зөв ойлгож ирсэн үү? Латин үгнээс гаралтай ёс суртахуун хэмээх үгийг тоймлон үзвээс мөн зарчим, нормын систем хэмээн тодорхойлох бүрэн боломжтой санагдана. Тэгээд ч нийгэм дэх сайн, муу, шударга болон шударга бусын талаарх ойлголт дээр үндэслэн нийгмийн гишүүдийн дундах харилцааг зохицуулах үүргийг ёс суртахуун гүйцэтгэж ирсэн. Тэгвэл ёс зүй хэмээх ойлголтыг нэг үгээр илэрхийлбэл ёс суртахууныг судалдаг шинжлэх ухаан юм.
Бид өдөр тутамдаа эдгээр үгсийг зөв утгаар нь хэрэглэж ирсэн ч ийнхүү цөөн үгээр тодорхойлж байгаагүй болов уу. “Шийдвэр маш ховор тохиолдолд зөв, буруугийн дундаас хийх сонголт байдаг. Харин ч шийдвэр гаргалт нь бараг л зөв болон магадгүй буруугийн дундаас хийж буй сонголт байдаг” гэж судлаач Toubiana&Yair, 2012 онцолсон байдаг. Тэгвэл шийдвэр гаргахдаа ёс зүйн зарчмыг баримталж байж бид ёс суртахуунлаг шийдвэр гаргадаг. Ёс суртахуунлаг шийдвэр гаргалтын эхний шат болох ёс суртахууны мэдрэг байдал нь тулгарсан нөхцөл байдалд ёс суртахууны асуудал байгааг таньж мэдэхийг хэлэх бөгөөд ийнхүү таньж мэдсэнээр цаашид ёс суртахуунлаг шийдвэр гаргах явцыг эхлүүлж, ёс зүйтэй зан төлөв харуулах хамгийн эхний бөгөөд хамгийн чухал үе шат гэж эрдэмтэд үзэж ирсэн нь зөв маргаангүй билээ.
Хувь хүн өөрийн ёс суртахуунлаг чанарыг www.yourmorals.org сайт дээр өгөгдсөн үнэлгээний хэрэгслээс сонгон үнэлж үзэх боломжтой. Тухайлбал, тухайн сайт дээр Karl Aquino, Americus Reed нарын боловсруулсан өөрийн үнэлгээний загвар мөн тавигдсан байдаг. Тэгвэл ёс суртахууны мэдрэг байдал болон ёс суртахуунлаг шийдвэр гаргалтыг мухардмад байдал бүхий нөхцөлд орж байж туршин үзэх боломжтой. Тиймээс байгууллага ажилтнуудынхаа ёс суртахууны мэдрэг байдлыг ёс зүйн тогтмол давтамжтай сургалт, удирдлагын ёс суртахуунлаг үлгэр жишээч зан төлөв, ёс суртахуунлаг бус үйлдэлд оногдуулж байгаа шийтгэл зэргээр дамжуулан дээшлүүлэх боломж байна. Ёс суртахууны мэдрэг байдал дангаараа ёс суртахуунлаг шийдвэр гаргалтад нөлөөлдөггүй, энэ нь асуудалд ёс зүйн асуудал байна гэдгийг л таньж байгаа хэрэг юм. Тэгвэл ёс суртахуунлаг шийдвэр гаргах үе явц, арга техникт байгууллагын удирдлага суралцах шаардлага өмнхөөс илүү хурцаар тавигдаж байна. Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага ёс суртахуунлаг шийдвэр гаргалтын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллахад үүд хаалгаа нээх цаг нь нэгэнт болсон гэж бодож байна. Ёс зүй, ёс суртахуунлаг шийдвэр гаргалтын талаар өдөр тутамдаа ямар нэг саад тотгоргүй ярьж, хэлэлцэж, олноороо санаа бодлоо уралдуулж эхэлсэн цагт ажилтан бүр, цаашлаад нийгмийн гишүүд ёс суртахуунлаг зан төлвийг чухалчлаад зогсохгүй ёс зүйг дээдэлсэн нийгэм болоход алхам алхмаар дөхнө гэдэгт итгэлтэй байна.